Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэв
2018 оны Marchын 14

Монголбанк, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, МУИС хамтран “Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага-2018” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.03.13/ зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаач, багш нар, банк, санхүүгийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгийн хүрээнд:

–          “Байгалийн баялагтай эдийн засаг дахь мөнгөний болон макро зохистой харьцааны бодлогын нөлөө: Монголын жишээн дээр”

–          “Экспортын төрөлжилт ба эдийн засгийн өсөлт”

–          “Экспортыг дэмжих хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээ”

–          “Мега төсөл: Олон улсын туршлага, Монгол Улсын одоогийн нөхцөл байдал, эдийн засагт үзүүлэх нөлөө”

–          “Бэлчээрийн доройтол ба малын хөлийн татварын нөлөө”

–          “MA аргыг ашиглан инфляцийг таамаглах нь”

–          “Уул уурхайн хөгжил орон нутгийн иргэдийн амьжиргаанд нөлөөлөх нь”

–          “Орон сууцны зээлийн бодлогын эдийн засгат үзүүлэх нөлөө”

зэрэг сэдвээр Монголбанк, ЭЗСЭШХ-ийн судлаач, эдийн засагчид илтгэл тавьж,  хэлэлцүүлэг өрнүүлэв. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортод түшиглэсэн экспортын бүтэцтэй Монгол шиг улсын хувьд цаашдаа экспортыг төрөлжүүлэх, импортыг орлохуйц нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих нь чухал. Гэхдээ импортыг орлохдоо заавал бүх зүйлийг хийх албагүй. Монголын онцлогийг шингээсэн, олон улсад өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний экспортыг дэмжих замаар эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай гэдгийг оролцогчид онцолж байлаа.

Мөн Монголбанк болон холбогдох бусад эдийн засгийн томоохон судалгааны институциуд хамтран эдийн засгийнхаа төлөв байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, үүнд эрдэмтэн судлаачдын санал, дүгнэлтийг тусгаж, төр засагт дуу хоолойгоо хүргэж байх иймэрхүү хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах нь чухал ач холбогдолтой гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцлов.

Түүнчлэн хэлэлцүүлгийн салбар хуралдаанаар “Монгол улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт”, “Уул уурхайн хөгжлийн стратеги”, “Уул уурхайн салбараас орох орлогын удирдлага” зэрэг өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага