Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Цэрэг хүн зовлонд гунддаггүй, жаргалд ташуурдаггүй юм
2018 оны Marchын 15

Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнээс төрсөн төр, нийгмийн зүтгэлтэн, урлаг спортын алдартнуудаараа бид үргэлж бахархаж, “манайх” гэж өөриймсөн хүндэтгэж явдаг. Энэ утгаараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг баярын өдрийг тохиолдуулан урьж ярилцлаа. Тэрээр 1985-1989 онд ЦНДС-ийн улс төрийн ангид суралцаж төгсөөд Зэвсэгт хүчний анги, салбараас ажлын гараагаа эхэлсэн юм.

-Юуны өмнө ярилцлагын маань урилгыг хүлээн авсанд баярлалаа. Хурандаа цолтой, цэргийн хүний хувьд Танд “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэнд дэвшүүлье. Баярын энэ өдөр таны цэргийн албанд орох болсон дурсамжийн талаар яриагаа эхлүүлье гэж бодлоо…

-Баярлалаа. Миний хамгийн сайхан дурсамжуудын нэг бол цэргийн амьдралаар амьдарч, номыг нь үзэж, ногоотой шөлийг нь идсэн он жилүүд байдаг. Одоо би боддог юм. Хэрэв би тухайн үед цэргийн сургуульд орох шийдвэр гаргаагүй бол өдийд яаж явах байсан бол гэж. Хэлж, тааж ч мэдэхгүй юм. Ер нь цэрэгт явсан хүн “Би яах гэж чухам эр хүн болж төрсөн билээ, би яахын тулд энэ улсын иргэн болж төрсөн юм бэ” гэдгээ ухамсарладаг. Биш ээ, ухамсарлуулдаг байхгүй юу, цэргийн амьдрал үүнийг /инээв/. Би багадаа хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Аав, ээж хоёр маань хоёулаа тээврийн жолооч. Тэгсэн нэг өдөр аав намайг зүггүй болохоор нь шахсан уу, яасан “Миний хүү цэргийн хүн бол. Цэргийн сургуульд ор” гэж байна. Би ч бодож үзээд аавынхаа үгнээс зөрөлгүй тэр замаар нь замнасан даа. Мэдээж цэргийн сургуульд ороод цэргийн амьдралд, энэ салбарт хайртай болсон. Дэндүү гэмээр л хайртай. Эх орон гэж юу вэ, ямар үнэ цэнээр олдсон зүйл вэ гэдгийг ухамсарлуулж, эх орноо хайрлах сэтгэлийг илүү суулгаж өгдгөөрөө цэргийн амьдрал, цэргийн алба онцлог юм. Дөрвөн жилийг цэргийн казармд ажиллаж амьдарч өнгөөрөөсөн. Тэндээс л би амьдралын сургамж, ухаарлыг олж, бас анд сайн нөхөдтэйгөө ч учирсан даа.

-Цэргийн алба тэсвэр хатуужил, сахилга бат, дэг журмыг хувь хүнд суулгахаас гадна бие сэтгэлийн төлөвшлийг ч хамтад нь олгодог гэдэг…

-Таньтай санал нэг байна. Энэ амьдрал гээч чинь өөрөө тэр чигээрээ тэмцэл. Энэ тэмцэл дунд хэн хувийн сахилга бат, зохион байгуулалт сайтай байна. Тэр хүн амжилтанд хүрч чаддаг. Манай залуучууд сүүлийн жилүүдэд цэрэгт явах хүсэл сонирхолтой болсон байна. Энэ бол маш сайн хэрэг. Өөрийнхөө төлөө хийж байгаа хамгийн сайн сонголт. Ирээдүйд энэ улсыг авч явах эрчүүд, бүсгүйчүүд тэсвэр хатуужилтай хүн болж төлөвшихөд цэргийн алба маш чухал. Таны хэлсэн үнэн. Зовлонд гунддаггүй, жаргалд ташуурдаггүй болж төлөвшихөд цэргийн алба сургадаг гэж боддог. Монгол цэрэг дэг журам, сахилга батын үлгэрлэл, эр зориг, тэсвэр хатуужлын илэрхийлэл юм даа.

-Манай цэргийнхэн хэзээ ч эх орон гэж цээжээ дэлдэн хашгирдаггүй. Зүрхэндээ чимээгүй хайрлаж мэдэрсэн байдаг гэлцдэг. Та энэ тухай ямар бодолтой байдаг вэ?

-Эх орон дуудахад эр хүн очих ёстой. Энэ бол үүрэг, бас чухал хариуцлага. Цэрэг хүн тушаалаар үүрэг даалгавар биелүүлдэг, тэгж ч хүмүүжүүлдэг. Манай цэргийнхний ямар нэгэн үүрэг даалгавар өгөхөд биелүүлж байгаа байдал, хандлага нь цаанаа л нэг өөр байдаг юм. Юманд хандаж байгаа байдлаараа эрхгүй ялгарна шүү. Наад захын жишээ гэхэд цаг баримтлаад сурчихсан байдаг. Энэ их чухал асуудал. Үүний цаана бас нэг чухал чанарыг цэргийн алба хүн бүрт суулгаж өгдөг. Тэр юу вэ гэхээр даргынхаа дэргэд даналзаад байдаг цэрэг байдаггүй л байхгүй юу. Энэ бол хүн хаана, хэнтэй ямар байдлаар харилцах вэ гэдэг харилцааны хүмүүжил явж байгаа хэрэг л дээ. Тийм ч учраас би цэрэг, би эх орноо хамгаална гэж цэргүүд тэр бүр дуугарахгүй. Харин эх орон дуудахад хамгийн түрүүнд очих тушаалтай хүмүүс бол тэд. Цэргийнхэн дэргэдэх даргаасаа илүү хамгийн том дарга бол миний эх орон шүү гэдгийг тархи, зүрх хоёроороо ухамсарласан байдаг нь юутай сайхан бэ.

-Хэдий богино цаг хугацаанд ярилцах завшаан тохиосон ч асуухгүй өнгөрч болохгүй асуулт бол Засгийн газраас батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд баримталж ажиллах бодлогын тухай юм. Засгийн газрын зүгээс ямар бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

-Би монгол цэргүүдээрээ бахархдаг. Монгол залуус олон улсын энхийг дэмжих ажиллагаанд улсынхаа нэрийг гаргаад явж байгаад нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувиар ч, хувь хүнийхээ зүгээс ч маш их баярладаг. Манай Зэвсэгт хүчний хөгжлийн чиг баримжаа хаана явааг хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа эрэлхэг зоригт охид, хөвгүүдээс харж болно. Монгол Улсын Засгийн газар улс үндэснийхээ аюулгүй байдал, батлан хамгаалах зорилтыг улс төр, дипломатын аргаар хангахыг эрмэлздэг. Гэхдээ үүний зэрэгцээ Зэвсэгт хүчний хөгжлийн чанарын үзүүлэлтийг хангахыг мөн чухалчилж байна. Төрийн цэргийн байгууллаа хөгжүүлэх, орчин үеийн шинж чанартай цэрэг, арми бүхий батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх, түүний дотор, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчинтэй байх, үүрэг гүйцэтгэх чадавх, боломжийг нэмэгдүүлэх чиг шугамыг тууштай баримталж байна. Мэдээж цэрэг хүний үндсэн хөдөлмөр болох бэлтгэл сургалтыг дээшлүүлэх үүднээс бие бүрэлдэхүүний мэргэшил, зэвсэглэл, техникийн шинэчлэл зэрэгт ч анхаарч байгаа. Төлөвлөсөн олон ажил бий. Гэхдээ баярын өдөр ажил яриад суух нь зохимжгүй болов уу.

-Эрхэм хурандаа Та “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан журмын нөхөддөө мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Бидний өвөг дээдэс эх орныхоо тусгаар тогтнол, газар шороо, хүн ардынхаа амгалан тайван амьдралын төлөө амь нас, алд биеийнхээ алжаалыг умартан тэмцэж ирсэн алдар гавьяаны баатарлаг түүхтэй. Тиймээс ч монголчууд бид ариун гал голомтоо сахин хамгаалагч, ард түмнийхээ өмөг түшиг болсон цэргийнхнээ хүндлэн дээдэлдэг нандин сайхан уламжлалтай. Улс, эх орны маань сүр хүч, эр зориг, сүлд хийморийн илэрхийлэл болсон Та бүхэндээ “Монгол цэргийн өдөр”-ийн болон орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье! Цэргийн албанд зүтгэж байгаа хүн бүрт, зүтгэж байсан ахмад буурлууддаа эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

дэслэгч Д.Болормаа
Эх сурвалж: “Соёмбо” сонин

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага