Монголбанкны хяналтын зөвлөлийн хурлын мэдээ
2018 оны 1 сарын 16

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал  2018 оны 1 дүгээр сарын 15-нд болов. Тус хурлаар Монголбанкны гадаад валютын байршил, урт, богино хугацаатай хөрөнгө оруулалтын багцын байдал, валютын позиц, гадаад өр төлбөрийн асуудлын талаар Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Монголбанкны гадаад валютын улсын нөөцийн удирдлага, эрсдэлийн менежментийн талаар Эрсдэлийн удирдлагын албаны ахлах эдийн засагч Б.Ганзаяа, ахлах эдийн засагч Ч.Лхагвадулам нарын сонсгол мэдээлэлийг хэлэлцэв. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Хяналтын зөвлөлийн гишүүн Л. Ариунаа мэдээлэл хийв.

Хяналтын Зөвлөлийн хурлаас гадаад валютын улсын нөөцийг удирдахдаа Монгол улсын өрийн үйлчилгээ 2022 он хүртэл жилээс жилд нэмэгдэх эрсдэлийг тооцож ажиллах, гадаад валютын нөөцийг тайлагнадаг олон улсын стандартыг мөрдөж ажиллахыг Монголбанкны холбогдох газруудад зөвлөв. Мөн Эрсдэлийн удирдлагын албаны зүгээс засаглалын зохистой бүтцийг бүрдүүлж ажиллах, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагыг сайжруулах, мөн түүнчлэн засаглалын болон бодлогын эрсдэлийг удирдах чиглэлээр, албаны үйл ажиллагааны хамрах хүрээг өргөтгөх боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргав.

Мөн ээлжит хурлаар Хяналтын зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан,  төлөвлөгөө, төсвийг хэлэлцэж, хийх ажлын чиглэлийг тогтов.

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага