С.АМАРСАЙХАН: Би бугшиж идээлсэн буруу тогтолцооны эсрэг сөрж байна
2017 оны 10 сарын 10

 

НИТХ-ын даргыг сонгох хуралдаан удаа дараа хойшлоод байгаа. НИТХ-ын даргад нэр дэвшигч С.Амарсайхантай ярилцлаа.

 

-НИТХ-ын даргад та болон Д.Баярсайхан гэсэн хоёр хүн нэр дэвшсэн. Танай намын бүлэг удаа дараа завсарлага авч байна. Асуудлыг шийдэхгүй яагаад ингэж удаж байна вэ. МАН-ын бүлэг дотор юу болоод байна вэ. Таныг нэрээ татахыг шахаж байгаа гэсэн? . Энэ нь Баярсайхан гэдэг хүнийг заавал сонгох ёстой гэсэн байдлыг харуулж байгаа хэрэг үү?

 

Хэн байхдаа гол нь биш л дээ. Хурал хуулийн дагуу үргэлжилж, санал хураалтыг эцэслэх ёстой. Өнөөдрийг хүртэл сайн, муу бүхий л аргаар миний нэрийг татуулах оролдлого, дайралтыг нэр бүхий хүмүүс хийсээр байгаа. Гэвч би шантрахгүй. нийслэлчүүдийн нийтлэг эрх ашиг болон шударга үнэний төлөө хийсэн бидний үйл хэргийн эсрэг давшилж байгаа явуургүй бүлэглэлийн явцуу эрх ашгаас болж хурал сунжирч  байна. Би Д.Баярсайхан төлөөлөгчийг улс төрийн хатуу ширүүнийг өдий хүртэл туулж яваа эх хүн, нэг танхимд суугаа хамгийн ахмад, туршлагатай улс төрч эмэгтэйнх  нь хувьд их хүндэлдэг. Миний хувьд Баярсайхан гуайг үгүйсгэх, буруутгах асуудал огтхон ч байхгүй.  Байх ч ёсгүй гэж үздэг. Харин дэмжиж байгаа гэх хамтрагчид нь нүүрийг нь харж инээж, нурууг нь хархаараа жинхэнэ хор хутгаж, хувь хүний халдашгүй дархан орон зай, гэр бүл, удам угсаа, хань ижилийг нь гутгэн дорожилж, миний эсрэг турхирч байгаад нь үнэхээр харамсдаг.

 

-Нийслэлийн асуудлыг нэг хүн, нэг гэр бүл  шийддэг болсон гэж та хэлсэн байдаг. Энэ тухай?

Нэг хүн, түүний ард байдаг бүлэглэл Нийслэлийн ажлыг яаж гацааж, хууль журмыг яаж гажуудуулж чаддагийг та бид харж байна. Сүүлийн үед л зах зухаас нь нийтэд ил болж байгаа болхоос биш өнгөрсөн жил гаруйн хугацаанд нийслэлийн, мөн намын  ажил яг ийм дүр зурагтай л явж ирсэн. Би яагаад нам гэж хэлж байна гэхээр эрх барьж байгаа намын бодлого нь улс орны хөгжил, нийтийн  эрх ашгийн төлөө байх ёстой боловч тийм хэмжээнд явуулж чадсангүй.

 

-Өнгөрсөн даваа гаригт НИТХ дахь МАН-ын бүлгийн хурал хэдэн цагаар үргэлжилсэн. Хаалттай болсон уг хурлаар юу яригдав. Сандуй хуралдаа сууж байгаа юу? Та бүхэн дотооддоо ойлголцолд хүрч чадсан уу?

Сандуй ажлаа өгсөн гэж байгаа ч санаа сэтгэл нь сандалдаа, гар хуруу нь бүлгийн асуудалд дүрээтэй л байгаа. Өнөөдрийг хүртэл бүлгийн дарга нэртэй хүнийг шууд удирдсаар байгаа учраас ямарч үндэслэлгүй шалтгаанаар олон хоног завсарлага авч байна. Тэд бүлгийн хурлыг бүлгэмийн цуглаан, будлианы үүр болгож байгаад бүлгийн гишүүд маань дүгнэлт хийж байгаа байх.

-Бүлгийн хурлаас гарч ирээд танай бүлгийн дарга Мөнхчулуун дахин завсарлагын хугацааг сунгаж буйгаа хэлсэн. Ингэхдээ нэр дэвшсэн хүмүүсийг өөрчлөх эсэх тухай асуудлыг хөндсөн. Хуульд зааснаар ийм боломж бий юм уу. Тухайлбал, АН-ын бүлгээс ИТХ-ын даргад нэр дэвшүүлэх хүнийг оруулж ирэх боломжтой гэж ярилцлага өгсөн байна?  

 

-Хуулийг зөвхөн өөрт ашигтайгаар тайлбарлаж, өөртөө зориулж хууль, журам гаргаж, албан тушаал завшиж, хулгай хийж сурсан хүмүүсийн шидийн зан ил гарч байна. Завсарлага авах нь бүлгийн албан ёсны байр суурь биш байсан. Чоно борооноор гэдэг шиг Сандуйгийн захиалгаар  гэнэт дахин завсарлага авсанд бүлгийн гишүүд бүгд дургуйцэж байгаа. 2 нэр дэвшигч дээр дахин санал хураах хуулийн заалт маш тодорхой бий. Тийм ч учраас хурлын даргыг сонгох ээлжит хурлыг хаагаагүй, завсарлуулсан.

 

-Танай бүлгийн дарга Дээд шүүхийн тайлбарыг хэлэлцэнэ гэдэг нь юу гэсэн үг юм?

Хууль тайлбарласан дээд шүүхийн тогтоолыг тэр хүн хэлэлцдэг онцгой эрхтэй, бас түүнд нь зориулсан тусгай хууль, тайлбар байдаг гэж зүүдэлсэн юм байлгүй дээ.

 

Шинээр нэр дэвшигчид оруулж ирэх боломж байхгүй ч нэгэнт бүлгийн дарга чинь нэр дэвшигчдийг шинээр оруулж ирэх асуудлыг хөндсөн. Хэрвээ энэ асуудлыг хүчээр оруулаад ирвэл яах вэ?

 

-Жинхэнэ хууль зөрчсөн, нийтийн эрх ашгийг уландаа гишгэж, сонгогчидоо басамжилсан үйлдэл болно.Тийм эрх хэнд ч байхгүй.

 

-НИТХ дахь АН-ын бүлгээс МАН хурлаа ч хийж чадахаа байлаа гэж шүүмжлэлтэй хандаж байгаа. Үнэхээр ийм байдал хүрсэн байгаа юм уу?

 

Даравч далдайж, булавч бултайгаад байгаа юмыг нуух гээд яахав дээ. Цөөнхийн оролцоог хангаж, шүүмжлэлийг нь хүлээж авч байж л ажил урагшилана.

 

Иргэдийн хурлын даргаа сонгож чадахгүй удаж байгаагаас хотын ажил цалгардах аюулд хүрч байгаа юу. Өвөл хаяанд ирлээ?

Зөвхөн даргыг сонгохтой холбоотой удааширч байгаа асуудал биш. Нийслэлийн ажил өвөл, зунп, өдөр, шөнө гэлтгүй тасралтгүй явах ёстой. НИТХ ын үйл ажиллагаа олон сар зогсонги байдалд явж ирсэн. Хурлыг бид гацаанаас гаргаж үйл ажиллагааг нь хэвийн явуулах үүрэгтэй. Тийм ч учраас хариуцлагын асуудал яригдсан.

Та НИТХ-ын даргад өрсөлдөж байгаагийн хувьд ямар мөрийн хөтөлбөр, бодлоготой оролцож байна вэ. Өнөөдөр Нийслэлд юуг хамгийн түрүүнд хийх ёстой байна вэ?

Нэн чухал ач хологдолтой, нийгмийн захиалага болсон олон асуудлууд бий. Юун түрүүнд Нийслэлийн засаглалийн чадвахийг бэхжүүлж, Эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөг дотоодын нөөц бололцоо, давуу болон сул  талууд, эерэг сөрөг нөхцөл байдлууд, гадаад, дотоод хүчин зүйлүүд, ирээдүйд хүрэх зорилттойгоо уялдуулан тооцсон, цогц шийдэл гаргах замаар урт хугацааны тогтвортой хөгжлийн сууриа тавих нь юу юунаас чухал байна. Үүний тулд Нийслэлийн төр захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулж оновчтой зохион байгуулах,бүх шатанд эрх, үүрэг хариуцлагыг тодорхой болгох, боловсон хүчний ёс зүй,  мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, ажлын гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлж, урьд өмнөхөөсөө ч илүү хурдтай, эрс шийдвэртэй,  зоригтой, зорилготой  ажиллах цаг үе бидний өмнө байна.

 

Утаа агаар, хөрсний бохридол, гэр хороолын дахин төлөвлөлт гээд байнга л яригдаж байдаг хэрнээ шийдэгддэгүй асуудлуудыг яах ёстой вэ? Мөн зам, нийтийн тээвэр, түгжрэл гээд олон асуудлын талаар? 

 

Хот төлөвлөлтийн хоцрогдсон сэтгэлгээ, хуучирсан арга барилыг халж, олон улсын жишигт нийцсэн, хөгжлийн шинэ шийдэл бүхий хотын нэгдсэн стандартыг нийслэлд нэвтрүүлэх шаардлага байна.Гэр хорооллийн хөгжил, орон сууцжуулах хөтөлбөрийн  шийдлийг оновчтой тодорхойлж хэрэгжүүлэх,утаа агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлж, цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэх, зам дэд бүтэц, нийтийн тээврийн томоохон төслүүдийг урагшлуулж, замын ачааллыг бууруулах зэрэг  ажлууд хүлээгдэж байна. Мөн Жишиг хот тосгоныг хөгжүүлж, төвлөрлийг сааруулах, хот дүүргүүд бие дааж хөгжих боломжийг нээх гээд шийдлээ хүлээсэн олон ажлыг цаг алдалгүй хийж, хэрэгжүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэлийг ч нийслэлийн хэмжээнд хоосон үгээр бус бодит үйлдэлдээр  дэмжин ажиллах асуудлууд бий. Энэ бүхнийг маш богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх гарцууд ч бий.

 

Хот маань хөгжиж, өөрчлөгдөж л байна, гэхдээ хүндрэл бэрхшээл огт тасрахгүй байна. дэлхийн хөгжингүй  хотуудтай хөл нийлүүлэн алхахын тулд бид яах ёстой вэ? 

 

Амьдралын наад захын ахуйн хэрэгцээ шаардлагын асуудлаа бүрэн шийдэхгүйгээр  хөгжингүй орнуудтай хөл нийлүүлэн өрсөлдөх тухай ярих ямар ч боломж байхгүй юм. Юун түрүүнд аль эрт шийдвэрлэгдсэн байх ёстой боловч  өнөөдрийг хүртэл бидний өдөр тутмын ажил, амьдралд байнга эрсдэл, аюул дагуулдаг агаар орчин, хөрсний бохирдол, цаашилвал худаг усны аюулгүй байдал,гэрэл, дулаан цахилгааны хангамж, зам, дэд бүтцийн чанар гээд олон арван жил хур болтлоо хуримтлагдсан олон асуудлуудыг  нэг мөр шийдвэрлэх ёстой. Үүний зэрэгцээ орчин үеийн хотын хөгжлийн дараагийн үе шат болох ухаалаг хотын суурийг зөв тавьж, хэрэгжүүлж чадвал бид дэлхийн хот болоход ойрхон байна.

 

Ухаалаг хотын талаар олон жил ярьж байна. Гэр хорооллын айл өрхийг интернеттэй болгох ажил бас хийлээ л гээд байсан тэр ажил юу болж байгаа бол?

 

Ухаалаг хотыг зөвхөн интернетийн сүлжээ бий болгох төдийхнөөр төсөөлөх нь өрөөсгөл. Интернет болон Мэдээлэл, холбооны шилдэг технологид суурилан хотын бүх  байгууллагыг  мэдээллийн нэгдсэн системд холбодог. Өөрөөр хэлвэл дулаан, цахилгааны эх үүсвэр, усан хангамжын шугам сүлжээ, хог хаягдлын удирдлага, онцгой байдал,  хууль, хүчний байгууллага, эмнэлэг, сургууль, номын сан, зам, дэд бүтэц, нийтийн тээврийн систем, иргэд оршин суугчдад хүргэх хот, нийтийн үйлчилгээ гээд хотын бүхий л ажил үйлчилгээ, үйл ажиллагаа өөр хоорондоо харилцан уялдаа холбоотойгоор, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран, хянагдан зохицуулагдаж байдаг.  Иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцлийг хангадаг төдийгүй хот,нийтийн  өмчийг ч эрсдэлгүй, зөв удирдаж, шаардлагтай арга хэмжээг цаг алдалгүй авах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ухаалаг хотын цогц шийдлийн тухай юм.

 

Нийслэлийн өнөөгийн өнгө төрөх, нөхцөл байдал, иргэдийн амьдрал хүнд байгааг бүгд ярьдаг, таны сэтгэлийг юу хамгийн их зовоож байна? бид ер нь яг ямар хотод амьдраад байна вэ? 

Монгол улсын хүн амын дийлэнх нь энэ хотод амьдарч байна. Утаандаа угаартаж, хогондоо дарагдаж, хоол хүнсэндээ хордож, улс төрөөс залхаж, ирээдүйдээ итгэл алдарсан хүмүүс дүүрэн газар бид бүгд амьдарч байна. Монгол орны ирээдүй, Монгол төрийн үнэ цэнэ эрүүл, саруул, боловсролтой, мэдлэгтэй Монгол хүн байна гэдгийг хүн бүр ярьдаг. Харамсалтай нь бид одоо юу хийж, яаж амьдарч байна вэ, ирээдүйд энэ хотод, энэ улсад эрүүл иргэн, Монгол хүн оршин тогтнох уу үгүй юу гэдэг эрсдэлтэй нүүр тулаад байгаа. Гэвч үүнийг ярьсаар,мэдсээр байж доривтой ямарч алхам хийлгүй ирлээ. Ирээдүйд хичнээн мөнгө зараад, юу ч хийгээд  нөхөж барахгүй гарз хохирол та бидний  эрүүл мэнд, удам угсаанд учирчихаад байгааг ихэнх нь мэдрэх сөхөөгүй бас мэдсэн ч шийдэх мэдэлгүй байна. Харин мэддэг, шийддэг хүмүүс нь сэтгэлгүй, санаачлаггүй байгаад сэтгэл л зовинидог.

Улаанбаатар хотын ирээдүйн өнгө төрх, хөгжлийн чиг хандлагыг та яаж төсөөлж байна? 

Бид хурдтай, зөв ажиллаж чадвал эдийн засгийн өсөлтөөрөө, хүний хөгжил, оюуны чадвахиараа, хот төлөвлөлтийн дэвшилтэт бодлого, шийдлээрээ, хүн амьдрахад таатай, эрүүл, аюулгүй, нөхцөлөөрөө дэлхийд тэргүүлэх, Монгол хүн бүрийн бахархал болсон их хотыг хамтдаа богино хугацаанд  бүтээх боломж бүрэн дүүрэн байна гэдэг би огтхон ч эргэлздэггүй.

 

Ингэхэд Та НИТХ-ын даргад өрсөлдөх шийдвэрийг яагаад гаргасан юм?

-Би 9 хүүхэдтэй, эгэл амьдралтай уурхайчны гэр бүлд  8 дахь хүү нь болон мэндэлсэн. Аав ээж маань биднийг элэг бүтэн, гэдэс  цатгалан өсгөсөн хэдий ч Би 7 наснаасаа эхэлж зуны амралтаараа ах нартайгаа хамт аавыгаа дагаад  сургууль, цэцэрлэгийн засвар, будаг шунх хийж хичээлийн хэрэгсэл, формоо авдаг байлаа. Энэ хүмүүжил, төлөвшил минь өнөөдөр ч бидний бүтээлч байх хүслийг хөгжөөж, хурцалж байдаг. Бид гэр бүл ах дүүгээрээ 25 жил бизнесийн салбарт ажиллаж, унаж босч, урагшилж, хөгжиж ирэхдээ нийгэмд тустай, хүнд хэрэгтэй олон ч ажлыг хийж бүтээж, өнөөдрийг хүртэл олон мянган хүнийг ажлын байр, амьдралын баталгаагаар нь хангаж, тогтвортой ажиллаж ирсэн. Энэ хэрээр Улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд ч багагүй хувь нэмрийг оруулж ирсэндээ бахдам байдаг. Би л болж байвал бусад нь хамаагүй гэж дуугүй явах, эсвэл болохгүй байна гэж зовлон тоочиж суух нь хувь хүнийг ч, нийгмийг ч үгүй хийдэг гэж ойлгодог. Нэр дэвших шийдвэр гаргаж, бат зогсож байгаагын минь гол шалтгаан нь, Монгол хүн бүр, эх орондоо эзэн нь байж, сэтгэл амгалан, баян чинээлэг амьдрах ёстой гэдэг хатуу үзэлтэй минь холбоотой. Тийм боломж та бидэнд хангалттай байна. Хамгийн гол нь иргэн бүр  амьдралдаа, хариуцсан ажилдаа, эх нутагтаа, зөвхөн иргэн нь төдий бус харин эзэн шиг нь эзэн байж, нэгдмэл зорилго, сэтгэлээр хөдөлмөрлөж, зүтгэж байж дэлхийн хөгжилтэй хөл нийлэх ёстой гэж боддог.

 

Таныг боловсрол өндөртэй, гадаад харилцааны чиглэлээр ажиллаж байсныг тань мэдэх юм байна. Та өөрийнхөө ажил мэргэжил боловсролынхоо талаар танилцуулахгүй юу?

Би бусдын жишгээр сурч хөдөлмөрлөж, хийж бүтээе гэж зүтгэж яваа нэгэн. Налайхад  бага дунд суургуулиа дүүргэсэн. АНУ, Их Британи улсад сурч боловсорсон. Эрх зүйч мэргэжилтэй. Ажлын гараагаа 1991 онд Монгол улсын Шинжлэх ухаан, Мэдээлэл технологийн төвөөс анх эхэлж байсан. Мөн 2000-2004 онд Монгол улсаас БНХАУ д суугаа Элчин сайдын яамны консулын ажилтан. Мөн 2005-2007 онд гадаад худалдааны салбарт ажиллаж байгаад түүнээс хойш өнөөг  хүртэл бизнесийн салбарт ажиллахын зэрэгцээ НИТХын төлөөлөгчөөр 2012 оноос хойш 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

-МАН дотроо фракц бүлэглэлтэй гэдэг нь харагддаг. Тухайлбал, та хотын фракцын өмнөөс сөрж байгаа гэж харагдаж байна. Ер нь Та өөрөө ямар фракц бүлэглэлд харьяалагддаг хүн бэ. Танд бодит хэний дэмжлэг байна вэ?

Би бугшиж идээлсэн буруу тогтолцооны эсрэг сөрж байна. Фракц бүлэглэл хаана ч байдаг гэхдээ эрх ашиг, туйлын зорилго  нь юу вэ гэдгээс их зүйл шалтгаалдаг байх. Аль нэг фракц бүлэглэлд харьяалагдах гэхээсээ илүүтэй санаа зөв, зорилго сэтгэл нэгтэй олон нөхөдтэйгээ зөв зүйлийн төлөө хамтраад л зүтгэдэг. Хүний ажил амьдралын амжилт, бүтээл хэлбэр төдий уриа лоозон, хүч түрсэн зохион байгуулалтаас илүүтэй хүмүүс хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, үнэт зүйл дээр л тогтдог. Би болзолгүй нөхөрлөдөг олон сайхан нөхөдтэй. Тэдний минь итгэл үнэмшил, дэмжлэг, туслалцаа надтай үргэлж хамт байдгаар бахархдаг юм.

www.ardnews.mn

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага