Хүүхдийн мөнгийг олгоход 105 тэрбумыг нэмж төсөвлөжээ
2017 оны 10 сарын 17

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сан хамтран Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хэрэгжилтийн эхний шатны үнэлгээг хийсэн Ажлын хэсэгтэй тохирсны хүрээнд болон Монгол Улсын 2017 оны төсвийн эхний найман сарын гүйцэтгэлд үндэслэн 2017 оны төсвийн тодотголын төслийг боловсруулжээ. Энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталснаар нийгэмд хүлээлт үүсгэсэн олон асуудлыг шийдвэрлэх юм.

Тухайлбал, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд он дуустал олгохоор шийдвэрлэсэн ч төсвийн тодотголыг батлаагүй учир санхүүжилтийг олгоогүй байна. Мөн төсвийг хэлэлцэн баталснаар орон нутаг болон улсын хэмжээнд шаардлагатай өвс тэжээлийг нөөцлөх боломж бүрдэх юм. Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг 501.4 тэрбумаар нэмэгдүүлж 6537.1 тэрбум, нэгдсэн төсвийн зарлага ба цэвэр зээлийн дүнг 498.5 тэрбумаар нэмэгдүүлж 9248.6 тэрбум, нэгдсэн төсвийн нийт алдагдлыг -2711.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний -9.9 хувьд хүргэж баталснаас ДНБ-ий 0.5 хувиар сайжруулсан аж. Иймд хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд тусгасан.

Үүнд: 1.Төсвийн давсан орлогоос 500 тэрбум хүртэл төгрөгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан тэргүүлэх чиглэлийн арга хэмжээ, түүний дотор сургууль, эмнэлэг, аймаг орон нутгийн засаг захиргааны барилгад засвар хийх, төлөх ёстой өр төлбөрийг барагдуулах зэрэгт зарцуулах,

2.Давсан орлогын тодорхой хэсгийг хуримтлуулах, хуримтлалыг богино хугацаатай зээллэгийг бууруулах, өндөр өртөгтэй өрийг буцаан худалдан авах, мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэх,

3.Монгол Улсын 2017 оны төсөв баталснаас хойш хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ онд бүх хүүхдэд олгох талаар гарсан тогтоолыг хэрэгжүүлэх,

4.Энэ зун нийт нутгийн дийлэнх хэсэгт гандуу, гантай байсны улмаас газар тариалангийн салбарт ургац алдах, бэлчээрийн гарц багатайгаас шалтгаалж мал өвөлжилт хүндэрч болзошгүй тул төв суурин газрын болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор орон нутгийн хэрэгцээ болон улсын нөөцөд өвс, тэжээл бэлтгэх. Мөн дотоодын хэрэгцээнд дутагдах өвс, тэжээлийг импортлох, ирэх хаврын тариалалтад шаардлагатай үрийн нөөцийн 50 хүртэл хувийг нөөцлөх зэрэг арга хэмжээнд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх,

5.Мах бэлтгэл, үйлдвэрлэлийг дэмжих, өвөл болон хаврын улиралд махны эрэлт, нийлүүлэлтийн зохистой тэнцвэрийг хангах, үнийн тогтворжуулах зорилгоор мах бэлтгэх, нөөц бүрдүүлэх дотоодын аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн дутагдлыг нөхөх зориулалтаар авах зээлийн хүүгийн хөнгөлөлтөд төсвөөс дэмжлэг үзүүлэх,

6.Хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, эрүүл мэндийн даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад учирдаг санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор өндөр өртөгтэй эрүүл мэндийн мэс заслын тусламж үйлчилгээний санхүүжилт, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний зардал болон шинээр ашиглалтад орж үйл ажиллагаа нь өргөжиж буй тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх,

7.Өмнөх жилүүдэд үүссэн шүүхийн шийдвэрийн дагуу иргэд, аж ахуйн нэгжид төрөөс олгох нөхөн төлбөр, хохирлыг барагдуулахад шаардагдах хөрөнгийг төсөвт тусгах,

8.Төсвийн зарцуулалтын үр ашигтай байдлыг хангах зарчимд нийцүүлэн төсвийн 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл, салбарын яамдаас бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан Төсвийн ерөнхийлөн захирагчдын баталсан төсөвт зарим зохицуулалтын шинжтэй өөрчлөлтийг төсвийн тодотголд тусгах,

9. Өмнөх жилүүдэд гэрээг нь хийсэн “Барих-Шилжүүлэх” концессийн төслийн эргэн төлөлт, хөнгөлөлттэй зээлийн Монголын талын хариуцах санхүүжилт болон шүүхийн шийдвэртэй болон бусад өр төлбөрийг барагдуулах зэргийг тусгасан байна.

 

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага