Г.Тэмүүлэн: Малыг бүртгэлжүүлснээр олон улсын зах зээлд гаргах нөхцөл бүрдэнэ 
2017 оны Decemberын 19

Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭНТЭЙ ярилцлаа.

-Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталлаа. Эдгээр хуулийг батлан хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага юу байсан бэ?

-Монгол Улсын мал аж ахуйн салбар бол эдийн засгийн тулгуур нь байсаар ирсэн. Цаашид ч мөн тулгуур салбар байх нь ойлгомжтой. Энэ салбарт нийт ажиллах хүчний 30 орчим хувь нь ажиллаж байна. Монгол Улсын мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл өнөөдрийн байдлаар 3.5 их наяд төгрөгт хүрсэн. Манай улс ерөнхийдөө мал аж ахуйн орон. Нийт аймаг, орон нутгийн 85 орчим хувь нь мал аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан хөгжлийн бодлоготой байна. Мал аж ахуйн салбар бол хүнстэй холбоотой асуудал учраас энэ чиглэлд онцгойлон анхаарах нь зүйн хэрэг. Хүнсний аюулгүй байдлыг хангаснаар хүний эрүүл мэндийг хамгаалж чадна. Мөн гадаад зах зээлд гаргах түүхий эдийг баталгаажуулах, нэвтрэх боломж бололцоог нь өргөжүүлэх юм. Эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой маш том салбар учир цаашид ч Монгол Улсын 40-50 жилийн эдийн засгийн хөгжил энэ салбараас хамаарна. Манай улсын экспортын 10 орчим хувь нь мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбараас хамаарч байгаа бол үүнийг 40, 50 хувьд хүргэх, эдийн засгийн бүтэцтэй төрөлжүүлж хөгжүүлэх шаардлагатай байна.

-Эдгээр хуулийг хэрэгжүүлснээр Монгол Улсын мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт бодлогын болон эрх зүйн томоохон ямар өөрчлөлт, эерэг үр дүн гарах вэ?

-1993 оноос хойш шинэчлээгүй мал аж ахуйн салбарын хуулийг шинэчилж, томоохон эрх зүйн өөрчлөлтийг хийлээ. Энэ салбарын цаашдын хөгжлийн гол эрх зүйн бодлого болсон хуулийг боловсруулахад багагүй хугацаа зарцуулсан. Малын генетик нөөцийн тухай хуулийг шинээр баталсантай холбогдуулан хамгийн түрүүнд үржлийн болон таваарын малыг бүртгэлд хамруулах ажлыг үе шаттай хийхээр төлөвлөж байна. Тиймээс эхний ээлжид буюу 2020 он хүртэл улсын хэмжээний нийт бог малынхаа 80 орчим хувийг бүртгэлжүүлнэ. Яагаад заавал бүртгэлжүүлэх ёстой вэ гэхээр, малыг бүртгэлжүүлж, имтэй болгож эрүүл ахуйн, гарал үүслийн баталгааг бүрэн хангах шаардлагыг олон улсын байгууллагын зүгээс тавьдаг. Бид мал, мах, малын түүхий эдийг гадаад зах зээлд нийлүүлнэ гэж ярьдаг атлаа хамгийн түрүүнд олон улсын байгууллагын төвшинд тавьдаг тухайн бүтээгдэхүүн чанартай, баталгаатай байх ёстой гэсэн шаардлага шалгуурыг хангах талд дутагдалтай байдаг. Тиймээс эдгээр хуулийн хүрээнд энэ тогтолцоог бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, мал, махыг экспортлох чанарын баталгааг хангаж чадна гэсэн үг. Үүнээс гадна хуультай болсноор малын үржил, үүлдэр угсааг сайжруулах ажлыг мэргэжлийн төвшинд хийдэг болно. Ингэхийн тулд сум бүрт эцэг малын цөм сүргийг бий болгоно. Эхний ээлжид бог малын төвшинд бүх аймаг болон суманд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Улсаас төсөв хөрөнгийг нь гаргаж, сайн чанарын эцэг малыг нийлүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

-2020 ОН ХҮРТЭЛ НИЙТ БОГ МАЛЫН 80 ОРЧИМ ХУВИЙГ БҮРТГЭЛЖҮҮЛНЭ-

-Аймаг төдийгүй сум бүрт сайн чанарын эцэг малын цөм сүргийг бий болгосноор ямар үр дүн гарах вэ. Тухайн малаас авах ашиг шим хэд дахин нэмэгдэнэ гэж тооцсон бэ?

-Цөм сүргийг бий болгосноор 4-5 жилийн дотор нийт малын амьдын жинг 2-3 кг-аар нэмэгдүүлэх боломж бололцоо бий гэж харж байна. Үүнийг хариуцаж хэрэгжүүлэх зорилгоор сум бүрийг мэргэжлийн мал зүйчтэй болгоно. Монгол Улс 330 сумтай хэдий ч улсын хэмжээнд нийтдээ 230 гаруй мал зүйчтэй. Тиймээс сум бүр заавал мал зүйчтэй байхаар хуульд тусгасан. Мал зүйч мэргэжлийнх байх, тухайн засаг захиргааны нэгжид орж ажиллах ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Үүгээр дамжуулан монгол малынхаа үүлдэр угсааг сайжруулах ажлыг хийх юм. Сум бүрт цөм сүргийг бий болгохын зэрэгцээ малын ашиг шимийг нэмэгдүүлэх ажлыг ойрын хугацаанд үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

-Эхний ээлжид буюу 2020 он хүртэл улсын хэмжээн дэх нийт бог малын 80 орчим хувийг бүртгэлжүүлэхээр төлөвлөсөн юм байна. Энэ ажлыг хийхэд шаардлагатай санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Таваарын болон үржлийн малыг бүртгэлжүүлэхэд 85 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Эдийн засгийн боломж бололцоонд тулгуурлан үүнийг үе шаттай хийхээр төлөвлөсөн. 2018 оны төсвийг баталчихсан. Гэхдээ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангахад шаардлагатай тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан. Одоо хуулийг баталсан учраас төсвийн тодотголыг ирэх хавраас оруулж ирлээ гэхэд 2018 онд шаардлагатай буюу малыг бүртгэлжүүлэх, мал зүйчдийг бэлтгэх, малчдыг чадавхжуулах зэрэг нэмэлт зардлыг тусгаад явна.

-Манай улсын малын тоо толгой өсч буй нь авууштай ч сүргийн бүтэц алдагдаж байгаа талаар мэргэжилтнүүд ярьдаг. Энэ талд хэрхэн анхаарал хандуулах вэ. Цаашид сүргийн бүтцийг алдагдуулахгүй байх талд хуульд тодорхой зүйл тусгасан болов уу?

-Монгол малын сүргийн бүтцийг эдийн засгийн зорилго чиглэлтэйгээр хөгжүүлэх, өсгөх бодлого баримтална. Монгол Улсын малын тоо толгой 61- 80 саяын хооронд хэлбэлзэж байна. Гэтэл үүн дотор хамгийн таваарлаг, эдийн засгийн байнгын эргэлтэд орох боломжтой үхэр сүрэг дөнгөж арван хувийг эзэлж байна. Өмнө нь үхэр сүрэг нийт малын 20-30 хувийг эзэлж байсан учир түүнийг зах зээлд тогтмол нийлүүлдэг байлаа. Гэтэл өнөөдрийн байдлаар 60 сая толгой малын дөрвөн сая нь үхэр сүрэг болсон байна. Тиймээс үхэр сүргийн тоо толгойг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сайн чанарын эцэг мал тавьж ашиг шимийг нь нэмэгдүүлэх ажилд шинжлэх ухаанчаар хандан мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөмж, хяналт хийх нөхцөлийг хуулиар бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын мал аж ахуйн салбар гадаад зах зээлд гарах нөхцөл боломжийг мал зүйн бодлогоор дамжуулж хийх юм. Ер нь бид мал аж ахуйн салбарт шинжлэх ухаанчаар хандахгүй бол болохгүй нь. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд дандаа малын тоо толгойны хойноос хөөцөлддөг болсон. Малын тоо толгой нэмэгдсэн хэдий ч малчдын амьжиргаа дээшилсэн тохиолдол байхгүй. Манай улсын 60 сая толгой мал одоогийнхоос хоёр дахин их ашиг шим өгдөг боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Тиймээс малаа бүртгэлжүүлэх, үржил, үүлдэр угсааг сайжруулах ажлыг мэргэжлийн төвшинд хийж, үүгээр дамжуулан монгол мал эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх юм. Гарал нь тодорхой, бүртгэлтэй, өндөр ашиг шимтэй, үүлдэг угсаа сайтай мал өвчлөл багатай, зуданд тэсвэртэй байдаг.

-Малын эрүүл мэнд, ашиг шим, үүлдэр угсаа зэрэгт томоохон өөрчлөлт оруулах нөхцөлийг хуулиар бүрдүүлж байгаа юм байна. Харин малчдын хувьд бодлогын ямар өөрчлөлт хуульд тусгасан бэ?

-Мал аж ахуйн салбарын бүтээмж болон өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэхээр малчинд чиглэсэн бодлогын өөрчлөлт тусгасан. Тодруулбал, малчин өрхийг мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгэх асуудлыг хуульд заасан. Монгол Улсын мал аж ахуйн салбарт тулгамдаж байгаа асуудал бол анхан шатанд үйлдвэрлэлийг дэмжих бодлого дутагдаж байгаа явдал. Анхан шатанд малчид хоорондоо нэгдэж хоршоо байгуулах, хувийн хэвшлийнх нь бизнесийг дэмжих асуудлыг хуулийн хүрээнд бодлогоор зохицуулж, дэмжиж өгч байна. Мөн малчдын хариуцлага, ур чадвар, мэдлэгтэй холбогдуулан цаашид мэргэжлийн үнэмлэх олгох ажлыг хуульчилсан. Тухайн баг, сумынхаа малчдыг тодорхой мэдээ мэдээллээр хангаж чадавхжуулах сургалтыг явуулахыг хуульд тусгасан. Ингэснээр нэг талаараа малчдыг, нөгөө талаар анхан шатны үйлдвэрлэлийг дэмжиж буй явдал юм.

-Малчдын дунд хүлээлт үүсгэсэн эдгээр хуулийг хэзээнээс хэрэгжүүлэх вэ. Үүнтэй холбогдуулан бусад хуульд өөрчлөлт оруулах уу?

-ХХААХҮЯ-наас ажлын хэсэг гарч хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Ирэх оны зургаадугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Нэлээд хэдэн хуульд өөрчлөлт оруулна. Тухайлбал, малчдын хариуцлагын асуудлыг Зөрчлийн тухай хуульд суулгасан учир энэ хуульд мөн өөрчлөлт оруулна. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталснаар 70 гаруй, Малын генетик нөөцийн тухай хуульд 20-оод журам зааварт өөрчлөлт оруулна.

-Малыг бүртгэлжүүлснээр ямар давуу талтай вэ. Түүнд ямар ямар мэдээлэл багтсан байх вэ?

-Малын генетик нөөцийн тухай хуульд дөрвөн бүртгэлийн асуудлыг тусгасан. Тодруулбал, мал, үржүүлгийн бүтээгдэхүүн, уламжлалт мэдлэг, малчдын бүртгэл. Малын бүртгэлд үржлийн болон таваарынх хамааралтай. Малчдын бүртгэлийн хувьд 2012 оноос хойш хийж байна. Өөрөөр хэлбэл, малчин өрхийг үндэсний үйлдвэрлэгчээр бүртгэж гэрчилгээ олгоно гэсэн үг. Энэ асуудлыг журмаар зохицуулж байсан бол одоо үүнийг хуульчилж байна. Малыг бүртгэлжүүлснээр тухайн малын гарал үүсэл нь тодорхой болно. Буцах хаягтай, очих эзэн нь тодорхой болно гэсэн үг. Аль аймаг, сум, багийн хэн гэдэг малчны мал, мах юм. Тухайн жилд хийх ёстой вакцин, туулгыг хийсэн эсэхийг нь мэдэх боломжтой. Үүнээс гадна бид тухайн орон нутгийн бэлчээрийн төлөв байдлын мэдээллийг багтаахаар зорьж байна. Өөрөөр хэлбэл, ямар төрлийн ургамал, ногоо идсэн нь тодорхой болно гэсэн үг. Түүнчлэн тухайн мал бүтээгдэхүүн болсон ч дээрх мэдээллийг багтаасан бар кодтой им хамт байх юм. Ингэснээр хүнсний дэлгүүр, худалдааны зах, үйлдвэрээс мах худалдан авахдаа тухайн бар кодыг утсаараа уншуулснаар дээрх мэдээлэл гарч ирнэ. Орчин үеийн техник технологийн дэвшлийн хүрээнд тухайн мал, махыг олон улсын зах зээлд гаргах боломжийг бүрдүүлж байгаа юм. Үүнийг богино хугацаанд нэн яаралтай хийх шаардлагатай. Монгол мал яагаад олон улсын зах зээлд гарч чаддаггүй шалтгаан бол гарал үүсэл нь тодорхойгүй, эрүүл ахуйн баталгаагүйтэй холбоотой.

-Үйлдвэрийн аргаар бойлсон малын мах өртөг өндөртэй байдаг юм билээ. Цаашид махны үнэд өөрчлөлт орохвий гэсэн болгоомжлол байна?

-Эрүүл ахуйн баталгааг хангасан чанартай бүтээгдэхүүн бага зэрэг өндөр үнэтэй байх нь зүйн хэрэг. Тухайн малчин өөрсдийн хоол хүнсэнд хэрэглэх малаа заавал бүртгэлжүүлэх шаардлагагүй. Зах зээлд, хүнсний үйлдвэрт нийлүүлж байгаа мал, мах заавал бүртгэлтэй байх ёстой. Эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэрхэн орчинд бойлсон байх шаардлагыг олон улс тавьдаг. Энэ шаардлагыг хангаж байж гадаад зах зээлд нийлүүлэхээс өөр аргагүй. Япон улсын туршлагаас харвал хургыг төөнүүрийн аргаар хөнгөлдөг. Ингэснээр тухайн хурга өвдөж зовоогүй учраас жирийн малаас 30-40 хувиар амьдын жин нэмэгддэг. Энэ бол мал зүйчийн хийх ёстой ажил. Шинжлэх ухаанчаар хандаж буй явдал юм.

 

С.Юмсүрэн

One thought on “Г.Тэмүүлэн: Малыг бүртгэлжүүлснээр олон улсын зах зээлд гаргах нөхцөл бүрдэнэ 

  1. zochin

    buh mal burtgene gedeg bol zugeer l soliorol, urjliin malaa ch buren hamruulj chadahgui. 

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага