Төв банк улс төрөөс ангид байх ёстой
2017 оны 12 сарын 5

Сангийн яамны тайланд 480 орчим тэрбум төгрөгийн чанаргүй авлага байдаг байна. Үүний дийлэнх нь банкны дампууралтай холбоотой гэх. Өөрөөр хэлбэл, 1990-2000 онд есөн банк дампуурсан, 2008-2012 онд хоёр банк татан буугдсан. Тэндээс үүссэн ард иргэдийн мөнгөн хөрөнгийн хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн байдаг. Гэтэл тэр хөрөнгийг алга болгосон банкны эзэд хариуцлага хүлээдэггүй. Энэ эрсдэлийг бууруулах зорилгоор Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцэж байгаа юм. Төв банкны бие даасан, хараат бус байдал нь гурван үндсэн зүйлээс бүрддэг.  Нэгдүгээрт, байгууллагын бие даасан байдал буюу бусдаас хараат бус байх, ямар нэгэн гадны нөлөөгүйгээр шийдвэр гаргах. Хоёрдугаарт, хариуцлагатай байдал. Гуравдугаарт,  ил тод байх явдал. Тэгвэл эрдэмтэн, судлаачдын үнэлгээгээр Монголбанкны бие даасан, хараат бус байдал нь “хангалтгүй” буюу 0-1 оноогоор тооцсоноор 0.5-0.6 орчим хувьтай байна гэсэн дүгнэлт гарчээ. Энэхүү хангалтгүй байдал инфляцийн өндөр хэлбэлзэл, гадаад валютын улсын нөөцийн хомсдол, Монголбанкны өөрийн хөрөнгийн алдагдал зэрэг макро эдийн засгийн тоон үзүүлэлтээс харагдаж байгаа юм.  Үүнийг засч, сайжруулах заалтууд Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үндсэн үзэл баримтлалд тусгагджээ. Түүнчлэн мөнгөний бодлого болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлийн зорилтыг тодорхой болгож, хэрэгжүүлэх чиг үүргийг хуульд шинээр тусгасан байна..

Мөн. Төв банкийг улс төрөөс ангид байлгах ёстой юм. Дээрээс нь Төв банкны ерөнхийлөгчийн шийдвэр амь бөхтэй байх ёстой. Нэгэнт тэр хүнийг ерөнхийлөгч гээд томилсон учраас шийдвэрээ гаргана. Шийдвэр нь хүчтэй байх ёстой. Тиймээс Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Төв банкны удирдлагын хараат бус байдлыг тусгаж өгсөн байна.   Хуульд тусгагдсан дараагийн нэг гол зүйл нь Монголбанк Засгийн газраас хараат бус байх зохицуулалтууд оржээ.  Ялангуяа төсвийн шинжтэй үйл ажиллагааг хязгаарлах, Монголбанкы үндсэн үйл ажиллагааг тодорхой болгохыг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ. Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Төсвийн бодлого улс төрийн нөлөөнд асар их хамааралтай байгаа энэ үед зөв шийдвэр гаргахад хүндрэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Монголбанкинд маш хязгаарлагдмал орон зай бий. Тиймээс Монголбанк бодлогодоо тууштай байх ёстой” гэсэн юм.   Монголбанкны гол зорилго бол төгрөгийн худалдан авах чадвар буюу ард иргэдийн гар дээр байгаа мөнгөн хуримтлалын аюулгүй байдлыг хамгаалах явдал. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд улстөрчдийн өөдөөс хатуу зогсож байх явдалд оришиж байгаа юм

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага