“Цагдаагийн мэдээлэл” нэвтрүүлэг дохионы хэлний орчуулагтайгаар үзэгчдэд хүргэнэ
2018 оны Januaryын 12

Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс бэлтгэж МҮОНТВ-ийн 1 дүгээр сувгаар олон нийтэд хүрдэг “Цагдаагийн мэдээлэл” нэвтрүүлэг өнөөдрөөс дохионы хэлний орчуулгатай гарахаар боллоо.

Энэхүү нэвтрүүлгийг дохионы хэл рүү орчуулж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн дохионы орчуулагч, багш Б.Саранчимэг “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийг дохионы хэл рүү орчуулан зорилтот бүлэгт хүргэж байгаадаа баяртай байна. Энэ чиглэлийн нэвтрүүлгийг дохионы хэл рүү хөрвүүлж байгаа нь том ололт. Сонсголын бэрхшээлтэй иргэд маань сонсохоос бусад зүйлийг хийж чаддаг, нүдэн баримжаагаар аливаа мэдээллийг авдаг. Тиймээс “Цагдаагийн мэдээлэл” нэвтрүүлгийг дохионы хэлээр хүлээн авснаар цагдаагийн байгууллагын ажил, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг авахын сацуу өөрийгөө болзошгүй эрсдэлээс хамгаалах мэдлэгтэй болж байгаа нь чухал юм” гэлээ.

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 100 мянга орчим иргэн байдгийн 12 мянга нь хэл яриа, сонсголын бэрхшээлтэй гэсэн тоо баримт байна.

“Цагдаагийн мэдээлэл” нэвтрүүлэг баасан гараг бүрийн орой үзэгчдэд хүрдэг билээ.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага