Ээлжит чуулганы хуралдааны нийт хугацааг 1/3-д хүрсэн таслалтай бол УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна
2018 оны Februaryын 20

Хуралдаа суудаггүй, хуулиа уншдаггүй гишүүдээс болж, парламентын нэр хүнд унасаар эцэс сүүлдээ УИХ-ыг тараах яриаг өдөөх болсон.

Иймээс УИХ дахь 65-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ажил таслагчдаа хүмүүжүүлэхийн тулд УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлаад байна. Намрын чуулган завсарлахын өмнө өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд дараах хариуцлага хүлээлгэхээр заажээ.

УИХ-ын гишүүн нь чуулган, байнгын хорооны хуралдаанд ирцээ өөрийн биеэр бүртгүүлээгүй, саналаа бусдаар өгүүлбэл энэ хугацааг хуралдаанаа тасалсан цагт тооцох,
УИХ-ын гишүүний чуулган, байнгын хорооны хуралдаанаас хоцорсон цагийг харгалзан тухайн өдөр үг хэлэх, асуулт асуух эрхийг гурав хүртэл цагаар хасах, цалингийн тодорхой хувиар торгох,
УИХ-ын гишүүний хоцорсон, тасалсан цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы хуралдааны нийт хугацааны 1/3-д хүрснээр гишүүнийг эгүүлэн татах,
Өөрөөр хэлбэл, УИХ хаврын чуулганаараа энэхүү төслийг баталж чадвал дөрвөн жилийн бүрэн эрхийн ноёрхлоороо түрий барин, ажлаа тасалж зугаацаж явдаг гишүүдэд хариуцлага тооцох эрх зүйн харилцаа үйлчлэх бололцоотой болно гэсэн үг.

УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн мэдээгээр хоёр жил дараалан Б.Наранхүү, С.Жавхлан нарын гишүүд ажил таслалтаараа ангийнхнаа тэргүүлсээр ирсэн. Дуртай цагтаа ирдэг, дургүйгээ хүрэхээр Төрийн ордны хаалгаар багтдаггүй.

Гэтэл ажилдаа ирээгүй хойгуур нь иргэдийн эрх ашигт үл нийцэх хэчнээн хууль батлагдаж гарч байгааг анзаардаггүй. “Но”-той, ноцтой хуулийнх нь тухай нийгмээрээ шуугихаар сая нэг хэлд орцгоож, хэдэн үг чуулганы танхимд унагана.

Эрх баригч намын зарим гишүүн ч тэднээс нэг их дээрдэх зүйлгүй. Засгийн газрын гишүүн нэрийн дор гадаад томилолт аван “жаалдаг”. Ирсэн хойноо нэг их хууль дүрэм ярьж, хэлбэрдэнэ. Гэтэл галт тэрэг хэдийнэ хөдөлсөн байдаг. Тиймээс гадаад томилолтыг ч энэхүү хуулиар цэгцлэх шаардлага бас үүсэж буй.

Дээр нь хуралдаа цагтаа ирдэггүй үзэгдэл бол бүр хавтгайрсан. Цагтаа амжиж ирэхгүйгээс хуулийн төсөлтэйгээ ч танилцдаггүй, судалдаггүй.

Харанхуйгаар л бүдүүн тоймоор л төслийн тухай ярьж, шүүмжилнэ. Хуулийн төслийг хэлэлцэхийг нь дэмжлээ гэхэд зорилго зорилтыг нь өөрчилж, холион бантан хутгана. Зарим тохиолдолд бүр уучлахын аргагүй алдаа гаргана. Төслийн тухай ойлголтгүй учраас зарим нэг попуудынх нь хэлсэн үг үнэн сонсогддог бололтой, чухал төслийг хэлэлцэхийг дэмжихгүй, төрхөмд нь буцаана. . Мэдэхгүй байж болох ч мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг авдаггүй, сонсдоггүй, судалдаггүй.

Тухайлбал, Улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг /шинэчилсэн найруулга/ ийм замаар унагаж, Засгийн газар луу буцаасан. Ямар чухал ач холбогдолтой төсөл болохыг УИХ-ын гишүүдийн тэн хагас нь мэдрээгүй, мэдэхийг хүсээгүй.

Уг нь УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар долоон жилийн өмнө монголчууд 72 GB багтаамжтай цахим үнэмлэхтэй болж, дэвшил хийсэн ч түүнийгээ бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгааг хэлж, анхааруулсан.

Нэг үгээр хэлбэл, хуулийн төслийн ус, шүүсийг шахаад өгөх бэлэн хуульчийнхаа толгойг ашиглаад төслийг хэлэлцэхийг дэмжээд хүнээ ажиллуулах ёстой атал буцаах шийдвэр гаргаж байх жишээний. Ийм шийдвэр гарахад гишүүдийн ирц хангалттай байгаагүй нь мөн нөлөөлсөн.

Тиймээс эрх баригч хүчний ирэх хавар дараалал харгалзахгүйгээр ногоон гэрлээр батлах хуулийн төсөл бол гишүүдийн ирцээр нь “бойкотолж” хариуцлага ногдуулдаг болох эрх зүйн харилцааг бүрдүүлэх явдал юм.

Засгийн газраа огцруулах болоход идэвх зүтгэл гарган гүйсэн шигээ энэ төслийг дэмжээд батлаад өгөөрэй дээ. Энэ үг бол мянга, мянган сонгогчийн тань захиас юм.

Г.ХОРОЛ

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага