З.Болдбаатар: Нэг том орд, нефтээ ашиглаад сурчихад “Арабын шейх”-ууд шиг амьдрана
2018 оны Januaryын 19

Монголын ногоон хөгжлийн зуун ТББ-ын Тэргүүн, Ойн инженер, экологич З.Болдбаатартай ярилцлаа.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө болон ТББ-ийнхаа үйл ажиллагааг танилцуулна уу?

– 1982 оноос хойш Ой модны аж үйлдвэрийн яам гэж байсан цагаас байгаль орчны салбарт ажиллаж ирлээ. Мод тарьдаг, мод үржүүлгийн техникч инженер хийж байсан. Дээр нь байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байлаа. Ойн модны аж үйлдвэрийн яам, Ойн хайгуулын төсөл, үйлдвэржилтийн хүрээлэнд ой зохион байгуулалтын хэлтэст ажиллаж байсан. Монгол орны ойн зохион байгуулалтыг хийдэг нэг ёсондоо тоолдог байсан гэсэн үг.

Зах зээл гарнаас хойш улсын эдийн засгийг тэтгэх зорилгоор уул уурхай, стратегийн орд газрыг ашиглаж, алтны уурхайнууд болон бусад дагалдах баялагийг ашиглах компаниуд нэмэгдсэн. ААН-ийн тоо нэмэгдэж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйлдлүүд маш олноор гарч ирэх болсон. Ялангуяа хүн ам цөөтэй, байгалийн баялаг ихтэй өргөн уудам нутагтай оронд хуулийн хэрэгжилт маш муу хангагддаг.

Тийм учраас Иргэний нийгмийн байгууллагууд байгуулагдсан. 2008 онд “Монголын ногоон хөгжлийн зуун” ТББ-ыг байгуулан иргэний нийгмийн байгууллагын дуу хоолойгоо хүргэе, байгаль орчныг зөв ашиглах тал дээр дэмжлэг туслалцаа үзүүлэх хамгаалах талд нь төртэйгээ хамтарч ажиллая гээд БОАЖ-ийн сайд Л.Гансүхийг байхад үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Монголын анхны иргэний нийгмийн байгууллагуудын  нэг гэж болно.

Одоо Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн. Ер нь байгаль орчны тухай багц хуулийн хэрэгжилтийг хангуулах нь МБОИЗ-ийн УЗ-ийн гишүүн байгууллагууд маш идэвхитэй ажиллаж байсан. Сүүлийн жилүүдэд хуулийн хэрэгжилт маш муу болж ирсэн. Энэ нь улс төртэй холбоотой юм болов уу гэж харж байгаа.

Төрийн хяналт бодлого маш муу явж байгаагаас зүй зохистой ашиглах, үр өгөөж нь ард түмэндээ очиход үнэхээр учир дутагдалтай байна. Жишээлбэл, 3 хан сая хүн амтай, ийм их баялагтай улс байж ард түмэн нь ядуу  байна. Энэ нь манай төрийн байгууллагуудын учир дутагдалтай ажилладаг, сэтгэлгүй улс төрчидтэй холбоотой. Байгаль орчин маш ихээр доройтсон. Ой ус, газрын доорхи баялаг газрын хэвлий эвдэгдсэн. Энэ бүхэнд МБОИЗ маш хүчтэй дуу хоолойгоо хүргэж байсан.

Сүүлийн үед Иргэний нийгмийн үйл ажиллагааг хавчих дуу хоолойг нь боомилох, хамтарч ажиллахаас зайлсхийдэг болсон. Монгол хүн болгон эх орондоо амьдарч байгаа учраас үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолынхоо төлөө явах ёстой. Ялангуяа байгаль орчныг зөв зохистой ашиглах нь Монгол Улсын эрх ашиг байх ёстой.

Тэгэхгүй төрд ажиллаж байгаа хэсэг нөхөд, улс төрчдийн эрх ашиг байх ёсгүй. Улс орон гэдэг иргэд дээрээ тогтож байх ёстой. Эх орноо монголчууд өөрсдөө л хамгаална. Тэрнээс биш гаднаас хэн нэгэн ирж хамгаалахгүй. Оюутолгой, Тавантолгой  болон бусад стратегийн ордуудыг олноор нь ажлуулсан ч  эх орондоо үлдэхгүй, эдийн засгийг хөгжүүлэхгүй, ард олныг дэмжихгүй  байхад иргэдийн дуу хоолой заавал гарах ёстой юм байна.

Хэрвээ хуулийнхаа дагуу ард түмэндээ хэрэгтэй эх орондоо ашигтай, үндэсний  үйлдвэрлэлээр эдийн засаг дээшилсэн, ард иргэд нь ядуу буурай  биш бол бид дуугарахгүй шүү дээ. Үнэхээр байгаль бол сүйтгэгдэж байгаа. Хууль бус ашигт малтмал олборлолт ихээр хийгдэж байна. Энэ нь хүмүүс ядуу байгаатай холбоотой. Ой руу их дайрч байна. Ус ургамал сүйдэж байна. Сүүлийн 10 жил илт дордсон учраас иргэдийн дуу хоолой зайлшгүй хэрэгтэй болсон.

“Монголын ногоон хөгжлийн зуун” ТББ-ийг яагаад байгуулсан бэ гэвэл манай улсын нийт газар нутгийн 9 хүрэхгүй хувийг ой мод эзэлдэг. Тийм учраас мод үржүүлэг зайлшгүй хэрэгтэй гээд мод үржүүлгийн газар байгуулаад, Монгол Улсынхаа бүх иргэдийн тоогоор мод тарих гэж эрмэлзэж явна. Яагаад гэвэл би Монгол хүн, эх орондоо хайртай. Ирээдүй хойч  үедээ амьдрах орчинг үлдээхийн тулд ой руугаа хууль бусаар дайрахыг зогсоож, модыг их хэмжээгээр тарих ажлыг хийж байна. Нэг хэсэг нь модыг устгаж байхад, нөгөө хэсэг нь тарьж байх ёстой.

Уг нь энэ ажил төрийн бодлогоор явагдах ёстой. Иргэдийн санаачлагыг төр бодлогоороо дэмждэг байх ёстой. Гэхдээ төрд ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл дутмаг байна. Сэтгэлтэй байгаад ажилдаа үнэнч, хийх ажлынхаа араас явдаг, хуулийн  хэрэгжилтийг хангуулахын төлөө төр энэ ажлаа  хийх ёстой. Хангалттай хийхгүй байгаа учраас л иргэд оролцоод байгаа юм. Нөгөө талаар олон нийтэд байгаль орчны сүйтгэгдэж байгаа бодит мэдээлэл тэр бүр гарахгүй байна. Учир нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын хэвлэн нийтлэх эрх нь хязгаарлагдмал байх юм.

-Бүх монголчуудынхаа тоогоор мод тарина гэлээ. Одоогоор хичнээн га газарт, яг хаана мод тарьж байна?

-Би анх сургууль төгсөөд Монгол орны ойн төрөл зүйл ангийг тоогоор нь гаргаж, жилийн өсөлт нь хэд байна, бууралт нь хэд байна гэж гаргадаг байлаа. Сэргэн ургалт нь хэд, огтлолт нь хэд байгааг ч гаргадаг байлаа. Тэр үе Социализмын он жилүүд байсан учраас хүн болгон өөрийн дураар юм хийдэггүй байсан учраас гайгүй байсан. Би тухайн үед сургуулиа төгсөөд Ой модны аж үйлдвэрийн харъяа Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн сангийн аж ахуйн улсын бүрэн мод үржүүлгийн газарт ажиллаж байсан. Бид жилд 3 сая модыг бойжуулж ногоон байгууламж болгон ойжуулалтад гаргадаг байсан.

Энэ мэргэжлээ орхихгүй явсаар өөрөө хувиараа мод үржүүлгийн газар байгуулсан. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгонд 3 га газар байгуулж, 13 төрөл зүйлийн модыг бойжуулж байна. Энэ маань хотын ногоон байгууламж, иргэд аж ахуй мод тарихад, газар тариалангийн хамгаалалтын бүс, авто замын хамгаалалтын зурвас, ойн захын ашиглалтад зориулсан нөхөн сэргээлтэд зориулж байгаа. Гэхдээ модыг маш ихээр тарьж байгаа ч төр бодлогоороо дэмжиж өгөхгүй бол бидний ажил урагшилдаггүй юм байна. Төрөөс санхүүгийн болон эдийн засгийн урам өгөх юм байх хэрэгтэй.

-Төрөөс бодлогоор худалдаж авдаг гэдэг шүү дээ?

-Худалдаж авахад  бодлогын зохицуулалт хэрэгтэй байна. Бид нарын тарьсан моддыг дэмжихийн оронд урд хөршөөс хямдхан мод оруулж ирээд монголд мод тарьж байгаа хүмүүсийнхээ модыг худалдаж авахгүй байх тохиолдол байна. Энэ бүхэнд л төрийн бодлого хэрэгтэй. Гэтэл мод тарих сонирхолтой хүн ч их болсон. Тарьж байгаа нь ч их болсон. Борлуулалтаа хийж чадахгүйгээс ажил зогсож байна.

-Та яаж  борлуулдаг вэ?

-Би ч гэсэн маш их хэмжээгээр мод тарьдаг ч борлуулж чадахгүй л байна. Тариад л байдаг худалдан авах хүн байхгүй бол хувь хүмүүс яах юм. Уг нь иргэдээ ажилтай орлоготой болгоё гэвэл төр бодлогоороо дэмжиж энэ байдлыг өөрчлөхөд л анхааралдаа хандуулахад болно. Харин 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлагтай байж иргэдийнхээ төлөө ажиллая, эх орон тусгаар тогтнолынхоо төлөө явья, иргэдээ ядуурлаас гаргая, агаарын бохирдлоос салгая гэж байгаа нь таалагдаж  байна. Энэ хүний  ажилд урам өгөх ёстой.

Монгол улсын Ерөнхийлөгч гэдэг аль нэг улс төрийн нам эвслийн төлөөлөл байх ёсгүй. Монгол улсыг ерөнхий төлөөлсөн хүн байх ёстой учраас ийм зөв юм ярьж байгаад баяртай байгаа. Дээр нь Монгол Улсын Засгийн газар байгаль орчны талаар юм хийе, ядуурлаас гаргая, уул уурхайн ашиглалтаа зөв явуулья, орж ирж байгаа мөнгийг дотооддоо суулгая гэсэн ажлууд хийнэ гээд байгаа. Ашгүй гайгүй сайн анхаарах юм байна гэж хараад байна. Энэ хүмүүс төрийн ажилд сэтгэлээсээ хандаж чадах юм бол Монгол Улс урагш хөгжинө.

-Хууль  эрх зүйн үүднээс юу хийвэл зохих вэ?

-Манайд хангалттай хууль байгаа. Гарч байгаа хуулиуд яг хэрэгжихэд л асуудалгүй шийдэгдэх юм. Энэ хууль хэрэгжихгүй  байгаад л учир нь байна. Хуулиуд маш ихээр гардаг. Ялангуяа МБОИЗ шахаж, хамтарч байгаад Урт нэртэй хуулийг гаргуулсан. Энэ хууль  үнэхээр хэрэгжих юм бол уул уурхай, ашигт малтмал олборлолт зөв явагдана. Байгалиа хамгаалах нь ч зөв явагдана.

Тэр хуулинд юу гэж заасан гэхээр голын эхэнд, голоос 500 метрийн зайд ашиглалт олборлолт явуулахгүй. Ойгоос тэдэн метр хол гээд бүх талаас нь харж тооцсон маш сайн хууль гарсан. Энэ хуулийг л хэрэгжүүлчих  юм бол болчихож байгаа юм. Гэтэл байгальдаа ээлтэйгээр биш ээлгүйгээр журам гаргачихаад байна. Хуулийг хэрэгжүүлэх журам гэж нэмэлт өөрчлөлт оруулаад байна. Уг нь Төрийн байгууллагууд нь яг хуулиа хэрэгжүүлдэг, түүнийг нь хянадаг төрийн албан хаагч нар байх юм бол Монгол улс хөгжинө. Хуулиа л хэрэгжүүлж чадах юм байгаль орчинд сөрөг нөлөө гээд байхгүй шүү дээ.

Ард иргэд ч мөн адил эдийн засаг хүнд байна гээд байгаль руугаа дайрахгүй, ухамсартай байх хэрэгтэй. Яагаад гэвэл хүн нэг л төрж байгаа. Үр хүүхэд, ач гуч, хойч үедээ үлдээх юм аа заавал хийж байх ёстой. Өнөөдөр бид бүгдийг нь аваад, ашиглаад, хэрэглээд үхэж болохгүй шүү дээ. Тиймээс нэг л бөмбөрцөг дэлхий дээр байгаа бид бүхний ирээдүйн төлөө дэлхийн дулаарлыг бууруулахад улс орнууд нэгдэж байна.

Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн хүлэмжийн хий нэмэгдэж, Азоны давхарга нимгэрсэн зэрэг асуудлуудыг дэлхийн хэмжээнд ярьж байна. Мод тарья, ойгоо хамгаалья, ялангуяа Монгол шиг бага ойтой, уудам нутагтай газарт ойгоо хамгаалах хэрэгтэй. Тэр тусмаа Ойн яам гэж байгуулахгүй юм гэхэд Ойн газар гэж Засгийн газрын дэргэд агентлаг байх хэрэгтэй. Энэ нь ойн аж ахуйн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй.  Энэ  байгууллага байхгүйгээс байгаль орчин сөргөөр нөлөөлөх ажлууд хийгдээд байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага байгаль орчны салбарт ажиллах эрх нь байгаа мөртлөө ажиллах нөхцөл нь бүрдэхгүй байна. Байгаль орчны улсын байцаагч Монгол Улсын 21 аймаг, 330 сум сууринд байгаа. Даанч энэ хүмүүсийн ажиллах нөхцөл байхгүй. Ажиллах нөхцлийг нь бүрдүүлж өгөхгүй байна.

-Байгаль орчныг хамгаалах эрх үүрэг бүхий хүнийх нь ажиллах нөхцөл бүрдэхгүй болохоор яах вэ?

-Иргэд маань л хамгаална. Орон нутагт байгаа уугуул суугуул иргэдийн сэтгэл зүрх зовж байна. Тэнд амьдарч байна. Малаа маллаж, өвс ургамлаа хамгаалж байна. Гол нь нутгийн иргэдийн байгалиа зүй зохистой ашиглаж байгаа газрыг уул уурхай, ашигт малтмал гээд түрж орж ирээд байна. Би үнэндээ олон улсын төсөл хөтөлбөрүүдэд дургүй. Монгол Улсад мөнгө өгч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа мэт харагдавч манай орны байгалийн баялагт шунасан далд эдийн засаг яваад байна гэж боддог. Хамгийн зөв байгууллага нь НҮБ байдаг. Эндээс өгч байгаа нь л Монголд хэрэгтэй.

-Олон улсын төсөл хөтөлбөрүүдэд итгэж болохгүй гэсэн үг үү. Тусламж дэмжлэггүйгээр улс орон маань хөгжихөд хэцүү шүү дээ?

-Тусгаар тогтносон улс гүрэн гэдэг өөрийн гэсэн хуультай, онцлогтой, заншилтай. Энэ бүхнийг үгүйсгэж Африк шиг болгож болохгүй. Африк ямар байсан. Байгалийн баялагийг нь хувааж аваад, ухаад дууссан. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд л байсан. Одоо ус ч үгүй, ургамал ч үгүй, өвчин зовлонд баригдсан ард түмэнтэй, өглөг хандиваар л өдөр хоногийг өнгөрүүлдэг болсон байна. Ийм болж болохгүй.

Монгол орныг үнэндээ маш ихээр сонирхож байгаа. Бид энэ цагт хоёр том гүрний дунд байгаагаараа л азтай. Энэ л биднийг үнэндээ хамгаалж байна. Хоёр том гүрнийг даваад тэрэг техникээ ачаад аваад ирэх зоригтой улс орон байхгүй.

-Тэгвэл төсөл хөтөлбөр, буцалтгүй  тусламжийг хоёр хөршөөсөө илүү авсаар санхүүгийн эрхшээлд орох асуудал үүсвэл яана?

-Урд хөршөөс харьцангуй гайгүй л авч байгаа. Хойд хөрш бидэнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, тусламж өгөөд байхгүй. Бусад улс орнуудаас л их төсөл хөтөлбөр их ирж байгаа. Харин урд хөрштэй хамтарсан уул уурхайн компанууд маш их.  Ганц болгоомжлох зүйл нь газартайгаа зөв харьцах. Газраа алдаж болохгүй. Монгол хүний нэр дээр газар авчихсан урд хөршийн хүмүүс зөндөө л байгаа. Энэ асуудлыг ил гаргаж, далд явуулахгүй болох хэрэгтэй.

Урд хөрштэйгээ зүгээр л зэрэгцэж сайхан амьдрах хэрэгтэй. Угаасаа бидний хамаарал энэ шүү дээ. Хоёр хөрш маань биднийг боочих юм бол мянган байгалийн баялаг байгаад яах юм. Үнэн чанартаа урд хөрш л манай нүүрсийг авч байна. Өөр хаана авч байгаа юм. Авах газар байхгүй. Харин хэдэн олигархуудын гэр бүлийг тэжээх биш Монгол Улс орынхоо санд төвлөрүүлэх юм бол бид сайн сайхан явна. Хэдхэн хүн хувааж авч идчихээд байна.

-Эдийн засгийн хямралтай үед нүүрсийг зараад мөнгө болгож байна. Гэхдээ энэ маань шавхагддаг баялаг шүү дээ?

-Монгол Улс социализмын үед Эрдэнэтийн үйлдвэрээс өөр том үйлдвэр байгаагүй. Эрдэнэт өмнө нь ч, одоо ч тэжээсээр байна. Тэгтэл Эрдэнэтээс 10 дахин том үйлдвэр бий болчихоод байхад л Монгол Улс ядуурчихлаа. Энэ чинь нөгөө л Монголоо гэсэн сэтгэлгүй, төрийн удирдлагагүй байгаагийн л жишээ. Бүх ордыг нэг дор ингэж стратегийн орд  гээд байхгүй хэдхэн том ордод л хүчээ төвлөрүүлэх хэрэгтэй.

Энэ нь асар богино хугацаанд, хамтарсан нэрийн дор манай улсын хамаг баялагийг нь аваад л хоосон орхих боломж олгоод яваад байна. Уг нь 50 жилийн дараа тэрийг, 100 жилийн дараа энийг ашиглана  гэсэн бодлого хэрэгтэй. Гэтэл одоо л болж байвал гээд  хэдхэн жилийн дотор ордууд байгуулж, ашиглаж идэх гээд байна. Үүнийг төртэй улс гэдэг  утгаараа бодлоготой хандаж, хэзээ яаж баялагаа ашиглах вэ гэдгийг  тооцох ёстой.

Тэр нь өөрөө хойч үедээ л үлдээж байгаа хэрэг шүү дээ. Эрдэнэт, Тавантолгой энэ цаг үеийнхэнийг хангалттай тэжээх юм байна. энийгээ л зөв зохистой, үр өгөөжтэй ашиглах ёстой юм байна гэж асуудалд хандах ёстой. Олон орд газар, ашигт малтмал, уул уурхайг байгуулах тусам гадаадын улс орнуудын хараа бидэн рүү чиглээд байна.

Монгол Улс хуультай, тэдэн жилийн дараа л тэр газраа ашиглана гээд гаргачих юм бол “Эднийх хууль нь чанга. 50 жилийн дараа л ашиглана гэж байна” гээд бидэн рүү шунахгүй шүү дээ. Хэчнээн тонн алт, зэс байлаа гээд хуулийн хугацаа нь болоогүй бол ямар ч лобби хэрэггүй, бүтэхгүй гэсэн ойлголтой болгох ёстой. Ийм л бодлогыг төр баримтлах хэрэгтэй байгаа юм. Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсээр л төрийг дүүргэмээр байна.

-Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг яаж бий болгох уу?

-Иргэдийн зөв сонголт.  Боловсрол ч чухал биш. Хувийн ашиг сонирхол нь давамгайлсан хүмүүс дүүрэн байгаа учраас л Монгол Улс хөгжихгүй байна. 1000 наслах гэж байгаа юм шиг бодох хэрэггүй шүү дээ. Их л бодож 70 наслана.

-Байгаль орчны шугамаар хөдөө орон нутагт явж байхад байгаль орчин сүйдсэн муу жишээ юу байна?

-Би социализмын үед Сэлэнгэ аймагт голдуу ажиллаж байсан. Сэлэнгийн Бугантын алтны уурхайгаас өөр орд байгаагүй. Тэгэхэд зөв  бодлогоор, зөв технологиор, хууль нь хэрэгждэг чанга байхад тэр алтны уурхай байгаль орчиндоо сөрөг  нөлөө үзүүлээгүй. Байгалийн сэргэн ургалт, нөхөн сэргээлт нь ч хийгддэг, техник технологи нь тэндээ л төвлөрдөг, хариуцлага тэр л байгууллага хүлээдэг байсан.

Одоо бол хэдэн зуун бүлэг буюу 5 хүн нийлж бүлэг болоод л газрыг нь ухаж байна. Хэн ч хамаагүй компани байгуулаад алт ухдаг болсон. Энэ бол зах зээлийн энэ үед төрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн хууль хэрэгжихгүй  болж байгаагийн жишээ.

Сэлэнгийн Бугант, Ерөө, Хүдэр замаа алдаж байна. Тэр сайхан ойтой, устай, ургамалтай газрыг сүйтгэж байна. Орон нутгийн хэдхэн хүн л эрх ашгаа болгоод байна. Төрийн албан хаагчийн цалин хэд билээ, тэгэхэд жилдээ 200-300 сая төгрөгөөр машин авч унаад л 2-3 тэрбум төгрөгийн хаустай, хувийн зочид буудал бариад байна. Тэр мөнгө хаанаас гарч байгаа нь тодорхой байхад мэдсэн  мөртлөө чимээгүй л хараад байдаг.Энэ бүхнээс л монголчууд салах хэрэгтэй байна.

-Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд гаргасан алдаа гэж үү?

-Тийм монголчууд одоо л ойлгож байна. Одоо харин Монголчууд зоригтой дуугардаг болж байна. Зоригтой дуугардаг залуучууд ч байна. Иргэний нийгмийн байгууллагууд дуугардаг. Би “Босоо хөх Монгол” ТББ-ын залуучуудыг гоёор хардаг. Болж байна. Иргэд уул уурхайн янз бүрийн асуудал гарахад тэр залуучуудыг дуудаж байна. Хууль бус үйл ажиллагаа байна гээд л 3 хоногийн дараа ирнэ шүү гээд явахад айгаад холдож байна. Энэ чинь л иргэний нийгмийн  байгууллагын тэмцэл. Ийм байгууллага олон төрөөсөэй гэж боддог.

-Хуулиараа заримдаа энэ  хүмүүс маань буруудчих гээд байдаг шүү дээ?

-Иргэний нийгэм очиж шаардлага тавьж болно. Иргэн хүн  хэн ч гэсэн очиж шаардлага тавих эрхтэй. Энэ бүхэн хойч үедээ үлдээж байгаа өв. Ухаж байгаа нь байгаль орчинд сөрөг нөлөөлж байна гэж хэлэх эрхтэй. Гэхдээ Монгол гэсэн сэтгэлтэй хүмүүс байдгийг мэдрүүлж байх ёстой. Төр нь харин үнэлээд орон тооны бус улсын байцаагчийн үнэмлэх өгөх ёстой.

Дээр үед атаман гэж байсан. Атаманд очиж ховлоход айлгаад байсан хүүхэд зугтаагаад явдагтай адилхан ийм хүмүүс байх хэрэгтэй.  Төрийн өмнөөс явж байгаа Улсын байцаагчийн эрх хүрэхгүй байхад ийм залуус байх ёстой. Хууль дүрэм ёсчлон биелдэг бол ийм хүмүүс байх хэрэггүй шүү дээ. Хууль ёсны дагуу бүх юм явж байхад иргэний нийгмийг байгууллагуудын хэрэг байхгүй.

Иргэний нийгмийн байгууллагууд иргэдийн дунд байдаг учраас хамтраад бодлого явуулах ёстой юм. Зөв бодлого явуулахын тулд энэ хуулинд ийм өөрчлөлт оруулья, энэ нь хоцрогдож байна гээд явж байхын оронд байгаль орчны төлөө “байлдах”-аас бусдаар л явж байна шүү дээ. Би ч гэсэн ойн  хортон шавьжны талаарх асуудлаар зөндөө л явлаа. Даанч энэ талаар дуугардаг хүмүүсийг нь тоохгүй юм.

-Асуудлын араас яваад байхаар яаж засагдах юм бэ?

-Хуулийн байгууллага шударга байвал засагдана.

-Ойн асуудлыг дорвитой шийдэж чадахгүй яваад байхаар яах вэ?

-Ойн хортонг устгахдаа байгалаар нь шийдэх нь нэг талдаа зөв ч  нөгөө талаар хортой.  Зөнгөөр нь орхивол ойгүй болно. Яагаад гэвэл дэлхийн дулаарал нөлөөлж байна. Одоо хавар нь хавар шиг, зундаа зун шиг, намар нь намар шиг, өвөл нь өвөл шиг байхаа больсон байна. Хоёр улиралтай юм шиг болсоноос ойн хортоны амьдрах, үржих таатай орчин  бий болоод байна. Уг нь байгальд байж байх ёстой ч гэлээ цаг уур нөлөөлөөд байна. Тэгэхээр заавал шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж ирсэн хороор тохиромжтой хэмжээнд байлгаж байх хэрэгтэй.

-Хүмүүс цахим орчинд ой модны хортон шавьж устгалд хэдэн тэрбумыг төсөвлөсөн байна гээд дургүйцлээ илэрхийлээд байсан?

-Би ой модонд зориулж мөнгө төсөвлөхийг дэмжинэ. Яагаад гэвэл дорвитойхон мөнгө төсөвлөөд богино хугацаанд устгах хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүс нь ажилдаа дуртай, төсөвлөгдсөн  мөнгө улсаас орж ирэхэд ойн ангиудад  шууд хуваарилагддаг байх юм бол ойжуулна,  үржүүлнэ, хортонтойгоо тэмцэнэ, цэвэрлэгээ  арчилгаа, огтолотоо ч хийнэ. Үрээ түүнэ буцаагаад тарина.

Гэтэл одоо тэгж чадахгүй тогтолцооны  гажуудал  бий болчихлоо. Хөдөө аж ахуйн яаманд модыг огтолдог үйлдвэрлэдэг боловсруулдаг эрх нь, БОЯ-нд зөвхөн арчилгаа нь байна. Уг  нь БОАЖЯ –нд хяналт нь байх ёстой. МХЕГ үнэндээ ажлаа хийж чадахгүй байна. Туул гол руу бохир хийж л байна. Туул тосгон, Био комбинатын карьер маш их  хэмжээгээр байгаль орчныг бохирдуулж байна. Зогсоож чадахгүй байна.

-Нөгөө талаар байгаль хамгаалах нь хүн бүрийн үүрэг гэдгийг ойлгочихвол?

-Манай монголчууд чинь эртнээс байгаль хамгаалах ёс заншилтай. Зуслангаас буухдаа газар гадас хатгасан бол тэрийгээ аваад, хогоо цэвэрлээд явдаг байсан. Одоо бол хаана л нүх байна тэнд хог хаях гээд байдаг. Ёс заншил ч мартагдаж байна. Монголчууд эртнээс л гол руу сүү, цус хийдэггүй, цагаатай сав хийж угаадаггүй гэж хэлж ирсэн бид ч тэгээд л сурчихсан байсан. Ийм л уламжлалт ёсыг  сэргээх хэрэгтэй.

Ийм болоход төр л чухал үүрэгтэй. Төрийн үүрэг нь хуулиа биелүүлэх. Ажиллаж байгаа хүмүүс нь сэтгэлтэй шударга, цалингаараа амьдардаг, мэргэжлийн маань үнэлгээ нь энэ гэсэн бодолтой байх. Ингэхийн тулд мэдээж хүмүүсийн цалин нэмэгдэх хэрэгтэй. Монгол орон газрын доорхи баялаг ихтэй орон. 1 саяас доош цалин авдаг хүн байхааргүй улс шүү дээ. Энэ дэлхийн 10 том ордны 2 хон нь Монгол улсын өмнөд бүсэд байж л байна. Тэндээс бид ашиг авч чадахгүй явна.

Төрд өмнө нь байсан хэдэн нөхдийн толгой нь дээд зэргээр буруу ажиллачихсан байхгүй юу. Шунал нь арилаагүй хүмүүсийг төрд гаргасаны гай. Бид азгүй гэхээсээ илүү өөрсдийн л хийсэн сонголт. Энд тэнд хэдэн сая доллар хадгалуулчихаад, түүнийгээ мартчихаад байгаа хүмүүстэй юу ярих вэ дээ. Дэлхийн хамгийн тансаг хаусыг хэд хэдээр нь авчихаад явж байна. Тэр мөнгө хаанаас гарсан юм бэ.

-Ирээдүйд яах вэ?

-Одоо энэ бүхнийг богино хугацаанд л засах хэрэгтэй. Засахгүй бол бид эх оронгүй, тусгаар тогтнолгүй, нэг улсын буланд шахагдаад цөөхөн хүн амтай устана шүү. Өөр юу ч болохгүй. Монгол улсын лицензийг худалдаж авсан хүмүүсийг ил гаргахад л аль улс манай нутагт их  байгаа нь мэдэгдэнэ. Бид хэний нутагт амьдарч байгаагаа ойлгоно.

Бидний дээгүүр нь давхиж яваа газар нутгийг лицензээр худалдаад авчихсан гадныхан олон бий. Бид одоо нэг том ордоо 100-200 жилээр ашиглаж, дээр нь нефтээ гаргаж аваад ашиглаад сурчихад “Арабын шейх”-ууд шиг амьдрана. Тэгтэл одоо хаягдал дугуй шатаасан,  галаа түлж дулаацаад идэх хоолгүй шахам хүмүүсийг бий болгоод байна шүү дээ. Үнэхээр ядуу хүмүүс улам бүр нэмэгдэж, цувдайг жижиглэж авч  байхад, дэлхийн хамгийн том ордоо зөв ашиглаад ард олондоо ашиг өгч чадахгүй байгаа нь төрийн бодлогын алдаа.

Хэдэн зуун тонн зэс, нүүрс, алт байгаа шүү дээ. Монголд байгаа сайхан бүхэн одоо дуусах нь. Хөвсгөл аймагт хүртэл хайгуул хийгдэж байгаа талаар мэдээлэл гарч байна. Эх орон, газар нутгаа бид л хамгаалахгүй бол хойч үед юм үлдэхгүй нь. 21 аймаг 330  сум сууринг хамарсан  тэмцлийн ажил хийж, зөв голдиролд нь оруулахын төлөө манай ТББ-аас манлайлан идэвхитэй ажиллана. Бусад иргэний нийгмийн байгууллагууд ч ийм л бодолтой яваа болов уу. Байгаль орчны бодлого л зөв годиролдоо орчихвол бүх зүйл байгальтай холбогддог шүү дээ.

One thought on “З.Болдбаатар: Нэг том орд, нефтээ ашиглаад сурчихад “Арабын шейх”-ууд шиг амьдрана

  1. Anonymous

    УИХ ын эрхэм үхэрнүүд ажлаа хийгээчээ гэхээр андуураад хулгай дээрмээ л хийгээд байх юм яаж хэлвэл болдог болоо

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага