Б.Хурцыг томилох асуудлаар нээлттэй сонсгол хийх эсэхийг УИХ-ын дарга шийднэ
2017 оны 12 сарын 7

БНСУ-д Элчин сайдаар суух Б.Хурцыг томилох асуудлаар нээлттэй сонсгол хийх эсэхийг шийдэх ажлын хэсэг өчигдөр /2017.12.06/ байнгын хороонд дүгнэлтээ танилцуулсан. Үүний дагуу УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотой асуудлыг УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх, Б.Хурцын томилгоотой холбоотой иргэдээс ирсэн өргөдлийн дагуу нээлттэй сонсгол хийх асуудлыг УИХ-д дарга танилцуулахаар болжээ. Тодруулбал, Улсын Их Хурлын Тамгын газраас ирүүлсэн лавлагаа, сонсгол явуулах санал гаргасан гишүүдийн тайлбар зэргийг сонсож танилцжээ. Нийтийн сонсгол зохион байгуулах тухай хуульд нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурал батлахаар заасан боловч томилгооны сонсголыг ямар албан тушаалтан дээр явуулах асуудлыг нарийвчлан заагаагүй, мөн энэ талаарх журам батлагдаж гараагүй учраас эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байна гэж Ажлын хэсгийн гишүүд үзсэн байна. Иймээс Элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдтэй холбогдож яригдсан асуудлыг Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх, харин нэр дэвшигчтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг Өргөдлийн байнгын хороонд шилжүүлж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэжээ. Байнгын хороо саналаа УИХ-ын даргад танилцуулахаар болсон байна.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага