МАН: Нууцын зэрэглэлээс гарсан Хөгжлийн банкны мэдээллийг дэлгэв
2017 оны 1 сарын 10

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн хурлаараа Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнгийн талаар ажлын хэсгийн ахлагч Ж.Энхбаярын мэдээллийг сонсож, шалгалтын дүнг олон нийтэд танилцуулах нь зүйтэй гэж үзжээ. Бүлгийн дарга Д.Хаянхярваа “Хөгжлийн банктай холбоотой асуудал сүүлийн үед нэлээд яригдлаа. Энэ асуудлыг одоо дахиж эзэн биегүй ярихгүй. Хэн нэг хүн рүү хандаж, болсон зүйлийг болоогүй мэт, болоогүй зүйлийг болсон мэтээр ярьдаг явдалд энэ өдрөөс цэг тавья. Бид Хөгжлийн банктай холбоотой бичиг баримтыг нууцын зэрэглэлээс гаргасан. Гэхдээ зээл авсан бүх хүний нэрийг олон нийтэд цацахгүй. Анхаарал татаж буй гол асуудлыг дэлгэнэ. Үүнд нэгдүгээрт, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон 3.3 их наяд төгрөг буюу Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 54 хувьтай тэнцэх хөрөнгийг ямар гэрээ, хэлцлээр хэрхэн зарцуулсан бэ гэдгийг ил болгоно. Хоёрдугаарт, Хөгжлийн банкнаас санхүүжсэн томоохон төслүүдийг зарлана” гэв.

Хөгжлийн банкийг шалгах, МАН-ын бүлгээс байгуулсан ажлын хэсгийн ахлагч Ж.Энхбаяр “Эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч, Монгол Улс дунд хөгжилтэй орны тоонд орж, Засгийн газрын зээлжих зэрэглэл сайжирсны үр дүнд манай улс анх удаа олон улсын зах зээлд үнэт цаас гаргаж, энэ олон эх үүсвэрийг татан авч, Хөгжлийн банк байгуулсан. Тэр үед ярьж байснаар бол одоо зээл эргэн төлөгдөх хугацаа болоход хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд нь үр өгөөжөө өгч, олон ажлын байр бий болчихсон, эдийн засгийг ийм байдалд оруулахгүйгээр аваад явах байсан. Хөгжлийн банк зургаан их наяд төгрөг зарцуулсан. Энэ мөнгийг буруу зарцуулснаас хямрал, төгрөгийн ханшийн уналт үүссэн.

Засгийн газар хувь нийлүүлэгчээр нь ажилладаг Хөгжлийн банк 2016 оны жилийн эцсийн байдлаар 6.9 их наяд төгрөгийн активтай, 202 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, нийт татан төвлөрүүлсэн активын 85.2 хувь буюу зургаан их наяд төгрөг зээл болж гарсан. Зээлийн байдлыг авч үзвэл нийт зээлийн 69.6 хувь хугацаа хэтэрсэн, 13.8 хувь нь чанаргүй гэсэн ангилалд орсон. Ойрын гурван жилийн хугацаанд 3.7 их наяд төгрөг эргэн төлөх бөгөөд зээл авсан аж ахуйн нэгжүүд энэ хугацаанд 2.2 их наяд төгрөг төлж, дунд нь 1.5 их наяд төгрөгийн дутагдал үүснэ.

Нийт зээл буюу зургаан их наяд төгрөгийг гурван бүлэгт хувааж байгаа. Эхнийх нь, улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр автозам, дэд бүтэц, төмөр зам гэх мэт есөн чиглэлийн 371 төсөлд олгосон 3.2 их наяд төгрөгийн зээл. Энэ нь нийт зээлийн 54.3 хувийг эзэлж байгаа. Удаах нь, нийт зээлийн 28.3 хувь буюу Хөгжлийн банк толгой мэдэн 16 төсөлд өгсөн 1.7 их наяд төгрөг. Энэ 16-гийн найм нь улсын үйлдвэр, үлдсэн нь хувийн хэвшлийн төсөл байсан. Улсын үйлдвэрийн газрын “Шинэ төмөр зам”, ДЦС-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх, “Амгалан” дулааны станц, “Эрдэнэс Тавантолгой”, Багануурын нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Геологийн төв лабораторийн хүчин чадлыг нэмэх, ТОСК-ын санхүүжилт, “БОЙНГ 767” онгоц худалдан авах зэрэг төсөлд зээл авсан бөгөөд эргэн төлөх хугацаагаа 1-4 удаа хойшлуулаад байгаа. Хувийн компаниудын “Монполимент” компанийн “Монцемент”, МАК-ийн цементийн үйлдвэр, “Эрэл” компанийн байшин үйлдвэрлэх, “Хөтөл”-ийн цемент шохойн үйлдвэрийн өргөтгөл, “Бэрэн” группийн барилгын арматурын үйлдвэр, “Монлаа” компанийн төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр, QSC компанийн Төмөртэйн ордоос Хандгайтын өртөө орох төмөр зам, Яармагийн гүүрний хажуугийн орон сууц зэрэг төсөл бий.

Мөн арилжааны банкуудаар дамжуулан нийт зээлийн 17.3 хувь буюу нэг их наяд төгрөгийг 1619 төсөлд олгосон. Энэ мөнгөний 29.5 хувийг “Голомт” банк, 27.6 хувийг ХХБ, 8.3 хувийг Улаанбаатар хотын банк зарцуулсан. Арилжааны банк эрсдэлээ хүлээж, давхар хяналт тавьж буй болохоор арилжааны банкаар олгосон нэг их наяд төгрөгийн эргэн төлөлт хамгийн сайн байгаа. Нийтдээ Хөгжлийн банкны санхүүжилтээр 2000 төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн.

Хэмжээгээр нь ангилбал, нийт зээлд нэг тэрбум төгрөг хүртэлх зээл 1.1 хувь, 1-10 тэрбум төгрөгийн зээл 14.11 хувь, 10-50 тэрбум төгрөгийн зээл 31.3 хувь, 50-100 тэрбум төгрөгийн зээл 11.15 хувь, 100 тэрбумаас дээш төгрөгийн зээл 42.28 хувийг эзэлж байгаа.

Гарсан зөрчлийг хууль эрх зүйн, төсөвт өртөг нь нэмэгдсэн, Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой гэсэн гурван бүлэгт хувааж болохоор байна. Хөгжлийн банк зөвхөн УИХ-аар баталсан, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх ёстой. Энэ заалт хэрэгжээгүй. УИХ-аар батлуулалгүй, Засгийн газар өөрийн дураар 160 тогтоол гаргаж, гүйцэтгэгч болон зээл авагчийг нэр заан, зээл олгохыг Хөгжлийн банкны ТУЗ-д даалгасан байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн. Мөн УИХ-ын эрхэнд халдсан. Хөрөнгийг үрэлгэн, хуульд заасан зориулалтад нийцээгүй, санхүүгийн сахилга батгүй, улс орны хөгжлийн зорилго, зорилтод нийцүүлэлгүй зарцуулсан 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил байгаа.

Үүнээс гадна төсөвт өртөг нь нэмэгдсэн 34 төсөл бий. Улсын төсвөөс эргэн төлнө гэсэн тайлбартайгаар нийт зээлийн 54 хувийг дэд бүтцийн төсөлд зарцуулсан. Үүнээс 34 төслийн төсөвт өртөг дунджаар 77.5 хувиар нэмэгдсэн. Улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй авто зам, инженерийн дэд бүтцийн төслүүдийн төсөвт өртөг анх гэрээнд туссан үнийн дүнгээс 3-5993 хувиар өссөн байсан. Тухайлбал, “Атар өргөө”-гийн уулзварын замын ажлыг хийсэн “Монроуд” компани анх 440 сая төгрөгөөр гэрээ хийгээд, 1.895 тэрбум төгрөг авсан. “Атар өргөө”-гөөс Яармагийн гүүр хүртэлх замын ажлыг хийсэн “Наранбулаг хаан” компани 800 сая төгрөгийн гэрээ хийгээд 4.2 тэрбум төгрөг авсан. Эдгээр төслийн төсөвт өртөг нэмэгдсэн учир шалтгааныг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна” гэв.

Бизнес мэдээ
Ярилцлага