Ц.Даваасүрэн: Асуудлыг цогцоор нь шийдэж байж агаарын бохирдлыг бууруулна
2018 оны 1 сарын 9


Агаарын бохирдлыг хэрхэн бууруулах талаар сүүлийн үед салбар бүрт эрчимтэй хэлэлцэж гарах гарц, шийдлийг эрэлхийлж байна. Тухайлбал, Засгийн газар хуралдаж тодорхой хэд хэдэн шийдвэр гаргасан билээ. Иймд эрчим хүчнийхэн томоохон ямар ажлыг хийхээр болсон талаар салбарын сайд Ц.ДАВААСҮРЭНТЭЙ ярилцлаа.

-Манай улсын агаарын бохирдлын дийлэнх хувийг гэр хорооллын яндангийн утаа бүрдүүлдэг. Ийм тохиолдолд яг ямар шийдэл тохирох бол?

-Янз бүрийн шийдлээр агаарын бохирдлыг бууруулах нь зүйтэй. Тухайлбал, нэг хэсгийг нь зах зээлд бэлэн байгаа 16 мянган орон сууцанд оруулах, нөгөө хэсэгт нь сайжруулсан түлш нийлүүлэх, заримыг нь ажлын байртай болгох, нүүлгэн шилжүүлэх гэх мэт. Мөн зарим хэсгийг нь хуримтлууртай халаагуураар хангах зэрэг олон шийдэл байж болно.

-Хуримтлууртай халаагуурын талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Юуг хэлж байна вэ?

-Дөрвөн кВт-ын хуримтлууртай халаагуур буюу зуух байна. Шөнө цахилгаанаа хуримтлуулаад түүгээрээ 06.00-21.00 цагийн хооронд гэр, байшингаа халаах төхөөрөмж юм. Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн энэ үед маш боломжийн шийдэл гэж харж байгаа.

-Нийслэлийг дөрвөн бүсэд хуваачихсан байгаа. Аль бүсийн айл өрхүүд хуримтлууртай халаагуур ашиглах боломжтой вэ?

-А бүс буюу Таваншар, Баянхошууны уулзвар, I хорооллын арын гэр хороолол, Дэнжийн 1000, Далан давхар болон Долоон буудал орчим, Дарь-Эх, Дамбадаржаагийн уулзвар гэсэн хотын төв тойрсон хэсэгт оршин суугаа айл өрхийг хуримтлууртай халаагуураар хангахаар төлөвлөж байна.

-Одоогийн нөхцөл байдлаар энэхүү төхөөрөмжийг ашиглахад цахилгааны хүчин чадал дийлэхгүй. Иймд эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага тулгарах болов уу. Энэ чиглэлд хэрэгжүүлж байгаа болон цаашид хийхээр төлөвлөсөн ажил юу байна вэ?

-А бүсийн 27 мянган айл өрхийг дөрвөн кВт-ын халаагуур залгах боломжоор хангах ажлыг аль хэдийнэ эхлүүлчихсэн. Эдгээр айл өрх энэ оны нэгдүгээр улиралд багтаад халаагуур залгах боломжтой болно. Мөн үүнээс гадна энэ онд багтаад 20 орчим мянган айлыг цахилгаан халаагуур ашиглах эрчим хүчний боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр А бүсийн айл өрхүүд хуримтлууртай халаагуур хэрэглэх бүрэн боломжтой болно гэсэн үг. Энэ бүсийн айл өрхийг цахилгаан халаагуур ашиглах боломжоор хангахын тулд 150-200 МВт- ын нэмэлт хүчин чадал шаардагдах тооцоо гаргасан. Үүнийг ТЭЦ III, IV-ийн өргөтгөлөөр шийдвэрлэнэ. Иймд III, IV цахилгаан станцыг өргөтгөж, шинэчлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Тэгэхээр эндээс цахилгааны эх үүсвэрийг бүрдүүлнэ. Харин нийт 47 мянган айл өрхөд шаардлагатай шугам сүлжээг энэ онд багтаан татаж дуусгана.

-Цахилгаан халаагуур ашиглах нөхцөл боломжоор хангаснаар түүхий нүүрс түлэхийг хориглож байна гэсэн үг үү?

-Энэ бүсэд түүхий нүүрс түлэхийг хориглож, улмаар герман технологиор хийсэн хуримтлууртай халаагуур хэрэглэх шаардлага тавина.

-Гэр хорооллын айл өрхүүдийн амьжиргааны төвшин төдийлөн сайн биш учраас хэтэрхий өндөр үнэтэй халаагуур худалдан авах боломжгүй. Хуримтлууртай халаагуур үнэ ханшийн хувьд ямар байх бол. Түүнийг айл өрхүүдэд ямар нөхцөлөөр олгох вэ?

-Хуримтлууртай зуух хоёр сая төгрөгийн үнэтэй. Гэхдээ үүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно. Өөрөөр хэлбэл, тухайн айлд төлбөрийн дарамт учруулахгүйгээр хямдралтай, урт хугацаатай зээлээр олгох нь зүйтэй. Нэг айл жилд дунджаар 500 мянган төгрөгөөр нүүрс худалдан авч түлдэг гэж бодвол үүнээс илүү бага төлөлттэй байхаар тооцох нь зөв шийдэл. Хуримтлууртай зуухыг ямар журмаар олгох талаар одоохондоо тодорхой шийдэлд хүрээгүй байна. Халаагуур олгосныхоо дараа айл өрхүүдэд давхар хариуцлага хүлээлгэхгүй бол хэн нэгэнд дамжуулж зарах эрсдэлтэй. Иймд хэрэв энэ зуухыг тогтмол хэрэглэж, утаа гаргахгүй байж чадвал тодорхой хугацааны дараа өөрийн тань өмч болно гэдэг зарчим баримталдаг ч юм уу. Агаарын бохирдлыг бууруулахад иргэн хүн бас хариуцлага хүлээх ёстой. Тийм учраас амьжиргааны төвшин доогуур айл өрхүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ ийм ийм үүрэг хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгуулах ёстой. Мөн дүүрэг, хороод хамтарч энэ чиглэлд хяналт тавьдаг бүлгэм байгуулах шаардлагатай болов уу.

-Хуримтлууртай зуухаар айл өрхийг хангах, цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажилд улсын төсвөөс хэчнээн төгрөг шаардагдах бол. Санхүүжилтийн асуудалд тооцоо хийсэн зүйл бий юү?

-ТЭЦ IV-ийн өргөтгөлд 98 сая ам.доллар шаардлагатай. Үүнийг ОХУ- аас хөнгөлөлттэй зээлээр авахаар шийдвэрлэсэн. ТЭЦ III-ыг 250 МВт-ын хүчин чадалтай болгон өргөтгөхөд 300- аад сая ам.доллар шаардлагатай байх. Гэхдээ энэ бол зөвхөн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өргөтгөл хийж байгаа явдал биш. Улаанбаатар хотын ойрын дунд хугацаанд дулаан, эрчим хүчний хангамжийг давхар шийдэж буй хэрэг. Эрчим хүчний эх үүсвэрийг нь ийм байдлаар шийдсэний дараа айлууд руу шугам татах ёстой. Үүнд 47 тэрбум ам.доллар шаардлагатай. Энэ хавартаа багтаагаад 27 мянган айл өрхийг хуримтлууртай халаагуур хэрэглэх нөхцөл боломжоор хангана гэдгийг дахин хэлье. Энэ мэтээр эхлээд төрийн зүгээс хийх ёстой ажлаа гүйцээсний дараа иргэдийг үүрэгжүүлэх, хариуцлага тооцох асуудал ярих ёстой шүү дээ.

-Үүнээс өмнө утаа гаргадаггүй “Хас”, “Өлзий” гэх мэт янз бүрийн зуух тараасан, зарим нь өөрсдөө худалдан аваад хэрэглэж буй тохиолдол ч бий. Гэтэл дахиад хуримтлууртай халаагуурын талаар ярихаар хүмүүст төдийлөн итгэл үнэмшил төрөхгүй байж мэдэх юм?

-Дэлхийн бусад улс орон агаарын бохирдлоосоо хэрхэн салсан туршлагыг судалж үзсэн. Түүний дундаас гэр хорооллын нөхцөлд тохирох нь Германы технологитой, хуримтлууртай халаагуур байлаа. Герман улс 1970, 1980 оны үед үүнийг ашиглаж, агаарын бохирдолгүй болж байсан юм билээ. Гэхдээ үйлдвэрлэлийн тоо нь хязгаартай гэсэн. Жилд 20 мянган халаагуур нийлүүлэх боломжтой гэсэн саналыг Германы талаас бидэнд ирүүлсэн. Гэтэл бидэнд хуримтлууртай 40 мянган зуух хэрэгтэй байгаа. Дунджаар 20-оод сая ам.доллар гэсэн үг. Гэхдээ герман технологийн патентыг авсан монгол иргэн байдаг юм билээ.

-Тэгэхээр нэг хүний бизнесийг дэмжсэн ажил болчихвий гэсэн болгоомжлол, хардлага гарах байх?

-Герман улсын технологийг өөр хэд хэдэн компани авч болно. Бидэнд 40 мянган зуух хэрэгтэй учраас ямар ч компанид нээлттэй.

-Сүүлийн үед агаарын бохирдлыг бууруулах, нэг мөр устгах талаар холбогдох байгууллагууд эрчимтэй хэлэлцэж, гарах гарц, зөв шийдлийг эрэлхийлж байна. Тухайлбал, УИХ- ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдааны үеэр зарим гишүүн яндангаасаа хар утаа гаргаж байгаа айл өрхүүдэд торгууль ногдуулах санал гаргаж олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан тал бий?

-Утааны бас нэг үндсэн шалтгаан нь ядуурал. Агаарын бохирдол хортой, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг хүн бүр мэддэг хэрнээ айл өрхүүд тодорхой, тогтмол орлогогүй байгаа учраас элдэв янзын зүйл түлж байна. Иймд иргэдийг ажил, орлоготой болгох үүргээ төр өөрөө гүйцэтгэж байж иргэдэд шаардлага тавих ёстой. Ажлын байр, орлого, агаарын бохирдлын асуудалд харицулага хүлээх зэргийг цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй. Энэ мэт асуудлыг 2018 онд багтааж шийдвэрлэж чадвал ирэх жил агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурна. Агаарын бохирдлыг бууруулах ийм шийдэлд Засгийн газар хүрсэн.

-Гэрийн дулаалгын талаар шаардлагатай, шаардлагагүй гэж нэлээд маргаж байна. Агаарын бохирдлыг бууруулахад энэ ажил хэр зэрэг нөлөөтэй байдаг юм бол?

-Агаарын бохирдлын 50 хувийг дулаалгаар шийднэ. Тухайн айл гэр, байшингаа дулаалахгүй бол ямар ч үр дүн гарахгүй. Тиймээс хуримтлууртай зуухтай зэрэгцэн дулаалгын асуудлыг хамтарч шийдвэрлэх асуудал бий. Гэхдээ энэ ажлыг иргэдтэй хамтарч гүйцэтгэнэ. Хэрэв, дулаалга шууд бэлэн өгвөл түүнийг дамлаж зарах явдал гарч магадгүй. Иймд хуримтлууртай зуух авах гэж байгаа айлууд гэр, байшингаа дулаалсан байх ёстой гэсэн шаардлага тавих хэрэгтэй.

-Түрүүн та утааны бас нэг үндсэн шалтгаан бол ядуурал учраас асуудлыг цогцоор нь шийдвэрлэх ёстой гэж хэллээ. Ямар гарц, шийдэл харж байна вэ?

-Манай улсын эдийн засаг 5.8 хувийн өсөлттэй байна. Энэ үзүүлэлт ирэх жил үргэлжилж, нэмэгдэнэ. Ажлын байрыг заавал нийслэлд бий болгох биш, малгүй болоод хотод ирсэн иргэдийг малжуулах, орон нутагт нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд анхаарах нь зүйтэй. Товчхондоо, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг мал аж ахуйн чиглэлээр орон нутагт нь олгодог болох хэрэгтэй. Жишээлбэл, арван мянган айлд тус бүр 200 бог, цөөн тооны бод мал, иж бүрэн гэр өгөөд орон нутаг руу нь шижлүүлэхэд 200 тэрбум төгрөг болно. Энэ мэт ажлыг сэтгэл гаргаад хийвэл боломж бололцоо хангалттай бий. Тиймээс Засгийн газар өмнөх жилүүдийнх шиг хий хоосон ярих биш бодит ажил хэрэг болгох зорилго тавиад төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хуримтлууртай халаагуурын талаар ганцхан ярих биш, иргэдийг ажил, орлоготой болгох, орон нутаг руу нь нүүлгэн шилжүүлэх зэрэг асуудлыг цогцоор нь шийдэж байж агаарын бохирдлыг багасгана.

С.ЮМСҮРЭН

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага