Д.Ган-Очир: Өөрийн орны онцлог давуу талд суурилсан салбарыг хөгжүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэх явдал туйлын чухал …
2018 оны Marchын 16


Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очирийн илтгэл

Манай орны хувьд эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг бий
болгох нь НҮБ-аас дэвшүүлсэн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах,
орлогын түвшний ангиллыг дээшлүүлэх, Монгол иргэн бүрийн амьдралын
чанарыг дээшлүүлэх боломжийг олгоно. Сүүлийн 10 гаруй жилд эдийн
засгийн мөчлөг богино давтамжтай буюу өрнөл-уналтын мөчлөг 3-4 жил тутам
тохиолдож байна. ДНБ-ий жилийн дундаж өсөлт 1991-2016 онд 4.4 хувь
байлаа. Эдийн засгийн өсөлт хэт өндөр хэлбэлзэлтэй, гадаад цочролоос хэт
их хамааралтай байна. Эдийн засгийн өсөлтийн өндөр хэлбэлзэл нь өрхийн
хэрэглээний өсөлтийг савлуулж, өрхийн өрийг нэмэгдүүлж, ажилгүйдэл,
ядуурлын түвшинг тогтвортой бууруулах зэрэг нийгмийн зорилтыг хангах
боломжийг хязгаарлаж байна. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой,
хүртээмжтэй болгох асуудал нь гадаад цочролоос дархлаатай болгох, эдийн
засгийн бүтцийг ажлын байр олноор бий болгодог олон тулгууртай болгох,
хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг нь бидний хувьд сорилт, тулгарч
буй бэрхшээл болж байна.
Эдийн засгийн өсөлтийн динамикийг сайтар ойлгохын тулд түүнд нөлөөлөх
хүчин зүйлс, бодлогын нөлөөг авч үзэх ёстой. Rodrick (2003) өсөлтийн эдийн
засгийн онолыг системтэй тайлбарлахын тулд өсөлтийн “барагцаалсан
тодорхойлогч” болон “гүнзгий тодорхойлогч”-ийг хооронд нь ялгах
шаардлагатай гэж үзсэн. Барагцаалсан тодорхойлогч нь орлогод юу нөлөөлөх
вэ? гэдэг асуултад хариулах стандарт хүчин зүйлс (биет болон хүмүүн
капиталын хуримтлал, бүтээмж) хамаардаг бол гүнзгий тодорхойлогч гэдэгт
ерөнхий утгаараа газар зүйн байршил, интеграц (худалдаа), институцийг
хамааруулж дурдаж болно.
Улс орнуудын эдийн засгийн өсөлтийг түүхэн байдлаас аваад үзэхэд
харилцан адилгүй байсан нь өнөөдрийн хөгжлийн ялгаа, орлогын тэгш бус
байдлыг бий болгоход нөлөөлсөн ажээ. Эдийн засагчид өсөлтийн ерөнхий
динамик, зарчмыг тодорхойлж байгаа хэдий ч чухам юунаас шалтгаалан
өсөлтийн том ялгаа бий болж байгааг бүрэн тайлбарлаж чадахгүй хэвээр л
байна. Өмнө хэлсэнчлэн институци, бодлого, интеграц, соёл иргэншил, газар
зүйн байршил зэрэг нь эдийн засгийн өсөлтийг тодорхойлогч суурь хүчин
зүйлс гэсэн үзэл баримтлал одоогоор давамгайлж байна. Эдийн засгийн
тогтвортой, өндөр өсөлтийг бий болгохын тулд бодлого боловсруулагчдаас
хамаарах хоёр хүчин зүйл нь: 1) тухайн оронд шаардлагатай төрийн сайн
бодлого; 2) институцийг сайжруулах явдал юм.
Монгол улсын хувьд эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгохын тулд
өөрийн орны онцлог давуу талд суурилсан салбарыг хөгжүүлэх замаар эдийн
засгийг төрөлжүүлэх явдал туйлын чухал байна. Энэ том сорилтыг амжилттай
даван туулахын тулд харилцан нийцтэй макро эдийн засгийн болон бүтцийн
тогтвортой бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай. Эдгээр бодлогыг
хэрэгжүүлэхэд мэдлэг, боловсролтой иргэд, төр, хувийн хэвшлийн хөрөнгө
оруулалт, хүчтэй институцийг бүрдүүлэх нь чухал үүрэг гүйцэтгэх учиртай.
Олон улсын туршлага, өмнөх цуврал судалгаа (Н.Баяртсайхан 2017, Д.Ган-
Очир 2017a,b), өөрийн орны онцлог байдалд тулгуурлан Монгол улсын эдийн
засгийн тогтвортой өсөлт, хөгжилд хүргэх “Улаанбаатарын зөвшилцөл”
(Ulaanbaatar Сonsensus)-ийг бид Монголбанкны Ерөнхийлөгчийн дурдсан 8-н
зарчмын хүрээнд санал болгож байна.

“Улаанбаатарын зөвшилцөл” xэлэлцүүлгийн хураангуй

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага