Х.Тэмүүжин: Энэ олон хүний ард байгаа эрх ашгийг Засгийн газар хангаж чадахгүй
2017 оны 9 сарын 11

 

“65 СУУДАЛ БОЛ МАН-ЫГ ӨӨРИЙГ НЬ ХӨНӨӨХҮЙЦ ХҮЧ”

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Өнгөрөгч долоо хоногт эрх баригч МАН-ын гишүүд өөрийнхөө Засгийн газрыг огцрууллаа. Болж байгаа үйл явдалд та ямар дүн шинжилгээ хийж байна вэ?

-Олон хүн олон өнцгөөс үнэлж дүгнэж байна. Энэ олон байр сууриудаас илүү бодитой харагдаж байгаа хэсгээс хуваалцъя. УИХ-д хэт олонх буюу 65 суудал авсан нам өөрөө өөрийнхөө Засгийн газрыг унагана гэдэг ховор тохиолдол. 2016 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид улс төрийн тогтвортой байдлыг хүсэмжилж МАН-ыг сонгосон. Улс төрийн тогтворгүй байдал нь өөрөө эдийн засаг, нийгмийн олон бодлогод саад, тээг болдог. Засгийн газрыг хугацаанаасаа өмнө унагах бүрт төрийн залгамж чанар байхгүй манайх шиг улсад хувийн амбиц, өөрийн бүлэг, тойрон хүрээлэгчдийг тэжээх гэсэн мөнгөний сонирхол нь давж аливаа бодлогыг эзэнгүйдүүлж, үр дүнг харах боломжгүй болгон унагадаг. Энэ байдлаас залхсан олон нийтийн залхалтыг МАН лавшруулчихлаа.

Хоёрдугаарт, Засгийн газрын огцорсон шалтгаан юу байв? Н.Алтанхуягийн Засгийн газар зарах мөнгөгүй болоод унаж байсан бол Ж.Эрдэнэбатыг Засгийн газар хэтэрхий их мөнгөтэй болсны улмаас энэ мөнгийг хэн зарцуулах вэ гэдэг дайнд орчихлоо. Чуулганы нэгдсэн хуралдаанаас та анзаарсан байх. Ярьж байгаа гишүүдийн дийлэнх нь зөвхөн мөнгөний хэрүүл хийсэн. Ашигтай албан тушаалын байршил дээр хэн байна, энэ мөнгийг хэн зарцуулах уу гэдэг дээр хэрэлдсэн шүү дээ, цаад агуулга нь. Энэ Засгийн газрын аз биш эз дийлсэн зүйл нь зэс, болон нүүрсний үнийн өсөлт. Үүнээс төсөвт орж ирж байгаа мөнгийг хэний баг зарцуулах вэ гэдэг дээр нам дотроо зодолдоод, улс төрийн тогтворгүй байдал үүсгээд, крантын эзэн хэн байх вэ гэдгийг хүчээр шийдэж оролдлоо.

Гуравдугаарт, Монголын төрд үзэл санаагаараа нэгдсэн, хариуцлагатай улс төрийн институц байхгүй болсныг харууллаа. Нэг нь нэгийгээ татаж унагахын тулд ямар ч дүрэмгүй тоглолт хийж болж байна. Засгийн газрыг огцруулахын өмнө сайнтай муутай, бодитой бодигүй олон шүүмжлэл хөвөрлөө. Тэр дундаа энэ Засгийн газрыг унагахад хамгийн их нөлөөлсөн зүйл нь юун түрүүнд 60 тэрбум гэдэг төрийг авлигын сүлжээ. “Албан тушаалыг хар зах дээр зарж, хэн мөнгө төлсөн түүнд ашигтай албан тушаалуудыг өгдөг боллоо. Үүнээс чинь болоод МАН-ын нэр хүнд уналаа” гэж ярьж, энэ авлигын сүлжээтэй хэн нэгэн тэмцэж байгаа мэтээр харуулах гэж оролдлоо. Гэхдээ одоо бид асуудлыг илүү ухаалгаар харж сурах ёстой. Энэ 60 тэрбум гэж яриад байгаа авлигын схем Засгийн газрыг байгуулахад хийгдсэн билүү, эсвэл УИХ бүрдэхэд үү? УИХ-ын сонгуулийг луйвардахын тулд зурсан санхүүгийн схем чинь энэ 60 тэрбум шүү дээ. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэгчлэн УИХ анх бүрдэхдээ авлигын системээр бүрдсэн учраас энэ УИХ-аас гарсан Засгийн газар, үүний дараа гарах Засгийн газраас ч гэсэн энэ үнэр үнэртсээр л байна. Сууриа буруу тавьсан учраас дээр нь юу ч барьсан дахиад унах л байх. Ер нь бол сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газраа унагасны дараа “зам зуурын Засгийн газар” байгуулагдахад илүү увайгүй, илүү атгаг, илүү шуналтай хүмүүс нь шавдаг.

-Огцруулах үндэслэлээ таны хэлсэн 60 тэрбум, концесс, Засгийн газрыг удирдлагаар хангаж чадаагүй гэх мэтээр гаргасан. Энэ үндэслэлүүд таны бодлоор хэр бодитой вэ?

-Хамгийн бодитой үндэслэл гэвэл хэт олонх болсон 65 суудал. Сонгуулийн дараа би хоёр ч хүний амнаас сонсч байсан, 65 суудал гэдэг МАН-ыг өөрийг нь үгүй хийхүйц хүч болчихлоо. Энэ 65-ын амбиц, шунал, ард байгаа эрх ашгийг ямар ч Засгийн газар хангаж чадахгүй. Тиймээс хүссэн хүсээгүй энэ бүрэн эрхийн хугацаанд Засгийн газар дор хаяж хоёр удаа хөдлөх байх гэдэг таамаг жилийн өмнө л яригдаж байсан. Харамсалтай нь тэр үйл явц их хурдан ирлээ л дээ. 60 тэрбум байна уу, концесс байна уу ялгаагүй. Дараачийн Засгийн газар байгуулагдахад дахиад л энэ 60 тэрбум сөхөгдөнө. Яагаад гэвэл энэ чинь Засгийн газрыг байгуулахад биш, УИХ-ыг бүрдүүлэхэд хийсэн схем учраас энэ яриа дуусахгүй. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад бонд ярьж байсан, Ж.Эрдэнэбатын Засгийн газар дээр концесс ярьж байна. Улстөрчдийн ажилладаг зарчим өөрчлөгдөөгүй нөхцөлд хэн ч тэр суудал дээр очсон мөнгөтэй холбоотой хэрүүл дуусахгүй. Одоо гомдогсод нь дахиад нэг юм олох л байх, гомдоогчид нь бас нэг юманд хутгалдах л байх. Засгийн газрыг огцруулсан явдал бол Солонгосын савангийн дуурийн дөнгөж нэгдүгээр анги л гэж харж байна. Одоо Засгийн газраа бүрдүүлэх гэж дахиад олон юм болно. Шинээр байгуулсан Засгийн газар нь дахиад нэг жил орчим явах байх, жилийн дараа дахиад энэ хэрүүл гарч ирнэ. Надад бол тийм л дүр зураг харагдаж байна. Хэрвээ та анзаарсан бол хэн ч нь бодлого ярьсангүй. Энэ Засгийн газар ийм алдаа хийсэн юм бол үүнийг засах ямар бодлого явуулах гэж байгаа юм, эдийн засагт үүсээд байгаа гадаад болон дотоод орчны нөлөөлөл, сорилтыг яаж даван туулах. Энэ талаар тоотой, судалгаатай, баримжаатай нэг ч үг хэлсэнгүй. Зүгээр л попорлоо, олон нийтэд таалагдах гоё үгнүүдийг хэллээ. Цэгцтэй бодлого нь хаана байгаа юм? Бодлого байхгүй сандал ширээний хэрүүл ямар үр дүнд хүргэдгийг өнгөрсөн дөрвөн жилд бид харсан шүү дээ. АН-ын Засгийн газрууд солигдоод ямар үр дүнд хүрсэн юм.

-Гэвч танай намын бүлэг Засгийн газрыг огцруулах кноп дарсан. Та үүнийг зөв гэж бодож байна уу?

-Олонх нь өөрөө Засгийн газраа огцруулах гэж байхад цөөнхийн гаргадаг л шийдвэр. Өмнөх УИХ-ын үед АН 34 суудалтай олонх болоогүй мөртлөө Н.Алтанхуягийн Засгийн газар хоёр жил тэссэн шүү дээ. Харин 65 суудалтай Ж.Эрдэнэбатын Засгийн газар жил л тэслээ. Энэ дүр зургийг харахад засаг унах нь цөөнхөөс нэг их шалтгаалдаггүй. Засгийн газрыг огцруулах үгүйг олонх л шийднэ. Тиймээс цөөнх огцруулна гэж шийдэх үү, огцруулахгүй гэх үү, эсвэл тэр хурлыг хаяад гарна уу, үр дүн ялгаагүй. Олонх өөрөө ойлголцолгүй, эвдрэлтэй байвал Засгийн газар байнга л унаж байдаг. Энэ чинь олонхийн хариуцлага.

-Үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Ж.Эрдэнэбатын гол алдаа юу байсан гэж та бодож байна?

-Гүйцэтгэх эрх мэдэл дээр очсон хүний гаргадаг алдааг л гаргасан. Урдаа байгаа асуудлыг шийдэх гээд зөвхөн урагшаа хараад алхчихсан. Өмнөх ажилдаа улайраад хажууд болон ард нь юу болж байгааг анзаардаггүй. Манай нам учраас, бид нэг зорилготой учраас цуг яваа гэж бодоод өмнөө байгаа сорилтыг хонгилд оруулаад харчихдаг. Гэтэл тэр хонгилоос гадна харагдахгүй байгаа хэсэг дээр “Түгжилүүд” түм бумаараа байна, дуртай үедээ л түгжилдэнэ. Тийм учраас энэ хүн гүйцэтгэх эрх мэдэл дээр байдаг хүмүүсийн туулдаг зовлонг л туулсан. Огт шинэ зүйл биш. Өмнө нь 34 хүний амбицийг хангах гэж АН яаж зовж байлаа, тэрнээс дахиад бараг хоёр дахин илүү хүн ороод ирчихсэн байна шүү дээ. Улс төрийн нэгдсэн платформ, үзэл санааны суурь дээр үнэт зүйл, зарчмаараа хамтарч туг хатгахаасаа илүү тохиолдлоор үсрээд ороод ирчихсэн шинэ гишүүд тал хувь нь сууж байна. Нөгөө 60 тэрбумын хаялга л даа. Тохиолдлоор үсрээд ороод ирчихсэн тэр хүмүүс чинь эхний зургаан сар учраа олохгүй байж байгаад дараачийн зургаан сардаа “Би ер нь хэн юм, намайг тоохгүй бол хэнийгээ үзүүлнэ” гэдэг агуу ихийн дэмийрлээр өвчилнө. Энэ өвчин нь Засгийн газар луугаа, яам агентлаг руугаа ашгийн нүдээр харж, дайрахад хүргэнэ. Энэ өвчлөлийн нэг аюултай шинж чанар нь эрх мэдлийн зэвсэглэлээр хэт их хөөцөлдөх. Хууль, хүчний байгууллагууд болон бүх арга хэрэгслийг ашиглаж өрсөлдөгчөө дарах гэж оролдох шүү дээ. Нэгийгээ дараад хэн нь томоо үзэх гэж байгаа хүмүүст энэ хэрэгтэй байж болно. Нийтээрээ, Монголын ирээдүйд бол хэрэггүй, аюултай үзэгдэл. Дэмжүүштэй соёл лав биш.

-Т.Аюурсайхан гэдэг гишүүн огцруулах үйл ажиллагаанд манлайлан оролцлоо. Энэ дүрийн тухайд та юу бодож байна?

-Засаг огцруулах болон улс төрийн том доргионд заавал нэг дүр гарч ирдэг шүү дээ. Тэр дүр өөрөө гарч ирсэн үү, эсвэл өрөөлийн удирдлагаар, ардаа залууртай гарч ирсэн үү гэдгээрээ л ялгаатай. Дүр бол сонин биш. Шалгах ганц л арга байна, өөрт нь эрх мэдэл өгөөд үз. Тэгээд юу хийхийг нь хар. Тиймээс одоо Т.Аюурсайханыг сайдын албан тушаал руу нь түлхээд үзэх хэрэгтэй. Юу хийж чадах вэ, хэлснээрээ байж чадах уу? Хэлснээсээ тэс өөр хүмүүс олон. Давхар дээл паа пүү гэж хашгирч байгаад хамгийн түрүүнд засаг руу ордог хүмүүс байж л байдаг. Нэг том салхины өмнө яаж хашгирах нэг хэрэг, салхи өнгөрсний дараа үйл хөдлөл нь өөр дагавар үлдээдэг хүмүүс байж л байдаг. Тиймээс хэлсэн ярьсныг нь биш үйлдлийг нь л хар. Эцсийн дүндээ тэр хүн албан тушаал, эрх мэдлийн хаалгыг нээгээд орсон бол ямар бодлого хэрэгжүүлээд, түүнийх нь үр дүнд Монгол Улсад, жирийн иргэдэд юу үлдэв гэдгээр л үнэн хэмжигдэнэ. Цаана чинь “Попорсон одуудын улс төр үнэнийг үгүй хийлээ” гэдэг хэлц дотор дэлхийн улс төр өрнөж байна.

-Ж.Эрдэнэбатын хувьд эрх мэдэл нь дутуу байв уу? Дараачийн Ерөнхий сайд нь намын даргаа авахгүй бол дахиад л засаг нь унах уу?

-Ганц Ж.Эрдэнэбатад биш, манай нам засаг барьж байхад ч тохиолдож байсан үйл явдал. Яагаад парламентын засаглалтай орнууд УИХ-ын даргаа улс төрийн намаас ангид байлгах гэж оролддог юм бэ? Аль нэг намын дарга нь парламентын спикэр болоод ирэхээрээ яригч биш, алх баригч болж хувирдаг. Тэгээд гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газартайгаа өрсөлдөөд, Засгийн газрыг өөрийнхөө хүслээр хөдөлгөгч болж хувирдаг. Энэ бол М.Энхболд, Ж.Эрдэнэбат уу, эсвэл З.Энхболд, Ч.Сайханбилэг үү гэдгээс хамаарахгүй. Тиймээс бид цаашдаа энэ гажгийг үргэлжлүүлээд яваад байх уу, үгүй юу гэдгээ ярилцах ёстой. Хэрэв парламентын засаглалтай улс юм бол бодох л ёстой. УИХ-ын дарга бол 76-ийн нэг, хуралдаан зохион байгуулагчийн хэмжээнд үйлчлэгч л байх ёстой. Харин гүйцэтгэх эрх мэдлийг тэргүүлж байгаа Ерөнхий сайд бол эрх мэдлийнхээ хувьд хуулийн хүрээнд байхаас гадна улстөрчийнхөө хувьд тухайн намынхаа лидер байхгүй бол хэн ч биш болдгийг бид сүүлийн жилүүдэд хангалттай харууллаа. Засгийн газрыг тогтвортой ажиллуулъя гэвэл тухайн намын лидер нь өөрөө Засгийн газраа толгойлогч, намынхаа бодлогыг хэрэгжүүлэгч байх ёстой юм байна. Олон удаа энэ сорилтыг амсч, хаширч үзэж байж л бид ухаарах юм шиг байна. Улс төрийн намын тухай, УИХ-ын тухай гэх мэт хуулиудад зохицуулалт нь ороод намын дарга нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга намын хүчтэй лидер, тухайн намыг улайран хамгаалагч байхаасаа илүү хууль тогтоох байгууллагаа Үндсэн хуулийн рааманд нь ажиллуулагч байх ёстой гэдэг энэ байр суурь луу явахгүй бол хохирол нь Монгол Улсад л тусаад байна даа.

Ж.Эрдэнэбат бол улстөрчийнхөө хувьд бойжиж амжаагүй Ерөнхий сайд байсан. Мэргэжлийнхээ хувьд, сэтгэлгээнийхээ хувьд Ерөнхий сайдад дөхөж очсон байж магадгүй. Гэхдээ улс төрийн бойжилтын хувьд болоогүй, тэр хүнийг өөрийг нь үл тоох хэмжээний улстөрчид нам дотор нь байгаа учраас Засгийн газрынх нь амьдрах хугацаа богино байна. Үүний зовлон Н.Алтанхуяг дээр ч гарч л байсан. Намын дарга, Ерөнхий сайд болсон хэрнээ Ерөнхийлөгч, УИХ дээр хоёр том бүлэг сууж байгаад унагаж л байв.

-Та шинэ Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх гэж харж байна уу?

-Энэ бол МАН-ын асуудал. Дотроо зодолдоод хэн дийлсэн нь л гарч ирэх байх даа.

-Таны таамаг юу байна?

-Өнгөрсөн үйл явдлуудыг харахад Засгийн газрыг унагаад дараа нь би Ерөнхий сайд болно гэж тоглосон тоглогчид дандаа хоосон хоцордог. Унагахад нь баатар хэрэгтэй ч байгуулахад нь хуйвалдагчид хэрэгтэй болж хувирдаг байхгүй юу. Одоо бол баатрын биш, хуйвалдагчдын цаг эхэлсэн.

-Огцруулах процесс нь хууль зөрччихлөө. Завсарлага авахгүй зүйл дээр М.Энхболд дарга алх цохиод завсарлага өгсөн гэх шүүмжлэл гарч байсан. Энэ тохиолдолд УИХ-ын дарга ямар нэг байдлаар Үндсэн хууль зөрчсөн үү?

-Шийдвэр гаргах ёстой хугацаандаа Засгийн газрынхаа асуудлыг шийдчих шиг болно лээ. Хэлэлцэх, шийдвэр гаргах хоёр бол хоёр өөр үйл явц. Хэлэлцэх үйл явцыг хугацаанд нь эхлүүлээд шийдвэрээ гаргах ёстой хугацаанд нь гаргачихаж байгаа бол энэ хоорондох үйл явц нь хуулиасаа гадна улс төрийн нөхцөл байдлаар тодорхойлогдох байх. Хууль зөрчсөн тухай бол бараг яригдахгүй болов уу. Огцрох гэж байгаа Ерөнхий сайд яагаад огцрох болсон талаарх янз бүрийн хардлагыг таслан зогсоохын тулд өөрийг нь буруутгасан тайлбар, үндэслэлүүдийг нягтлуулах эрхтэй. Сэтгэл хөдлөлөөр шуурч асуудлыг шийдэхээсээ илүү тал бүрийн мэдээллийг сонсч байж шийдвэрээ гаргах нь парламентат ёсны үнэ цэнэ. Тиймээс үүн дээр би хувьдаа хууль зөрчсөн эсэх тухай ярихгүй. Харин Засгийн газраа огцруулах эсэхээ шийдэхгүй дараачийн долоо хоног руу орсон бол харин асуудал хөндөгдөхийг үгүйсгэхгүй байсан.

Манайд нэг зүйл анзаарагддаг. Иргэний амьдрал руу чиглэсэн хуулийг илүү нарийвчлаад байгаа мөртлөө төрийн үйл ажиллагааг зохицуулсан хуулиуд нь бүдэг бадаг, тодорхой бус, албан тушаалтан өөрийн дураар тайлбарлах боломжтой. Энэ бол системийн доголдол. Харамсалтай нь үүнийг засаж, төрийг дүрэмд захируулах гэсэн оролдлого болгон Үндсэн хуулийн Цэц дээр очоод унадаг. Тэнд бас нэг захиалга гүйцэтгэдэг нөхөд байгууллага өмчлөөд сууж байх. Үндсэн хуулийн Цэцээс гарч байгаа шийдвэрүүдийг судлаад үзэхээр 10 шийдвэрийн нэг нь л хантай зөв, ес нь дандаа улс төрч, төрийн байгууллага, бизнесийн бүлэглэлүүд юм уу, өөр ямар нэг хэсгийн захиа даалгавар гүйцэтгэсэн, Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг, хөгжил дэвшил, зохистой өөрчлөлтийн улдсан шийдвэрүүд байдаг. Уг нь бол улстөрчид учраа олохгүй, улс төрийн намууд нь хүч түрээд, бужигнаад эхлэхэд энэ бүгдийг хуулийнх нь хайрцагт оруулдаг ганц институц нь Цэц. Гэтэл Цэц өөрөө ийм дампуу байгаа нөхцөлд юун дүрэмтэй тоглох. Харин ч улам бүр дүрэмгүй зодоон луу явж байна.

Эх сурвалж: ИЙГЛ ТВ

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага