Баяртай “АСЕМ вилла” үйлчилгээ… Дахиж очихгүй ээ ???
2017 оны 9 сарын 18

Амралтын өдрийн өглөө босоод гэр бүлтэйгээ өнөөдрийн төлөвлөгөө ярилцлаа. Хотын ойрхон салхинд гарангаа бяцхан алхалт, өдөр оройн хоол /хуушуур/ идэхээр санал нэгдэв. Хаашаа очихоо шийдэхэд хялбар байлаа. Дэлхийн удирдагчдын чуулга уулзалт болсон “АСЕМ” вилла хотхон түүний рестораныг сонголоо. Гадаа суух боломжтой, гольфийн тоглолт үзэнгээ алхахад таатай, ногоон байгууламж бүхий энэ хотхон давгүй санагддаг. Хамгийн сүүлд гэр бүлтэйгээ очиход бяцхан удирдагчийн маань гэдэс тавгүйрхсэн тул хоолноос нь болгоомжилж байв. Гэвч орчин, “MCS group” гэдэг том брендийн нэг хэсэг тул алдаагаа зассан гэж найдлаа.

1. Зорьсон газраа саадгүй хүрч ресторанд орлоо. Зөөгч, зохион байгуулагч залуус тек ширээний ард зогсоно. Арга хэмжээний захиалга авсан тул ачаалал их байгаа нь андашгүй байлаа. Заалаа 2 хувааж үйлчлүүлэгчдээ тусгаарлажээ. Хоосон харагдсан ширээнд очин суув. Нэг хар хувцастай залуу гүйн ирж “захиалгатай бос…” гэж шаардлаа. Хажууд нь 2 ширээ хоосон байсан тул юм бодсонгүй шилжив. Гэтэл өөр нэг зөөгч мөн л “захиалгатай…” яв гэж шаардлаа. Үүдэнд орж ирэхэд энэ бүхнээ хэлэхгүй яав даа гэж бодоод бослоо. Гэтэл “за за сууж болно…” гэж араас дуудав. Зочин үйлчлүүлэгчээ угтан авах, үйлчлэх, харилцах соёл гайхашруулж чадлаа шүү…

2. Хоол захиалах цаг ирэв. Ширээн дээр меню авчирч тавиад эрэгтэй, эмэгтэй 2 зөөгч маань алга болов. Гараа өргөлөө, дуудлаа тойроод л үйлчлээд байх юм. Хүний гэрт зөвшөөрөлгүй орж ирээд хоол цай нэхэж буй мэт л санагдаад эхлэв. Ашгүй… Зөөгч охин ирлээ. Бага зэрэг бухимдсан, суун босож, захиалгаа хүлээн ядсан би шар айраг, хуушуурны сет захиалав. Энэ хооронд үйлчлүүлэгч цөөрлөө. Өнөөдрийн зорилго тавин байж ирсэн хоол минь ирэв. Хатуу, тос нь нэвчсэн, үнэр хурц… Хүүхэд идэх тул та бүхэн энэ хоолоо харж болдоггүй юм уу? гэж хэллээ. Солиод өгье өөр хоол захиална уу? гэв. Өөрсдөө ч болъё хүүхдэдээ л юм идүүлчихээд явъя гэж бодов. Ингээд тахианы мах захиад “хүүхэд идэх юм шүү…” гэж анхааруулж хүслээ. Гэвч ирсэн хоол дахиад л гаднах нь идэхэд хатуу, идэх юм туйлын маруухан зүйл ирэв. “Бурхан өршөө… Баярлалаа” гэж хэлээд л төлбөрөө төлөөд гарлаа.

3. Үйлчилгээний соёл гэдгийг та бид Азийн орнуудад илүүтэй мэдэрдэг. Гэхдээ ихэмсэг гэгддэг Европын орнууд нэн ялангуяа Герман, Австрид очиж байсан хүмүүс хэрэглэгч, үйлчлүүлэгчийг хүндэтгэх соёлыг илүүтэй анзаардаг байх. Угтах үйлчилгээ, ширээ байгаа эсэх, хоол захиалгад анхаарах зүйл, бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчид хүрэх таашаал зэрэг нь Монголын ресторануудад зайлшгүй байх ёстой. Ялангуяа тансаг зэрэглэл гэж ярьдаг Шангри-Ла, АСЕМ виллад цөөнгүй удаа би ийм тохиолдолтой учирсан. Сануулаад өнгөрөх нь алдаа дутагдлыг засахад хангалттай бус бололтой. Бид гадны хөрөнгө оруулагч, тансаг жуулчин, дотоодын аялал жуулчлалыг татахын тулд үйлчилгээний соёлоор гайхагдах учиртай. Тансаг ресторан нь үйлдвэрийн бус аргаар бэлтгэсэн махыг хямд үнэтэй хэмээн сонгон авч хэрэглэдэг одоогийн тогтолцоо үйлчилгээний салбарыг хөгжүүлэхгүй.

Жич: Сайхан орчин, гайхалтай бүтээн байгуулалт… Гэвч харуусмаар үйлчилгээ, харьцаа…

#АСЕМ_Ресторан – #ХангалттайҮйлчлүүлэгчБардалт 

эх сурвалж: Бизнес шүүмж – Н.Урантогтох

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага