Өнгөрсөн улиралд Хятад хакеруудын гол бай Монгол улс байжээ
2017 оны 11 сарын 22

Оросын кибер аюулгүй байдлын Касперский Лаб компани энэ оны гуравдугаар улирлын тайлангаа гаргасан байна. Тайланд өгүүлснээр энэ хугацаанд гарсан томоохон 24 кибер халдлагын 10-ыг нь Хятад хэлтэй хакерууд үйлдсэнийг тогтоожээ.

Хятадуудын халдлагын гол бай нь ОХУ, Энэтхэг, Монгол улсууд байсныг Касперскийн эксперт мэдээлсэн байна. Тухайлбал өнгөрсөн долдугаар сард тэд “IronHusky” нэртэй кибер тагнуулын ажиллагааг илрүүлсэн нь Орос, Монголын засгийн газар, агаарын тээврийн компаниуд, судалгааны хүрээлэнгүүдийг чиглэж байсан гэнэ.

Хоёр орон Монголын агаарын хүчний салбарт хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр яриа хэлэлцээр хийсний дараахан энэ халдлага болжээ.

Дараагийн нэг том халдлага Орос, Энэтхэгийн засгийн газрыг чиглэсэн нь мөн л хоёр орны хооронд Энэтхэгт цөмийн цахилгаан станц байгуулах, батлан хамгаалах салбарт хамтран ажиллах хэлэлцээрүүд болсны дараа зохион байгуулагдсан гэнэ.

Дээрх хоёр орны эрчим хүчний салбарын компьютерүүдийг чиглэсэн “H2ODecomposition” нэртэй вирусны програм энэ үеэр тарсан байна. Зарим тохиолдолд энэ вирус нь Энэтхэгийн вирусны эсрэг ажиллах зориулалттай “QuickHeal” системийн дүрээр ажиллаж байсныг экспертүүд илрүүлжээ.

 

Эх сурвалж: eHackingNews 

Р.ТҮВШИН, IKON.MN
Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага