Б.Чойжилсүрэн: Төсвийн тодотгол хийж, хүүхдийн мөнгө олгоно
2017 оны 9 сарын 15

 

ОУВС-гийн хөтөлбөр, хүүхдийн мөнгө, төсвийн тодотголын талаар Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.ЧОЙЖИЛСҮРЭНГЭЭС тодрууллаа.

 

-ОУВС-гийн Захирлуудын Зөвлөл энэ сарын 25-нд хуралдах товтой байсан. Энэ хурлыг хойшлуулсан гэсэн мэдээлэл байна. -Хойшилсон байгаа. -Ер нь Засгийн газрыг огцруулсан явдалд ОУВС- гаас олгох санхүүжилтэд нөлөөлөх үү?

 

-ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжүүлэх эсэхийг шинэ Загсийн газар шийднэ. Шинэ Засгийн газрыг байгуулсны дараа тус сангийн төлөөлөл Монгол Улсад ирж, шинэ Ерөнхий сайдтай уулзаж, шийдэлд хүрнэ.

-ОУВС одоогоор хэчнээн төгрөгийн санхүүжилт олгосон байна вэ. Цаашид энэ онд багтаж, санхүүжилт олгох төлөвлөгөө бий юу?

-ОУВС манай улсад багц санхүүжилт олгож байна. Жишээлбэл, Азийн хөгжлийн банк энэ онд 250 сая ам.долларын санхүүжилт олгох ёстой. Хуваарийн дагуу эхний удаад 100 сая ам.доллар манай улсад олгосон. Дараагийн хоёр дахь санхүүжилт олгох хэлэлцээрийн асуудлыг одоогоор ярьж байна. Хэрэв хэлэлцээр амжилттай болбол ирэх сарын дундуур санхжүүжилт орж ирнэ. Харин үлдсэн 50 сая ам.долларыг хуваарийн дагуу арванхоёрдугаар сард олгоно. Дэлхийн банкны тухайд 130 сая орчим ам.долларыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтааж олгох талаар яриа, хэлэлцээр хийж байна.

-Монгол Улсын төсвийн орлого одоогоор ямар төвшинд байна. Хүүхдийн мөнгийг олгож чадахгүйд хүрлээ гэсэн мэдээлэл бий?

-Төсвийн орлого төлөвлөснөөс давж биелэж байна. Тодруулбал, 300 орчим тэрбум төгрөгөөр давсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал нэг их наяд орчим төгрөгөөр давсан үзүүлэлттэй байна. Дөрөвдүгээр сарын 14-нд төсвийн тодотголоор 161 тэрбум, 500 гаруй сая төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулахаар баталж, бүгдийг олгосон. Харин энэ сард төсвийн тодотгол хийж, үлдсэн 110 орчим тэрбум төгрөгийг хүүхдэд олгох ёстой.

-Ирэх оны төсвийг хэлэлцэхээс өмнө энэ оны төсвийг заавал засч байж, хүүхдийн мөнгийг олгох шаардлагатай юм уу?

-Энэ оны төсвийн тодотгол, 2018 оны төсөв хоёрыг ирэх сарын 1-нийг гэхэд УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Анх удаа төсвийн орлогыг давж биелүүлсэн учраас эхний ээлжид 500 орчим тэрбум төгрөгийг нэн тулгамдсан зардалд хуваарилахаар төсвийн тодотгол хийж байна.

-Намрын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх үү. Эсвэл өмнө нь ээлжит бус чуулган зарлах уу?

-Намрын чуулганыг ирэх сарын 2-нд эхлүүлчих байх. Тиймээс ээлжит бус чуулган зарлахгүй болов уу гэж бодож байна.

 

С.ЮМСҮРЭН

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага