Г.Эрдэнэчимэгийн олныг бишрүүлсэн яриа. Монгол Эмэгтэй хүн бүхэн уншаасай…
2018 оны Octoberын 3

Таны хамгийн сүүлд гаргасан уран бүтээл “Мөнх тэнгэрийн хурай” их сайхан дуу болжээ. Ялангуяа дүрсжүүлэлт, клип тун үзүүштэй, Монгол соёл, ахуйгаа олонд таниулан сурталчилсан байсан. Таны ихэнхи уран бүтээл Монгол өнгө аяс, утга агуулгатай байдаг?

Уншигчиддаа өдрийн мэнд хүргэе. “Мөнх тэнгэрийн хурай” дууны аяыг Цэн.Эрдэнэбат, үгийг миний хань С.Жавхлан бичиж их сайхан уран бүтээл амилууллаа. Монгол аялгуулаг дууг би хүсч байсан, яг дотроо төсөөлж байснаар ч болсон. Агуулгын хувьд нар, сар, галыг дуулж байгаа. Нар сарандаа залбирч, галандаа өргөлөө өргөдөг уламжлалыг урнаар буюу уран бүтээлээр илэрхийлж байгаа юм. Алтан нар өглөө бүхэн мандаж бидэнд өглөөг бэлэглэдэг, бид байгаль дэлхийгээс ямагт хосгүй ихийг хүртэж байдаг. Энэ бүхний хариуд барьж буй Монгол бэлэг юм уу даа.

Таны уран бүтээлд яагаад заавал Монгол аяс давамгайлдаг вэ? Та өөрийн имиджээ ингэж бүрдүүлэхийг хүсдэг үү? Өөр шалтгаан бий юу? Мөн уран бүтээл тань хэр их судалгаанд суурилдаг вэ?

“Мөнх тэнгэрийн хурай” уран бүтээлээр жишээ татахад “Хурай” гэдэг үг нь хурааж, хуруулах гэсэн утгатай байх шишээтэй. Үгийн үндэс нь Хур. Би зүгээр үгийн утга агуулгын тухайд хэллээ. Мэдээж уран бүтээлээр аливаа утга санаа, хүсэл зорилгыг илэрхийлэхийн тулд судалгааг тодорхой хэмжээнд хийнэ. Тэр дундаа Монгол гэх тодотголтой байхын тулд чамгүй өндөр босго давах хэрэгтэй болдог. Би болон миний уран бүтээлд Монгол гэдэг филоссофи зөвхөн имидж төдийхнөөр хэмжигддэггүй. Миний дотор хийгээд гадна, үйлдэл болон оюун санаа жинхэнэ Монгол. Ингэж байж уран бүтээл минь Монгол илэрхийллийг даацтай үнэн илэрхийлж чаддаг. Би багаасаа л Монгол ахуйд хайртай өссөн. Аймгийн төвд тэмээнээс бусад малыг маллаж өсөхдөө л ахуйдаа дурласан. Хамгийн сайхан дурсамжуудаа санах бүрт Монгол ахуй буудаг. Том болоод СУИС –д уртын дууны ангид ороод үстэй дээл, лоовуузан малгай, монгол гутал өмсөөд явдаг байлаа. Дараа нь Монгол ахуйд тун хайртай залуутай ханилсан. Миний хувьд хамгийн сайхан аялгуу Монгол аялгуу, хамгийн сайхан зүйл бол Монгол байгаль, хамгийн гоё зүйл бол Монголын язгуур өв соёл.

Таны хань анх Монголч бүсгүй болохоор тань татагдсан байж магадгүй?

Бид хоёр анх танилцаад удаагүй байхад өрнөсөн яриа бий л дээ. Дуртай хоолны тухай. Бид хоёрын хамгийн дуртай хоол толгой шийр байсан. /Инээв/ Сонирхол бол маш их нийлдэг.

Хар хархан харц дууны клипэнд толгой шийр идэж гардаг?

Тийм. Бид хоёр дуртай, бидний хүүхдүүд ч дуртай. Толгой шийрийг хаан хоол гэж нэрлэдэг. Маш их шимтэй хоол л доо.

Таны нөхөр нэгэн цагт зохиолын дууны ханхүү гэгдэж байсан. Харин өнөөдөр төр түшилцэж гишүүн болсон. Нөхрийн хийж байсан, хийж буй ажлуудын хооронд их зөрүү байна. Танд ямар мэдрэмж төрсөн бэ?
Өөрөө хэлдэг. Олон жил тасралтгүй дуулжээ. Харин одоо миний хэрэлдэх цаг хугацаа болсон гэж. Уг нь дуулж байгаа хүн хэрэлдэж байгаа хүн хоёрын дуулж байгаа нь илүү сайхан шүү дээ. Гэхдээ миний хань ганцхан өөрийнхөө төлөө хэрэлдэж яваа биш болохоор хүслийг нь хүндэлдэг. Ард түмний сайн сайхны төлөө чинь сэтгэл нь тэр хүнийг тэнд аваачсан. Хэн нэгний хүсэл биелэх шиг сайхан зүйл байдаггүй. Би ханийхаа хүслийг биелээсэй гэж залбирдаг. Зорьсон зорилгодоо хүрээсэй гэж хүсдэг.

Таны нөхрийн УИХ –ын гишүүн болсон зорилго хэр биелж байгаа бол? Та энэ үйл хэргийг нь хэрхэн дэмжиж, арын албанд хэр үүрэгтэй байна даа?

Миний хань өөрийн байрь сууриндаа бат зогсож байгаа. Ямар нэг зүйлд автахгүй, хазайхгүй ганц дайчин ганцаардахгүйн замаар явж байна.

Таны нөхрийн зарим үйлдэл олны анхаарлыг ихээр татах нь бий. Жишээ нь УИХ –ны чуулганд мориор ирсэн ч гэх юм уу. Энэ бүх шийдвэрийг тантай зөвлөж шийддэг үү? Та хэрхэн ханддаг вэ?

Мэдээж өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг. Гол зорилго нь тийм үйлдэл хийхийг шаардаж байвал би дэмжинэ. Содон сонин байлаа гээд бохир муухай биш.

Танайх ер нь жинхэнэ Монгол айл байх. Энэ нь аж төрөх байдлын хувьд ярьж байна. Та өөрийгөө жинхэнэ Монгол гэргий гэж хэлж чадах уу?

Сайн эзэгтэйн эрхэм чанаруудын цөөн хэдийг нь эзэмшсэн байж болох ч үлдсэнийг нь суралцаад амьдарч л явна. Би ер нь учиргүй бардамнах дургүй. Хэн ч ирээдүйд яаж амьдрахыг хэлж мэдэхгүй ч өнөөдрийн хувьд сайн эхнэр, сайхан Монгол эмэгтэй байхыг хичээж л явна.

Та хүүхдүүдээ уламжлалт сэтгэхүй, хандлагаар хүмүүжүүлдэг үү?

<Хүнийг хөдөлмөр хүмүүжүүлдэг гэж боддог. Би хүүхдүүдээ ахуйтай нь ойр амьдруулахыг зорьдог. Эрдэмд шамдаж, соён гэгээрч болох ч зөвхөн ингэснээр ХҮН болж чадна гэдэгт эргэлздэг. Галаа түлж чадахгүй Монгол хүн байж боломгүй мэт санагддаг. Хүүхдүүдээ хичээлд нь явуулж эрдэмд сургана. Бусад цагт нь зусланд мал дээр гаргах мэтээр ахуйтай нь уядаг. Бид хоёргүй хорвоод хазайж гудайхгүйхэн шиг амьдарч тавилангаа дааж чадах хүн болоосой гэж өсгөж байна. Хүүхдээсээ хэт их зүйл нуухгүй байхыг зөв гэж боддог. Алаг хорвоо гэж ярьдаг даа. Шаазгайн өнгө шиг хар, цагаан ээлжилдэгийг мэдэж өсөөсэй л гэж хүсэх юм.

Эмэгтэй хүний сайхан нь юундаа оршдог юм бол? Алаг нүд сайхан биендээ эсвэл ээж болох тавиландаа юм болов уу?

Эмэгтэй хүний сайхан нь дотроосоо хайр ундруулж чаддагт оршдог гэж бодож байна. Гэр бүлээ, эд юмсаа, үр хүүхдээ, бусдыг… Ер нь аливааг хайралж энэрч байгаа хэн бүхэн хамгийн сайхан харагддаг. Дотроосоо хайр ундруулж байгаа эмэгтэй хүн л хамгийн үзэсгэлэнтэй дээ.

Та хэр хайр ундруулдаг эмэгтэй вэ?

Хайрыг ундруулахыг маш их хүсдэг. Гэхдээ зарим үед хайраа ундруулаагүй үе ч байгаа байх. Бас хэт ихээр ундруулсан үе ч бий. Хайр гэхээр зөвхөн эр эм, эхнэр нөхрийн хайр гэж явцуу ойлгох хэрэгггүй. Аливаа юмсыг, амьд бүхнийг хайрлан энэрэх өгөгдөл эмэгтэй хүн бүхэнд байдаг. Гэрийнхээ орчин, тавилгыг хайрладаг, хямгаддаг эмэгтэйн гэр орон, эд хогшил ямар сайхан эмх цэгцтэй, шинээрээ байдаг билээ. Хайрлаагүй амьдарсан эзэгтэйн гэрийн тавилга, хүүхдийнх нь харц л бүхнийг хэлээд өгнө дөө. Бүх зүйлд л хайр шингэдэг. Эмэгтэй хүний хайр шингэсэн бүхэн өнгө орж гялалздаг.

Бас өөрийгөө хайрлах ёстой байх?

Тийм. Өөрийгөө хайрлаж чадахгүй хүн бусдыг хайрлаж чадахгүй гэж үг бий. Эмэгтэй хүний гоо сайхны тал хувь нь гадаад, нөгөө тал нь дотоод гоо сайхан байдаг. Өөрийгөө хайрлаж тордсон эмэгтэй бусдыг хайрлах тэнхээтэй, итгэлтэй болно. Хүн ер нь амьдралдаа хэт их баярлахгүй, хэт баяжихыг хүсэхгүй, хэт их гунихгүй бас ядрахгүй өөрөөр хэлбэл алдан дунд, зохистой хэмжээнд тэнцүүлж чадах нь хамгийн аз жаргалтай байх гарц юм уу гэж боддог.

Хэт ихэдвэл цалгилаад, багадвал бас дутаад хэцүү тухай хэлж байна уу?

Тиймээ. Тавыг нь тааруулж сурах л чухал.

Та хэр ухаантай охин бэ? Ээж аавынхаа?

Гайгүй шүү. Миний аав ээж намайг сайн явна, сайхан амьдарна гэдэгт бат итгэдэг. Магадгүй миний охин ухаантай учраас сайхан амьдрана гэж боддог байх. Би ээж аав хоёртоо аль болох муу үг дуулгахгүй, итгэлийг нь даахыг хичээдэг. Болж байна, бүтэж байна. Охин нь сайн байгаа, ийм сайхан зүйл хийхийг хичээж зорьж байна гэх мэт дандаа сайхан үгээр ярилцдаг.

Эцэг эхээ өтлөхийн цагт асарч хайрладаг энэрч өргөдөг Монгол хүүхдүүдийн онцгой чанар байдаг. Энэ чанарын тухай таны бодол?

Гадны зарим улсад эцэгээ хөгшрөхөөр асрамжийн газарт өгдөг жишиг байдаг тухай хамгийн анх сонсоод ямар аймшигтай юм бэ гэж хүлээж авч байсан. Энэ бол Монгол хүний ухаан л даа. Гайхамшигтай зан чанар. Их ухаан юм даа. Бас нэг зүйлийг би их гоё гэж боддог. Бид их сайхан цаг үед амьдарч байна.

Орчин үеийн эмэгтэйчүүд олон хүүхэд төрүүлээд бие зүсээ сайхан авч явснаараа мундаг, сайхан гэж олонд хүндлэгдэн хайрлагддаг. Энэ бол одоогийн нийгмийн хамгийн онцгой сайхан чанар юм шиг.

Та хэдэн хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй вэ?

Одоо гурван хүүхэдтэй. Дахиад хамгийн багадаа нэг хүүхэд төрүүлнэ дээ.

Одонтой ээж болох нь ээ?

Одон аваагүй байж авна даа гэж санаашрах нь юу юм. Ер нь эх хүний хувьд бодол бий.

Та их сайхан үг хэллээ. Их сайхан нийгэмд амьдарч байна гэж?

Надад бол миний амьдарч байгаа цаг хугацаа их сайхан бас үнэ цэнэтэй. Нэг хэсэг гадны соёлд автан дурлаж байсан бол одоо харин эргээд Монгол ахуйгаа санагалзаж, үндэсний хувцас хэрэглэлдээ дурлан түүгээр гоёхыг чухалчидаг үе ирж байна. Энэ мэт нийгмийн хувьслыг бид түүхийн хуудаснаас уншаагүй. Уншигдах түүхийг бүтээлцэн амьдарч байна. Их азтай.

Хүн амьдралд алдаж онодог. Хазгай гишгэж хальтрахгүй амьдрахын тулд хүнд ямар зан чанар байх ёстой юм бол?

Баярласан ч уурласан ч ер нь сэтгэлийн ямар ч хөдлөлд захирагдахгүй байх ёстой юм шиг. Аль нэг талдаа автаад дийлдээд ирэхээр л хэтийдсэн шийдвэр гаргаж амьдрал дайвалзах шийдвэр гаргадаг байх. Эрүүл ухаанаар аливаад хандах ёстой юм болов уу?

Ийм голчтой, өөрийн гэсэн чамбай үзэл бодолтой эмэгтэйг өсгөсөн ээжийн тухай яриач?

Миний ээж багш. Бага байхад маш ихээр ажил хийлгэдэг, зүйр цэцэн үг их хэлж загнадаг байж билээ. Одоо ч хэвээрээ. Би хоёр насны зөрүүтэй эгчтэй. Хоорондоо муудахдаа зүйр цэцэн үгээр үзнэ. Сайныг дагавал сарны гэрэл. Мууг дагавал могойн хорлол. Наранд нь сууж саранд нь гэгчээр чи өөрөө хийх ёстойгоо хийгээгүй байхад би яахаараа хийдэг юм гэж муудалцдаг байсан. Одоо бодоход их өхөөрдөм байгаа юм л даа. Гэхдээ энэ бидний хүмүүжлийн нэг хэсэг байж. Би хүүхдүүдээ хааяа зэмлэхдээ энд тэндэхийн эрээвэр хураавар үг биш хүний амьдрал хэрэг болохуйц гурван үг хэлэхийг бодно. Үүнд мэдээж нөгөө зүйр үгээ ашиглана./Инээв/

Танайх Монгол гэрт амьдардаг гэж хүмүүс ярьдаг?

Аль алинд л амьдарна. Манай Монгол гэр Гачууртад байдаг. Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт өгөх, нөхөр хуралдаа хоцрохгүй ирэх хэрэгцээнүүдээс шалтгаалаад хотод байна даа.

Танай Монгол гэр билгэдлийн чанартай юу?

Үгүй. Очсон хүн эднийхэн эндээ л их байдаг юм гэж бодохоор. Угаасаа ч тийм. Амралтын өдөр болонгуут л гэр рүүгээ яардаг. Очоод гурилаа зуурч элдээд хоолоо хийж иднэ, долоо хоногийнхоо боорцогоо хийж, цуйвангийнхаа гурилыг бэлдэж аваад буцна даа.

Таны нөхөр хэр сайн хань вэ?

Эмэгтэй хүн сайн ханьтай учрах нь ерөөлийнх. Би их сайхан, ухаантай нөхөртэй. Юу юуны духанд хүрээгүй хайраа гэж гүйгээд элдвээр сүйдлэхгүй ч ноён нуруундаа хайр нь бат байж л байна. Эр хүний сайхан чанар. Би ийм ханьтайдаа маш их баярладаг. Их л талархаж явдаг даа. Боломж гарвал цай сүүнийхээ дээжийг мөнх тэнгэртээ өргөнө дөө.

Цайныхаа дээжийг өглөө бүхэн өргөдөг үү?

Улаанбаатарт байсан үедээ өглөө бүхэн өргөж чаддаггүй ээ. Айлын машин, хүний толгой дээр цацчих гээд. Ерөөж залбирах биш бүр тавгүйтэж орхидог. Ерөөж хүсэж залбирах биш бүр айдастай өргөгддөг. Харин Гачууртын гэртээ очихоороо хэдэн минутаар ч хамаагүй гадаа зогсоод хүссэн санасан бүхнээ даатгаад хүслээрээ дээжээ өргөнө дөө./Инээв/

Цай сүүнийхээ дээжийг хангай дэлхий, мөнх тэнгэртээ өргөх тэрхэн хугацаа бясалгал юм. Өглөө бүхэн хоёр минут сайхан зүйлийн тухай бодож хангай дэлхийтэйгээ харьцах нь их сайхан мэдрэмж. Өдрийн сайхан эхлэл болдог.

3 thoughts on “Г.Эрдэнэчимэгийн олныг бишрүүлсэн яриа. Монгол Эмэгтэй хүн бүхэн уншаасай…

  1. зочин

    Сайн дуучин сайхан бүсгүй Удахгүй ард олны хүндтэй дуучин болоорой

  2. энхжаргал

    яасан сайхан юм бэ бүх зүйл тань, танай гэр бүлд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

  3. зочин

    Сайхан монгол төрх , зан аальтай бүсгүй шүү. Аз жаргалыг хүсье.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага