МАК компанийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн: Баялгийг бүтээхийн тулд хүн өөрт оногдсон цаг хугацаа, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд эсээ зориулдаг, зарим тохиолдолд золиосолдог
2017 оны 12 сарын 7

МАК компанийн ерөнхийлөгч Н.Цэлмүүний ярилцлага


/Космополитан сэтгүүл 57-р дугаар/

Cosmo: Нямтайширын Цэлмүүнийг манай уншигчид элдэв скандалаас мэддэг болсон. Бидэнд өөрийгөө өөрийнхөөрөө танилцуулаач.
H.Цэлмүүн: Хүн бүхэнд өөрийн өнцгөөс ертөнцийг харах эрх чөлөө бий. Хүссэн өнцгөөсөө харж, өөрийнхөө сэтгэлд нийцтэй байдлаар л ханддаг, хүлээж авдаг. Түүнээс биш өнөөдөр энд би “Та нар намайг буруу ойлгоод, дүгнээд байна аа. Би ийм хүн…” гээд тайлбарлаад байх ямар ч утгагүй биз дээ.

📌Cosmo: Хүн харахыг хүссэн өнцгөө өөрчлөхгүй гэж үү?
H.Цэлмүүн: Өөртөө л үнэн амьдарч чадах л чухал.

📌Cosmo: Өөртөө үнэнч Цэлмүүнийг Цэлмүүний нүдээр харвал?
H.Цэлмүүн: Аав, ээж минь биднийг сайн хүмүүжүүлсэн. Гэр бүл минь надад зарчимч, хүнлэг, шударга, хариуцлагатай, аливааг эхлүүлсэн бол дуусгадаг, хатуужил, тэвчээртэй зан чанаруудыг өвлүүлсэн.

📌Cosmo: Чи хүүхэд насны амьдралдаа ямар нэгэн төлөөс төлөх хэрэгтэй болж байсан уу. Тэгтлээ битгий хүндрүүлж ойлгоорой.
H.Цэлмүүн: Миний хүүхэд нас маш сайхан өнгөрсөн. Гэлээ гээд энэ бүхний төлөө ямар нэгэн төлөөс төлсөн зүйл байхгүй. Харин энэ амьдралыг ямар үнээр бүтээж байгааг би харж, ойлгож өссөн. Тэр үнэ цэн нь миний гэр бүл. Баялгийг бүтээхийн тулд хүн өөрт оногдсон цаг хугацаа, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд эсээ зориулдаг, зарим тохиолдолд золиосолдог. Тэр бүхнийг нь харж байсан учир надад хэрээс хэтэрсэн үрэн таран сэтгэлгээ байхгүй. Ер нь ч аливаад хэмжээ хязгаар байх ёстой.

📌Cosmo: Өнөөдрийн эрх мэдэлд хүрэхэд амархан байсан гэж ойлгож болох уу?
H.Цэлмүүн: Ажлын хувьд энэ гэр бүлийн гишүүн учир ажлын байр маань бэлэн байсан. Тэмцэж, өрсөлдөж олж авсан гэж түүх зохиох хэрэг алга. Би чадахгүй гэдгээ мэдэж байсан бол, манайхан миний чадварт эргэлзэж байсан бол чадах хүнээр нь хийлгэх байсан. Энд асар их хөрөнгө зарцуулчихсан төслүүд, зогсоолоос аль хэдийн хөдлөөд хурдаа авчихсан “галт тэрэг”-нд суусан олон хүний амьдрал, ирээдүйн тухай бид ярьж байна. Тиймээс хөдөлгүүрийг хянаж, залуурыг мушгих хариуцлагыг үүрэлцэх гэж байгаа хүн “би л хийх ёстой” гэсэн байдлаар хандаж болохгүй. Тодорхой хэмжээгээр өөрийнхөө чадвар, нөөц бололцоогоо үзүүлсэний дараа энэ суудалд сууна.

📌Cosmo: Бизнесмэнүүд “За хэрэглээгээ хангачихлаа, хуримтлалтай болчихлоо” гээд зогссон түүх байхгүй. Хүсэл, шунал хязгааргүй гэдгийн илрэл энэ үү?
H.Цэлмүүн: Би л хувьдаа ажил хийхгүйгээр амьдарч чадахгүй. Гэхдээ ажиллана, арвижуулна гэдгийг шуналтайдаа улам баян болох тухай ойлголт гэж хүлээж авбал эндүүрэл шүү. Монголын Алт компанийн нэг хэсэг, эрэг шурга нь болж ажиллаж байгаа хүн бүхний, тэдний гэр бүлийн өмнө, цаашлаад Монголын хөгжил, ирээдүйн төлөө хүлээсэн үүрэгтэй, итгэл найдварыг нь тээсэн учир зогсох эрх байхгүй. Тиймээс ч манай гэр бүл энэ бүхний төлөө тодорхой хэмжээгээр золиос гаргаж, эрсдлийг үүрч яваа. Тэр эрсдлийнх нь нэг хэсгийг өөрийнхөө хэмжээнд хуваалцаж, тус нэмэр болохыг хүсэж байгаа учир би ажилладаг.

📌Cosmo: Хүүгээ өсгөхдөө аав, ээжийнхээ туслалцааг авдаггүй гэж үү?
H.Цэлмүүн: Миний хүү найман настай. Мэдээж хэрэг, хүү минь миний аав, ээжтэй ойрхон өссөн. Онцгой тохиолдолд, богино хугацаагаар тэднийхээ туслалцааг авна. Бусад тохиолдолд хүүгээ зөвхөн өөрөө өсгөсөн, өөрийн цаг хугацаагаа хүүдээ зориулдаг. Хоол ундыг нь хийж, сургуулийнх нь автобусанд суулгаж өгөөд, ирэхэд нь угтаж авдаг ээж. Намайг завгүй үед тусалдаг асрагч бий. Гэхдээ л би хүүхдийнхээ хоолыг өөрөө хийж өгч, хичээлийг нь хийлгэж, нөхцөл байдлыг гартаа авч, хяналт тавьж, анхаарлынхаа төвд байлгах дуртай.

📌Cosmo: Чи дуулиантай хуримын эзэн. Бас хагацаж үзсэн зүрхтэй. Олон л бүсгүйд ийм мэдрэмж, түүх байдаг. Ялгаатай нь чи олны танил. Тиймээс чиний гэрлэлт, салалтын талаар хүссэнээрээ ярьцгаадаг?
H.Цэлмүүн: Ер нь бол хүчтэй нь буруутан болдог цаг үед бид амьдарч байна. “Энэ хүүхэн л ааштайдаа, баян айлын эрх хүүхэд болохоороо…” гэж хэлэх амархан байдаг биз. Би хойшоо харж амьдардаг хүн биш. Тэр бүхэн надад хичээл болоод л өнгөрсөн.

📌Cosmo: Дахиад гэрлэхэд бэлэн үү?
H.Цэлмүүн: Халуун дулаан уур амьсгалтай, хүүхдүүд нь бужигналдсан гэр бүлийн эзэгтэй байх нь эмэгтэй хүн бүрийн хүсэл, байгалийн зөн совин гэж би боддог ш дээ. Надад сайхан ханьтай болох, гэр бүлийн эзэгтэй болж, олон хүүхдийн ээж болох хүсэл байна. Гэхдээ яарсан зүйл үгүй. Болох зүйл болох цагтаа л болог. Хувь тавилангаа хүлээж авахад бэлэн байна аа.

илүү ихийг ЭНД дарж үзнэ үү

эх сурвалж: cosmopolitan.mn

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага