Б.Түмэнцэнгэл: Монголын зээлийн хүү өндөрт тооцогддог нь үнэн
2017 оны 12 сарын 14
Гэхдээ Япон, Солонгос гээд өндөр хөгжсөн орнуудтай шууд харьцуулах нь оновчгүй

Монголбанкны Мөнгөний бодлогын газар, Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтэсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй сүүлийн үед олны анхаарлыг татаж байгаа зээлийн хүүтэй холбоотой асуудлаар ярилцлаа.

-Зээлийн хүүтэй холбоотой асуудал нийгэмд сэдэв болчихлоо. Яг өнөөдөр зээлийн хүү ямар байна вэ?

Арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү аравдугаар сарын эцсийн байдлаар 19.9 хувь байна. Энэ бол зах зээл дээр олгогдож байгаа зээлийн хүүний дундаж үзүүлэлт учраас үүнээс өндөр эсвэл бага хүүтэй зээл мэдээж бий. Жишээ нь, цалингийн зээл үү, бизнесийн зээл үү, эсвэл автомашин барьцаалсан зээл үү гэдгээс хамаараад хүү өөр байж болно. Мөн хугацаанаас хамаараад хүү дээш доош байдаг. Түүнчлэн, жишээ нь банк 20 жил харилцсан найдвартай харилцагчдаа санал болгох хүү мэдээж нэг өөр, эсрэгээрээ хэнийг нь мэдэхгүй, эрсдэлтэй гэж үзэж буй хүнд санал болгох хүү бас нэг өөр байх боломжтой.

Харин зээлийн жигнэсэн дундаж хүүний энэхүү статистикт 8 хувийн ипотекийн зээл ордоггүй. Хэрвээ оруулж тооцвол 17 орчим хувь байна. 

-Манай арилжааны банкуудын зээлийн хүү Азид нэлээн өндөрт тооцогддог гэдэг?

Манай орны зээлийн хүү өндөрт тооцогддог нь үнэн. Гэхдээ Япон, Солонгос гээд өндөр хөгжсөн орнуудтай шууд харьцуулах нь оновчгүй. Тэдгээр орнуудын эдийн засгийн бүтэц, хүн амын орлого, санхүүжилтийн орчин, бизнесийн эрсдэл, компаниудын чадавх гээд эрс өөр шүү дээ.

Зүйрлэвэл Тоёота, Самсунг үйлдвэрлэдэггүй мөртлөө тэдэнтэй адилхан хүүгээр зээл авна гэвэл боломжгүйтэй адил юм. Харин хөгжиж  буй орнуудтай харьцуулбал манайхтай ойролцоо Бразиль, эсвэл Киргиз гэх мэт улсуудыг нэрлэж болно. Гэхдээ одоо байгаа 19 хувийн хүүг бууруулах хэрэгтэй юу гэвэл мэдээж тийм. Харин хэрхэн үр дүнтэй, оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэх вэ гэдэг чухал бөгөөд үүний тулд бид судалгаатай, төлөвлөгөөтэй ажиллах болно.

-Зээлийн хүү урт хугацаандаа хэр буурсан бэ. 

Манай орны хувьд, 1990 оны эхээр зээлийн хүү 300 хувь байсан. 2000 он гарсаар 40 хувь,  2005 оноос 30 хувь, одоо 20 хувиас буугаад явж байна.

-Тэгвэл цаашид яаж 10 хувь, бүр нэг оронтой тоо руу оруулах вэ? 

-Үүний тулд нэлээн тооцоо судалгаа, цогц арга хэмжээ, хөдөлмөр, тэвчээр шаардана. Харин сэтгэл хөдлөлөөр хандвал үр дүн гарахгүй. Уг нь зээлийг хүүг бууруулах арга хэмжээ нь нэлээд тодорхой. Хүүнд шингэдэг зардлуудыг аваад үзвэл эх үүсвэрийн зардал, эрсдэлийн сангийн зардал, үйл ажиллагааны зардал, цэвэр ашиг гэх зэрэг гол бүрэлдэхүүнтэй байдаг. Эдгээр зардлуудыг шат дараатай буулгах арга замыг бий болгож байж л зээлийн өртөг буюу хүү буурах боломж бүрдэнэЦэвэр ашгийг аваад үзвэл банкны системийн ROE 5-6 хувь орчим байгаа нь тийм ч өндөр үзүүлэлт биш. Харин үйл ажиллагааны зардлыг аваад үзвэл Cost/Income харьцаа 40-50% орчим байгаа нь цаашид огцом бууруулах орон зай хомс гэдгийг илэрхийлнэ. Тэгэхээр гол зардлууд болох эх үүсвэрийн зардал, эрсдэлийн сангийн зардлыг хэрхэн бууруулах вэ гэдэг л асуудал үлдэж байна.

-Тэгвэл үүний тулд юу хийх хэрэгтэй вэ?

Юуны өмнө эхлээд макро орчны эрсдэл бууруулах, зохицуулалт болон бусад дэд бүтцийн асуудлаа сайжруулах нь чухал. Эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийн ч, бизнесийн байгууллагуудын ч орлого хумигдаж, үүнийгээ дагаад зээлийн эргэн төлөх чадвар мууддаг.

Үүнтэй холбоотойгоор банкууд дээрх чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж, эрсдэлийн зардал ихэсдэг. Энэ зардал хүүнд шингэдэг учраас хүү буурахад хүндрэлтэй болчихдог. Тэгэхээр эдийн засгаа тогтворжуулж , хүндрэлийг хэрхэн даван туулах  нь зээлийн хүүг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ. Чанаргүй зээл системийн хэмжээнд нэгэнт үүссэн үед түүнийг оновчтой шийдвэрлэх эрх зүйн, институцийн дэд бүтцүүдийг чухал үүрэг гүйцэтгэдэг.

Харин нөгөө талаас эдийн засаг хүндрэлтэй үед хямд эх үүсвэр татах боломж хумигддаг нь зээлийн хүүг бууруулах боломжийг эргээд хаадаг учраас макро орчны тогтвортой байдал хамгийн чухлаар тавигдаж байгаа юм.

Зээлжих зэрэглэл сайнгүй үед гадна дотны хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татах амаргүй шүү дээ. Үүн дээр нэмээд иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, зээлийн мэдээллийн сангийн хөгжүүлэлт зэрэг мэдээллийн ил тод байдал, шийдвэр гаргалтыг оновчтой болгох алхмууд чухал үүрэгтэй байдаг.

Жишээ нь зээлдэгч өөрийн санхүүгийн чадамжаа сайн тооцоолж, өөрт тохирсон зээлээ авч сар сард нь төлөх мэдлэг чадвартай байх ёстой. Энэ тохиолдолд найдвартай зээлдэгч байж, эргээд бага хувийн хувийн хүүтэй зээл авах боломж нь нээгдэнэ гэсэн үг. Харин банк талаасаа тухайн зээлдэгч хэр найдвартай вэ гэдгийг нарийвчилж харж чадаж байвал бага хүүгээр зээл олгох боломжтой. Үүнд зээлийн мэдээллийн сангийн гол үүрэг оршиж буй. 

Харин үнэхээр банк хэрэглэгчдийн эрх ашгийг хохироосон өндөр хүү тулгах, эсвэл гэрээгээ зөрчсөн тохиолдолд эрх ашгийг нь хамгаалах асуудал яригдана. Эдгээр бүх ажлууд Монголбанк дээр хийгдээд л явж байгаа зүйлс юм.

-Бизнес эрхлэгчид бид зах зээлээ тэлэхийн тулд гадны банк оруулж ирэх цаг нь болсон. Ингэж байж зах зээл нь өргөжиж хөгжинө гэдэг. Энэ тал дээр Монгол банк ямар байр суурьтай байгаа вэ?

Зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь хүү буурах бас нэгэн нөхцөл гэгддэг. Ялангуяа өндөр дүнтэй санхүүжилтүүд, дотоодын банкуудын санхүүжүүлэх боломжгүй сегментүүд дээр эерэг нөлөөтэй байж болох талтай. Түүнчлэн

Олон улсын зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг, зээлжих зэрэглэл өндөртэй найдвартай банкны төлөөлөл орж ирснээр дэлхийн шилдэг туршлага, арга барилыг Монголд нэвтрүүлэх боломж нээгдэнэ гэдэг онцгөөс нь ч харж болох байх. Гэхдээ аливаа зүйл мэдээж хоёр талтай. Үүнтэй зэрэгцээд ямар эрсдэлүүд бий болох вэ гэдгээ ч бид давхар харж байж дүгнэлт хийх хэрэгтэй болов уу.

Үүнийг сайтар судалж, эерэг сөрөг талуудыг нь жинлэж үзэж байж зөв дүгнэлт гарахаас биш зөвхөн сайн тал эсвэл сөрөг талыг нь баримтлаад байх нь тийм ч оновчтой биш. Одоогийн байдлаар Монголбанкны зөвшөөрөлтэйгээр гадны банкны таван ч төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна.

-Эргээд зээлийн хүүг бууруулах чухал хүчин зүйл болсон Зээлийн мэдээллийн сантай холбоотой асуудал нэлээн гардаг. Хүмүүс хэр санал гомдол ирүүлдэг вэ?

-Өмнө хэлсэнчлэн, энэ бол зээлийг хүүг бууруулах бас нэгэн чухал хүчин зүйл. Тухайн зээлдэгчийн зээлийн түүхийг нь банк мэдэж байж эрсдэлийг нь илүү оновчтой тодорхойлно. Ингэж байж энэ хүнд хэдэн хувийн хүүтэй зээл олгох вэ гэдгээ шийдэх чухал үндэслэл болох ёстой.

Энэ систем цаашид хөгжөөд явах нь зээлийг хүү буурах чухал алхам болно. Зээлийн  мэдээллийн тухай хуулиар мэдээллийн санд мэдээлэл нийлүүлдэг компани, ААН-үүд Актив ангилах журмын дагуу мэдээллээ ангилж оруулахгүй байх явдал заримдаа гардаг.

Нэг өдрөөр л гэрээнийхээ үүргээ биелүүлээгүй тохиолдолд шууд ангиллыг нь хэдэн шатлалаар доогуур тогтоосон зөрчил цөөнгүй. Үүнээс болж иргэд гомдол ирүүлдэг. Бид уг асуудлаар нь тухайн үед ААН-тэй нь холбогдоод ангиллаа журмын дагуу хийхийг зөвлөдөг. Иймд аж ахуйн нэгжүүд зээлийн мэдээллийн санд мэдээлэл оруулахдаа мэргэшсэн боловсон хүчнээр мэдээллээ алдаагүй оруулах нь чухал юм.

Гэхдээ Монголбанк нь арилжааны банкнаас бусад аж ахуйн нэгжүүдийг хянаж, шалгах үүрэг хуулиар хүлээдэггүй гэдгийг иргэд бас ойлгох нь зүйтэй. Тэдгээр мэдээллийг нь үнэн зөв оруулж буй эсэхэд давхар хяналтаа тавиад явж байх нь зүйтэй болов уу.

-Банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар яригдаж байна. Энэ нь банкны салбарт хэр өөрчлөлт авчрах вэ?

-Энэ бол банкны эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж байгаа арга хэмжээ юм. Тухайн банк эдийн засгийн орчны ямар нэгэн савалгаа бий болж, зээлийн чанаргүйдэл ихэслээ гэхэд эрсдэлийн зардлаа өөрөө бүрэн төлөх чадвартай, нөөцтэй болно гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл, харилцагч хадгаламж эзэмшигчдийн мөнгө найдвартай байх, төрийн дэмжлэг шаардахгүйгээр зөвхөн өөрийн хөрөнгөөр эрсдэл үүрэх чадвартай байхыг шаардаж байгаа гэж ойлгож болох юм. 

Үр дүнд нь банкны систем илүү найдвартай болж хадгаламж эзэмшигчид илүү хамгаалагдана. Банкны харилцагч, хөрөнгө оруулагчид илүү итгэлтэй болно. Энэ нь эргээд зах зээл дээрх бизнест хүрэх санхүүжилт хэвийн явагдана, дагаад ажлын байр нэмэгдэж, эдийн засаг өсөх суурь болно л гэсэн үг.

-Нөгөө талаас банкууд бас таатай бус хүлээж авч байгаа шүү дээ?

-Энэ шаардлагад 2021 оны эцэс хүртэл үндсэндээ дөрвөн жилийн хугацаа өгчихсөн болохоор асуудал гарахгүй болов уу.

Өөрийн хөрөнгө хангалттай хүрэлцээтэй байна гэдэг хөрөнгө оруулагч, харилцагчийн зүгээс итгэл даах, тэдэнд найдвартай гэдгээ харуулах боломж учраас банкинд ч, хэрэглэгч харилцагч нарт ч, санхүүгийн системдээ ч эерэг нөлөөтэй юм.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага