Д.Гантулга: Улстөрчид ийм арчаагүй байж болохгүй. Эр зоригтой, шийдэмгий байх ёстой
2018 оны Marchын 12

 

УИХ-ын гишүүн Д.Гантулгатай ярилцлаа.

-Шинээр бүрэлдсэн парламентын хамгийн залуу гишүүн нь та. Таны намтрыг уншихад 1987 онд төрсөн гэж байсан. Яагаад ийм залуудаа УИХ-д нэр дэвших шийдвэр гаргасан юм бэ?

-Монгол Улсын долоо дахь удаагийн парламентын сонгууль болж өнгөрлөө. Долоон удаагийн УИХ-ын сонгуулийн нийт хугацааг авч үзвэл хамгийн залуудаа сонгогдож байсан нь Д.Батбаатар гэж хүн бий. Д.Батбаатар гишүүн 1992 онд 28 настай байхдаа Налайх дүүргээс сонгогдож байсан юм билээ. Хоёр дахь тохиолдол нь би болж байна. Удахгүй 29 нас хүрнэ. Залуу хүн улс төрд орох шаардлагатай гэж би боддог. Яагаад гэвэл, нэгдүгээрт, Монгол Улс залуучуудын орон. Хоёрдугаарт, улс төрд залуучуудын оролцоо харьцангуй бага байна. Орон нутагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийхэд ихэвчлэн төрийн албан хаагчид, эсвэл ахмадууд л ирдэг. Төрийн албан хаагчид, ахмадуудтай уулзана гэдэг чинь тэдний асуудал л яригдана гэсэн үг. Харин залуучууд асуудал ярьдаггүй, уулзалтад оролцдоггүй болохоор өөрсдийг нь хамгаалах, өөрсдөд нь чиглэсэн, эрх ашигт нь нийцсэн бодлого төдийлөн гардаггүй юм. Тиймээс залуучуудын дуу хоолой болж, тэдний үгийг төрд хүргэх төлөөлөл зайлшгүй хэрэгтэй байна. Тэр утгаараа УИХ-д нэр дэвших шийдвэр гаргасан.

-УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнөх ажлын туршлагаасаа хуваалцвал? 

-Миний хувьд зургаан жилийн өмнө МАН-ыг сонгон элсч, хөгжил шинэчлэлийн төлөө дуу хоолойгоо хүргэе гэж намын боловсон хүчний хамгийн залуу байгууллага болох Оюутны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Оюутны холбооны ерөн­хий­лөгчөөр ажиллаж байх хугацаандаа мөн хамгийн залуудаа намын Удирдах зөвлөлд сонгогдсон хүн болсон. Мөн Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Ингээд 2016 оны УИХ-ын сонгуулийн тойрог хуваагдахад Хэнтий аймагт буюу УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нэр дэвшихээр болсон.

-42 дугаар тойргийг яагаад сонгосон юм бэ?

-Хэнтий аймгийн Мөрөн сум 42 дугаар тойрогт хамаарч байсан. Мөрөн суманд би төрж, өссөн. Манай ээж мөн адил тус сумын уугуул хүн. Мөрөнгийн наад талд оршдог Жаргалтхаан сум  манай аавын төрсөн нутаг. Хэнтий аймгийн төвд дунд сургуулиа төгссөн. Төрсөн гэр маань хөдөө байдаг байсан учраас 5-10 дугаар анги хүртлээ хамаатан садан, найз нөхөд гээд 20 гаруй айлаар амьдарч байсан. Хүүхэд байхдаа хүүхдийн байгууллага, оюутан болоод оюутны байгууллага удирдаж ирсэн. Хожмоо нутгийнхаа Оюутан залуучуудын холбооны ерөнхийлөгч болоод одоог хүртэл ажиллаж байна. Тиймээс төрсөн нутаг Хэнтий аймгийн ард иргэд надад итгэл хүлээлгэнэ гэдэгт итгэн 42 дугаар тойрогт нэр дэвшсэн.

-Сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах, тэр дундаа тойрог хуваарилах үед нам дотор багагүй маргаан, өрсөлдөөн үүсдэг. Тэр тусмаа том намаас залуучууд тойрогт хуваарилагдана гэдэг бол тун хэцүү. Таны дэвшсэн 42 дугаар тойрогт УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба нэр дэвшинэ гэж байсан ч тийм зүйл болоогүй. Ямар үйл явдал болоод  Н.Ганбямба биш та дэвшихээр болсон юм бэ?

-Нэгдүгээрт, улс төр өөрөө өрсөл­дөөн. Хоёрдугаарт, нэр дэвшүү­лэх­дээ намаас тухайн хүн ялалт байгуулах боломжтой юу гэдгийг хардаг. 42 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн, Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарын рейтинг харьцангуй өндөр, ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай хүн байсан. Энэ хүнтэй эн зэрэгцэх хэмжээнд өрсөлдөх хүн хэн байх вэ гэдэг дээр манай намынхан ярилцсан. Түүнээс гадна би намын Удирдах зөвлөлд “Нийгэм шинэ үе, залуу хүмүүсийг хүсч байна. 42 дугаар тойрогт ялах боломж надад байна. Ялалт байгуулахын төлөө ажиллахаас гадна Д.Гантулга гэж эгэл жирийн малчин айлаас гаралтай, янз бүрийн бизнест холбогдоогүй, нэр цэвэр залууг МАН нэр дэвшүүлснээрээ нийгмийн дэмжлэг авах бололцоо бүрдэнэ. Тийм учраас УИХ-ын 42 дугаар тойрогт намайг дэвшүүлж өгнө үү” хэмээн хүсэлт гаргасан. Харин гаргасан саналыг маань намын Удирдах зөвлөл хүлээн авч 100 хувь дэмжсэн. Н.Ганбямба дарга нэрээ татаж, залуу, эрч хүчтэй хүн нэр дэвших санал гаргаж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн.

-Таныг айлын бага гэж сонссон юм байна. УИХ-ын гишүүнээр сонгогдоход гэр бүлийнхэн тань танаар бахархсан байх?

-Гэр бүлийнхэн, найз нөхөд маань бүх талаараа тусалж, дэмжсэн. Эхнэр хүүхэдтэй. Аав маань малчин. Харин ээж маань тэтгэвэрт гарсан. Насаараа сум нэгдлийн бага эмч хийсэн хүн. Эцэг, эхээс зургуулаа. Би айлын бага. Ер нь их өнөр өтгөн айл байдаг.

-УИХ-ын гишүүнээр сонгогдоод гурван сар орчим болж байна. Шинээр сонгогдсон гишүүд, тэр дундаа залуу гишүүдийн үгийг үл тоодог, элэг барьдаг зүйл ажиглагддаг. Танд тийм зүйл тохиолдож байв уу?

-Намайг элэг барихгүй байх аа. 2006 онд Үндэсний шилдэг уран илтгэгч болж байлаа. Нэгдүгээр курст байхдаа “Монголын лектор” төвд багш болж, улстөрчдийн хэлэх үгийг бэлдэж, зааж, зөвлөж, хөгжүүлэх ажил хийдэг байсан. 2008 оноос улс төрийн сонгууль дээр ажилласан. МАН бол харьцангуй ёс зүйтэй нам. Чи хэдэн настай вэ биш улс төрд ямар амжилт гаргасан бэ гэж ярьдаг. Удирдах зөвлөлийн гишүүн бол Удирдах зөвлөлийн гишүүн. Хашиж байгаа албан тушаал, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байдлаараа л явдаг байх.

-Эрх баригч хүчний гишүүн бо­лохоор үгийг тань үл тоосон байдал гарахгүй байгаа байх. Сөрөг хүчний гишүүн байсан бол өөр байх л даа.

-АН төр барьж чаддагүй юм байна, МАН харин жагсч чаддаггүй юм байна гэж ярьдаг. Түүн шиг АН бол маш сайн сөрөг хүчин ш дээ. Цаашдаа ч тийм байх биз. Сөрөг хүчин сайн ажиллаж байж бодлого зөв гардаг. Сайн сөрөг хүчин байна гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнээс гадна ард түмэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ажилласан эрх баригчдад тохирох дүнг нь тавьсан. Эдийн засгийн хямралаас гадна улс төрд ч гэсэн хямрал бий болсон. Нэг нэгнийгээ хавчсан, дарангуйлсан, үл тоосон байдал газар авсан шүү дээ. Энэ бүхнээс харахад МАН ч гэсэн зөв ажиллах ёстой.

-Танай намын Бага хурал хэзээ болох вэ?

-Орон нутгийн сонгуулийн дараа болно.

-Бага хурлаар ямар асуудлуудыг хэлэлцэх бол?

-Ерөнхий нарийн бичгийн даргаа жинхэлнэ. Мөн нарийн бичгийн дарга нараа шинэчилж, солино. Бага хурлын гишүүдээс төрийн албанд очсон бол нам, төр хоёр тусдаа байх ёстой гэсэн логикоор заримыг нь чөлөөлж, томилох ажлууд байгаа.

-Одоо Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгаланг жинхэлнэ гэсэн үг үү?

-Одоогийн байдлаар бодлого тийм байгаа. Гэхдээ орон нутгийн сонгуулийн үр дүн нөлөөлөх байх.

-Орон нутгийн сонгуульд хэр ач холбогдол өгч ажиллаж байгаа вэ?

-Хэд хоногоос аймгуудаар явна. МАН орон нутгийн сонгуульд ялах ёстой. Монгол Улс нэг улс хэрнээ орон нутгийнхан нь толгой мэдэж, түүнээс болж зөрчил, маргаан их гардаг. Үндэсний хэмжээнд явж байгаа бодлогоо унагаадаг. Орон нутгийн­хантайгаа ойлголцож чадахгүй бол ажил урагшлахгүй. Тийм учраас ялалт байгуулсан улс төрийн хүчинд бүх эрхийг нь өгөөд, дээрээс нь  хариуц­лагаа тооцоод явах нь зөв юм. Тэгэхгүй АН орон нутагт ялчихвал дөрвөн жилийн дараа юу гэж тайлбарлах вэ. Ажил яваагүй нь АН, МАН хоёр ойл­голцоогүйгээс болсон гэх үү.

-Та эдийн засагч мэргэжилтэй хүн. Төсвийн тодотгол дээр байр сууриа илэрхийлээч?

-Орлогын эх үүсвэр нь тодорхойгүй атлаа зарлага нь тодорхой төсөв батлагдлаа. Дөрвөн их наяд төгрөгийн зардалтай. Тэгсэн хэрнээ Засгийн газраас оруулж ирсэн татвар нэмэх, зардлаа танах зэрэг саналуудыг бүгдийг нь болиулсан. Орлого олох эх үүсвэр нь тодорхойгүй байхад Засгийн газар яаж ажиллах юм бэ. Өр тавих уу, зээл авах уу, том төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөх үү гээд шийдэхэд их амаргүй байдалд орчихоод байна. Засгийн газар сайн ажиллаад, оновчтой шийдвэр гаргаж чадна гэж найдаж байгаа. Гэхдээ зарчмын хувьд бид маш сайн бодох ёстой. Орлого тодорхойгүй, зарлагаа баталсан нь логикийн хувьд маш буруу зүйл ш дээ. Тэгэхээр орлогоо бүрдүүлэх, татварын зөв механизм бий болгох хэрэгтэй. Жишээлбэл, их орлоготой хүмүүсээс илүү  татвар авах санал оруулж ирсэн. Энэ байж болох л хувилбар байсан. Ийм зүйлүүдээ цаашид хийж, ажиллах ёстой.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн тухайд юу хэлэх вэ?

-Засгийн газрын мөрийн хөтөл­бөрийг сайн гэж дүгнэж байгаа. Ирэх дөрвөн жилийн болон урт хуга­цааны хөгжлийн том зургуудаа харж боловсруулсан. МАН-ын сонгуульд дэвшүүлж оролцсон мөрийн хөтөл­бөрийн 90 хувь орсон байгаа. Тэгэхээр хөгжлийн бодитой зураг гарах болов уу гэж бодож байна.

-Эдийн засаг хүнд байгааг бүгд ярьж байна. Сайжруулах, тогтворжуулах гаргалгаа юу байна вэ?

-Том төслүүдээ хөдөлгөх. Хөрөнгө нь, хөрөнгө оруулагч нь, санхүү нь, санхүүжүүлэгч нь тодорхой, ТЭЗҮ-ээ хийчихсэн маш олон төсөл бэлэн байж байна. Төр зөвшөөрвөл ажил нь эхлэхэд бэлэн. Монголд мөнгө орж ирэх бололцоо байна. Жишээлбэл, Өмнөговь аймагт цахилгаан станцын гурван том төсөл байна. Аль нэг нь л хөдөлнө. Гурвууланг нь хэрэгжүүлнэ гэж байхгүй шүү дээ. Гэтэл нэгийг нь хэрэгжүүлэх гэхээр үлдсэн хоёр нь гацаадаг. Улс төрийн лоббиноос болж. Ерөнхий сайд болон улстөрчдөөс хүсч байгаа ганц зүйл бол, эр зориг гаргаад аль нэгийг нь л хэрэгжүүл. Нөгөө хоёроос нь уучлал гуйгаад, унагаа. Эр зоригтой байх гэж л улстөрч болсон юм байгаа биз дээ. Зоригтойгоор шийдэх гэж л улс төрд орж ирсэн биз дээ. Гэтэл одоо бүгдэд таалагдах гээд ямар ч төслийг хөдөлгөхгүй байна. Тэгсэн атлаа аль нь хэрэгждэггүй. Ийм арчаагүй төр байж болохгүй. Шийдэл гаргадаг төр байх ёстой. Бүх асуудлыг шийдэж чадахгүй гэдгээ бас хүлээн зөвшөөрөх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилийг л харчих. Нарийн төмөр зам тавих уу, өргөнийг тавих уу гэж хоёр талд хэрэлдсээр байгаад шийдэж чадаагүй. Аль алинд нь сул, давуу тал байгаа. Бүгдийнх нь сул талыг яриад л шийдээд явах ёстой. Улс төрчид зоригтой, зоримог, шийдэмгий байх ёстой.

-Шийдэл олоод “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах гээд л байх шиг байна?

-”Стэнд бай”  хөтөлбөрт хамрагдвал тодорхой хэмжээний мөнгө орж ирэх байх. Гэхдээ энэ хөтөлбөрт хамрагдвал зарим зүйлүүд хязгаарлагдмал бол­но. Жишээлбэл, энэ зардлаа тана, үүний­гээ хас, тэр хөтөлбөрөө хий гээд бидэнд шууд зааж эхэлнэ шүү дээ. Хэрвээ тэгвэл улс төрийн эрсдэлийг нь бид хүлээж чадах уу. Иргэдэд өгч байгаа хавтгайрсан халамжаа бүгдийг нь боль гэнэ ш дээ. Мөнгө өгч байгаа хүмүүс зүгээр орхичихгүй. Харин улс төрийнхний, иргэдийн хүсээгүй зүйлүүдийг хийнэ. Түүнийг нь бид хүлээн аваад хийж чадах уу гэдгээ бодох ёстой. Гэхдээ энэ бол цор ганц гарц биш гэдгээ хүлээн зөвшөөрөөд өөр арга хэрэгжүүлэх бололцоог олох хэрэгтэй.

Эх сурвалж:Ардын эрх сонин

2016 оны 10 сарын 3

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага