СУРГАЛТ БЭЛТГЭЛ САЙН БАЙХ ТУСАМ АЛБА ХААГЧДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛ ӨНДӨР БАЙДАГ
2017 оны 11 сарын 16

ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбаттай цагийн үеийн асуудлаар ярилцлаа.

-2017 он Зэвсэгт хүчний хэмжээнд эрх зүйн шинэчлэлд шилжсэн он цаг байлаа. УИХ-аар шинэчлэн батлагдсан батлан хамгаалахын багц хуулийг практикт хэрэгжүүлээд нэг жил болж байгаа учраас таньтай энэ сэдвээр ярилцах гэсэн юм?
-Тэг ээ, тэг. Асуултанд чинь хариулъя.

-Батлан хамгаалахын багц хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон дүрэм, журам баталсан. Үүний гол ач холбогдол юу байв?

-Тийм ээ, батлан хамгаалахын багц хуулиуд шинэчлэн батлагдаад жил гаруй хугацаа боллоо. Энэ хугацаанд Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хуулийг анги, байгууллагад сурталчилах арга хэмжээг нэлээдгүй хийлээ. Түүнчлэн батлан хамгаалахын багц хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулаад хуучин мөрдөж байсан дүрэм, журам, заавруудыг шинэчиллээ. Одоо ч үргэлжилж байна. Салбарын хэмжээнд 70 гаруй дүрэм, журам шинэчилнэ гэсэн жагсаалт гаргаж байснаа эргээд харахад нэлээдгүй хэсгийг нь батлуулан гаргасан байна. 2017 он гарсаар ЗХЖШ-ын дүрмийг шинэчиллээ, командлалуудын дүрмийг шинээр баталгаажууллаа. Эрх зүйн шинэ орчинтой холбогдуулан хэд хэдэн баримт бичиг боловсруулсны нэг нь “Төрийн цэргийн бодлого”. Энэхүү баримт бичгийг боловсруулаад төгсгөлийнхөө шатанд явж байна. Удахгүй Батлан хамгаалахын сайдад танилцуулаад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид өргөн барина. Оны эцсээр батлуулчих болов уу гэж харж байна. Хэрэв “Төрийн цэргийн бодлого” баримт бичиг батлагдаж гараад ирэхээр Зэвсэгт хүчний стратегийн төлөвлөлт хийх үндсэн тулгуур нөхцөл бүрдэх учиртай.
Үүнээс гадна ЗХЖШ-ын даргын эрх мэдлийн хүрээнд батлуулах ёстой дүрэм, журам, заавруудыг ч бас батлан гаргалаа. Тухайлбал, “Цэргийн цагдаагийн журам”, “Цэргийн ар талын дүрэм”, “Хэмжил зүй, хангалтын дүрэм” болоод Зэвсэгт хүчний хэмжээнд мөрдөгдөх албан тушаалын шалгуур үзүүлэлтийг нэг бүрчлэн боловсруулан батлуулж, үйл ажиллагаандаа мөрдөж байна. Зэвсэгт хүчинд алба хааж байгаа бүх албан тушаалтнуудад тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг шинээр боловсруулсан гэсэн үг. Энэ бол хүч хөдөлмөр шаардсан томоохон ажил байлаа. Түүнчлэн Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд ч батлуулах шаардлагатай хэд, хэдэн журмын төслийг боловсруулаад БХЯ-нд хүргүүлээд байна. Ялангуяа, цэргийн дайчилгаа, гэрээгээр цэргийн алба хаахтай холбоотой асуудал, цэргийн бүртгэл явуулах журамд тодотгол хийж, шинэчлэх шаардлага бий.

-Цэргийн нийтлэг дүрмүүдийг шинэчлэх тухайд?

-Цэргийн нийтлэг дүрмийг шинэчлэх ажил үргэлжилж байна. Үндсэндээ боловсруулж дуусаад БХЯ-нд хүргүүлж, саналыг нь авсан. Одоо ирүүлсэн саналыг тусгахаар ажиллаж байна. Амжвал энэ сарын сүүлч, үгүй бол ирэх сарын эхээр Батлан хамгаалахын сайдад өргөн барих төлөвлөгөөтэй. Цэргийн мэргэжлийн дээд байгууллагын хувьд төрөл мэргэжлийн цэргийн дүрэм журмыг батлан мөрдүүлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, байлдааны дүрмүүдийг шинэчилсэнтэй холбогдуулаад төрөл мэргэжлийн цэргийн заавруудыг боловсруулах ажил ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлалын түвшинд хийгдэж байна. Хуурай замын цэргийн командлал гэхэд инженер, артиллер, хими гэх мэт олон төрөл мэргэжлийн дүрмийг шинэчилж байгаа бол Агаарын цэргийн командлалд улсын нисэхийн дүрмээс эхлээд байлдааны жижүүрлэлт явуулах журам, радио техникийн ангиудыг байлдаанд ашиглах дүрэм боловсруулах гэх мэтчилэн ажлууд явагдаж байгаа. 2018 он гэхэд бүх дүрэм, журмаа батлуулж, мөрдөнө гэсэн зорилготой. Эцсийн дүндээ эрх зүйн шинэчлэлийн ажил эрчимтэй сайн явагдаж байгаа бөгөөд манайхан ч өндөр ачаалалтай ажиллаж байна.

-“Цэргийн цагдаагийн журам”-ын талаар мэдээлэл өгөөч?

-Зэвсэгт хүчний тухай хуульд “Цэргийн цагдаатай байна. Цэргийн цагдаагийн ажиллах журмыг ЗХЖШ-ын даргын тушаалаар батална” гээд заачихсан байгаа. Энэ журам өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд журмыг анги, байгууллагуудад сурталчлахад гол анхаарлаа хандуулж байна. Цэргийн цагдаа нь цэргийн хүрээнд өдөр тутамдаа дэг журам сахиулахаас гадна эргүүл хийнэ, ажиллагааны газар оронд цэргийн цувааны аюулгүй байдлыг хангах зэрэг олон талын үүрэгтэй.

-Багц хуулийн үргэлжлэл болгож гурван хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэсэн. ЗХЖШ-аас энэ хуулийн төслүүдэд санал дүгнэлтээ хүргүүлэв үү?

-Батлан хамгаалахын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг гурван хуулийн төсөл дээр ажиллаж байна. Нэгдүгээрт, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийг цоо шинээр боловсрууллаа. Хоёрдугаарт, Улсын нисэхийн тухай хууль болоод Дайчилгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Энэ гурван хуулийн төсөл 2018 он гэхэд УИХ-аар батлагдах болов уу. БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсэг Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна. Энэхүү хуулийн төсөлд ЗХЖШ-аас өгөх саналыг боловсруулж ажлын хэсэгт хүргүүлсэн. Мөн Улсын нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа БХЯ-нд хүргүүлсэн. Харин Дайчилгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар бид дотооддоо газар, хэлтсийн түвшинд ярилцаж байгаа.

-Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах аргазүйн цугларалтаар сургалт бэлтгэл, сахилга хариуцлагаа сайжруулахыг та бүхэн хатуу сануулж байсан. Энэ чиглэлд Зэвсэгт хүчний удирдлагууд анхаарлаа хандуулж байгаа дүр зураг тод харагдаж байна?

– Цэргийн сургалт бэлтгэл нь бидний үндсэн хөдөлмөр бөгөөд өдөр тутамдаа хийж байх ёстой ажил. Сургалт бэлтгэл хэдий чинээ сайн явагдана тэр хэмжээгээр анги, салбаруудын үүрэг гүйцэтгэх чадавхи нэмэгдэж байдаг. Цэргийн сургалт бэлтгэлийг явуулахад нөлөө үзүүлдэг гол гурван зүйл бий. Нэгдүгээрт, сургалтын орчин, нөхцлийг бүрдүүлэх асуудал чухал. Хоёрдугаарт, сургалтыг тасралтгүй явуулах үндсэн нөхцөл нь материал-техникийн бүрэн хангалт байх ёстой. Гуравдугаарт, зэвсэглэл, техник дээр аль болох түлхүү ажиллуулж, мэргэжлийн алба хаагчдыг зөв сонгох тухай асуудал юм. Сүүлийн жилүүдэд ЗХЖШ-аас төлөвлөгдсөн цэргийн бэлтгэл сургалтыг тасралтгүй, чанартай явуулах талаар бүх шатандаа анхаарч байна. Хамгийн наад захын жишээ нь төлөвлөгдсөн шатахуун, хүнсний хангалтыг бүрэн хэмжээгээр нь өгч байгаа явдал юм. Бид цэргийн сургалт бэлтгэлд зарцуулах ёстой санхүүжилтыг бүрэн зарцуулах эрмэлзэлтэй ажиллаж байна. Үүний хүчинд олон улсын болон хоёр талын хамтарсан сургалт дадлага, бусад төлөвлөгөөт сургалтууд тасралтгүй явагдаж байна.
Бидний цаашдын сургалт бэлтгэлийн том зорилт нь мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчинтэй байх хөгжлийн бодлоготой уялдаж явагдах ёстой. Мэргэжлийн цэрэг гэдэгт бид офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчдыг хамруулан ойлгож байгаа бөгөөд тэднийг мэргэжлийн хувьд нь чадваржуулах, тасаг, салаа, салбараар нь үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх бэлтгэлийг чиглүүлэн явуулахад анхаарна.

-Сургалтын тогтолцоо ч өөрчлөгдөөд удаж байна?

-Тийм ээ, манай Зэвсэгт хүчний сургалт бэлтгэл нь агуулгын хувьд өөрчлөгдөж байна. Учир нь бид хугацаат цэрэг төвтэй сургалтаас байнгын бүрэлдэхүүн төвтэй сургалт руу шилжих шилжилтийн үеийг өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд туулж ирлээ. Одоо бол бидний үндсэн зорилго мэргэжлийн цэргийн сургалт бэлтгэлд түлхүү анхаарах, тэдгээрийг чадваржуулахад чиглэгдэх асуудалд анхаарах явдал юм. Иймд ирэх оны сургуулийн жилийн үндсэн үйл ажиллагаа ч гэсэн үүнд чиглэгдэж явах байх.
Сургалт бэлтгэлийн явцад зэвсэглэл, байлдааны техник хэрэгсэлтэй буруу харьцах, цэргийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллаагүйтэй холбоотой осол, зөрчил гарч байгааг үгүйсгэхгүй. Харамсалтай нь, гэрч байгаа осол, зөрчлийн асуудлын үнэн мөнийг олохын оронд хэт улстөржүүлэх, өөр өнцгөөс харж тайлбарлах гэх мэтээр Зэвсэгт хүчний нэр хүндийг унагаах гэсэн явуургүй үйлдэл гарч байгаад миний хувьд харамсаж явдаг.
Энэ жилийн сургуулийн жилд гарсан осол, зөрчлийн дийлэнхийг нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөөгүйгээс үүдэн гарсан осол эзэлж байгаа нь нууц биш. Энэ асуудалд Зэвсэгт хүчинд алба хааж байгаа хүн бүхэн цаг ямагт анхаарч байх ёстой. Энэ ч утгаараа бидний санаа зовж байдаг нэг гол асуудал нь цэргийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай болоод байна. Цэргийн хөдөлмөр өөрөө байнга эрсдлийг дагуулж байдаг бөгөөд учирч болох эрсдлээс өөрийгөө болон нөхдөө, хамт олноо хамгаалах үндсэн арга нь бүх шатандаа цэргийн хөдөлмөрийн аюулгүй байдлын арга хэмжээ, зэвсэглэл, техниктэй харьцах үеийн аюулгүйн ажиллагааны дүрэм, зааврыг ягштал мөрдөж ажиллах юм.

-“Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн талаар асуух зүйл байна. Хөтөлбөрт 2030 он гэхэд Монгол Улсын Зэвсэгт хүчин мэргэжлийн цэрэгт суурилсан байхаар тусгасан гэхээр хугацаат цэрэггүй байхаар ойлгогдож байна. Энэ систем руу орох гэж үү?

-Монгол Улс нь өөрөө цөөн хүн амтай, томоохон газар нутагтай учраас Зэвсэгт хүчнээ нөхөн хангах хязгаарлагдмал нөөцтэй улс. Дэлхийн жишигт Зэвсэгт хүчнээ бүрдүүлдэг нөхөн хангалтын хэд хэдэн тогтолцоо бий. Манай улсын хувьд бид холимог тогтолцооны аргаар Зэвсэгт хүчнээ бүрдүүлж байна. Энэ нь зарим бүрэлдэхүүнийг цэрэг татлагаар, нөгөө хэсгийг нь сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаалгах замаар хийгдэж буй нөхөн хангалтын тогтолцоо л доо. Цаашид мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин гэхээр ерөнхийдөө бие бүрэлдэхүүний дийлэнх хувь нь мэргэжлийн цэргийн алба хаагчид байх болов уу. Дэлхий нийтийн жишиг ч ийм байна. Тухайлбал, ОХУ-ын Зэвсэгт хүчин гэхэд хугацаат цэргийн алба хаагчдын тоог жилээс жилд бууруулж байна. Манай улсын хувьд нэг хэсэгтээ энэхүү холимог тогтолцоог хадгалах байх гэж би хувьдаа бодож явдаг юм. Ийм хэрэгцээ шаардлага ч байна. Энэ бол миний хувийн бодол.

-Командлалуудад бие даан үйл ажиллагаа явуулах санхүүжилтийн эрхийг нь хэзээнээс өгөхөөр төлөвлөсөн бэ?

-Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал бие дааж эхлэхтэй холбоотой тодорхой алхмуудыг хийснийг та бүхэн мэднэ. Засгийн газрын шийдвэрийг нь гаргууллаа. Командлалуудыг бие даан үйл ажиллагаа явуулахын тулд дүрмүүдийг нь шинээр батлууллаа, тус бүрдээ тамга тэмдэг, тугтай боллоо. Командлагчдад нь тодорхой тооны албан тушаалтныг томилох, цэргийн цол олгох эрх үүргийг нь ч өглөө. 2018 он гараад харьяа анги, салбаруудад зарцуулах төсвийг нь өөрсдөд нь өгөх асуудал яригдаж байна. Ингээд ирэхээр командлалууд бие даан үйл ажиллагаа явуулахад илүү дөхөмтэй болно. Нэгэнт эрхийг нь өгөхөөр хүлээх үүрэг, хариуцлага нь нэмэгдэх учиртай.

-Шинээр байгуулсан анги, байгууллагын үйл ажиллагааг жигдрүүлэхэд, цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад ямар ахиц гарав?

-Нийгмийн хамгааллын чиглэлээр нэлээдгүй зүйл хийхээр хичээж байна. Сүүлийн 2-3 жилийн турш УИХ-аар цалингийн зардал хасагдаж байсан. Харин энэ жил УИХ-ын зарим гишүүний дэмжлэгээр төсвийн тодотголд суулгалаа. Тэгэхээр он дуустал “Цалин хүрэхгүй байх вий” гэсэн айдас алга болж байна. Түүнээс гадна Зэвсэгт хүчинд элэгтэй зарим гишүүн, Батлан хамгаалахын сайдын дэмжлэгтэйгээр тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг ч тодорхой түвшинд шийдүүлж, тэтгэвэр, чөлөөндөө гарч буй хүмүүсийнхээ тэтгэмжийг нь өгч байна. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр гишүүн ихээхэн зүтгэл гаргаж, шинээр төгссөн хүүхдүүдийн маань цалинг төсвийн тодотголд суулгалаа. Ирэх оны төсөв ч гэсэн энэ хэмжээгээр явах болов уу гэж найдаж байна. Цалинтай холбоотой асуудлын дараа санаа зовоодог зүйл бол яахын аргагүй орон сууц. Мөнхийн асуудал л даа. Бид энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалт болоод Зэвсэгт хүчний Хөгжлийн сангаар хэд, хэдэн ажил хийсэн. Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, 350 дугаар ангид тус бүр 40 айлын орон сууц барьж, ашиглалтад орууллаа. Говийн бүсийн сургалтын төвийн зарим тооны барилга, Зэвсэгт хүчний 350 дугаар ангид спорт заал, 256 дугаар ангид спорт соёлын төв, 338 болон 339 дүгээр ангид тус бүр 200 цэргийн байр барилаа. Шинээр байгуулагдсан Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид штабын барилга, гал тогоо зэргийг нь барихаас гадна 40 айлын албан тушаалын орон сууцыг ашиглалтад орууллаа. Зэвсэгт хүчний анги, байгууллагын өнгө төрхийг сайжруулахын төлөө, офицер, ахлагчийн ажиллаж амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэхийн төлөөх ажил хэзээ ч зогсохгүй.
Энэ жилийн хувьд Зэвсэгт хүчний хэмжээнд өөрсдийн тарьсан төмс, хүнсний ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэх боломж бүрдсэн сайхан мэдээтэй. Ирэх оны наймдугаар сар хүртэл энэ чиглэлд санаа зовохгүй байж болох нь. Энэ бол ажил хариуцсан хүмүүсийн хичээл зүтгэл юм.

Эх сурвалж: “Соёмбо” сонин, дэслэгч Д.Болормаа

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага