“Говийн домог” киноны гол дүрийн жүжигчин Б.Замилан: Анхны уран бүтээлээ дом­гийн сэдэвтэй кино­гоор эхэлсэндээ баяртай байна
2018 оны Mayын 4

“Утасны анд” энэ удаад “Говийн домог” киноны гол дүрийн жүжигчин Б.Замилантай холбогдлоо.

-Сайн байна уу. “Утас­ны анд” холбогдож байна. Өдрийн мэнд хүргэе?

-Баярлалаа. Танд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе.

-Хэсэгхэн хугацаанд ярилцах завтай байна уу?

-Одоо­гоор завтай байна.

-“Говийн домог” хэмээх нэгэн том уран бүтээлийн ард амжилттай гарлаа шүү?

-Анхны уран бүтээлээ дом­гийн сэдэвтэй кино­гоор эхэлсэндээ баяртай байна. Кино гэдэг олон хүний хөлс, хөдөлмөрөөр бүтдэг гэдгийг ойлголоо. Зураг авалтын үеэр бэрхшээлтэй, зүрхшээм асуудал гарч байсан ч манай багийнхан надад их урам өгсөн. Бид жилийн дөрвөн улирал дамнаж, хоёр жилийн хугацаанд зураг авалт хийсэн. Хасах 40 хэмийн хүйтнээс нэмэх 40 хэмийн халуунд хүртэл ажлаа зогсоогоогүй.

-Энэ хоёр жилийн хугацаанд их хатуужилтай болсон байх даа?

-Эхлээд гэрээсээ хол жаахан хэцүү байсан. Сүүлдээ дасдаг юм билээ. Үүнээс гадна говьд халуун, бидний хувцас зузааныг хэлэх үү. Ялангуяа, тэр халуунд тулаантай хэсгүүдийг авахад жүжигчнээс жинхэнэ тэсвэр шаардаж байсан.

-Дөнгөж I дамжааны оюутанд ийм том бүтээлд гол дүр бүтээнэ гэж бодоход ямар санагдсан бэ?

-Би киноныхоо тухай ямар ч мэдээлэлгүй сонгон шалгаруулалтад оролцсон. Өөрийгөө гол дүр бүтээнэ гэж итгээгүй. Мэдээж дөнгөж сургуулийн босго алхсан шинэхэн оюутны хувьд үнэхээр том аз, их хариуцлага байлаа.

-Тувагийн алдарт жү­жиг­чин Эдуард Ондартой хам­тарч тоглосон. Ойлгол­цоход бэрх байсан уу?

-Монголоор ярь­даг­­гүй учир эхлээд ойлгол­цоход бэрх бай­сан. Сүүлдээ дасаад зураг авалтын талбайд харцаараа ойлголцдог бол­сон. Тэр мундаг жү­жигч­нээс их зүйл сурсан шүү.

-Манай үзэсгэлэнт гүнж нум сум их сайн харваж байсан?

-Би хотод өссөн. Тиймээс нум сум харвах тухай ямар ч мэдлэггүй байсан. Зураг авалтын турш орлон тоглогчийн багийнхан надад зааж зөвлөсний хүчинд жаахан дөртэй боллоо.

-Бас морь их сайн унаж харагдсан?

-Морь унаж сурс­ныхаа дараа буумааргүй санагдаж байсан. Морь унаад салхи татуулан дав­хих их сайхан юм билээ.

Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага