Орон сууц хэрэгцээтэй иргэдийн 13% нь банкны шалгуур хангахаар байна
2018 оны 1 сарын 12

 

Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, урьдчилгаа төлбөр, хүүг бууруулах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах, түрээсийн орон сууцны хөтөлбөрийг эрчимжүүлж, түрээслэнгээ өмчилдөг хэлбэрт шилжих зэрэг иргэдэд хүлээлт үүсгэсэн олон асуудал байна.

 

Ипотекийн зээлийн журмыг шинэчлэн боловсруулахаар Сангийн Яам, Барилга Хот Байгуулалтын Яам, Монголбанк, Төрийн Орон Сууцны Корпорацийн хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм.

 

Шинэчилсэн журмыг ирэх долоо хоногийн Засгийн Газрын хуралдаанаар батлуулахаар бэлдэж байгаа аж.

 

Орон сууцжуулах асуудлаар хэн ямар байр суурьтай байгаа талаар хүргэе.

 

                              Сангийн дэд сайд Х.Булгантуяа: 

 

Ипотекийн зээлийн санхүүжилтэд 2017 онд 400 гаруй тэрбум төгрөг зарцуулсан бол 2018 оны төсөвт 300 орчим тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн.

Одоогийн байдлаар орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй 252 мянган иргэн байгаагаас 13 хувь нь арилжааны банкны шалгуурыг хангахаар байна. Бид ипотекийн зээлийн санхүүжилтийн бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар олон улсын байгууллагууд руу хандан ажиллаж байна.

Найман хувийн зээлийн хөтөлбөр зорилтот бүлэгтээ хүрээгүй тухай гомдол нэлээд гарч байна. Найман хувийн зээлээр 2-3 удаа байр авсан хүн олон байна. Энэ мэт гажуудлыг арилгах зорилгоор ипотекийн зээлийн журмыг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна.

 

          Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал О.Орхон:

 

“Зээлийн хүүг бууруулахаас илүү өртгийг нь бууруулах хэрэгтэй. Төлбөрийнхөө урьдчилгаа 30 хувиа төлөө орон сууцанд орох боломжтой иргэд алга, дууссан байна.

 

Бид 8 хувийг 5 хувь болгож үзсэн. Маш олон иргэн орон сууцтай болсон. Энэ мэт боломж бүрдүүлж, орлогын түвшинд таарсан нөхцөлийг бий болгох шаардлагатай байна.

 

Хямд өртөгтэй орон сууцны талаар судалсан. Эцэст нь зорилтот бүлэгт татаас өгөх асуудлыг Сангийн Яам удахгүй шийдэх байх. Гол нь татаасыг яаж эцсийн хэрэглэгчдэд хүргэх шийдлээ олохгүй байна”.

 

                         MMCG компанийн захирал Д.Бум-Эрдэнэ:

 

 

2014 онд Барилга Хот Байгуулалтын Яамтай хамтран анх удаа орон сууцны эрэлтийн талаар судалгаа хийсэн. Өмнө нь гэр хорооллын бүх өрхийг эрэлт гэж тооцон төрийн бодлого явагддаг байсан. Судалдаа хийгээд үзэхэд худалдан авах чадвараар баталгаажсан эрэлт илт бага байгаа нь ажиглагдсан. Тиймээс нийлүүлэлт давах нь ээ барилгын салбарт шок үүсгэж байна гэсэн мэдээллийг тухайн үед хийж байв.

 

Харин 2016 онд Нийслэлийн Орон Сууцны Корпорацтай хамтран дахин судалгаа хийсэн. 352 мянган өрхийн  252 мянгад нь орон сууц авах хэрэгцээ байгааг тогтоосон. Энэхүү хэрэгцээг нарийвчлан харах хэрэгтэй юм.

 

Гэтэл жилд ипотекийн нөхцөлийг хангаж зээл хийх боломжтой хүмүүс 10 мянга орчим л байна. Ипотекийн зээлд тэдгээр 10 мянган айлын л асуудал шийдэгдэхээс бус 200 мянган хүн зээлд хамрагдаж чадахгүй хоцорно. Тэдгээр 200 мянган өрхийг хэрхэн орон сууцжуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Нийт эрэлтийн 66 хувь нь 1.5 саяас доош үнэтэй орон сууц авах хүсэлтэй байна. Гэтэл нийлүүлэлтийн судалгаанд дундаж үнэ 2 саятай байгаа талаар ярилаа. Гэтэл массын хүсээд байгаа үнэ 1.3 сая… 700 мянган төгрөгийн зөрүүгээ хэрхэн нөхөх вэ гэдэг асуудал ургаж байна. Барилгын салбарын нийлүүлэлтээ харахаар 1.3 саяас доош үнэтэй нь 20 хувь байгаа юм.

                                                                                                          

                                                                                                  П.Болор

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага