МОНГОЛЫН МиГ-ҮҮД ХЯТАДУУДЫГ СҮРДҮҮЛСЭН НЬ
2017 оны 11 сарын 29

1979 онд Хятадууд өмнөд хил дээрээ Вьетнамчуудтай мөргөлдөж эхлэх үеэрээ хойд хил буюу Монгол улсын хил дээр ихээхэн хэмжээний цэрэг зэвсэг бөөгнөрүүлсэн аж. Энэ үед Ардын арми байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хятадуудын гол цохилтыг няцаах Зүүн-Баянгийн дивизүүд түгшүүр зарлан бэлэн байдалд шилжсэн гэдэг. Үүгээр ч зогсохгүй Монголд байрлаж байсан Зөвлөлтийн /ЗЦХББ/ цэргийн хязгаарлагдмал бие бүрэлдхүүн бас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж,Оросоос ихээхэн хэмжээний зэвсэг техникүүд бас л орж иржээ.
Армийн дунд яахын аргагүй өнөө маргаашгүй хятадуудтай дайтаж нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцана гэсэн ойлголт цэрэг офицеруудын дунд бүрэн суужээ. Бүх хүнд зэвсэг техникүүдийг 24 цаг асаалттай байлгаж, цэргүүдэд байлдааны сум олгосон байлаа. Хэн айсангүй, харин ч цэргүүд маань зоригтой байлаа.
Энэ үед Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэргийн /АДЭХЦ/ командлалд оросуудаас нэгэн санал болгосон мэдэгдэл ирсэн нь хамтарсан нислэг үйлдэх тухай байжээ.
Налайх дахь137-р ангийн /хуучнаар 137 одоо 337/ бие бүрэлдхүүн бүтэн 72 цагийн турш өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж сөнөөгч МиГ-21,МиГ-17 онгоцуудыг байлдааны горимд шилжүүлэн зэвсэглэж бэлджээ. Улмаар тэр нэгэн өдрийн үүрээр Зөвлөлтийн Агаарын хүчний Багахангай дахь баазаас хөөрсөн Зөвлөлтийн МиГ-23, Су-17 онгоцуудын хамт Монголын МиГ-үүд агаарт хөөрөв.
Тэд өмнөд хилийн шугамын дагуу өөрөөр хэлбэл яг 0 цэг дээр нь сүрдүүлэх нислэгийг олон удаа үйлджээ. Шатахуун хүрэлцээтэй байлаа. Яагаад гэвэл Зөвлөлт-Монголын сөнөөгч онгоцууд бүгд нэмэлт түлшний савтай ниссэн аж. Ингэж манайхан анх удаа тийрэлтэт сөнөөгч онгоцоор хятадуудыг айлгасан тохиолдол гарсан юм. Хятадын радар станцууд ажиглаж байсан нь ойлгомжтой. Тэр битгий хэл хэрвээ хятадын хилийг нэвтэрвэл хятадууд эсэргүүцэл үзүүлэхэд бэлэн байсан гэж манай ахмад нисгэгчид ярилцдаг билээ. Тун удалгүй хятадууд Монголын хил дээрээс цэрэг техникээ буцаан татаж энэ байдал намжсан гэдэг.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага