МЭНДЧИЛГЭЭ
2016 оны 12 сарын 28

General Staff of the Mongolian Armed Forces-н зураг.Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, албан хаагчид аа !
Хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид аа!
Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөт амьдралын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж, энэ бие, эгэлгүй амьдралаа зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа!

Та бид шинэ цагийн Монгол Улсын дайчин нэгэн түүх, ололт, амжилтын арвин баялаг үйл явдал, арвин их олз хийморьтойгоор хуучин оныг үдэж шинэ онтойгоо учран золгож байна.

Улиран одож буй 2016 он Зэвсэгт хүчний хэмжээнд дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн хэрэгжүүлж, зэвсэгт хүчний эрх зүйн орчныг сайжруулах, цэргийн зэвсэглэл, техникийг шинэчлэн сайжруулах, бие бүрэлдэхүүний ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар ихээхэн дэвшил гарч, эх орноо олон улсад таниулсан амжилт бүтээлээр дүүрэн жил болон түүхийн хуудаснаа үлдэж байна.
Тухайлбал, цэргийн байгуулал нэгдмэл байх, улс орны батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүссэн олон шинэ харилцааг үр дүнтэй зохицуулах бололцоог олгох, бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулах, Зэвсэгт хүчний хөгжлийн бодлогыг тодорхойлох, стратегийн ба нэгдсэн ажиллагааны төлөвлөлтийг төгөлдөржүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэхэд чиглэгдсэн батлан хамгаалахын багц хууль Монгол Улсын Их хурлын чуулганаар батлагдсан.
Түүнчлэн дэлхийн 5 тивийн 46 орны 2000 гаруй цэргийн алба хаагчид анх удаа нэг дээвэр дор Монгол Улсад цугларан “Хааны эрэлд-2016” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагыг зохион байгуулсан болон энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Ази-Европын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалт” болон түүний хүрээнд явагдсан дагалдах хуралдааны үеэр гадаад орны дээд, өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган, урлаг, соёл, төрийн ёслолын арга хэмжээг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өндөр түвшинд зохион байгуулсан нь Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Өнөөдрийн Монгол Улсын Зэвсэгт хүчний өнгө төрх, гаргасан амжилт, бvтээл бүхэн цагийн манаанд зогсож байгаа эгэлхэн байлдагч, цэнхэр дуулгатан энхийн цэргээс эхлээд ажил албандаа бүтээлчээр хандаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт Зэвсэгт хүчний алба хаагчид бидний хүч хөдөлмөрийн үр дүн гэдгийг тэмдэглэхэд таатай байна. Үүний нэг илэрхийлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний 011, 014, 015, 034 дүгээр ангиуд “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, Зэвсэгт хүчний 084 дүгээр анги “Цэргийн гавьяаны одон”, Зэвсэгт хүчний 186 дугаар анги “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдсан нь Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний нөр их хөдөлмөр, алдар хүндийг өргөсөн түүхэн арга хэмжээ болсон.

Өнгөрсөнд хийж бүтээснээсээ туршлага, сургамж авч, тэрхүү хөдөлмөр зүтгэлийнхээ ялалт, амжилтаар омогшин бахархах нь ирээдүйд хэрэгжүүлэх их үйлсийн эхлэл, эрч хүч нь болдог билээ.

Та бидний өмнө батлан хамгаалахын багц хуулийг даган мөрдөж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, ажил хэрэг болгоход Зэвсэгт хүчинд алба хааж байгаа хэн бүхний оролцоо, дэмжлэг ихээхэн ач холбогдолтой бөгөөд та бүхний хичээл зүтгэл Зэвсэгт хүчний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм.

Та бүхэндээ ирж буй 2017 ондоо бодол санаа өөдрөг, хүсэл сэтгэл өрнүүн, зүтгэл чармайлт өндөр, амжилт бүтээл арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ДАВАА

Бизнес мэдээ
Ярилцлага