300 орчим иргэн номоо солилцлоо
2017 оны 1 сарын 9

Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийг нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нээж үг хэлэхдээ “Иргэд уншсан номоо бусадтай хуваалцах, номоор дамжуулан танилцан нөхөрлөх, номын тухай ярилцах сайхан боломжийг бүрдүүлэхийн тулд энэхүү өдөрлөгийг санаачиллаа. Цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Номоо солилцохоор төв талбайд хүүхэд, багачууд, залуучууд болон зохиолчид ирсний дотор ахмадууд багагүй байсан бөгөөд өөрийн уншсан номоо бусадтайгаа хуваалцаж, бусдын уншсан номоор солилцох нь энэхүү өдөрлөгийн гол онцлог юм.

Өдөрлөгт 300 орчим хүн ирсний олонх нь түүх, уран зохиолын ном сонирхож байсан бол хамгийн залуу 5 настай уншигч үлгэрийн ном хайж ээж, эгчийн хамт ирсэн байлаа. Мөн өдөрлөгийн үеэр номоо солилцсон хүмүүст Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн уншигчийн үнэмлэх нээлгэх эрхийн бичгээр урамшуулав.

Энэхүү өдөрлөгийг цаашид сар бүрийн эхний 7 хоногийн бямба гаригт жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байх зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас олголоо гэж нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Бизнес мэдээ
Ярилцлага