Мазаалайг хамгаалцгаая
2017 оны 1 сарын 11


Монголын говь цөлөөр тархсан хүрэн баавгайн дэд зүйлд багтдаг биеийн ерөнхий төрх бага, жин ойролцоогоор 90-100 кг, биеийн урт нь 150 см орчим, өндөр нь 80-92 см, зуны зүс жигд хүрэн бор, өвөл, хавар хүрэвтэр, бор саарал өнгөтэй хүзүү, хөл их биеэсээ бараавтар, хэнхдэг, хүзүүний угт цагаан цайвар толботой, хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй амьтан бол МАЗААЛАЙ юм.
Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэдэг аж. Эвш нь жил өнжин төллөж гол төлөв ихэр аламцаг төрүүлнэ. Өвлийн 11 дүгээр сараас дараа оны 3 сар хүртэл агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур нүх хэвтэр засч ичнэ.
Монголын улаан номд орсон энэ амьтан нь олон жилийн судалгааны дүнд гол нутагшил нь Алтайн өврийн Аж Богд, Тост, Нэмэх дуул, Ээж хайрхан, Захуй, Зармангийн Баян бүрд, Эдрэнгийн нуруу, Цагаан богд, ба Сэгс цагаан богд гэж тогтоожээ. Улаан ном дахь мазаалайн тоог харвал 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30, сүүлчээр 50-60, 1990 оны эхээр 30 гаруй толгой байсан байна.
Говийн хармагийн жимс, бажууны үндэс, навч, хулс, зээргэнэ, сухайн навчис зэрэг ургамлаар хооллодог ажээ. Мөн говь цөлийн шавьж хорхой, гүрвэл зэрэг жижиг амьтны сэг зэргийг түүж иддэг. Хармагийн жимс нь намар исэн архи шиг болдог ба түүнийг идсэн мазаалай ууртай догшин болдог.
Мазаалайг 1953 онд агнахыг хориглосон боловч түүнээс хойш төдийлөн их өсөөгүй нь олон арван шалтгаантай. Мазаалай нь хармаг, зээргэнэ ховор гарсан жил, эсвэл ган болж ус ховордсон үед тэд турж үхдэгээс гадна орчин цагт, асар хүчтэй, өндөр хурдтай авто машин, нисдэг тэргээр санаатай санамсаргүй хөнөөх нь цөөнгүй тохиолдож байна. Мөн тэдний амьдралын орчин тойрны хулс, бутан шугуйг хадах түймэрдэх, хүн мал эзлэх зэрэг ажиллагаа нь мазаалайг үргээн дайжуулдаг бололтой.
Хятадууд пандаг сүр сүлдээ болгон дээдэлдгийн адил монголчууд бид бас өөрсдийн онцлог амьтнаар мазаалайг нэрлэж хамгаалах ёстой.
Монголд мазаалайг хамгаалах үйлсэд олон байгууллага, иргэн нэгдэж байгаагийн нэг нь Үндэсний Статистикийн хороо юм.
Манай байгууллага 2017 онд явуулж байгаа үйл ажиллагаагаа мазаалайг хамгаалахад сурталчлахын адил иргэн, байгууллагуудыг уриалж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрч,
мазаалай тоо толгой өсөх болтугай.

Чөлөөт нийтлэл
Бизнес мэдээ
Ярилцлага