ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ЭНГЭРТ ОДОН ГЯЛАЛЗАЖ БАЙНА
2018 оны Aprilын 30

ИБНАУ-д явагдаж буй НАТО-гийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгэж, төр засаг, эх орон, ард түмэн, цэргийн дээд удирдлагаас даалгасан хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг нэр төртэй гүйцэтгээд ирсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын VI ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг өнөөдөр төрийн болон батлан хамгаалах салбарын одон медалиар шагналаа. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, АЦК-ын удирдлагууд оролцож, энхийг сахиулагчдад баяр хүргэсэн юм.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медаль”-аар Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цахилгаан эрчим хүчний инженер, хошууч Д.Буянбаатар, Зэвсэгт хүчний 234 дугаар ангийн тасгийн захирагч, ахлах ахлагч Ц.Батаа нарыг, “Энхийн төлөө медаль”-аар Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Н.Гүрбадам, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн салааны захирагч, ахмад З.Гансэлэм, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн эмнэлгийн бүлгийн дарга, ахлах дэслэгч Б.Хүрэл-Очир, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн ротын захирагч, ахмад Б.Бат-Эрдэнэ нарын алба хаагчид энгэрээ мялаалгав. Мөн Батлан хамгаалахын сайдын тушаалаар Батлан хамгаалах яамны жуух бичиг, “Дайчин алдар” болон “Эх орны төлөө” хүндэт тэмдгээр зарим алба хаагчийг шагнасныг холбогдох албаныхан гардуулан өгч баяр хүргэв. Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж “Монгол Улсын Зэвсэгт хүчин хүн төрөлхтөний энх амгалан амьдралын төлөө дэлхийн олон орны зорилго нэгт цэрэг эрстэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх болсон хугацаанд манай цэрэг дайчид мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадамжаараа мэргэжлийн гэгдэх цэрэг армиудад хүлээн зөвшөөрөгдөн Монгол цэрэг дэлхийн цэрэг болсон билээ. Манай цэргийн алба хаагчид ажиллагаанаас ажиллагаанд туршлагажиж шинэ шинэ үүрэг гүйцэтгэх дадлага, чадварыг эзэмшсээр байгаа бөгөөд АНУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй хамтран НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, сургах, дадлагажуулах, дэмжлэг үзүүлэх ажиллагааг чамбай зохион байгуулсныг онцлох нь зүйтэй. Эрсдэлтэй хүнд нөхцөлд цэрэг хүний эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадварыг бодитоор харуулан төр засаг, цэргийн дээд удирдлагаас даалгасан хариуцлагатай үүргийг нэгэн үзүүрт сэтгэлээр амжилттай биелүүлж ирсэн нь хэн бүхний бахархалыг төрүүлж байгаа юм. Монгол газар шороонд Монгол хүн болон мэндэлсэн эрхэм хүндтэй энэ хувь заяандаа эзэн нь байж эх орныхоо захиас даалгаварыг хичээнгүйлэн биелүүлсэн эрэлхэг хөвгүүд та бүхнээр эх орон, ижий аав, эхнэр хүүхэд, ах дүү нар тань бахархаж байна” хэмээн онцолсон. Үүний дараа ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар энхийг сахиулагч бүрт тусгайлан баяр хүргэж, цаашдын албанд нь амжилт хүссэн юм.

Эх сурвалж: “Соёмбо” сонин

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага