Худалдааны гол түнш орнуудын эдийн засгийн байдал
2018 оны Aprilын 19

МОНГОЛ БАНК: Инфляцийн төлөв байдлын тайлан 2018 оны  3 сар 


Гадаад эдийн засгийн орчин 2017 оны IV улиралд Орос, Евро бүс, БНХАУ болон АНУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс өндөр байв. Гол түүхий эдийн үнэ өсөхөд ам.долларын ханш суларсан, ОПЕК-ийн нэгдэл орнууд үйлдвэрлэлээ танах хэлэлцээрээ сунгах хүлээлт, АНУ-ын занарын олборлолт нэмэгдэх төлөв, БНХАУ-ын эдийн засаг хүлээгдэж байснаас сайжирсан болон БНХАУ-ын ЗГ-аас баримталж буй агаарын бохирдлыг бууруулах бодлогын нөлөөгөөр өвлийн саруудад нүүрс, төмрийн хүдэр, зэсийн
импорт нэмэгдсэн зэрэг нь нөлөөллөө. 

БНХАУ-ын эдийн засаг 
Оны эхний хагаст 6.9 хувь, 3-р улиралд 6.8 хувиар өссөн БНХАУ-ын эдийн засаг 4-р улиралд хүлээлтээс давж 6.8 хувиар өслөө. Хятадын үйлчилгээний салбар болон
экспорт нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүллээ. Тодруулбал, 2017 оны 4-р улиралд ДНБ-ий 52.9 хувийг бүрдүүлдэг үйлчилгээний салбар 8.3 хувь, 2017 оны 3-р улиралд 7.5 хувиар өсч байсан экспорт 9.1 хувиар тус тус өссөн нь өсөлтийн гол түлхэц болов. Caixin PMI аж үйлдвэрлэлийн индекс 4-р улиралд 51.5 хувь хүрч өсөв. Энэхүү өсөлт
хэрэглэгчид, бизнес эрхлэгчдийн итгэл нэмэгдэж, аж үйлдвэрийн салбар сайжирч байгааг илэрхийлж байна. Үүний зэрэгцээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэглээний үнээр хэмжигдэх инфляци 1.8 хувьд, түүхий эдийн үнийн өсөлтөөс хамааран үйлдвэрлэгчийн үнийн инфляци 5.4 хувьд хүрч өсөв. Түүнчлэн 2017 оны ДНБ-ий өсөлтийн 58.8 хувийг үйлчилгээний салбар, 32.1 хувийг нийт хөрөнгө оруулалт, 9.1 хувийг бараа, үйлчилгээний цэвэр импорт тус тус эзэллээ. Хятадын Ардын банк юанийн ханшийг хамгаалах болон цаашид зээлийн өсөлтийг бууруулах зорилгоор мөнгөний бодлогоо чангаруулж нэг жилийн хугацаатай хадгаламжийн (1.5%) болон зээлийн (4.35%) хүүгээ 2018 оны 1-р улиралд нэмэгдүүлэх магадлал өндөр хэвээр байна. Түүнчлэн, АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 2018 онд 4 удаа нэмэгдүүлэх хүлээлт болон Ерөнхийлөгч Дональд Трампын татвар бууруулах
бодлогын шинэчлэлттэй холбоотой юанийн ханш ам.долларын эсрэг сулрах нөлөөтэй байна.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт, хувиар /өмнөх
оны мөн үеэс/
Эх сурвалж: Блумберг, Рубини
Хятадын эдийн засгийн байдал өр, санхүүгийн тэнцлийн алдагдлаас ихээхэн хамааралтай хэвээр байна. Иймд, сүүлийн жилүүдэд Хятадын Засгийн газар дотоод эрэлтэд суурилсан тэнцвэртэй өсөлт бий болгохын тулд нийгэм эдийн засгийг шинэчлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүний хүрээнд эдийн засгийн өсөлтийн зорилтыг тогтмол бууруулж, дунд, урт хугацаанд аж үйлдвэр болон үл хөдлөх хөрөнгийн салбарт оруулах хөрөнгө оруулалтаа хязгаарлах төлөвтэй байна. Харин 2017 оны 10 дугаар сарын 18-24-ны өдрүүдэд БНХАУ-ын ирэх 5 жилд хэрэгжүүлэх бодлого, хэтийн төлвийг тодорхойлсон намын 19 дүгээр их хурлын
дараа 2017 оны 12 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд ирэх онд баримтлах бодлогоо нарийвчлан тодорхойлсон “Central Economic Work Conference” чуулган болж өнгөрлөө. Тус хурлын үеэр намын цаашид эдийн засгийнхурдцаас илүүтэй чадавхид анхааран ажиллах чиглэл өгсөн бол тус чуулганы үеэр намын 12-р их хурлаараа дэвшүүлсэн “2020 он гэхэд 2010 оны ДНБ-ий хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх” зорилтот түвшинд хугацаанаасаа эрт хүрэх бодлогын чиглэл/дохио өгсөн байна. Уг зорилтот түвшинд хүрэхийн тулд 2018-20 онд эдийн засаг дунджаар 6.3 хувиар өсөх шаардлагатай. Цаашид үл хөдлөх хөрөнгө болон аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт хүлээлтээс бага хурдацтай саарч, өрхийн хэрэглээний өсөлт хадгалагдах
төлөвтэй тул 2018-19 онд өсөлт сайжрах таамаглалыг олон улсын агентлагууд улирлын тайландаа дурджээ
(EIU, Bloomberg & Roubini).
ОУВС-гийн шинжээчдийн тооцоолсноор Хятадын өрх, компани болон Засгийн газрын зээл 2022 он гэхэд ДНБ-ий 300 хувьд хүрч нэмэгдэхээр байгаа нь бизнес эрхлэгчид болон банкны салбарт тогтворгүй байдал бий болгох эрсдэлтэй тул өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх шаардлагатайг анхааруулсаар байна. Энэ нь тус улсын дунд хугацааны эдийн засгийн төлөвийг сааруулж эрсдэл үүсгэж болзошгүй юм.


АНУ-ын эдийн засаг
АНУ-д ажилгүйдлийн түвшин буурч хөдөлмөрийн зах идэвхжин, хөрөнгө оруулалт, экспорт нэмэгдсэнээр 2017 оны 4-р улиралд эдийн засаг хүлээлтээс өндөр буюу өмнөх жилийн мөн үеэс 2.5 хувиар өсөв. Мөн хугацаанд хөрөнгө оруулалт 4 хувь, экспорт 4.9 хувиар өссөн нь
энэхүү өсөлтийг голлон тайлбарлаж байна. Флорида, Техас мужуудыг 2017 оны 8-р сарын сүүл, 9-р эхэнд дайран өнгөрсөн Харви болон Ирма хар салхины нөлөөгөөр 33,000 ажлын байр устсан ч 2017 оны турш ажил эрхлэлт нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин 4.1 хувь
болж буурсан, 12-р сард 148,000 ажлын байр шинээр нэмэгдсэн зэргээс хөдөлмөрийн захын төлөв сайн байна гэж дүгнэж байна. ДНБ-ий 70 орчим хувийг бүрдүүлэгч хувийн хэрэглээний зардал өмнөх улиралд 2.4 хувиap өсч байсан бол 4-р улиралд 3.8 хувиар өсч эдийн
засгийн өсөлтөд эерэгээр нөлөөллөө. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татвар
бууруулах болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө нь богино хугацаанд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх боловч АНУ-ын хүн амын насжилт нэмэгдэж, үйлдвэрлэлийн салбарын бүтээмж буурч байгаа, төсвийн алдагдал 2017 онд 3.5
хувь байснаас 2019 он гэхэд ДНБ-ий 4.1 хувьд хүрэх төлөвтэй, улсын секторын өр нэмэгдэж байгаа болон зарим протекционист бодлоготой холбоотой улс төр, эдийн засгийн тодорхой бус байдлууд өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгэж байгааг шинжээчид онцолж байна.
Эдийн засгийн идэвхжил нэмэгдэн инфляци эрчимжиж байгаа зэрэгтэй уялдуулан Холбооны нөөцийн банк 2017 оны 4-р улиралд бодлогын хүүгээ нэмэгдүүлж 1.5 хувьд хүргээд байна. Бодлогын хүүг энэ жилдээ 3 биш 4 удаа нэмэгдүүлэх магадлал өндөр болж байгааг
шинжээчид онцолж байна.

Зураг II.2.1.2
АНУ-ын эдийн засгийн өсөлт, хувиар /өмнөх оны
мөн үеэс/
Эх сурвалж: Блумберг, Рубини


ОХУ-ын эдийн засаг
ОХУ-ын эдийн засаг 2017 оны 4-р улиралд 1.9 хувиар өссөн нь хүлээлтээс өндөр байв. Өрхийн хэрэглээ, жижиглэн худалдаа, экспорт болон нийт хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь 4-р улирлын өсөлтийг тайлбарлах гол хүчин зүйлүүд байлаа. 2017 оны 4-р улиралд өрхийн хэрэглээ 4.1 хувиар, нийт хөрөнгө оруулалт 3.8 хувиар тус тус өсчээ. 2017 оны 3-р улиралд 51.5 болж буураад байсан аж үйлдвэрийн салбарын индекс 4-р улиралд 52 хувь болж нэмэгдсэн.
Мөн жижиглэнгийн худалдаа өмнөх оны мөн үеэс 4.3 хувь, экспорт 3.8 хувиар тус тус өссөн нь ОХУ-ын эдийн засгийн өсөлтөд түлхэц болов. Ажилгүйдлийн түвшин 2017 оны 12-р сарын байдлаар 5.1 хувь буюу 2009 оны 1 сараас хойшхи хамгийн бага түвшинд
хадгалагдлаа. Харин жилийн инфляци 2017 оны 4-р улиралд 2.6 хувьд хүрч, ОХУ-ын Төв банкны зорилтот түвшинд буюу 4 хувиас доогуур гарав.  Үүнтэй холбоотойгоор ОXУ-ын
Төв банк 2017 оны туршид мөнгөний зөөлөн бодлого баримталж 2017 оны 9-р сард бодлогын хүүгээ 0.50 нэгж хувиар бууруулж 9-8.5 хувь, 10-р сард 0.25 нэгж хувиар бууруулж 8.5-8.25 хувь болгосон бол 12-р сард дахин 0.50 нэгж хувиар бууруулж 7.75 хувьд хүргэх шийдвэр
гаргалаа.

Зураг II.2.1.3
ОХУ-ын эдийн засгийн өсөлт, хувиар /өмнөх оны
мөн үеэс/
Эх сурвалж: Блумберг, Рубини


Евро бүсийн эдийн засаг
Евро бүсийн эдийн засаг 2017 оны 3-р улиралд 2.5 өссөн бол 4-р улиралд 2.7 хувиар өсч 2011 оны I улирлаас хойшхи хамгийн дээд түвшиндээ хүрлээ. Эдийн засгийн өсөлтөд худалдааны түнш орнуудын эдийн засгийн төлөв сайжирсан, улс төрийн тодорхой бус байдал буурсан, Европын төв банкнаас хэрэгжүүлж буй уламжлалт бус мөнгөний бодлого голлон нөлөөллөө.
PMI индекс 2017 оны 12 дугаар сард 60.6 болж, 2011 оны 4 сараас хойшхи дээд түвшиндээ хүрсэн бол өрхийн хэрэглээ өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өсч бүсийн өсөлтийг дэмжлээ. Харин инфляци 2017 оны 12 дугаар сарын байдлаар 1.4 хувь буюу өмнөх улирлаас
өөрчлөгдсөнгүй.

Ийнхүү уламжлалт бус мөнгөний бодлого дотоод эрэлтийг дэмжиж байгаа ч цалингийн өсөлт хангалттай хэмжээнд хүрээгүй байгаа нь инфляцийг зорилтот 2 хувьд хүргэхгүй байхад голлон нөлөөлсөн хэвээр байна гэж шинжээчид үзжээ.

Евро бүсийн нийт ДНБ-ний 29 хувийг эзлэх Герман /ХБНГУ/, 11 хувийг эзлэх Испани зэрэг орнуудад эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур гарсан боловч 21 хувийг бүрдүүлдэг Францын өсөлт хүлээлтээс өндөр гарч бүсийн өсөлтөддэмжлэг боллоо.

Зураг II.2.1.4
Евро бүсийн эдийн засгийн өсөлт, хувиар /өмнөх
оны мөн үеэс/
Эх сурвалж: Блумберг, Рубини


Гадаад хүү
АНУ-ын ажилгүйдэл буурч, хөдөлмөрийн зах идэвхжиж, инфляци өсч, иргэдийн бодит орлого
нэмэгдэж, хувийн хэрэглээ тогтворжих төлөвтэй тул Холбооны нөөцийн банк 2017 оны 4-р улиралд бодлогын хүүгээ 1.5 хувьд хүргэж нэмэгдүүлсэн. Холбооны нөөцийн банк 2018 онд дахин дөрвөн удаа, 2019 онд гурван ч удаа бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээр байгаа бөгөөд хамгийн ойрын хугацаандаа 3 дугаар сард нэмэгдүүлэх магадлал өндөр байна.  Ийнхүү ХНБ богино хугацааны хүүгээ өсгөхийн зэрэгцээ, 2017 оны 4-р улирлаас эхлэн төв банк балансын хэмжээгээ багасгах бодлогод шилжсэн нь урт хугацаат актив хөрөнгүүдийн үнийг бууруулж, өгөөжийг өсгөх хүлээлтийг үүсгээд байна. АНУ-ын ЗГ-ын 10 жилийн бондын өгөөж
сүүлийн 20 сарын хугацаанд 2 дахин өсч 2.8%-д хүрсэн. 30 жилийн хугацаатай моргежийн зээлийн хүү мөн 1 нэгж хувиар өсчээ. Урт хугацаат хүү ийнхүү өсөх хандлагатай байгаа нь дунд хугацаанд хөгжиж буй орнуудын ам.долларын зээл бондуудын дахин санхүүжилт, өрийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй байна.

Инфляцийн төлөв байдлын тайлан 2018 оны  3 сар ЭНД дарж үзэх

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага