С.Мөнхчулуун: МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ УЛСЫН ЗАСВАРЫН ГАЗАР шиг л ажиллаж байна
2018 оны Februaryын 2

 

            НИТХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга, 
Нийслэлийн Монгол Ардын Намын Дэд дарга С.Мөнхчулуунтай ярилцлаа. 

 

Энэ өдрийн мэндийг хүргэе, Та бол НИТХ дахь эрх баригч МАН-ын бүлгийн дарга. Сүүлийн үед тантай хэн нэгнийг хамаатуулан таныг сөрөг мэдээгээр дарах боллоо энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?

–  Энэ өдрийн мэндийг хүргэе. Асуултаа ийм сөрөг асуултаар эхлэх юм уу? / инээв/

Миний бие 2008 оноос Нийслэлийн захиргаанд мэргэжилтнээс эхлээд хэлтсийн дарга, СХД-ийн дүүргийн ЗДТГ-ын дарга хүртэл дэвшин ажиллаж байгаад 2016 онд СХД ээсээ НИТХ-д нэр дэвшин сонгогдож Улс төрийн албан хаагч болоод 2 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Тэгэхээр одоо улс төр юм байлгүй дээ л гэж харж байна даа. Бичигдсэн надаас асуухаасаа бичсэн, захиалсан 2 оос нь асуух нь илүү үр дүнтэй болвуу гэж бодож байна.

Иргэдийн төлөөлөгчийн хувьд тойрогтоо хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар ярина уу?

– НИТХ төлөөлөгчийн хувьд тойргийнхоо иргэдтэй байнга холбоотой ажилладаг. Манай тойргийн иргэд өдөр шөнө ялгахгүй надруу фэйсбуукээр холбогдож ах дүүс шиг л асуудлаа ярьдаг. Би СХД ийн 1 дүгээр хорооллын 12, 13, 14, 15, 31 гэсэн орон сууц, гэр хороолол хосолсон 5 хорооны иргэдийг төлөөлж НИТХ-д сонгогдсон учир хороо тус бүрийн онцлог, тулгамдсан асуудлууд өөр юм. Өнгөрсөн хугацаанд хэдийгээр нийслэлийн төсөв хүнд байсан ч миний хувьд тойрогтоо улс, нийслэлийн төсөв, олон улсын байгууллагын хандив тусламжийн хөрөнгөөр 10 орчим тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлж чадсандаа баяртай байгаа. Жишээ нь:  Гэр хорооллын 31 дүгээр хороондоо 190 сая төгрөгний гэрэлтүүлэг, 30, 31 дүгээр хороог дамнасан 2 км орчим хатуу хучилттай замын ажлыг 1,8 тэр бум төгрөгөөр,  ус түгээх байр, 10 өрх айлыг цахилгаан халаагуур бойлер суурилуулах ажил, цахилгааны хүчдэл сайжруулах 7 ширхэг трансформатор шинээр суурилуулах гэх мэт наад захын хэрэгцээний тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн. Харин орон сууцны 4 хороондоо хүүхдийн тоглоомын талбай шинээр байгуулах, засварлах, цэцэрлэгийн барилгын өргөтгөл, дээвэр, сантехникийн засвар, нийт 32 орцны 1 давхруудын тохижилт, 53 орцны лифт солих, орон ёсууцны хороолол дундах зам засвар гэх мэт хөрөнгө оруулалтын ажлуудыг шийдвэрлүүлж ажилласан байна.

C.Мөнхчулууны 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын цахим тайлан

Та түрүү хэлсэн төсөв хүнд байгаа гэж, гэвч нэлээдгүй ажлыг дурдаж байна. Бараг СХД-ийн жилийн төсвөөс 2 дахин илүү хөрөнгө оруулалтыг тойрогтоо татсан юм бишүү?

–       Мэдээж төсөв хүнд байгааг толгойтой бүхэн ярьж хүн бүр мэдэж байгаа.  Миний бие нэр дэвшиж явахдаа ярьж явсан 1 гол юм бол Би төрийн албанд мэргэжилтнээс эхлээд ЗДТГын дарга хүртэл ажилласан, иргэдэд ямар асуудал тулгамдаж байгааг мэднэ, хэрхэн шийдвэрлэх вэ? гэдэг гарцыг нь мэдэж байна гэж хэлж байсан. Болгоё бүтээе гээд зөв шат дараатай хөөцөлдөөд, шахаад ажиллавал ямар ч асуудлыг шийдэх боломжтой юм. Жишээлбэл Манай  тойрогт хийгдсэн томоохон хөрөнгө оруулалт болох зам, гэрэлтүүлгийн ажлуудын зураг төсөв нь хийгдсэн боловч ажил нь хийгдээгүй 4 дэх жилдээ болж байсан. 4 жилийн дотор тэр зургийг ашиглахгүй бол дахин шинээр төсвийн хөрөнгөөр зураг хийх асуудал тулгарч байна гэдгийг яриад явахад 300 орчим сая төгрөгөөр  хийгдсэн зургийг үнэгүйдүүлээд өөр газар төсөв тавина гэж хариулах дарга гарч ирэхгүй шүү дээ. Юунаас болсон юм өнгөрсөн 4 жилд бол манай тойрог дээр нийслэлээс ширхэг хадаас ч хатгаагүй байдаг юм билээ.

Бүлгийн даргын хувьд хамгийн их дуулиан дагуулаад буй утааны асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

Утаа бол зайлшгүй цогцоор нь шийдэх ёстой тулгамдсан асуудал. Утаа тойрсон улс төрж илт ч хэрээс хэтэрлээ. Нийслэлийн Засаг Даргын зүгээс захирамж гаргаж утааны эх үүсвэрийг шинээр бий болгохыг хориглосон, нийслэлд шинээр хашаа хатгаж хөдөө орон нутгаас ирэх шилжилт хөдөлгөөнийг 2019 он хүртэл зогсоосон байгаа. Мөн засгийн газар 2018 оны 4 сараас түүхий нүүрс Улаанбаатаруу нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэрийг гаргасан, намрын чуулганд багтаж Утааны тухай хууль батлахаа ч УИХ –с мэдэгдээд байгаа гэх мэт шат дараатайгаар ажлууд хэрэгжиж байна.

Хавар болж урин цаг ирж байна нийслэлд нэлээдгүй ажлууд өрнөх нь байх онцол нуу та?

– 2018 онд нийслэлд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар нийт 414.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр байна. Тухайлбал энэ онд 52 цэцэрлэг, 34 сургуулийн барилгыг шинээр барьж, өргөтгөх, зүүн 4 замын давхар замын ажлыг эхлүүлэх гээд томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөхөөр байгаа.

НИТХ, НЗДТГ 2 ямар зааг ялгаатай байдаг юм бэ? Энэ талаар иргэдэд товч ойлголт өгнө үү?

– Монгол Улсын Үндсэн хуульд ” Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэж тодорхойлсон байдаг. Үндсэн хуулийн энэ заалт нь Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага ИТХ, Төрийн удирдлага болох Засаг даргын үйл ажиллагааны салшгүй нэгдмэл байх эрх зүйн үндэс болж байгаа юм. Энэ хоёрын тэнцвэр дээр орон нутгийн удирдлага хэрэгжих учиртай. Нутгийн удирдлагын энэ 2 субъект нь ажиллах зарчим, эрх мэдэл, хүлээх хариуцлага, бүтэц зохион байгуулалтаараа зааг ялгаатай боловч ижил талуудтай юм. 2016 онд МАН-аас Аз жаргалтай хот хэмээх мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж НИТХ-ын сонгуульд өрсөлдөн 34 суудал авч олонхи болсон. Тиймээс нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр ч мөн адил Аз жаргалтай хот гэсэн мөрийн хөтөлбөр байгаа. Одоо нийслэлийн Засаг дарга түүний тамгын газар нь НИТХ-аар батлагдсан энэхүү мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гүйцэтгэгч нь гэсэн үг.  

Нийслэлд монгол улсын иргэдийн 50 гаруй хувь нь ажиллаж амьдарч байна НИТХ болон НЗДТГ –н бүтэц энэ бүх иргэнд хүрч ажиллахад хангалттай бүтэц гэж хардаг уу?

– УИХ-д Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн бариад хэлэлцэхээр дэмжигдээд байгаа. Энэ хуулийн өөрчлөлтөөр Нийслэлийн бие даасан байдал, статуст нааштай өөрчлөлтүүд орно гэж харж байна. Ганцхан жишээ хэлье: Үндсэн хуулинд Аймаг, нийслэл, сум, дүүрэг ижил статустай байхаар заасан байдаг учир 300000 гаруй хүн амтай Сонгинохайрхан дүүрэг гэхэд 3000 хүнтэй ижил статустай байна гэсэн үг. Манай Сонгинохайрхан дүүрэгт 3000 хүнтэй хороо ч байхгүй. 15000 аас дээш хүн амтай хороо хүртэл байдаг. Гэвч статусаараа суманд Тамгын газартай, өөрийн гэсэн төсөвтэй 30 орчим хүн ажиллаж иргэдэд үйлчилгээ үзүүлдэг бол хороонд ЗД-тайгаа нийлээд үндсэн 3 – 4 хүн ажилладаг, өөрийн гэсэн төсөвгүй, дүүргийн ЗДТГ-аасаа цалинжиж явдаг. 15000 хүнд үйлчилдэг 1 нийгмийн ажилтан, 1 зохион байгуулагч, 1 Засаг дарга цалингаас өөр зардалгүйгээр иргэдэд үйлчилгээ явуулж байна гэсэн үг. Эндээс л нөгөө иргэдэд хүрэх үйлчилгээ удааширдаг, чирэгдэл учруулдаг гэх асуудлууд урган гарч байгаа юм.

Та Нийслэлийн МАН-ын Дэд даргаар ажилладаг. Өчигдөр АН-аас УИХ, ЗГ-ыг тараахаар жагсаал зохион байгууллаа та юу гэж харж байна?

– Хавар болж байна, АН 2020 оны сонгуулийнхаа ажлыг эхлүүлж байна уу л гэж харж байна.

Ер нь аль ч нам байсан Монгол улсын хөгжлийн төлөө гэдэг дээр нэгдэх ёстой юм. Харамсалтай нь сөрөг хүчин маань өөрсдөө эрх барихын тулд, Монгол улсын хөгжлийн төлөө хийж байгаа аливаа ажлыг харлуулж, төрийн эрх баригч хүчнээ муухай харагдуулах гэдэг үндсэн зорилготой ажиллаад байгаа нь харамсалтай юм. Шүүмжилнэ гэдэг нь аливаа болохгүй бүтэхгүй байгаа зүйлийн өнцгийг олж хараад сайжруулах, засах шийдэл гаргахыг хэлдэг болохоос зүгээр харлуулж муулахыг хэлдэггүй гэдгийг иргэд маань ойлгож байгаа гэдэгт итгэж байна.

Ерөнхийлөгч маань хүртэл УИХ-ыг тараахыг би дэмжинэ гээд байгаа, МАН-ын УИХ, ЗГ муу ажиллаж байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

 – Сүүлийн 20 гаруй жилийн МАН, АН ээлжлэн засаг барьж байх үеийн эдийн засгийн график яваад байсан та хараарай.

 

Төрийн албанд зүтгээд дунд нь яваа хүний хувьд дүгнэхэд энэ удаагийн засгийн газар 2 жилийн хугацаанд МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ УЛСЫН ЗАСВАРЫН ГАЗАР шиг л ажиллаж байна.

Тартагтаа тулаад 1 хувьд ч хүрэхгүй эдийн засгийн өсөлттэй байсан улсын эдийн засгийн өсөлтийг 5.8 хувьд хүргэлээ, олон улсын зэрэглэл тогтоогч ”Moody’s агентлагаас манай зээлжих зэрэглэлийг Саа1 буюу санхүүгийн чадамж муу, маш өндөр эрсдэлтэй ангилалд багтааж, Валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж чадахгүй хэмжээнд хүрээд байсан бол 2018 онд В3 буюу тогтвортой гэж үнэлээд байгаа. Энэ үед УИХ, ЗГ-ыг тараая гэж иргэдийг турхиран, санхүүжүүлэн жагсаал цуглаан зохион байгуулж байгаа нь өөрөө Монгол улсын хөгжлийн эсрэг хийж байгаа гэмт хэрэг гэж харж байна.

Та өөрөө цэргийн гэр бүлээс гаралтай бэлтгэл ахмад хүн. Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын төрсөн өдөр тохиож байна үүнтэй холбогдуулж  намын зүгээс ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

– МАН-аас Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн хүрээнд түүний амьд ахуйдаа эдэлж хэрэглэж байсан зүйлс болон түүхэн баримт, эд зүйлсийн музей үзэсгэлэнгийн нээлтийг тусгаар тогтнолын ордонд хийх,

Монгол Ардын намд 125 гишүүн шинээр элсүүлэх, хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх, жанжны тухай Эрдэм шинжилгээний бага хурал зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа.

Мөн аймаг, дүүргүүдийн Монгол Ардын Намын хороо тус бүр тодорхой ажлуудыг хийн тэмдэглэх байгаагаа. Их жанжин Д.Сүхбаатар маань 1893 оны энэ өдөр одоогийн Амгалан буюу БЗД-ийн 12 дугаар хорооны нутагт төрсөн байдаг. Тиймээс БЗД-ийн Монгол Ардын Намын хорооноос жил бүр түүний гэрийн буйранд цэцэг өргөж, Жанжин клубт хүндэтгэлийн арга хэмжээ хийдэг уламжлалтай. Энэ жил НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор БЗД-ийн 12 дугаар хороог Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болгох тухай тогтоол гарсныг хүндэтгэлийн арга хэмжээн дээр иргэдэд нь гардуулж өгнө.   

Танд амжилт хүсье, ярилцсанд баярлалаа.

– Баярлалаа, Танай сайтын нийт уншигчдад болон жанжны ач, зээ нарт нь Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 125 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Ярилцсан: Л.Алтангэрэл

 

 

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага