Шадар сайд У.Хүрэлсүх Энэтхэгийн Хилийн асуудал эрхэлсэн Дотоод хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав
2016 оны 12 сарын 22

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хилийн асуудал эрхэлсэн Дотоод хэргийн дэд сайд Санжийваний Куттиг хүлээн авч уулзлаа.

Манай хоёр орон харилцаа, хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй. Цаашид ч улам шинэ шатанд гарч хөгжинө гэдэгт итгэдэг.  2018 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах талаарх дээд хэмжээний уулзалт, хурлыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнд идэвхитэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэж Шадар сайд уулзалтын эхэнд хэллээ.

2015 онд БНЭУ-ын Ерөнхий сайд Наренда Модигийн айлчлалаас  хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түвшнөөс шинэ түвшинд гарсан. Өнөөдөр бид Цагдаа, Хил хамгааллын чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яамтай байгууллаа. Хамтарсан ажлын хэсгийн хуралдааныг хийлээ. Цаашид хэрхэн ажиллах талаараа тодорхой чиглэл шийдлийг гаргасан гэж Энэтхэг Улсын хилийн асуудал эрхэлсэн Дотоод хэргийн дэд сайд Санжийваний Кутти танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бизнес мэдээ
Ярилцлага