МОНГОЛБАНК: Чингис бондын 500 сая ам.доллар, “ДимСам” бондын 160 орчим сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар төлөх ёстой
2017 оны 11 сарын 16

МОНГОЛБАНКНЫ ХЭВЛЭЛИЙН ХУРЛААС… /2017.10.20/

 

-Ирэх он гараад Монгол Улс томоохон хэмжээний өр, төлбөрүүдээ хийнэ. Өрийг хэрхэн төлөх шийдлийн талаар Монголбанк тодорхой санал өгч байгаа юу?

-2018 онд төлөх өр гэхээр гадаад болон дотоод өрийн асуудал яригдана. Гадаад өрийн хувьд нэгдүгээрт сард Чингис бондын 500 сая ам.доллар, зургаадугаар сард “ДимСам” бондын 160 орчим сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар төлөх ёстой. Энэ хоёр бондын эргэн төлөлтийг дахин санхүүжүүлэх хувилбараар шийдэхээр Засгийн газар ажиллаж байгаа. Гэхдээ энэ талаарх мэдээллийг одоо өгөхөд эрт байна. Дотоод өрийн хувьд төсвийн алдагдлын хэмжээ нөлөөлж байгаа. Өөрөөр хэлбэл, дотоодод бонд гаргах байдлаар төсвийн алдагдлыг санхүүжүүлж байгаа. Ирэх жилийн төсвийн алдагдлын хувьд 2 их наяд орчим төгрөгийн алдагдалтай байхаах эхний хувилбар өргөн баригдсан байсан. Төсвийн алдагдлыг хоёр янзын эх үүсвэрээр санхүүжүүлэх асуудал яригддаг. Нэгдүгээрт, дотоодод бонд гаргах, хоёрдугаарт, донор орнуудын тусламж, буцалтгүй тусламжийн мөнгө буюу ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа мөнгөөр санхүүжүүлэх юм. ОУВС-гийн баг ирчихсэн, гуравдугаар улирлын гүйцэтгэл дээр ажиллаж байна. Хэлэлцээр дууссаны дараа ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд энэ онд орж ирэх үлдэгдэл санхүүжилт орж ирнэ. Ирэх онд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд бараг тэрбум ам.долларын орох урсгал бий болж, төсвийн алдагдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх хүлээлт бий. Гаднаас орж ирэх ам.долларын урсгал нэмэгдсэнээр дотоод өрийн хэмжээ буурах боломжтой. Энэ нь хувийн секторт зээлийн орон зайг нэмэгдүүлэх болов уу. Дотоод өрийн хувьд ийм байна. Гадаад өрийн хувьд одоогоор мэдээлэл өгөхөд эрт байна.

-Ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барьсан. Гэвч байнгын хороогоор шинэ Засгийн газрын төсөв өргөн баригдсаны дараа нийцүүлж хэлэлцэнэ гэж үзээд завсарлага авсан байгаа. Засгийн газрын төсөв хэр их өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд өөрчлөлд орох уу?  

-Хоёр долоо хоногийн өмнө ЭЗБХ-ны анхны хуралдаанаар Мөнгөний бодлогын 2018 оны үндсэн чиглэлийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, шинэ Засгийн газар бүрэлдсэн, удахгүй төсвөө өргөн мэдүүлэх байх. Төсөв өргөн баригдсаны дараа хоёр том бодлогыг нийцүүлээд хэлэлцье гэсэн байгаа. Бидний ойлгож байгаагаар Засгийн газрын төсөв өмнөх төсвөөс төдийлөн өөрчлөгдөхгүй байх. Ядаж орлого, зарлагын хэмжээн дээр төдийлөн өөрчлөлт гарахгүй болов уу. Хэрэв томоохон хэмжээний өөрчлөлт гарвал бид тухайн үед нь бодлогоо нийцүүлээд явна. Түүнээс биш төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг буцаан татаад, дахин өөрчилнө гэсэн асуудал байхгүй.

-Банкуудад активын чанарын үнэлгээ хийх үйл явц ямар шатандаа явж байгаа вэ. Ямар нэгэн хүндрэл, бэрхшээл гарч байгаа юу. Активын чанарын үнэлгээнээс Монголбанк ямар үр дүн хүлээж байна вэ?

ХШГ-ын захирал Н.Батсайхан:

-Банкуудад активын чанарын үнэлгээ хийх ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байгаа. Одоогоор үр дүнгийн талаар ярихад харьцангуй эрт байна.

-Ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн гол онцлог юу вэ?  

-УИХ-д өргөн баригдсан байгаа төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн онцлог нь гурван үндсэн бүлэгт хуваагдаж байгаа. Нэгдүгээрт, мөнгөний бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, зорилтууд. Хоёрдугаарт, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээнүүд, гуравдугаарт, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд юм. Би мөнгөний бодлогын хүрээнд тусгагдсан зорилтуудын талаар товч тайлбар өгье. Нэгдүгээрт, инфляцийг ирэх 3 жилийн хугацаанд 8 хувьд тогтворжуулна гэж зааж өгсөн. Мөн валютын ханшийн хувьд уян хатан, эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэй байлгахын зэрэгцээ шаардлагатай үед валютын захад интервэнц хийж оролцоно. Гэхдээ энэ нь эдийн засгийн суурь нөхцөлийг гажуудуулах чиглэл рүү явахгүй гэж байгаа. Эдийн засгийн суурь нөхцөл гэдэг нь өрийн хэмжээ, долларжилт, валютын нөөц, түүнийг нэмэгдүүлэх шаардлага гэх зэрэг олон агуулгаар тодорхойлгодоно. Гуравдугаарт, макро зохистой бодлогыг хэрэгжүүлнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл, манай улсын санхүүгийн зах зээлийн хөгжил, санхүүгийн зах зээлд оролцогсдын хэлцэл хийж байгаа байдлыг харвал бодлогын хүүний эдийн засагт очих нөлөөлөл нь санхүүгийн зах зээлийн хөгжилтэйгөө уялдаад харьцангуй сул. Тийм учраас энэ дутагдалтай орон зайг нөхөх зорилгоор макро зохистой бодлогыг хэрэгжүүлнэ гэж байгаа. Макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл нь бодлогын хүүнээс гадна зохистой харьцааны үзүүлэлтүүдээр дамжиж эдийн засагт очиж нөлөөлөх юм. Энэ нь эргээд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, инфляцийн дарамтгүй, эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг бий болгох, санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй байх боломжийг бүрдүүлнэ. Үүний үр дүнд мөнгөний бодлогын эдийн засагт очих нөлөөлөл нэмэгдэнэ гэж харж байгаа. Дөрөвдүгээрт, төв банкны мөнгөний бодлогын талаар олон нийттэй харилцах харилцааг сайжруулна. Төв банкнаас гаргаж байгаа мөнгөний бодлогын шийдвэр, түүний үндэслэл, ирээдүйн эдийн засгийн төлөв, байдлын талаар хүлээж буй хүлээлтээ нээлттэй, ил тод байдлаар танилцуулах, ойлгуулах зорилт юм. Үүний үр дүн нь төв банк эдийн засгийг яаж харж байна вэ, үүнтэй уялдаад бодлогоо хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг мэдээлэл ил, тод болсноор хүлээлтийг удирдана. Ингэснээр бизнесийн шийдвэр гаргалтын тодорхой бус байдлыг багасгах, төв банкны бодлогын шийдвэр ил, тод, ойлгомжтой болсноор эргээд хариуцлагыг нэмэгдүүлж өгч байдаг. Тийм учраас энэ жилээс олон нийттэй харилцах харилцааг өөр түвшинд гаргахыг зорьж байгаа юм.

-Ипотекийн санхүүжилтийг ирэх оноос Засгийн газарт шилжүүлэхээр болсон. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ. Цаашдаа ипотекийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжтой юу?

-ОУВС-тай хийж байгаа өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх заалт бий. Гэхдээ яаж хэрэгжүүлэх, санхүүжилтийг хэрхэн шийдэх гэх зэрэг асуудал хараахан тодорхой болоогүй байна. Цаашдаа санхүүжилтийг хэрхэн шийдэхээс гадна төв банкин дээр байгаа ипотекийн зээлээр баталгаажсан бондыг Засгийн газар худалдаж авах уу гэх зэрэг олон шийдэл яригдаж байгаа. Тал талаасаа ярилцаж байна. Санхүүжилтийн хувьд бидний төсөөлж байгаагаар улсын төсөвт тодорхой хэмжээний санхүүжилт тусгагдана. Мөн Төв банкин дээр байгаа ИЗББ-оос орж ирж байгаа үндсэн төлбөрийг эдийн засагт эргүүлж гаргах хувилбар үргэлжлээд явах боломжтой.

-Ирэх онд ипотекийн зээлийн санхүүжилтэд төв банк болон Засгийн газар хэчнээн тэрбум төгрөгийг зарцуулах вэ?

-Үндсэн төлбөрийн санхүүжилтийн хэмжээ 180 орчим тэрбум төгрөг байх болов уу гэж төсөөлж байгаа. Төсвөөс 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ Засгийн газрын буцаж татагдсан төсөвт 120 орчим тэрбум төгрөг тусгагдсан байсан. Удахгүй өргөн баригдах шинэ төсвөөр тодорхой хэмжээнд өөрчлөгдөх болов уу. Энэ юунаас хамаарч байна вэ гэхээр ипотекийн зээлийн санхүүжилтийн схем ирэх жилдээ яаж өөрчлөгдөх вэ гэдэг хувилбараас шалтгаалж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн санхүүжилттэй холбоотойгоор улсын төсөвт орж ирж байгаа дарамтыг аль болох бага байлгана. Мөн санхүүжилтийн хэмжээг бууруулахгүйгээр хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэх хоёр зүйлийг анхаарч байгаа. Одоо байгаа санхүүжилтийн хэмжээн дээр нэмэлт санхүүжилтийн дарамт үүсгэхгүйгээр илүү олон хүнийг яаж орон сууцны ипотекийн зээлд хамруулах вэ гэх хоёр зорилтыг анхаарч байна.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага