Монголд өмнө илэрч байгаагүй сүрьеэгийн нян илэрсэн
2017 оны Decemberын 14

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, доктор Гүржавын ӨЛЗИЙЖАРГАЛТАЙ  шинэ судалгааны ажлынх нь талаар ярилцлаа. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Шилдэг залуу судлаач шагналын эзэн болсон юм. Тэрээр Монгол Улсад өмнө тохиолдож байгаагүй сүрьеэ өвчний үүсгэгдэх хэв шинж, халдварын тархалтын хэлбэрийг судалжээ.

-Сүрьеэ өвчний талаар өмнө нь илэрч байгаагүй хандалтын талаар судалж Ерөнхийлөгчийн нэрэмжит Шилдэг залуу эрдэмтэн судлаач шагналын эзэн болсон Танд юуны өмнө баяр хүргэе. Монголын анагаах ухааны салбарт таны судалгааны ажил ямар үр нөлөөтэй бүтээл болсон талаар яриагаа эхлүүлье?

-Судалгаа маань Монгол, Орос, Хятадын нутаг дэвсгэрээр дамждаг Транс-Сибирийн төмөр замын шилжилт хөдөлгөөнийг дагасан сүрьеэ өвчний тархалтыг харуулахыг зорьсон. Хятад, Монгол, Орос гэсэн гурван улсын хооронд хийгдэж буй шилжилт хөдөлгөөнөөр сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаа дүр зураг харагдсан. Тодруулбал, Монгол Улсад сүрьеэгийн өвчлөл голомтлог хэлбэрээр тархаад зогсохгүй Орос, Хятадын хилээр дамжин Монголд шинэ үүсгэгчээр сүрьеэ өвчин халдварлах, мөн Монголоос гадагшаа чиглэсэн хөдөлгөөнөөр сүрьеэ өвчин тархаж байгаа эсэхийг анх удаа судалсан гэсэн үг.

-Яагаад заавал Транс-Сибирын төмөр замын шилжилт хөдөлгөөнийг дагасан тархалт гэж онцолж байгаа юм бэ. Сүрьеэгийн нянгийн үүсгэгч нь өөр байж магадгүй гэсэн үг үү?

-Монголд тохиолдож буй сүрьеэгийн өвчнөөс ялгасан үүсгэвэрийн омог нь бусад өөр улсад ялгасан омгуудаас генетикийн хувьд тэс ондоо бөгөөд өөр бусад улсуудад илэрдэггүй онцлог шинжтэй эмгэг төрөгч илрээд байгаа. Энэ нь Монгол Улсад сүрьеэ өвчин голомтлог хэлбэрээр тархаж байж болзошгүй гэж үзэхэд хүргэж байгаа юм.

Манай улсаар дамждаг Транс-Сибирийн төмөр замын шилжилт хөдөлгөөнийг дагаж  сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа бүс нутгууд илэрсэн. Тухайлбал, Сэлэнгэ, Дорнод, Улаанбаатар, Дархан-Уул аймгуудад сүрьеэгийн өвчлөл улсын дунджаас нэлээд өндөр хувьтай байгаа. Энэ чиглэлийн шилжилт хөдөлгөөнөөр нэг бол Монголчууд Хятад, Орос руу тархаах, эсвэл Хятад болон Оросууд Монголд тархааж байх боломжтой гэж үзсэн. Тиймээс энэ чиглэлд анхаарч, ирээдүйд тусгай хөтөлбөр боловсруулах шаардлагатай гэж үзсэн. Хил дамнасан сүрьеэг багасгах, зогсоох чиглэлд үйл ажиллагааг явуулах хэрэгтэй гэдэг сэдлийг өгөх нь судалгааны ажлын зорилго оршиж байгаа. Миний хувьд илүү ихийг хийж бүтээгээрэй гэж энэ шагналыг өгч байна гэж ойлгож байгаа. Сүрьеэгийн ийм аюулын дохио байна. Үүнд төр засгийн зүгээс анхаарах хэрэгтэй гэдгийг зарласан судалгааны ажил юм. Сүрьеэ өвчин хил дамнан халдварлаж, тархалт улам нэмэгдэж байгаа суурь үндэслэлийг нь гаргаж ирсэн учраас түүн рүү чиглэсэн үйл ажиллагааг эрчимтэй явуулаасай гэж хүсч байна.

Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал

-Голомтлог хэлбэрээр тархана гэдгийг тайлбарлавал…?

-Голомтлог гэдэг нь тухайн гэр бүлийн гишүүн сүрьеэ өвчнөөр өвчлөөд,эрт үедээ оношлогдохгүй, удаан хугацаанд цэртэй ханиалгаж, халуунтай явсаар байвал үүсгэгч нян гэр бүлийн бусад гишүүн, тэр дундаа 5-аас доош насны хүүхдүүдэд хамгийн түрүүнд сүрьеэ өвчнийг тархаах боломжтой. Голомтлог гэдэг нь нэг хүнээс халдаж гинжин урвалыг хэлээд байгаа юм. Эхлээд гэр бүлийнхэнд халдана, цаашлаад хамт ажилладаг хүмүүс, найз нөхөд гээд гинжин хэлбэрээр тархдаг аюултай өвчин.

-Сүрьеэгээр өвчилснөө хэрхэн мэдэх юм бэ?

-Хамгийн багадаа хоёр долоо хоногийн турш халуурч, биеийн жин мэдэгдэхүйц буурах, цэртэй ханиалгаж байгаа хүмүүс яаралтай өрхийн эмнэлэгтээ сайн дураараа очиж үзүүлэх хэрэгтэй. Өрхийнхөө эмнэлэгт үзүүлсний дараа сүрьеэгийн шинж тэмдэг бүрэн илэрвэл нарийн шинжилгээ хийлгэж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Хамгийн гол нь сүрьеэ өвчтэй гэж оношлогдлоо гэхэд эл өвчнийг анагаадаг тусгай эмийг зургаан сар уух шаардлагатай. Эмээ тасралтгүй ууж, дэглэм сайн баривал сүрьеэгийн халдвар зогсдог. Гэхдээ халдвар зогслоо гээд эмээ уухаа зогсоож болохгүй. Учир нь, сүрьеэгийн халдвар нь лааны бүрхүүл шиг маш хатуу байдаг. Энэ бүрхүүлийг устгах хүртлээ зургаан сараас хоёр жилийн хугацаанд эм, эмчилгээгээ тасралтай хийлгэх шаардлагатай байдаг.

– Иргэд хил орчмын тархалт өндөртэй бүс нутгаар зорчихдоо юуг анхаарч, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Сүрьеэ нь амьсгалаар дамжин халдварладаг өвчин. Амьсгалаар дамждаг учраас том хүн, хүүхэд, баян ядуу, улс орны хил заагаас үл  хамааран хэнд ч халдварладаг өвчин. Тиймээс хүн бүр эл өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хэрвээ та болон таны ойр орчмын хүн ханиалгаж, найтаалгаж байвал макс зүүх зайлшгүй шаардлагатай. Нэг зүйл сануулахад хүүхэд, хөгшидгүй ханиалгах үедээ гарын алаг руугаа ханиалгаж огт болохгүй. Энэ бол бидний нийтлэг хийдэг алдаа. Ханиалгаж байх үедээ аливаа нэг нянгийн халдвар үсэрхийлэхээс сэргийлж гарын шуу руугаа ханиалгахад аюулгүй. Учир нь гарын алаг руугаа ханиалгаад эргээд нөгөө гараараа хүнтэй мэндлэх, хаалганы бариулаар дамжиж дараагийн хүнд халдварлах эрсдэлтэй. Мэдээж халдварт өвчнөөс сэргийлэх сайн арга бол гараа сайтар угааж, хувийн ариун цэврийг захих хэрэгтэй.

-Монгол Улсын хувьд сүрьеэ өвчний тархалт дэлхийн дундажтай харьцуулахад ямар төвшинд байгаа вэ?

-2016 онд хийсэн судалгаагаар сүрьеэгийн өвчлөлт 100 мянган хүнд 220 тохиолдол байна гэж бүртгэгдсэн байдаг. Гэхдээ манай сургуулийн сүрьеэгийн тандалт судалгааны алба Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан аргачлалаар Монголд үндэсний хэмжээний тархалтын судалгааг хийхэд зуу мянган хүнд 756 тохиолдол байна гэж бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, Монголд өнөөдөр сүрьеэтэй гурван өвчтөний нэгийг л оношилж чадаж байна гэсэн үг. Цаана нь оношлогдоогүй үлдсэн хоёр сүрьеэтэй өвчтөн хаана юу хийж байгааг бид мэдэх боломжгүй. Энэ бол үндэсний хэмжээний анхаарал хандуулах ёстой том асуудал. Тиймээс олон хүчин зүйлд тэсвэртэй сүрьеэгийн халдварыг нийгмийн харанга, ноцтой асуудал гэж үзэж байгаа. Улс орны хэмжээнд үндэсний бодлого, санхүү мөнгө гаргаж шийдэх ёстой асуудлын нэг болсон. Засгийн газрын зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Гэхдээ тархалтыг дорвитой бууруулж, урьдчилан сэргийлэхэд хангалттай хөрөнгө шийдэж чадахгүй байгаа. 2000 оноос өдийг хүртэл Дэлхийн Глобал сангийн дэмжлэгээр сүрьеэгийн оношилгоо, шинжилгээ, урьдчилан сэргийлэх санхүүжилтийг шийдэж ирсэн. Гэхдээ 2015 оноос Монгол Улс дундаж хөгжилтэй орны ангилал руу орсноос шалтгаалан Глобал сангийн  санхүүжилт багассан. Санхүүжилт багасахын хэрээр энэ салбарт ажиллах боловсон хүчин, эмч ажиллагсдын тоо буурч байна. Цаашид эл өвчнийг төрийн бодлогын хэмжээнд анхаарч ажиллах шаардлага бий. Өнөөгийн эрх баригч нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө сүрьеэ өвчнийг бууруулах зорилго тавьсан байсан. Гэхдээ цаасан дээр бичсэн заалт нь амьдрал дээр хэрхэн буух, санхүүжилтийг хэрхэн шийдэх талаар ярьсан зүйл алга. Харамсалтай нь өнөөдрийг бүртэл сүрьеэтэй тэмцэх нэг ч хөтөлбөр гаргаагүй байгаа.

itoim.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага