Н.БАЯРТСАЙХАН: МОНГОЛБАНК ХАМТЫН УДИРДЛАГЫН ЗАРЧМААР ШИЙДВЭР ГАРГАДАГ БОЛНО
2017 оны 11 сарын 30

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Өнөөдөр арилжааны банкууд Засгийн газрын 16 хувийн хүүтэй бонд аваад сууж байдаг болсон. Үүнийг хэрхэн залруулах вэ” гэсэн асуудлыг тодруулсан. Эл асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “Хуулинд Монголбанк өөрийн үндсэн зорилтыг хангахад чиглэсэн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах чиг үүрэг бүхий Мөнгөний бодлогын зөвлөлтэй байна гэж оруулж өгсөн. Одоогоор Мөнгөний бодлогын зөвлөл Монголбанкинд ажилладаг ч хуулинд сууж өгсөн заалт байдаггүй. Тус зөвлөл нийт долоон гишүүнтэй байх ба бодлогын чанартай шийдвэрүүдийг тэндээс гаргаж байх юм. Өөрөөр хэлбэл, Төвбанк бодлогын чанартай шийдвэрийг хамтын удирдлагын зарчмаар гаргадаг болно. Энэ нь олон улсын зарчим стандартад нийцсэн заалт болж байгаа юм. Шинэ Засгийн газар байгуулагдаад Сангийн яам үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулж байна. Зарим өдөрт Сангийн яам үнэт цаасны арилжаа явуулахгүй байгаа. Энэ бол бодлогын чанартай алхам болж байна” гэсэн хариултыг өгч байв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнасан, З.Нарантуяа, А.Сүхбат нар хуулийн төсөл боловсруулалтын хувьд хангалтгүй болсон байна хэмээн шүүмжилсэн. Харин УИХ-ын гишүүн Мөнхбаатар хуулийн төслийн зарим заалт Үндсэн хуультай зөрчилдөж байгаа болохыг хэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, тайлбар авсаны дараа санал хураалт явуулахад 66 хувийн дэмжлэг авсан тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага