Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт “ДАВОС 2018”
2018 оны 1 сарын 16

Швейцарын Давос хотноо жил бүр зохион байгуулдаг дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын бэлтгэл ажил эхэлсэн байна. Давосын эдийн засгийн 48 дахь удаагийн чуулган энэ сарын 23-26-нд болох юм. Энэ жилийн Давосын эдийн засгийн чуулга уулзалтад дэлхийн улс орнуудаас 3000 гаруй улс төр, эдийн засаг, бизнесийн салбарынхан, албаны төлөөлөгч оролцохоор болжээ. Тэд дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал зэрэг өргөн хүрээний сэдвээр хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Давосын эдийн засгийн чуулганыг санаачлан зохион байгуулагч Клаус Шваб “Дэлхийн хамгийн баян найман хүний хөрөнгө ядуу буурай, өлмөн зэлмүүн амьдралтай 3.5 тэрбум хүний нийт хөрөнгөтэй тэнцэнэ.

Улс орнуудын төр засаг, компани, хэвлэл мэдээлэл, эдийн засагт итгэх итгэл буурахын зэрэгцээ дэлхийн санхүүгийн хүндрэл бэрхшээл, эдийн засгийн доройтол хүрээгээ тэллээ. Улс орнуудад шударга өрсөлдөөн, хариуцлагатай төр засаг, удирдлага шаардлагатай” хэмээн бэлтгэл ажлын танилцуулгын үеэр ярьжээ. Энэ удаагийн Давосын чуулганд АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоо мэдэгдсэн. Энэ удаагийн чуулганаар дамжуулж АНУ дэлхийн удирдагчидтай холбогдох боломж бүрдэж байгаа юм. Мөн АНУ энэ удаагийн чуулганд оролцох болсон гол шалтгаан нь Цагаан ордны тэргүүний дэвшүүлсэн “Америк нэгдүгээрт” бодлоготой холбоотой гэж ажиглагчид үзэж байна.

АНУ дэлхийн тэргүүлэгч улс орны хувиар оролцохоо мэдэгдсэн. Вашингтоны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Эрчим хүчний сайд Рик Перри, Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны сайд Уилбур Росс, Хөдөлмөрийн сайд Альбер Акоста, Зам тээврийн сайд Элейн Чао, төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, ерөнхийлөгч Д.Трампын хүргэн Жаред Кушнер нар багтжээ. АНУ-ын Засгийн газар Давосын чуулга уулзалтад төлөөлөгчдөө илгээдэг байсан бөгөөд 18 жилийн дараа Цагаан ордны тэргүүн анх удаа оролцож буйгаараа онцлог юм.

Дэлхийн эдийн засаг, улс төрийн томоохон тоглогч болох Орос улсын төрийн тэргүүн Давосын чуулганд оролцохгүйгээ албан ёсоор мэдэгдсэн билээ. Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Эрчим хүчний сайд Александр Новак, “Касперскийн лаборатори” компанийн захирал Евгений Касперский, “Новатэк” компанийн захирал Леонид Михельсон, “Лукойл” компанийн ерөнхийлөгч Вагит Алекперов нар багтжээ. Энэ удаагийн Давосын чуулганы үеэр Орос, АНУ- ын төлөөлөгчид эрчим хүч, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, чуулганы хоёр дахь өдөр буюу энэ сарын 24-нд Оросын Эрчим хүчний сайд А.Новак, АНУ- ын Эрчим хүчний сайдтай уулзахаар товложээ. ОХУ дэлхийн эрчим хүчний зах зээлд ноёлох бодлогоо Давосын уулзалтаар баталгаажуулах зорилготой байна.

Тиймээс Оросын Засгийн газрын гишүүн А.Новак АНУ-аас гадна томоохон импортлогч улс болох Энэтхэг, Саудын Арабын Эрчим хүчний сайд нартай тусгайлан уулзах юм. Давосын чуулганд оролцогсод энэ долоо хоногийн туршид маш олон асуудлаар уулзалт, зөвлөгөөн, дугуй ширээний уулзалт, мэтгэлцээн, хамтарсан яриа хэлэлцээр зохион байгуулдаг уламжлалтай Давосын чуулганы үеэр Европын холбооны бүрэлдэхүүнээс гарах шийдвэр гаргасан Их Британийн бодлого, барууны улс орнуудын эдийн засгийн төлөв байдал, Азийн эдийн засгийн хөгжил, НАТО, Европын холбоо зэрэг олон улсын томоохон салбар нэгжийн цаашдын бодлого гэхчлэн маш олон сэдвийг хөндөн хэлэлцэхээр төлөвлөж байна. “Дэлхийн ирээдүйг өөрчлөх” уриатай Давосын чуулганд Цагаан ордны тэргүүн Дональд Трамп, Украины ерөнхийлөгч П.Порошенко, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагерд, Энэтхэгийн ерөнхий сайд Н.Моди тэргүүтэй төр, засгийн удирдагчид оролцохоо мэдэгдсэн. Мөн Саудын Арабын иргэншил авсан Софи робот оролцох юм. Давосын 48 дахь удаагийн чуулганд Кейт Бланшет, Элтон Жон, Шахрух Хан нарын урлаг, соёлын алдартан оролцож хүн төрөлхтний ирээдүйн талаар илтгэл тавих юм.

Тодруулбал, жүжигчин Шахрух Хан хүүхдийн эрүүл мэндийн тухай илтгэлдээ өгүүлэх бол Кейт Бланшет хүйсийн эрх тэгш байдлыг хангахыг дэлхийн удирдагчдад уриална. Харин дуучин Элтон Жон ДОХ-гүй шинэ үеийнхийг бий болгох тухай илтгэл тавих аж.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага