Н.БАЯРТСАЙХАН: Эдийн засгийн сэргэлт банк, санхүүгийн РЕФОРМООС хамаарна
2017 оны Decemberын 14

Банкны салбарыг зохицуулж буй 10 гаруй хуулийн шинэчлэл хийгдсэнээр Монгол Улсын банк, санхүүгийн салбарын хөгжлийн шинэ үе, түүхийн шинэ хуудас 2017 оноос эхлэн нээгдэнэ хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Н. Баяртсайхан үзэж байгаа юм байна. Банк, санхүүгийн системд хийгдэх шинэчлэлүүд болон хуулийн реформын талаар түүнтэй ярилцлаа.

– Банкны тухай хууль, Төв банкны тухай хуулийн өөрчлөлтийн талаар нэлээд сонирхолтой хэлэлцүүлгүүд ойрд өрнөж байна. Санхүүгийн тогтолцооны эдгээр тулгуур дүрмүүдийг өөрчлөх нь ер нь зөв үү гэдэг асуултаар ярилцлагаа эхэлцгээе.

Хуулийг “Юуны тулд өөрчлөх вэ?”, “Хэзээ өөрчлөх вэ?” гэдэг 2 чухал асуулт байгаа юм. Эхний асуултын хувьд, Монгол Улсын санхүүгийн тогтолцоог олон улсын сайн туршлагад тулгуурлан илүү үр ашигтай, ил тод, хариуцлагатай, эрсдэл даах чадвартай болгоход хууль эрх зүйн орчны шинэчлэл зайлшгүй чухал байна. Үүний хүрээнд нийт 11 багц хуулийн өөрчлөлт хийгдэхээс Үндэсний төлбөрийн системийн тухай шинэ хууль энэ оны эхний хагаст батлагдсан. Харин одоо Төв банкны тухай хууль, Банкны тухай хуулийн төсөл боловсруулагдаж дуусаад УИХ-аар хэлэлцэгдэх шатандаа орлоо. Энэ хоёр хуулийн төслийн агуулга нь Монголбанк ч тэр, арилжааны банкууд ч тэр илүү хариуцлагатай ажиллая, улс орныхоо санхүүгийн тогтолцоог сайн дархлаатай болгоё гэсэн санаа явж байгаа юм. Эдгээр хуулиуд шинэчлэгдсэнээр нэг талаас Монголбанкны бодлого үйл ажиллагаанд олон улсын сайн жишиг, туршлагыг суулгаж өгөх, ингэснээр ирээдүйд алдаа гаргах эрсдэлээс сэргийлж өгнө гэсэн үг. Харин нөгөө талаас арилжааны банкуудын үйл ажиллагаа ч олон улсад банк санхүүгийн байгууллага яаж ажиллах ёстой юм, тийм л жишиг рүү чиглэх юм.

-Тэгвэл цаг хугацааны хувьд эдгээр хуулиудад ѳѳрчлѳлт хийх ёстой цаг нь одоо мөн үү?

Бид зохицуулалтаа илүү боловсронгуй болгох цаг аль хэдийн болсон. Эдийн засгийн орчин, санхүүгийн зах зээл нэлээд хурдацтай өөрчлөгдсөн ч зохицуулалт ерөнхий агуулгаараа хоцрогдоод байна шүү дээ. Энэ нь сүүлийн 10 жилд Монгол Улсад тулгарсан эдийн засгийн хоёр ч хүндрэлээс тод ажиглагдлаа. Одоо санхүүгийн системд эргэлдэж буй мөнгөний хэмжээ, бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл, ашиглаж буй технологи болон арга барил, гадаад ертөнцтэй харилцах харилцаа гээд олон зүйл урьдынхтай харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай болчихсон. Хуучин хууль дүрмээр зохицуулах аргагүй зүйлс ч гарч ирж байна. Мөн өнгөрсөн хугацаанд амьдрал дээр туршигдан сул тал нь харагдсан, сайжруулах хэрэгтэй зүйл ч олон бий. Тэгэхээр бид шаардлагатай өөрчлөлтүүдээ хугацаа алдалгүй хийгээд явах нь цаашид санхүүгийн зуучлал найдвартай байх чухал үндэс болно. Энэ бол шийдвэрлэх цаг мөч юм. Өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд бий болсон бодлогын өөрчлөлт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, дэлхийн зах зээл дээрх таатай нөхцөл байдлын нөлөөгөөр эдийн засаг маань сэргэж эхэлж байна. Тэгвэл цаашид энэ өсөлтийг тогтвортой хадгалж чадах эсэх нь банк, санхүүгийн секторын үйл ажиллагаа хэр үр дүнтэй байхаас ихээхэн хамаарах бөгөөд үүнд хуулийн реформ маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймд одоо бид энэ асуудал дээр тал бүрээс сайтар тунгааж, хэлэлцэж, ойлголтоо нэгтгээд урагш явах нь зүйтэй болов уу. Үүнийг ойлгож дэмжиж буй УИХ-ын эрхэм гишүүддээ энэ завшааныг ашиглаад талархлаа илэрхийлье!

-Банкны тухай хуулийн төсөлд арилжааны банкуудын засаглалын тогтолцоог зохистой болгох, эрсдэлтэй үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалтууд хийх, зохицуулагчийн зүгээс тавих хяналтын тогтолцоог сайжруулах зэрэг чухал өөрчлөлтүүд орсон байсан. Гэхдээ нийгэмд ОУВС-гийн шаардлагаар хуулиа өөрчилж байна гэсэн хардалт давхар яваад байх шиг байна. Энэ үнэхээр үнэн үү?  

Үгүй ээ. Хуулийн шинэчлэл бол хөгжлийн зүй тогтол, нийгмийн хэрэгцээ шаардлагаар урган гарч ирж, хийгдэж байгаа зүйл. Ер нь аливаа улс оронд бодит эдийн засаг руу мөнгө, санхүүжилт хуваарилж буй санхүүгийн систем хэвийн үйл ажиллагаа явуулах нь эдийн засагт бизнесийн үйл ажиллагаа өргөжих, эдийн засгийн өсөлт хөгжил бий болох нэг гол тулгуур болдог. Хадгаламж эзэмшигчдийн мөнгө найдвартай, компаниудад бизнесийн санхүүжилт хүртээмжтэй, зээлийн эргэн төлөлт сайн байснаар эдийн засагт мөнгө үр дүнтэй эргэж үйлдвэрлэл үйлчилгээ тэлэн ажлын байр, цалин орлого нэмэгдэх үндэс суурь нь болно шүү дээ. Иймд Монголын санхүүгийн системийн тулгуур болсон банкны тогтолцооныхоо эрүүл найдвартай байдлыг хангах оновчтой зохицуулалтын орчныг бүрдүүлэхгүйгээр бид эдийн засгийн хүндрэлээс гарах, цаашдын хөгжил дэвшлийн тухай яриад нэмэргүй. Тийм ч учраас миний бие Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдоод Тѳв банкинд, санхүүгийн салбарт хэрэгжүүлэхээр боловсруулсан 5 төрлийн шинэчлэлийнхээ эхний бүлэгт “Банкны салбарын хууль эрх зүйн шинэтгэл”-ийг онцлон тусгасан. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн орчны шинэчлэл бол ОУВС-гийн хөтөлбөрөөс жил орчмын өмнөөс эхэлсэн байсан ажил одоо хэрэгжээд явж байна гэж ойлгож болох юм.

-Банкны тухай хуулийн эргэн тойронд зээлийн хүүнд хязгаар тавих асуудал анхаарлын төвд байлаа. Энэ тал дээр Монголбанк ямар байр суурьтай байгаа вэ?

Хүүнд хязгаар тавих явдал Монголбанкны байр суурь биш юм. Зээлийн хүүг бууруулах асуудал дээр хамгийн гол нь үр дүнтэй шийдлийг сонгож хэрэгжүүлэх нь зөв хувилбар. Харин хязгаар тавих нь зээлийн хүүг бууруулахад олигтой үр дүнгүй гэдгийг уг аргыг сонгож хэрэгжүүлсэн дэлхийн 76 орны туршлага нэгэнт харуулчихсан байна. Тэдгээр орнуудын ихэнх нь Латин Америк, Африк, Карибийн тэнгисийн улс орнууд. Өмнөд Африк, Япон, Герман, Франц гэх мэт харьцангуй өндөр хөгжсөн зарим улс ч бий.

-Тэгвэл зээлийн хүүг бууруулах үр дүнтэй арга нь юу юм бэ, бид яах ёстой вэ?

Энэхүү асуултад хариу олох, шийдэл санал болгохоор Монголбанкин дээр ажлын хэсэг байгуулагдчихсан судлаад, саналаа боловсруулаад явж байгаа. Ер нь дэлхийн бусад улс орны туршлагаас үзэхэд хүүг бууруулахад үр дүнтэй хэд хэдэн арга замууд байдаг. Тухайлбал, зах зээл дээрх өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийг олон тулгуурт болгох, банк санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгон, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь үр дүнгээ өгдөг юм байна. Түүнчлэн санхүүгийн үйлчилгээ авч буй хэрэглэгчдийн санхүүгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх асуудал болон зээлийн мэдээллийн сангийн хөгжил ч чухлаар тавигддаг. Тэгээд хамгийн гол нь банк, санхүүгийн систем өөрөө найдвартай ажиллах техник технологийг нэвтрүүлэх, эрсдэлийг удирдах арга барилаа сайжруулах замаар зардлаа бууруулах нь хүү буурах чухал нѳхцѳл болно. Үүн дээр нэмээд эдийн засгийг савлуулахгүй байх оновчтой бодлого, сахилга бат, хариуцлагын асуудал болон эрсдэл үүссэн үед авах арга хэмжээ, зохицуулалтыг сайжруулах шаардлага манай орны хувьд чухлаар тавигдана. Энэ бүгд нэлээд түвэгтэй, амаргүй санагдаж магадгүй ч, зээлийн хүүг бууруулах чиглэлд хийгдэх ёстой эдгээр ажлууд алхам алхмаар хийгдээд эхэлчихсэн, бид зѳв чиглэлд явж байгаа гэж ойлгож болно.

– Статистик сөхөж харвал 1990-ээд онд зээлийн хүү 400% давж байсан бол 2000 он гарснаар 40%, харин сүүлийн жилүүдэд 20% орчим руу орж буурсан чиг хандлага ажиглагддаг. Цаашид зээлийн хүүг бууруулах энэ асуудлыг шийдвэрлэхэд хэр их цаг хугацаа шаардлагатай вэ?

Зээлийн хүү нь манай эдийн засгийн амьдралыг л харуулж байгаа нэг үзүүлэлт. Тэгэхээр эдийн засгаа шинэчилж байж л энэ асуудал бүрэн шийдвэрлэгдэнэ. Өөрөөр хэлбэл, өвчний шинж тэмдэг бус суурь шалтгааныг эмчилж байж үр дүнд хүрнэ гэдэгтэй адил. Иймд бид нэн тэргүүнд макро орчноо тогтворжуулах, хууль эрх зүйн орчноо сайжруулахад хамаг хүчээ дайчлан ажиллаж буй. Үр дүн нь ч эдийн засгийн олон индикаторуудаар илрээд эхэлчихлээ. Үүн дээр нэмээд арилжааны банкуудын оновчтой засаглалын тогтолцоо, эрсдэлээ удирдах чадварыг дээшлүүлэхэд Монголбанкны зүгээс олон шаардлагуудыг тавьж байна. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ч онцгой анхаарал хандуулж эхэллээ. Зээлийн хүүнд шингэдэг эрсдэлийн болон үйл ажиллагааны зардлаа бууруулах тал дээр банкууд өөрсдөө ч ажиллаж байгаа. Харин хэрэглэгч талаасаа өөрт тохирсон зээлийн бүтээгдэхүүнээ сонгоод, хувийн санхүүгээ оновчтой удирдан эргэн төлөлтөө хийх чадвартай, банктай хэлэлцээр хийх чадвартай байх нь туйлын чухал. Үүний тулд харилцагч өөрөө эдийн засаг, санхүүгийн наад захын мэдлэг боловсрол эзэмших шаардлагатай. Үүнд хувь нэмэр оруулахаар үндэсний хэмжээний санхүүгийн боловсролын хөтөлбөрийг олон улсын байгууллагуудтай хамтраад хэрэгжүүлж байна. Мөн зээлдэгчдийн эрсдэлийг нарийвчлан тодорхойлох, ингэснээр эрсдэл багатай зээлдэгч нарт илүү хямд өртгөөр санхүүжилт олох боломжийг олгох Зээлийн мэдээллийн сангийн тогтолцоонд сайжруулалт хийгдэж буй. Тэгэхээр, эдгээр ажлын үр дүн өргөс авчихсан юм шиг нэг өдрийн дотор илрээд шууд маргааш хүү буурна гэдэг амлалтыг өгөх боломжгүй. Үр дүн гартал тодорхой хугацаа шаардагдана. Мэдээж зээлийн хүүг бууруулахыг бид бүгд хүсч байгаа ч, хэрэв сэтгэл хөдлөлөөр хандан огцом буруу шийдвэр гаргавал бусад улс орнуудын хийсэн алдааг л дахин давтах болно. Харин судалгаатай, ул суурьтай хандаж алхам алхмаар асуудлуудаа шийдвэрлээд явбал алгуур хэдий ч үр дүнтэй, хүүний бууралт тогтвортой байх болно.

-Банкуудад хийгдэж буй активын чанарын үнэлгээ (AQR) санхүүгийн салбарт том  шинэчлэл өөрчлөлтийг бий болгоно гэсэн хүлээлттэй байна. Банкны тухай хуульд Монголбанкны хяналт, зохицуулалтыг хүчтэй болгож активын чанарын үнэлгээ, стресс тест хийх, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах гэх мэт шинэ зүйл заалтууд орсон нь энэ үнэлгээтэй холбоотой юу?

Олон улсын хөндлөнгийн аудит гүйцэтгэж буй энэхүү цогц үнэлгээ нь Монгол Улсад анх удаа хийгдэж байгаа шинэлэг зүйл. Анхны гэдэг утгаараа шууд төгс болчихно гэж хүлээхээс илүү банкны салбарын одоогийн байдлыг нарийвчилж шинжлэх, цаашид хүрэх ёстой газраа тодорхойлоход чухал эхлэлийн цэг болно гэж харж байна. Ер нь бол бидний явах зүг чиг тодорхой байгаа — олон улсын шилдэг жишгээр банкны салбарт ямар бизнесийн арга барил, дүрэм журам, хэм хэмжээ, стандарт мөрдөгдөх ёстой юм, бид тэр чиглэлд л явах учиртай. Мэдээж эдийн засгийнхаа онцлог, өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулж таарна. Тэгж байж хадгаламж эзэмшигчид, харилцагчдын итгэлийг хүлээнэ, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдыг татна, эдийн засагтаа оруулах хувь нэмрээ дээшлүүлнэ. Үүнийг ч банкууд сайн ойлгож байгаа. Аль хэдийн олон улсын аудитын байгууллагуудаар санхүү, бүртгэлийн үйл ажиллагаагаа тогтмол шалгуулаад, баталгаажуулаад явдаг болчихсон банк олон байгаа. Аливаа улс орон эрүүл банктай байж эрүүл саруул эдийн засгийн амьдралыг бүрдүүлнэ. Энэ нь цаашлаад эрүүл улс төр, эрүүл нийгмийн үндэс суурь болно. Улс төр бол эдийн засгийн шууд тусгал, хураангуй илрэл шүү дээ. Зохицуулагч байгууллагын хувьд Монголбанк нь системийн эрсдэлийг бага байлгах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, зах зээл дээр тэгш, шударга өрсөлдөөн тогтоохын төлөө ажилладаг. Тэгэхээр хяналт шалгалтын үйл ажиллагаа, хууль журмын зохицуулалтууд маань эцсийн дүндээ нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд л чиглэгдэж байна гэсэн үг. Харин үүний тулд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрх зүйн бүрэн чадамжтай байх нь чухал.

– Монголбанкны хараат бус, бие даасан байдлыг дээшлүүлэх, засаглалын тогтолцоог сайжруулна гэдэг нь олон нийтийн зүгээс нэлээд дэмжлэг авч байна. Харин Төв банк үндсэн зорилтоо “Төгрөгийн тогтвортой байдал”-аас “Үнийн тогтвортой байдал” болгоод өөрчилчихөөр эдийн засгийн бусад асуудлууд, тэр дундаа валютын ханштай холбоотой хариуцлагаас зугтлаа гэсэн шүүмжлэл гарч эхлээд байна?

Бусад ихэнх улс орнууд, тэр дундаа эдийн засаг нь амжилттай яваа орнуудад “Мөнгөний бодлого урт хугацааны үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилгод чиглэх нь оновчтой” гэж үздэг болжээ. Бид хуулийн өөрчлөлтөөр хаана ч байхгүй зүйлийг хийх гээд байгаа бус, харин бусад орнуудын хэдэн зуун жилийн алдаа оноо, сургамж дээр үндэслээд олон улсад тогтсон сайн туршлагыг л Tөв банкныхаа зорилгод тусгах гэж байгаа хэрэг юм. Үнийн тогтвортой байдал буюу “инфляци нам бөгөөд тогтвортой байна” гэдэг нь цаанаа макро эдийн засгийн олон үзүүлэлтүүд хэвийн, эрүүл байгаагийн л илэрхийлэл, зайлшгүй нөхцөл болдог зүйл. Тийм ч учраас Таны асууснаар Монголбанк ханшийг огт анхаарахаа болиод, хариуцлагаас зугтана гэсэн үг биш юм. Ханшийн өөрчлөлт нь өөрөө импортын бараа бүтээгдэхүүний үнээр дамжаад инфляцид нөлөөлдөг зүйл. Мөн аж ахуйн нэгжүүдийн валютын зээлийн эргэн төлөлтөөр дамжаад банк, санхүүгийн системийн тогтвортой байдалд ч нөлөөтэй. Иймд Монголбанк ханшийн богино хугацааны огцом савлагаа үүсгэхгүйн тулд валютын захын дэд бүтцээ хөгжүүлэх, техник технологийг нэвтрүүлэх, валютын нөөцөө нэмэгдүүлэх чиглэлээр одоо хийгдэж байгаа ажлаа үргэлжлүүлээд л явах болно. Хуулиар заасан үндсэн зорилтоо илүү тодорхой болгон, олон улсын жишигт нийцүүлснээр бид зохицуулалттай ханшийн дэглэмтэй, инфляцийн тогтвортой байдлыг хангах замаар макро тогтвортой байдлыг бүрдүүлэх үндсэн зорилготой Төв банк болно гэж ойлгож болох юм.

-Төв банкны зорилго илүү тодорхой болсноор эдийн засгийг өсгөх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах гэх мэт заримдаа  хоорондоо зөрчилдөх зүйл дээр сонголт хийхэд хялбар болoх нь гэж ойлгогдож байна. Монголбанк цаашид аливаа асуудалд хандахдаа “үнийн тогтвортой байдал” гэдэг ганц чиг шугамыг баримтална гэж ойлгож болох уу?

Тийм. Энэ нь инфляцийг өдөөхгүй хэмжээний эдийн засгийн өсөлт, түүний тогтвортой байдлыг чухалчилсан бодлогын зорилттой Төв банк болж байна гэсэн үг. Улмаар илүү ирээдүйд чиглэсэн, эрсдэлүүдийг урьдчилж тооцоолдог алсын хараатай, хараат бус, хариуцлагатай бодлого хэрэгжүүлэх эрх зүйн чадамж бий болно. Жишээ нь, Таны хэлдгээр маргааш, нөгөөдрөө мартаад эдийн засгийг одоо л түр зуур өсгөхийн тулд их хэмжээний мөнгө хэвлэн нийлүүлж алдаа гаргахгүй л гэсэн үг. Яагаад вэ гэхээр энэ нь ханшийг савлуулж, үнийн тогтвортой байдалд харшилна. Өөрөөр хэлбэл Төв банкны үндсэн зорилготой нийцэхгүй. Ер нь Төв банкууд олон тодорхойгүй зорилготой байх тусмаа алийг нь ч биелүүлж чадахгүйд хүрэх, эсхүл хариуцлагаас зугтаах боломж нэмэгдэж, энэ нь эргээд эдийн засагтаа хор хөнөөлтэй байсан тохиолдол дэлхийн түүхэнд цөөнгүй. Тийм ч учраас өнөөдөр “Үнийн тогтвортой байдал” буюу нийт эдийн засгийнхаа “биеийн халууныг” хянах үүргийг төв банкинд хариуцуулдаг жишиг тогтсон байна.

-Инфляци тогтвортой байх нь нэг талаас эдийн засаг эрүүл байгаагийн шинж харин нөгөө талаас эдийн засаг тогтвортой өсөх суурь ч болно гэж ойлгож байна . Тэгвэл инфляци тогтвортой байх тэр баталгаа нь юу вэ, үүнд хууль эрх зүйн шинэчлэлүүд хэрхэн нөлөөлнө гэж үзэж байна вэ?

Одоо хийгдэж байгаа хуулийн шинэчлэлүүд нь банк санхүүгийн салбарын “Хөгжлийн шинэ үе”-ийг эхлүүлнэ гэж үзэж байгаа. Үр дүнд  нь эдийн засгийн нэг гол тулгуур бодлого болох мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч институци буюу Төв банкны үйл ажиллагаа сайжирна. Мөн мөнгөний бодлого хэрэгжих, дамжих гол суваг буюу банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг оновчтой зохицуулах орчин бүрдэх юм. Ингэснээр санхүүгийн систем бүхэлдээ найдвартай ажиллах суурь болно. Мэдээж энэхүү шинэчлэлийг Төв банк өөрөөсөө эхлэн хийж байна. Төв банкны тухай хуулийн өөрчлөлтөөр Монголбанкны Ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл тѳвлөрѳхѳѳс сэргийлсэн хамтын удирдлагын зарчим, Монголбанк мэргэжлийн бус хөндлөнгийн нөлөөллөөс ангид, хараат бус ажиллах тогтолцоо зэргийг давхар хийж өгч байгаа. Энэ бүхэн нь Төв банк үнийг тогтвортой байлгах зорилгодоо хүрэх боломжийг нэмэгдүүлж, амжилттай ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгч байна гэсэн үг юм. Дэлхийн болон дотоодын эдийн засагт биднээс шалтгаалахгүй, эрэлт болон нийлүүлэлтийн гаралтай гэнэтийн савлагаа шокууд үүсч, инфляцид нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн идэвхжил, ажил эрхлэлт, төсвийн бодлого, валютын ханш, зах зээлийн хүлээлт, компаниудын үйл хөдлөл, цаг агаарын нөхцөл байдал, зуд, импортын шатахууны үнэ зэрэг эрэлт, нийлүүлэлтийн гаралтай олон хүчин зүйлс үүнд багтана. Гэхдээ бид өөрсдөөс шалтгаалах зүйлээ мэргэжлийн түвшинд маш сайн хийхийг зорино. Төв банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Ингэснээр инфляцийн хүлээлтийг оновчтой удирдах, бодлогын үр нөлөөг дээшлүүлэх боломжтой болох юм.

– Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа! Удахгүй шинэ он гарах гэж байна, Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье. 

2018 он бол Монголын эдийн засгийн хувьд чухал өөрчлөлтийн жил байх болно. Ирж буй Шинэ оноо амжилт бүтээлтэй, урам зоригтой, эрүүл энх, сайн сайхан угтан золгоорой!

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага