Сайд Н.Энхболд ЗХ-ний 325 дугаар ангитай танилцлаа
2017 оны Decemberын 25

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын баруун аймагт хийсэн томилолт Завхан аймгаар өндөрлөлөө. Тэрээр албаныхантайгаа хамт Завхан аймаг дахь Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, ололт амжилтыг нь сайшааж,  алба хаагчидтай санал сэтгэгдлээ хуваалцан, тулгамдаж буй бэрхшээлийг нь сонслоо.

Тус ангийн захирагч, хурандаа Г.Чулуунзагд ангийн түүх, ангид өрнөсөн бүтээн байгуулалт, ЗХЖШ-аас ирсэн тушаалын дагуу сургалт бэлтгэлд хэрхэн анхаарч байгаа тухай, алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад авсан арга хэмжээ, бүтээлч ажлууд, бүрэлдэхүүний хувцас хангалт зэрэг үйл ажиллагаатай холбоотой бүхнээ салбарынхаа сайдад танилцуулсан. Тэрээр цааш нь үргэлжлүүлэн ангийн харьяа салбаруудынхаа ч тухай ярьсан юм.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан Батлан хамгаалахын сайдад талархал илэрхийлж байсан. Учир нь орон нутагт Зэвсэгт хүчний 325 дугаар ангийнхан ихээхэн тусламж дэмжлэг үзүүлж яваад нь орон нутгийнхаа иргэдийн нэрийн өмнөөс баярлалаа. Орон нутгаас хамааралтай ажлуудыг ч дэмжихээ илэрхийлж байв.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Баруун аймгуудад ажиллаад хамгийн сүүлд хутагт хувилгааны өлгий Завхандаа бид ирлээ. Орон нутаг дахь Зэвсэгт хүчний анги, байгууллагууд маань зарим тохиолдолд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан бүтээлч ажлууд хийж байгааг нь харлаа. Бид БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудын өргөн бүрэлдэхүүнтэй  ажиллаж байгаа зорилго нь 2018 оны төсөв болон Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар ямар ажлыг нь анхлан хийх ёстой  вэ гэдэгтээ анхаарч байна.

Нөгөө талаас шинэчлэн батлагдсан багц хуулиудын хүрээнд үйл ажиллагаагаа төгөлдөржүүлэх талд нь захиж хэлж байна. Миний сэтгэл хангалуун нэг зүйл бол манай барилга инженерийн ангиуд бүтээн байгуулалтыг ёстой нэг шижигнүүлдэг болж. Богино хугацаанд олон барилга байгууламж барьж чадаж байна. Мөнгө нь байдагсан бол шинэ сумыг ч манай залуус дор нь барьчихаар чадвартай болжээ” гэж аймгийн Засаг даргатай ярилцсан.

Тэрээр аймгийн Засаг даргад аймгийнхаа Цэргийн штабыг бүрэн бүрэлдэхүүнээр ажиллуулахад онцгой анхаарах ёстойг ч илэрхийлсэн юм.  Уулзалт, ярилцлагын дараа Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн зарим алба хаагчийг шагнан урамшуулж, ангид нь “Пургон” машин гардуулан өглөө.

Батлан хамгаалахын сайдыг дагалдаж ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, БХЯ-ны БХЗГ-ын дарга, хурандаа Х.Батсайхан,  ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга, хурандаа Д.Энхбаатар нарын албаныхан ажиллалаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага