Крис Шелдрик: What3words-ийн хаягжилтын хувилбар Монголд туршилтын түвшинд явж байна
2017 оны 9 сарын 28

Гуравхан үгийн нийлэмжтэй хайлтын технологи

Нийслэлчүүдийн маань дийлэнх хэсэг ухаалаг гар утас хэрэглэдэг ч аль нэг газарт хэрхэн хурдан хүрэх тухай мэдээллийг авч чаддаггүй. Энэ мэт байршил, хаягжилтын асуудал зөвхөн манай хотод бус хөгжингүй орнуудад ч бий. Тэгвэл 34 настай энтрепренер Крис Шелдрик гуравхан үгийн нийлэмжтэй хайлтын технологи бүтээснээр уг асуудлыг шийджээ. Өдгөө 170 гаруй оронд энэхүү технологийг ашиглаад эхэлсэн байна.

Та Монголд анх удаа ирж байгаа гэсэн. Улаанбаатартай холбоотой анхны сэтгэгдлийг тань сонсъё?

Дөрвөн уулаар хүрээлэгдсэн хот гэдэг утгаараа маш өвөрмөц, сонирхолтой санагдсан. Монголд ирсэндээ сэтгэл маш их хангалуун байгаа.

Таныг технологийн салбарт орохоосоо өмнө хөгжмийн салбарт ажиллаж байсан гэж сонслоо. Хоорондоо бараг холбоогүй салбараас бизнесийн санаагаа хэрхэн олсон бэ? 

Би төгөлдөр хуурч мэргэжилтэй, сонгодог хөгжмийг мэргэжлийн түвшинд тоглодог байлаа. Хэдэн жилийн өмнө гэнэтийн осолд ороод, гарынхаа бугуйнд хагалгаа хийлгэсэн. Үүний дараа хөгжимчний мэргэжлээрээ ажиллаж чадахааргүй болсон юм. Ингээд уран бүтээлээ орхих шийдвэр гаргасан ч хөгжмийн салбарыг сайн мэддэг учраас энэ чиглэлдээ тулгуурлан бизнес хийх нь илүү дээр гэж бодсон л доо. Ингэж би хэдэн найзтайгаа нийлж, дотоодын болон гадаадын захиалгат арга хэмжээ, партинуудыг зохион байгуулж эхэлсэн. Энэ бизнесээ хийгээд 10 жил гаруй болж байхдаа нэг асуудалтай тулгарлаа. Аливаа тоглолт, парти зохион байгуулахад хаягжилттай холбоотой асуудал тогтмол үүснэ. Хүмүүс арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа газар руу хэрхэн хүрэхийг байнга лавлаж асуудаг. Тэд ихэвчлэн ухаалаг утсаар, эсвэл GPS-ээр байршил хайдаг ч тодорхой зааварчилгаа авч чаддаггүй, мөн үүнд хэт их цаг үрдэг. Энэ асуудлыг хэрхэн шийдэж болох талаар эргэцүүлж бодсоноос л бүх юм эхэлсэн гэж болно.

Анхны санаа бодит биелэлээ хэрхэн олсон тухай бидэнтэй хуваалцана уу? 

GPS-ийг ашиглахад 9 оронтой тоо бүхий уртраг, өргөрөг хэрэгтэй болдог. Тухайлбал, бид нэг зоогийн газар өдрийн хоолоо идэхээр шийдлээ гэж бодъё. Би 24,1973842 градустай хойд зүг, үүнээс 0,89413862 градусыг хассан баруун зүгт надтай уулзаарай гэж хэлбэл хэнд ч уулзах хүсэл төрөхгүй. Тэгэхээр GPS нь компьютерт тохиромжтой хэдий ч хүмүүсийн хэрэгцээнд нийцдэггүй нь ойлгомжтой. Тиймээс би нэгэн математикч найзтайгаа цаасан дээрх байршлын хаяг, эсвэл GPS-ийг ашиглахгүй байхад хүрвэл өөр ямар хувилбар байж болох талаар хэлэлцсэн юм. Ярилцаж байхдаа бид 3-хан үгийн нийлэмжтэйгээр дэлхийн хаана ч орших 3 метр квадратыг хаягжуулах боломжтой болохыг олж мэдсэн. Мэдээж энэ гурван үгийн нийлэмж нь ямар нэгэн тодорхой байршилд цор ганц оноогдож байж л биелэлээ олохоор байлаа.

Энэ санааг олсон өдрийг эргэн санахаар танд ямар мэдрэмж төрдөг вэ? 

Би найзтайгаа 1-р сарын хүйтэн өдөр нэгэн ресторанд уулзсан юм байна. Хүмүүс аливаа шинэ санаа олоход тохирох сэтгэл санааны байдалд байгаагаа төдийлөн анзаарч чаддаггүй юм билээ. Бид хоёр ч гэсэн тэр өдөр үүнийгээ мэдрээгүй байсан байх. Ярилцаж, тунгаан бодож байж л энэ санааг олсон. Учир нь, ширээ, сандал, ламп зэрэг үгийг ашиглан аливаа хаягийг тодорхойлох санаа бидний толгойд шууд буух боломжгүй шүү дээ. Бид зүгээр л тохиромжтой өдөр, газар, цагт уулзсан юм болов уу. Англи хэлэнд 1,025,109.8 үг байдаг хэмээн Дэлхийн хэлний монитор тогтоосон. Тэгвэл бидний зохиосон алгоритм нь аливаа хаягийг тодорхойлох 3 үгийн нийлэмжийг автоматаар гаргаж ирдэг. Ингэхдээ мэдээж сөрөг, эргэлзээтэй үгсийг хасна. Бас давхацсан хувилбарыг өөр өөр улс оронд ашигласан байгаа. Алгоритмдээ 40 мянган үгийг 40 мянган үгэнд үржүүлж, бас дахин 40 мянган үгэнд үржүүлж /гурван үгийн нийлэмж учраас гурван удаа үржүүлж буй/ оруулахад 64 их наяд гаруй хувилбар гарч ирдэг. Энэ нь барагцаагаар дэлхий дээрх гурван метр квадрат бүрийн тоотой тэнцүү хувилбар юм. Тиймээс, гуравхан үгийн тусламжтайгаар дэлхийн өнцөг булан бүрийг хаягжуулах боломжтой гэсэн үг.

Энэ технологийг хэрэглээд эхэлчихсэн ямар ямар улс орон байгаа вэ?

Бид одоогийн байдлаар дэлхийн 10 хэлээр What3words-ийн хаягжилтыг бүтээсэн. Монголын хувилбар туршилтын түвшинд явж байна. Энэ нь монгол хэлээр байх бөгөөд хайлтын систем нь латин, кирил үсгийн аль алиныг танина. Манай технологийг одоогоор 170 гаруй улс оронд хэрэглээд эхэлчихсэн байгаа. Бидэнд аялах боломж бүрдсэн болохоор дэлхийн өнцөг булан бүрт хүрэх зорилго тавьж, бизнесийн боломжуудыг судлаж байна.

Орчин үеийн хэрэглэгчдэд зориулж ямар ач холбогдлыг нь онцлох вэ? 

Хүмүүсийн амьдралын хэмнэл маш хурдацтай өрнөж байна. Ялангуяа нийслэлчүүдийн хувьд тодорхой байршил руу хоцрохгүйгээр, цагтаа очих нь ихээхэн чухал байдаг. Үүнээс гадна хүргэлтийн, шуудангийн, түргэн тусламжийн, аялал жуулчлалын гэх мэт үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үйл ажиллагаанд нэн хэрэгцээтэй технологи байж чадах юм. Түүнчлэн, гэр хорооллын хүмүүс шиг амьдарч буй газраа тодорхой хаягжилтанд оруулах боломжгүй хүмүүсийн асуудлыг шийдэж чадна.

Та өөрөө монгол хувилбараа ашиглаж амжсан уу. Ашиглахад хэр санагдсан бэ? 

Ард санхүүгийн нэгдлийнхэн намайг Улаанбаатар хоттой танилцуулсан. Надад тусгай жолоочтой машин гаргаж өгсөн болохоор жолооч хүний үүднээс ашиглаж чадсангүй. Гэхдээ би хотоор зугаалж, танилцаж байхдаа гэр хорооллын хэд хэдэн зураг дарсан. What3words Address гэх аппликэйшнээрээ утсан дээрх зургуудын байршлыг гаргаж болдог болохоор очиж үзсэн газруудаа хожим түвэггүй олно гэдэгтээ итгэлтэй байна. Фэйсбүүк, инстаграм дээр зурагаа оруулж, газраа тодорхойлохдоо ч What3words-ийг ашиглаж болно. Энэ цэсийг манай www.what3words.com вэб сайтан дээрх Photo Map, Photo Letterээс дэлгэрэнгүй уншиж танилцах боломжтой.

Танай технологийг интернэтгүй орчинд ч ашиглаж болдог гэсэн. Жишээ нь, эзэнгүй цөлд явж байхдаа ашиглавал хаана байгааг минь заагаад өгнө гэсэн үг үү?

Тийм ээ. Ухаалаг утсандаа татаж авсанаар интернэтгүй орчинд хэрэглэж болдог. Манай аппликэйшн хэдхэн мегабайтын багтаамжтай болохоор утасны үйл ажиллагаанд ямар ч түвэг учруулахгүй.

Та монголын төрийн нөлөө бүхий хүмүүс, хувийн хэвшлийн хувьцаа эзэмшигчидтэй уулзсан. Энэ бүхнээс монголын гол давуу тал, сул талын тухай дүгнэлт хийв үү?
Монголчууд бүгд л өв тэгш амьдралын төлөө байна. Нийгмийн дийлэнх хувь нь өөдөө дээшээ тэмүүлж, хурдацтай хөгжилд хүрэхийг эрхэмлэж байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Ихэнх хүмүүс дэлхийн хөгжлөөс ч хоцрохгүй байхыг чухалчилж байна. Тухайлбал, монголчуудын багагүй хувь нь ухаалаг утас хэрэглэдэг. Тиймээс тэдний хувьд хөгжингүй орнуудад өдөр тутам хэрэглэгддэг технологийг ашигласнаар илүү их боломж нээгдэнэ. Албаны хүмүүс ч гэсэн ард түмнээ дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд байлгахыг хүсч байна.

Танай технологийг худалдаж авахыг сонирхсон хүмүүс, албан байгууллагууд Монголд байна уу?

Жирийн хэрэглэгчдэд манай технологи үнэгүй. Хэн ч интернэтээс татаад хэрэглэж болно. Харин аливаа байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцүүлж бид тусгай нэмэлт үйлчилгээтэйгээр бүтээж байгаа.

What3words-ийг ашиглаж, шинэ боломжуудыг нээж буй улс орон, байгууллагуудаас танилцуулна уу?

Дээр хэлсэнчлэн манай технологийг дэлхийн 170 гаруй оронд олон янзаар хэрэглэж байна. Тухайлбал, Бразилын Рио де Жанейрогийн ихэнх газар маш муу хаягжилттай байдаг. Тэндхийн томоохон хүргэлтийн байгууллага манай технологийг ашигладаг. Уг байгууллага хэрэглэгчдийнхээ хаягийг What3words-оор судалж, хүргэгч болгондоо ухаалаг утас өгч, хүргэлтээ түвэггүй хийдэг болсон. Зүүн Африкийн Танзани улсад үйл ажиллагаагаа явуулдаг Дэлхийн банкны салбар усны цэгүүдийг тодорхойлохдоо хэрэглэж байна. Учир нь GPS-тэй харьцуулбал манай технологийг хэрэглэх нь хавьгүй хурдан, бас хялбар юм. Энэтхэгт What3words-ийг гэр хороололд нарны эрчим хүчний цахилгаан төхөөрөмжийг амжилттай суурилуулахад ашиглаж байна. Харин Норвегийн үндэсний газрын зургийг бүтээгч байгууллага манай технологийг вэб сайтдаа суурилуулснаар хаягжилтгүй байршлуудыг олоход хялбар болгож байна.

Интернэтгүй орчинд байдаг хүмүүс өөрсдийнхөө хаягжилтын мэдээллийг бусдад хэрхэн хүргэх вэ?

Бид Рио де Жанейрогийн гэр хороололд амьдардаг хэрэглэгчдийнхээ гэрийн хашааг гурван үгийн нийлэмжээр самбаржуулсан байгаа. Улаанбаатарт ч гэсэн энэ туршлагыг хэрэгжүүлэхэд тохиромжтой юм шиг санагдсан.

Танай технологийг ашигласнаар олон шинэ бизнесийн үүд нээгдэх боломж ч бас харагдаж байна. Гэхдээ уламжлалт хаягжилтын хэрэглээг устгаж байгаа мэт сэтгэгдэл төрлөө. Таны бодлоор гудамжны нэршил, тэдгээртэй холбоотой түүх арчигдах магадлалтай юу?
Уламжлалт хаягжилттай холбоотой мэдээллүүд 1900-1930-аад онд анх бүтээгдсэн болов уу. Тэр бүхэн хотын түүхтэй холбоотой ч бидэн шиг орчин үеийн хүмүүсийн хэрэгцээнд нийцэж байгаа бил үү? Бид гудамжны нэршил болон түүнтэй холбоотой түүхийг арчихыг бодоогүй. Гэхдээ ухаалаг утсаар одоо ямар ч мэдээллийг олж авдаг болсон байхад яагаад хаягжилтыг тодорхой болгож болохгүй гэж?

Та 34 настайдаа өндөр амжилтанд хүрлээ. Бизнесээ хэрхэн таниулж, энэ зэрэгт хүргэсэн бэ? 

Орчин үе бол энтрепренер байхад тохиромжтой цаг байна. Жижиг бизнесийг дэлхийд таниулах маш их боломж ар араасаа гарч ирж байна. Манай компани зөвхөн Лондонгийн зах зээлд төвлөрөлгүй, дэлхийн өнцөг булан бүрт хүрэхийг зорьсон учраас олон улсын дэвшилтэт технологийн үзэсгэлэн, экспо, арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог. Жишээлбэл, Францын Cannes Lions бүтээлч технологийн үзэсгэлэнгийн Гран При шагналыг хүртлээ. Ингэж бид өөрсдийгөө өргөн хүрээнд танилцуулахаас гадна олон улсаас ирсэн бүтээлч, шинийг санаачлагч хүмүүстэй танилцаж, танилын хүрээгээ тэлж байна. Мөн манай бизнестэй холбоотой өөр салбаруудын арга хэмжээнүүдэд оролцож, нөлөө бүхий хүмүүстэй танилцах нь чухал гэдгийг ухаарсан. Хамтрагчдаа зөв сонгож, аль аль талдаа дэвшилт, урам зориг, ашиг өгч байх үүднээс үйл ажиллагаагаа хэрэгжүүлсээр ирлээ.

Амжилтанд хүрсэн ихэнх дэвшилтэт технологи Америкийн Сан Франциско дахь Silicon Valley буюу Цахиурт хөндийд бүтээгдэж, гараагаа эхлүүлсэн байдаг. Харин танай технологи Английн Лондонгоос гаралтай төдийгүй эх үүсвэрийг нь компьютер програм, эсвэл технологийн салбараас огт өөр мэргэжилтэй хүмүүс бүрдүүлсэн байна. Хамтрагчид тань энэ үүднээс хэрхэн хүлээж авдаг вэ? 

Миний бодлоор, бодит амьдрал дээр ямар нэгэн асуудал, бэрхшээлийг мэдэрсэн хүмүүс амжилттай технологиудыг бүтээсэн байдаг. Бидэнд ч гэсэн тийм туршлага бий. Бид Лондонд төвлөрсөн гэдэг утгаараа бусад улс оронтой харилцаа тогтооход илүү амар байгаа. Хэрэв бид бүхлээрээ Цахиурт хөндийд үйл ажиллагаагаа явуулдаг бол ийш тийшээ чөлөөтэй аялахад тийм ч амар биш байх болов уу. Гэвч биднийг төлөөлдөг цөөнгүй хүмүүс тэнд ажиллаж байгаа. Манай багт 15 хүн ажилладаг. Нэг хэсэг нь технологи, газар зүй, математикаар мэргэшсэн зохион бүтээгчид, үлдсэн хэсэг нь маркетинг хийдэг. Үүнээс гадна манай хамтрагчид ч гэсэн бидний Лондонгийн гарал үүслийг урам зоригтойгоор хүлээж авсан.

Хамгийн том хамтрагчдаа нэрлэнэ үү? 

Хамгийн томууд нь мэдээж газар зүйн салбарын компаниуд байгаа. Жишээ нь, ESRI хэмээх дэлхийн томоохон газар зүйн зургийн компани байна. Тэд Монголд ч гэсэн Mon Map гэх салбартай гэсэн. ESRI-тай хамтын ажиллагаа эхлүүлсэн нь олон компанийн хувьд бидэнтэй хамтрах хөшүүрэг болсон. Лондон дахь аялал жуулчлалын хамгийн том компани Hedonist Travel Guide-ийн вэб сайт дээр тэдний хамтрагч гэж гармагц уг компаниас үлгэр жишээ авдаг компаниуд манайхтай холбоо тогтоосон. Түүнчлэн бид дэлхийн хамгийн том навигаци, газар зүйн зургийн компани болох NavMe-гийн 25 сая гаруй хэрэглэгчдийн хамтрагч хэмээн зарлагдсанаас хойш хүрээгээ улам тэлсэн. Би өөрөө ч NavMe-г 10 гаруй жил хэрэглэж байгаа болохоор тэдэнтэй хамтран ажиллах нь нэр төрийн хэрэг байлаа. Мөн компьютер чипсийн дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч Intel-тэй бид хамтын ажиллагаа өрнүүлж байна. Хаана ч явсан уг компанийг мэддэг олон хэрэглэгч бий. Иймд манай компанийг тэдний хамтрагч гэдгийг олж мэдэх нь бидэнд итгэл төгс хандах шалтгаан нь болдог.

Та уг технологийг зохион бүтээсэн хүний хувьд давуу эрхээ эдэлж, төрж өссөн гэр орныхоо байршлыг ямар гурван үгийн нийлэмжээр илэрхийлсэн бэ? 

Манай технологийн алгоритм үгсийг автоматаар сонгож гаргадаг учир надад тийм давуу эрх байхгүй. Бусад хүмүүсийн л адил надад тохиолдлоор оноогдсон гурван үгээр сэтгэлд дотно байршлуудаа хаягжуулсан байгаа.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага