Маргарет Тетчер: Нэг нам засгийн эрхийг дангаараа барьсан нь дээр
2017 оны 12 сарын 4

 Их Британийн Консерватив намын анхны эмэгтэй тэргүүн, Их Британийн түүхэн дэх анхны мөн хамгийн удаан Засгийн эрх барьсан /1979-1990/ эмэгтэй Ерөнхий сайд, дэлхий дахинаа “Төмөр хатагтай” нэрээр алдаршсан Маргарет Тетчерийн 1987 оны есдүгээр сарын 23-нд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

-Гурав дахь удаагаа Ерөнхий сайдаар ажиллах болсонд тань баяр хүргэе. Та одоо Ерөнхий сайд, улстөрч төдийгүй түүхийн хуудаснаа тэмдэглэн үлдэхээр алдартай боллоо?

-Тийм ээ. Гурав дахь удаагаа Ерөнхий сайдаар сонгогдоно гэдэг үнэхээр гайхалтай. Ардчиллын гол утга учир ард түмний гарт эрх мэдэл байдагт оршдог. Тэгэхээр сонгуульд ялалт байгуулна гэдэг ард түмний итгэлийг олсон хэрэг юм.

-Нэг нам Засгийн эрхийг дангаараа барина гэдэг эрсдэлтэй гэж үзэх ч хүн байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Тийм биш ээ. Мэдээж эвслийн Засгийн газар болон парламентад гурав, дөрөв, тав, зургаа дахь хүчин байна гэдэг буруу зүйл биш. Гэхдээ одоогийн Их Британийн нөхцөл байдлыг авч үзвэл нэг нам Засгийн эрхийг дангаараа барьсан нь дээр. Эвслийн Засгийн газар байгуулснаар эсвэл парламентад бусад хүчин байснаар ард түмэнд илүү хүртээмжтэй, зөв шийдвэр гаргана. Гэхдээ маш урт хугацаа зарцуулна. Консерватив намын зүгээс нэг хуулийн төсөл өргөн барихад парламентад суудалтай бусад нам дэмжихгүй бол хэчнээн ард түмэнд тустай байсан ч хэрэгжих боломжгүй болно. Жил бүр 168 хоног хуралдаж, парламентын гишүүд мэтгэлцэж шинэ хууль тогтоомж гаргадаг. Гэтэл санал зөрөлдөөд байвал юу ч хийх боломжгүй болно шүү дээ. Консерватив нам гурав дахь удаагаа олонх боллоо. Энэ бол том боломж. Учир нь, бидэнд хийж байсан ажлаа үргэлжлүүлэх боломж олдож байна.

-Консерватив нам олонх болсныг юутай холбон тайлбарлах вэ?

-Нэр төр бол ялах арга. -Сүүлийн жилүүдэд шинэ нам, хөдөлгөөн олноор гарч ирэх болжээ. Энэ нь улс төрд хэрхэн нөлөөлөх вэ? -Шинээр төрж буй эдгээр нам нь уламжлалт намаас эрс өөр үзэл суртал, үйл ажиллагаатай байгаа юм. Уламжлалт намууд нийгмийн бүхий л салбарын асуудлаар бодлого, мөрийн хөтөлбөр боловсруулж гишүүд дэмжигчдийн өргөн давхаргыг татахыг эрмэлздэг байсан бол өдгөө шинээр гарч ирж байгаа намууд тодорхой нэг юм уу цөөн хэдэн асуудлыг л гол болгож сонгуульд оролцож байна. Герман дахь Зүүний нам гэх мэт зарим шинэ намууд социал демократ болон консерватив зэрэг тогтсон үзэл баримтлалыг эргэж харахыг уриалах болжээ. 1980-аад оныг хүртэл либерал ардчилсан орнуудад сонгогчид барууны болон зүүний хэмээх улс төрийн хоёр чиглэлийн намд тогтвортой хуваагдаж, нам сонгогчийн хоорондын холбоо хүчтэй байлаа. Гэтэл 1980-аад оны эхэн үеэс сонгогчдын санал өгөлт, үнэт зүйлийн чиг хандлагад ихээхэн өөрчлөлт гарсан юм. Өрнөдийн орнуудын намын гишүүнчлэл буурсаар байна. Жишээлбэл, Европын орнуудаас гишүүнчлэлийн хувьд хамгийн томд тооцогддог ХБНГУ-ын Социал-демократ намын гишүүдийн тоо 1990 оноос хойш 39 хувиар цөөрч 2013 оны байдлаар 473 мянга болсон бөгөөд жил ирэх тутам шинээр элсэх гишүүний тоо буурсаар байгаа ажээ. Ийм үед Консерватив нам гурав дахь удаагаа сонгогдоно гэдэг давуу тал.

-Олонх болсноор шүүмжлэл, сэтгэгдэлд анхаарал хандуулахгүйгээр ажлаа явуулах боломж бүрдлээ гэж ойлгож болох уу?

-Энэ олонх болох эсэхтэй огтхон ч хамаагүй асуудал. Ямар ч үед шүүмжлэлд анхаарал хандуулж байх хэрэгтэй. Бидний анхаарал хандуулалгүй орхигдуулсан зүйлс ямар чухал байсныг шүүмжлэлээс л олж мэдэх боломжтой шүү дээ.

-Хүмүүс таныг бусдыг сонсдоггүй гэж зэмлэдэг. Түүнчлэн таныг хүйтэн (cold) эмэгтэй гэж дуудахыг ч сонсч явлаа. Гэхдээ мөсөн эсвэл хахир (icy, hard) гэлгүй хүйтэн гэж таныг нэрлэж буй нь надад их сонин санагдаж байна?

-Ерөнхий сайдын хувьд маш сайн сонсч, сайн сонсогч байхыг хичээдэг. Ард түмэн юу гэж хэлнэ, би тэднийг хүндэтгэнэ. Гол сэвдээ ярь. Үндсэн ажилдаа орьё гэх зэрэг үг хүмүүсийг надаас зайгаа барихад нөлөөлдөг байж магадгүй юм. Миний бодлоор би хүйтэн, хахир бус. Харин хатуу хүн. Танд гэж хэлэхэд би шулуун зантай, жүжиглэх, дүр эсгэх гэдэг юм надад огтхон ч байдаггүй. Хэрвээ би баяртай байвал баяртай байна гэдгээ ууртай байвал ууртай гэдгээ шуудхан хэлдэг, мөн илэрхийлдэг. Миний хэлсэн үгэнд хэн нэгэн гомдох вий, буруугаар ойлгох вий гэсэн болгоомжлол надад байдаггүй. Хүн миний талаар юу гэж бодох нь надад хамаагүй.

-Та сүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Хамгийн хэцүү зүйл өөрийнхөө байр суурийг бусдад тавьж өгөх” гэсэн байдаг?

-Тийм ээ. Сэтгүүлчид над руу хараад “Та маш ихийг хийлээ. Одоо харин таныг орлох шинэ залуу хүмүүст боломж олгож, өөрийн байр сууриа тавьж өгөхөд бэлэн үү” гэж асуухад би юу хэлэхээ үнэндээ мэддэггүй. Зүгээр л тийм ээ, би байрь сууриа тавьж өгөхөд бэлэн гэж хариулдаг. Үнэндээ “Хэрэв улс төрөөр хоолоо олж идье гэж бодож байгаа бол ар нуруу чинь хутга шаана гэдгийг ямагт бодож явах ёстой” гэж хэлмээр санагддаг. Намайг Парист байхад намын удирдлагаас зайлуулах зорилготой санал хураалт парламент дахь фракцид болж байсныг би хэзээ ч мартахгүй. Британийг би эдийн засгийн доройтлын намгаас татан гаргаж, өөдлөн дээшлэх өндөрлөг өөд өгсүүлснээс хойш бараг 11 жилийн дараа энэ үйл явдал болсон юм шүү дээ. Энэ миний амьдралын хамгийн хүнд хэцүү мөч байсан.

-Хэзээ нэгэн цагт та “Даунинг Стрийтийн 10”-ийг (Ерөнхий сайдын ажлын байр) орхих болно. Тэр үед яг ямар мэдрэмж төрөх бол?

-Өнгөрсөн хугацаанд энд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч буй олон хүнийг үдэш өгсөн. Үнэхээр гунигтай. Ажил гэдэг зүгээр мөнгө олох хэрэгсэл биш. Бүхэл бүтэн нийгэм байдаг. Олон жил ажилласан хүний хувьд ажил нь аль хэдийнэ хэвшил болчихсон байдаг. Тэгэхээр “Даунинг Стрийтийн 10”-ийг орхино гэдэг зөвхөн ажлаа орхиод зогсохгүй бүхэл бүтэн нийгэм, хэвшлээ орхиж байна гэсэн үг.

-Та 2000 онд Ерөнхий сайдаар ажиллаж байх болов уу?

-Үгүй дээ. Бүх зүйл эхлэл, төсгөлтэй байх хэрэгтэй. Хоног 24 цагаас бүрддэг. Хэрэв бүгдийг нь ажилдаа зориулбал таны тархи байнга дүүрэн байж, өөрийн тухай бодох цаг зав үлдэхгүй. Иймээс нэг ажлыг хийж байхдаа дараа нь хэрхэхээ дотроо төлөвлөж байх хэрэгтэй. 2000 он гэхэд би хотоос зайдуу газар Их Британийг улам үзэсгэлэнтэй болгох мод бут, сөөг тариад л сууж байх болно. -Ердөө л 13 жилийн дараа шүү дээ. -Тийм ээ. 13 жил. Хол сонсогдож байна шүү.

-Их Британид тулгамдаж буй асуудлын нэг нь боловсролын салбар дахь ёс суртахуун болоод байна. Сургалтын хөтөлбөр болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл тус салбарт тулгамдаж буй асуудлын нэг боллоо. Та Ерөнхий сайдын албандаа гурав дахь удаагаа томилогдохдоо улсынхаа боловсролын стандарт хөтөлбөрийг шинэчлэх, эрүүл мэндийн тогтолцоонд өөрчлөлт хийнэ гэсэн шүү дээ?

-Хүн бүр уншихдаа эсвэл уран яруу сайхан захиа бичихдээ сайн байдаггүй шүү дээ. Тиймээс хүүхэд бүрт адилхан боловсол олгохын тулд тэдний чадварыг харгалзан үзэх хэрэгтэй. Гэхдээ хүүхэд бүр арифметик, англи хэл, утга зохиол, шинжлэх ухаан зэрэг хөтөлбөрт багтсан хичээлийг заавал судлах ёстой.

-Тэгвэл өмнө нь ашиглаж байсан сургалтын хөтөл­бөрийн алдаа нь юу байсан юм бэ?

-Манай улс нэгдсэн сургалтын хөтөлбөргүй явсаар ирсэнд л байгаа юм.

-Та ирэх сонгууль хүртэл ямар салбарт илүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Боловсролын салбарыг хэзээ ч орхиж болохгүй. Учир нь, энэ салбар л Их Британийг авч явах ирээдүй хойчийг бэлдэнэ шүү дээ.

Х.ЭРДЭНЭЗАЯА

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага