Зэвсэгт хүчний 2017 оны шилдгүүдэд шагналыг нь гардууллаа
2018 оны 1 сарын 5

ЗХЖШ-ын 2017 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо. Тайлангийн хуралд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд оролцож ололт амжилтад нь баяр хүргэж, баримтлах бодлого зорилтоо танилцуулав.
Энэ үеэр Зэвсэгт хүчний 2017 оны шилдгүүдэд шагналыг нь гардуулан өглөө. Тухайлбал, Зэвсэгт хүчний тэргүүний ангиар хурандаа Д.Дугаррагчаа захирагчтай Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, тэргүүний салбараар Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн ахмад Б.Энхжин захирагчтай салбар, тэргүүний офицероор Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Бодит шалгалтын бүлгийн дарга, инженер, ахмад Э.Отгонбаяр, тэргүүний ахлагчаар Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн сургагч ахлагч Г.Анхбаяр нар шалгарсан юм. Мөн тэргүүний гэрээт цэргийн алба хаагчаар Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн Тусгай томилолтын ротын тасгийн захирагч, түрүүч Б.Буянхишиг, тэргүүний хугацаат цэргийн алба хаагчаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч Г.Болд-Эрдэнэ, тэргүүний ажилтан алба хаагчаар Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн хөлдөөгч зоорины дарга Б.Сүхбаатар нар шалгарсан бөгөөд шагналыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нар гардуулан өгч тэргүүлэгчээ алдахгүй хичээж ажиллахыг захиад баяр хүргэв. Зарим шилдгүүдийн сэтгэгдлээс хуваалцлаа.

Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн…дугаар салбарын захирагч, ахмад Б.Энхжин:

-Манай салбар 1982 онд Зэвсэгт хүчний анхны онц салбар болж байсан. Энэ түүхэн амжилтаа 2017 онд давтаж, баталгаажуулж чадсандаа манай анги, салбарын хамт олон маш их баяртай байна. Сэтгэл догдлуулсан сайхан мөч байлаа. Өнгөрсөн онд салбарын түүхт 50 жилийн ой тохиосон бөгөөд энэ үед олон бүтээлч ажлыг манай хамт олон хийж хэрэгжүүлсэн. Хорооны хэмжээнд зохиогдсон бага мэргэжилтний аварга шалгаруулах тэмцээнд салбараараа тэргүүн байр эзэлж, орон нутагтаа олон арга хэмжээнд хамтран ажиллаж байна. Энэ дашрамд, бүх талаар дэмжиж ажилладаг Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн удирдлага болоод Зэвсэгт хүчний Агаарын цэргийн команлал, ЗХЖШ-ын удирдлагад гүн талархал илэрхийлье. Бид энэ эрчээ алдалгүй хичээх болно оо.

2017 оны тэргүүний офицер, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ахмад Э.Отгонбаяр:

-Олон шилдэг офицеруудаас шалгарч 2017 оны шилдэг болсондоо туйлын баяртай байна. Том хувь тохиол, аз завшаан байлаа. Миний хувьд өнгөрсөн жил ангидаа багагүй санаачлага гаргаж ажиллахыг хичээснээс гадна мэргэжлийнхээ чиглэлээр гарын авлага гаргалаа. Хамгийн гол нь эрхэлсэн ажилдаа сэтгэл, зүтгэлээ бүрэн зориулахын төлөө өөрийгөө завгүй байлгалаа. Анги, хамт олны удирдлага болоод намайг дэмждэг бүх журмын нөхөддөө баярласнаа илэрхийлээд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

2017 оны тэргүүний ахлагч, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн сургагч ахлагч Г.Анхбаяр:
– Зэвсэгт хүчинд 18 дахь жилдээ алба хааж байна. Өнгөрсөн онд Зэвсэгт хүчний хэмжээнд анх удаа болсон “Танкийн биатлон-2017” арга хэмжээнд манай ангийн экипаж тэргүүлсэн бөгөөд миний бие бүрэлдэхүүнд нь орсон байсан. Миний Зэвсэгт хүчинд алба хааж буй бүх цаг хугацаа , амжилт бүтээл бүхэн ангитай маань салшгүй холбоотой. Зэвсэгт хүчний 167 дугаар ангид томилогдож очоод 18 жил болж байна. Та бүхнийхээ итгэл, хүндэтгэлийг дааж ажиллана аа.

Тэргүүний гэрээт цэргийн алба хаагч, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн Тусгай томилолтын ротын тасгийн захирагч, түрүүч Б.Буянхишиг:

-2014 онд Зэвсэгт хүчний 256 дугаар ангид хугацаат цэргийн алба хаачихаад гэрээт цэргээр үлдсэн. Ердөө гуравхан жилийн дараа олон шилдэг гэрээт цэргүүдийн тэргүүлэгч нь болж чадсандаа баяртай байна. Хүн хичээвэл амжилт ойрхон гэдэг үнэн юм байна. Миний тэргүүлэгч болох гол хөшүүрэг нь манай анги 17 жилийн дараа Зэвсэгт хүчний марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авсан. Манай ангийн удирдлага, хамт олон хичээсэн, зүтгэсэн. 1997-1999 гурван жил дараалан түрүүлсэн амжилт нь хэсэг хугацаанд тасарчихаад байсан юм билээ. Миний мөрөөдөл гэвэл гэрээт цэргийн албанаасаа ахлагчийн албанд шилжиж ажиллах юм. Бичиг баримтаа явуулсан байгаа. Ангийн удирдлага, хамт олондоо баярлалаа гэж хэлье.

Эх сурвалж: “Соёмбо” сонин

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага