АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Иерусалимыг Израилийн нийслэл гэж үзэж буйгаа зарлаж, гадаад бодлогын үзэл баримтлалыг өөрчиллөө
2017 оны 12 сарын 7


Трамп Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ элчин сайдын яамаа Тель-Авив хотоос Иерусалим руу шилжүүлэхийг төрийн департаментад үүрэг болгосон гэжээ
Трамп энэ шийдвэрээ Ойрхи Дорнодод энх тайван тогтоох үйл явцад удаан хүлээсэн “зайлшгүй алхам” хэмээн тодорхойлсон байна. Трампын дээрх шийдвэрийг түүхэн ач холбогдолтой алхам хийлээ хэмээн Израилийн Ерөнхий сайд Бенжамин Натеньяху “Иерусалимыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрсөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт талархаж байгаагаа илэрхийлье. Тель-Авивт суугаа гадаадын бусад улс Вашингтоны шийдвэрийг дагаж, Элчин сайдын яамаа Иерусалимд нүүлгэхийг уриалж байна” гэж мэдэгдсэн бол Трампын энэ шийдвэрийг харин дэлхийн олон улс орон тэр дундаа Палестин, Саудын Араб, бүс нутгийн улс орнууд болон Европын хэд хэдэн улс эсэргүүцэж, Ойрхи дорнодын асуудлыг улам хурцадмал байдалд орууллаа гэж үзэн хурцаар шүүмжилж эхлээд байгаа юм.
1993 оны Израиль-Палестины энхийн хэлэлцээнд зааснаар Иерусалим хотын статусыг хэлэлцээний дараагийн шатанд авч үзэхээр нээлттэй орхисон билээ. 1967 онд Израиль зүүн Иерусалимыг эзэлснээс хойш өөрийн нийслэл хэмээх болсныг олон улс огт хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд одоог хүртэл Иерусалимд нэг ч улс элчин сайдын яамаа байгуулаагүй байгаа юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалим хотыг “Израилийн нийслэл”-ээр хүлээн зөвшөөрснийг эрс эсэргүүцэж буйгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш илэрхийлж, түүнийг зэмлэн буруушаалаа. НҮБ-ын тэргүүн мэдэгдэл хийхдээ “Израильчууд болон палестинчуудын хооронд энх тайвныг тогтоох ажлыг нураах эрсдэлтэй шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч гаргасанд би харамсаж байна. Түүний энэ шийдвэрийг би эрс эсэргүүцэж байна. Иерусалимын статусын талаарх эцсийн байр суурийг Израиль болон Палестин гэсэн хоёр тал шууд яриа хэлэлцээ хийх замаар л тодорхойлох учиртай. Мөн энэ хотын статусын асуудлаарх яриа хэлэлцээг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл болон Ерөнхий Ассамблейн холбогдох тогтоолуудад үндэслэж, хоёр талын байр суурийг харгалзан үзсэний үндсэн дээр хийх ёстой” гэжээ. Мөн Европын холбооны дипломатч Федерика Могхерини Иерусалимын тухай Доналд Трампын бодлогын үр дагавар ноцтой байх болно гэдгийг анхааруулаад Европын холбооны байр суурь өөрчлөгдөхгүй гэж онцлов. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй ч улсынхаа Элчин сайдын яамыг Тель-Авиваас нүүлгэхгүй хэмээн мэдэгдсэн бол Палестины удирдагч Махмуд Аббас Трампыг харалган шийдвэр гаргасанд туйлын харамсаж, “АНУ цаашид энхийн хэлэлцээнд зуучлагч байх эрхгүй”,
“Трампын шийдвэр нь олон улсын баримт бичгүүдийг ноцтой зөрчиж, бүс нутагт энх тайван тогтооох хүчин чармайлтыг үгүйсгэлээ АНУ-ын энэ шийдвэр нь тэднийг энх тайвны үйл хэргээс татгалзаж байгааг харууллаа” гэжээ. Улмаар Туркийн ерөнхийлөгч Эрдоган “Иерусалим бол мусульманчуудын улаан шугам гэдгийг ноён Трамп ойлгоно гэж найдаж байна. Хэрэв ийм шийдвэр гарвал Турк Улс Израйлтай дипломат харилцаагаа тасална” гэж мэдэгдээд байгаа юм. Йорданы гадаад харилцааны сайд Сафади твиттер хуудсаараа дамжуулан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонд хандаж “Иерусалимыг Израилын нийслэл хэмээн тунхаглах нь Арабын болон Исламын шашны орнуудад дайн дэгдээх аюултай” хэмээн мэдэгджээ.
Дональд Трампын шийдвэрийг Сирийн Дотоод хэргийн яам эрс зэмлэн буруушаасан мэдээлэл хийсэн бол
Палестинд суугаа ОХУ-ын Элчин сайдын яам Трампын шийдвэрийг эсэргүүцэв. Мөн Катарын шейх Тамим бин Хамад Аль-Тани Доналд Трамптай утсаар ярьж дээрх тогтоолыг бүс нутгийн асуудлыг тогтворгүй болгоно гэж байр сууриа илэрхийлсэн байна. Ираны Гадаад харилцааны яам Вашингтоныг НҮБ-ын тогтоолуудыг зөрчиж байна гэж үзэв. Мөн Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах Аль-Сиси “Бид Иерусалимыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ. Мөн өчигдөр Иерусалим хотод Палестинчууд Трампын гэрэл зургийг шатааж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Палестинчүүд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп нэг талыг барьж, Палестинчуудыг шахан гадуурхаж байгааг эсэргүүцсэндээ ийм алхам хийжээ.
Д.Трампын энэ шийдвэртэй холбоотойгоор яаралтай хуралдаан хийхийг Боливи улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс хүсэхээр төлөвлөж байгаа ба НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 орны найм нь энэ долоо хоногт АНУ-ын дээрх шийдвэрт хариу өгөх асуудлаар яаралтай хуралдаан зарлахыг уриалсан юм. Хэрвээ албан ёсны хүсэлт гаргавал НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл маргааш яаралтай хуралдаан хийж магадгүй ажээ.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага