Германий ирээдүйн бодлогын заримыг тольдох нь:
2018 оны Februaryын 21

“Кристийн ардчилсан холбоо” намын дарга бөгөөд Германий Канцлер  Ангела Меркел, “Кристийн нийгмийн холбоо” намын дарга Хорст Зеехопер, Социал демократ намын дарга Мартин Шульц нар эвслийн засгийн газар байгуулах шийдвэрт хүрсэнээ 2018 оны 2 дугаар сарын эхээр зарлалаа. Үүнийг “Их эвсэл” гэж нэрлэх нь бий. Герман улсын төр, засгийг ээлжлэн барьж ирсэн баруун, зүүний хөгжлийн баримжаа, загвараараа сонгуульд өрсөлддөг хоёр том нам  сүүлийн үеийн түүхэндээ 3 дахь удаагаа төр, засгаа хамтран барих болж буй ажээ. Гэхдээ нийгэм,  намын гишүүд, дэмжигчид хэрхэн хүлээж авах зэрэг олон асуудал гарч байна. Иргэдийн дунд явуулсан нэгэн санал асуулгаар 52 хувь нь эвслийн засгийн газар байх нь зүйтэй гэсэн дүн гарсан мэдээ байна. Социал демократ намын 464,0 мянган гишүүд (82,7сая хүнтэй орны хувьд даруухан тоо) 2018 оны 3 дугаар сарын 4-нд албан ёсоор Эвслийн засгийн газрыг дэмжих эс дэмжихээ шийдэх юм байна. Эвслийн засгийн газрын тохиролцоог хийсэн Мартин Шульц Социал демократ намын даргын ажлаа албан ёсоор өгч, Гадаад хэргийн сайдад нэр дэвшихээр байсан ч намын доторх шахалт, шүүмжлэлийг хүлээн авч,  Засгийн газарт ажиллах боломжгүй гэдгээ зөвшөлцөлд хүрснийхээ дараах 5 дахь хоногт мэдэгджээ. Түүний энэ үйлдэл юунд хүргэх нь тодорхойгүй ч зарим судлаачдын хэлснээр “Их эвслийг” авч үлдэхэд тустай ажээ. Хамгийн гол нь хоёр намын хөтөлбөрийг хэн илүүтэй хэрэгжүүлж чадах нь зохих албыг хаших ёстой гэнэ ээ. Хөтөлбөрийн агуулга бидэнд илүү сонин байх юм.

 

Эвслийн засгийн газар байгуулах шийдвэрт хүрэхийн тулд хоёр нам бүтэн 2 сар гаруй хугацаанд ирээдүйн засгийн газрын бодлого, чиглэл, хөтөлбөрийг хэлэлцэж тохирлцсон ажээ. Учир мэдэх хүний хэлснээр 200-аад хуудас бүхий хөтөлбөр гарсан ажээ.  Дашрамд тэмдэглэхэд  Германд ээлжлэн төр барьж, харилцан сөрөг хүчин болж ирсэн, сонгуулиар хамгийн олон суудал авдаг намууд эвсэж буй явдал юм. Өдгөө төр барьж буй Кристийн ардчилсан холбоо нам 2017 оны 9 дүгээр сард явагдсан сонгуулиар хамгийн олон суудал авсан ч гэсэн тогвортой ажиллах хэмжээнд шаардагдах суудал аваагүй болохоор парламентийн бусад намуудтай сүүлийн 4 сар гаруй хугацаанд хэлэлцээ явуулж буй ажээ. Германийн өнөөгийн Канцлер Ангела Меркелийн удирддаг нам нь хамгийн олон суудал авч засгийн газар бүрдүүлэх эрх авсан болохоор засгийн газар нь энэ хугацаанд хэвийн ажиллаж, цаашдаа илүү тогтвортой, төр, засгийн ажлын талаар хамгийн туршлагатай намын шилдэг боловсон хүчнээс бүрдэх байх гэсэн нийгмийн хүлээлтэд илүү хариуцлагатай хандаж буй тухай ярьцгааж байна. Өнөө цагт дэлхийн хамгийн хүчтэй лидерүүдийн нэг Канцлер хатагтай Ангела Меркелийн удирддаг Кристийн ардчилсан холбоо намаас Конрад Аденауер, Хелмут Кол, Германийн социал демократ намаас Фриедрик Еберт, Вилли Брандт зэрэг дэлхийн хэмжээний төрийн зүтгэлтнүүд нь үлгэр болдог хоёр нам туйлын хариуцлагатай ханддаг байж таараа.

     Тэдний удирдамжаас Ройтер агентлагийн мэдээлсний дагуу дараах зүйлийг товчоолон хүргэж байна. Үүнд:

Эдийн засаг

v  Боловсрол, судалгаа, тоон технологи(digitalization)-д  2021 он гэхэд 5.96 тэрбум еврогийн хөрөнгө оруулах.

v  Гэр бүл, хүүхэд, асрамжийн төвүүд болон хүүхдийн тэтгэлэг зэрэг нийгмийн арга хэмжээг эрчимжүүлэхэд 12 тэрбум еврогийн хөрөнгө зарцуулах.

v  Нийгмийн шинжтэй орон сууц барих болон хувийн орон сууцыг дэмжихэд зориулсан  татварын хөнгөлөлт үзүүлэхэд  4 тэрбум евро зарцуулах. .

v  Шинээр өр үүсгэхгүйгээр төсвийг алдагдалгүй байлгах зорилгыг хатуу сахих.

v  Бүх бүс нутгийг 2025 он гэхэд хурдтай интернеттэй болгох. Нийтийн хөрөнгө оруулалтын санд 12 хүртэл тэрбум евро нэмэх хэрэгтэй болно.

v  Европын Холбооноос Британи гарах болсонтой холбогдуулан Германийг санхүүгийн институцүүдэд тааламжтай болгох. Өөрөөр хэлбэл Лондонгийн санхүүгийн байгууллагуудыг Герман руу татах сонирхлыг нэмэгдүүлэх юм байна.

v  Интернетийн боловсронгуй сүлжээний(blockchain) стратеги гаргаж, крипто-мөнгө болон тоон  жетон тэмдэгтүүдийг интернет ашиглан Европын болон улсын хэмжээнд худалдаалах эрх зүйн үндэс тавих чиглэлээр ажиллах.

Нийгмийн салбарт

v  Түр гэрээг зүй бусаар ашиглахыг хязгаарлаж, 75-аас дээш ажиллагсадтай компаниуд дээд тал нь ажиллах хүчнийхээ 2.5 хувиас илүүгүйгээр түр хугацаагаар ажилчин авч ажиллуулах.

v  Оюутны тэтгэлгийн санг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлд дадлагачдын  зээлийг өсгөх.

v  Дадлагачдын цалингийн доод хэмжээг өсгөх

Татвар

v  Ядуу зүүн мужуудыг дэмжих зорилгоор 1990 оны нэгдлийн дараа нэвтрүүлсэн сайн санааны татварыг аажмаар үгүй болгох. Үүний үр дүнд 10 тэрбум евро буюу 12 тэрбум ам долларын татварын хэмнэлт гарах ажээ.

Европ

v  Эдийн засгийн тогтворжуулалтад зориулан төсвийн тусгайлсан сангууд байгуулах, еврогийн бүс дэх нийгмийн амьдралыг ойртуулах болон бүтцийн өөрчлөлтийг дэмжих. Эдгээр сангуудыг  еврогийн бүс дахь ирээдүйн хөрөнгө оруулалтын төсвийн суурь болгох боломж гэж үзнэ.

v  Еврог глобал хямралыг илүүтэй давах чадвартай болгох үүднээс Францтай ойр дотно нөхөрлөж, евро бүсийн шинэчлэлийг эрчимжүүлж, хүчтэй болгох.

v  Европын тогтворжилтын механизм нэртэй евро бүсийн батлан даалтын санг Европын Холбооны хуулиар зохицуулагддаг  Парламентын хяналтын дор байх Европын Валютын сан болгон хувиргах.

v  Европын Парламентыг хүчтэй болгож, Европын Холбооны санхүүг бэхжүүлэх, Герман Европын Холбооны төсөвт илүү мөнгө оруулах бэлтгэлтэй байх.

v  Европ дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.

v  Том компаниудын хувьд татварын шударга явдлыг эрхэмлэж, ялангуяа Google, Apple, Facebook, Amazon зэрэг интернетийн компаниуд хамрана. Компаниуд татварын нөхцөлийн хувьд Европын Холбооны орнуудын хооронд тоглолт хийх явдлыг цаашид гаргуулахгүй бөгөөд татварын хувьд дэмпинг хийхийг хориглоно.

v  Санхүүгийн гүйлгээнд татвар ногдуулах чиглэлээр ажиллана.

v  Зохиомол/интернетийн/ оюун ухаан/artificial intelligence/  зэрэг судалгааны төслийн талаарх  Франко-Германийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх.

v  Польштой илүү хамтран ажиллахыг эрэлхийлж, залуучуудын уулзалт болон залуусын холбоо сүлжээ зэргийг оролцуулан хоёр орны нийгмийн бүх давхаргыг хамарсан яриа хэлэлцээг эрчимжүүлэх.

Тэтгэвэр

v  Тэтгэврийг 2025 он гэхэд дундаж цалингийн 48 хувьд тогтворжуулах бөгөөд тэтгэврийн шимтгэлийг нийт цалингийн 20 хувиас илүү гаргахгүй байх.

v  Өндөр настангуудын доторх ядуучуудыг анхааралдаа авч, тэтгэврийн хамгийн доод түвшинг нэмэгдүүлэх.

Эрүүл мэнд

v  Ажил олгогч болон ажиллагсад 2019 оны 1 дүгээр сарын 1-ээс  адил хэмжээний шимтгэлийг эрүүл мэндийн даатгалд төлнө.

v  Хувийн болон нийтийн эмнэлэгт хамрагчдын хувьд хамтын шимтгэлийн тогтолцоо тохирч буй эсэхийг шинжлэх комисс байгуулж ажиллуулах.

Зэвсгийн экспорт

v  Зэвсгийн экспортыг цаашид багасгаж, энэ талаарх экспортын зааварчилгыг 2018 ондоо багтаан чангатгах чиглэлээр боловсруулж гаргана. Европын Холбоо эсвэл НАТО-гийн гишүүн бус буюу эдгээртэй адилтгах статустай орнуудад буу болон жижиг хэмжээний зэвсэг худалдахыг хориглоно.

v  Еймений мөргөлдөөнд шууд оролцож буй орнуудад зэвсэг худалдахыг нэн даруй зогсоож, ийм байр суурь баримталж, Европын хамтарсан төслүүдэд оролцож, хамтран ажиллана.

v  Европын зэвсгийн экспортын хамтын бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах.

Гадаад харилцаа/цэргийн бодлого

v  Засгийн газрын нэмэгдэл хэмнэлтийг эхний ээлжинд батлан хамгаалах, хөгжил болон хямралаас сэргийлэхэд зарцуулах ба чингэхдээ цэргийн ба цэргийн бус төслүүдэд тэнцүү хуваарилах зарчмыг баримтална.

v  Герман болон Европын байр суурийг илүүтэй үзэгдэхүйц хэмжээнд байлгах чиглэлээр АНУ-ын Холбооны Засгийн газар, Конгресс, Америкийн мужууд, америкийн олон нийттэй харилцаж, хэлэлцүүлгийг эрчимтэй явуулах.

v  Европын гадаад бодлогыг  цэргийн төслүүдийн зохицуулалт хийдэг PESCO хэлбэрийн бүтэцтэй болгох.

v  Туркийн Европын Холбооны гишүүн болох хэлэлцээний аливаа боломжийг хаахгүй, түүнчлэн шинэ гишүүн элсэхэд нээлттэй байх.

v  Украйны сөргөлдөөнийг шийдэх хүчин чармайлтыг Герман, Франц хоёр үргэлжлүүлнэ. Украйн дахь тэмцлийг эцэс болгоход чиглэсэн Минскийн хэлэлцээрийн нөхцөлийг Орос улс хэрэгжүүлбэл түүний эсрэг хоригийг зөөллөх бэлтгэл хангасан.

v  Баруун Балканы бүх орнууд нь Европын холбоонд нэгдэх боломжтой. Үүний тулд тэд зохион байгуулалттай гэмт хэрэг болон авлигатай тэмцэх талаар шинэчлэл хийж, хуулийн засаглал тогтоох хэрэгтэй.

v   НАТО-д Европын оруулах хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилгыг мөрдөж, Европын Холбоо, НАТО-гийн хамтын ажиллагааг бэхжүүлэх.

v    НАТО-гийн чадавхийн талаар тохирсон зорилтод хүрч, чадавхийн хоцрогдлыг арилгах. ДНБ-ний 2 хувийг НАТО-д зориулан зарцуулах зорилтыг мэдээлэх шаардлагүй ажээ.

Хүрээлэн буй орчин/Цаг уур

v  2020, 2030 болон 2050 он хүртэлх цаг уурын талаар Германий тавьсан өнөөгийн зорилтыг хүлээн зөвшөөрч, 2020 онд хүрэх зорилтыг хангах арга хэмжээг аль болох түргэн авч, 2030 оны цаг уурын зорилтыг цаг хугацаанд нь биелүүлэх, эдгээрийг баталгаажуулах хуулийг батлах.

v  Нүүрс ашигладаг эрчим хүчний үйлдвэрлэлийг аажмаар багасгах хөтөлбөр гаргах.

v  Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээс  дэс дараатайгаар татгалзах төлөвлөгөөг үргэлжлүүлэх.

Шилжин суурьшилт

v  Дүрвэгсдийн урсгал нэмэгдсэн 2015 оны явдлыг дахин гаргахгүйн тулд Герман болон Европ руу шилжин суугчдын асуудлыг зөв чиглүүлж, хязгаарлах.

v  Жилд ирэх шилжин суурьшигчдыг (ажиллахаар ирэгсдийг оролцуулахгүйгээр) 180,000-200,000-аас илүүгүй байхаар тооцох.

v  Өдгөө Германд дүрвэгчийн статус аваагүй түр амьдарч буй гэр бүлийн гишүүдтэй уулзахаар ирэгсдийн тоог сард 1000 хүнээр хязгаарлах.

v  Зохих журмын дагуу Германд ирэх мэргэжилтэй ажилчин ирүүлэх явдлыг илүү тааламжтай болгох.

v  Шилжин суурьшигчдыг Германд нийгэмшүүлэх боломжийг нэмэгдүүлж, тэднийг нийгмийн амьдралд гүнзгий орохыг урамшуулах.

Хөдөө аж ахуй

v  Ургамал эсвэл малын генийг патентлахыг хориглоно.

v  Малын эсийг хүнсний бүтээгдэхүүнд зориулан үржүүлэхээс татгалзах.

v  Ургамал хамгаалах агентуудын глифосатийн ашиглалтыг болиулах үүднээс хогийн ургамал устгагч ийм төрлийн бодисын ашиглалтыг хязгаарлах ажлыг тогтмол эрчимтэй явуулна.

Израйль/Еврейн амьдрал/Палестинчууд

v  Антисемитизмтэй тэмцэх болон Германь дахь жүүдүүдийн амьдралыг дэмжих шинэ комиссарын албан тушаал бий болгоно.

v   Израйлын суурьшлын өнөөгийн бодлогыг авч үзэхэд тэрээр одоо мөрдөгдөж олон улсын хууль тогтоомжтой зөрчилдөж, тэнд хоёр улс зэрэгцэн орших шийдлийг хүндрүүлж буй тул Германий дэмжлэгийг авч чадахгүй байна.

v  НҮБ-ын Палестиний Дүрвэгсдийн Хөнгөлөлт ба Ажлын Агентлагийн шинэчлэл болон хүрэлцэхүйц хэмжээний тогтвортой санхүүжилтээр хангах Европын Холбооны санаачилгыг эхлүүлнэ.

Дэлхийн тэргүүлэх Герман орны бодлогын багахан товчоон бид бүхний нийтийн боловсрол, бодлого боловсруулагчид, улс төрчид, практик ажилтнуудад санаа сэдэл өгөх болтугай.

Эдийн засагч, сангийн ба элчин сайд асан Далрайн Даваасамбуу.

 2018 оны 2 дугаар сарын 11.Хамбург,

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага