МОНГОЛБАНКНЫ “Эдийн засгийн сургалт, судалгааны хүрээлэн”-гийн нээлтэд хэлсэн үг
2018 оны Mayын 9

Н.Баяртсайхан Монголбанкны Ерөнхийлөгч

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье!

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, төлөөлөгч Та бүхэнд Монголбанкны нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье!

Хүн төрөлхтөн шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан хурдацтай хөгжиж, даяаршсан нийгмийг цогцлоон бүтээж байна. Даяаршиж буй энэ нийгэмд хувь хүний шийдвэрээс эхлээд төрийн бодлогын оновчтой шийдвэр гаргалтанд мэдээллийн үнэ цэнэ түүн дотроо судалгаа, шинжилгээнд тулгуурласан мэдлэг, мэдээллийн хэрэгцээ, ач холбогдол нэмэгдэж байна.

Мэдээллийн үнэ цэнэд суурилсан даяаршлын эрин үед дэлхийн иргэншил, геополитик, олон улсын харилцаа, засгийн газруудын бодлого болон хувь хүмүүсийн шийдвэр гаргалт зэрэгт томоохон өөрчлөлтүүд гарч байна. Энэ цаг үед иргэдийн сайн сайхан байдал, нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийн хэтийн бодлогоо даяаршиж буй шинэ дэлхийн хөгжлийн үйл явцтай нягт уялдуулан тодорхойлох сорилт тулгарч байна. Түүнчлэн дэлхийн хөгжлийн хандлага, геополитик, хорш орнуудын эдийн засгийн төлөв зэргийг тооцож, хөгжлөө эрчимжүүлэхийн тулд богино, дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, стратегиа судалгаанд суурилан өргөн цар хүрээтэйгээр тодорхойлох хэрэгцээ ч өндөр байна.

Эдийн засгийн судалгааны үндсэн зорилго нь бодлогын шийдвэр гаргахад шаардлагатай суурь зарчим болон эмпирик суурийг гаргаж өгөх явдал билээ. Ялангуяа өнөө цаг үед эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалах, өсөлтийг хүртээмжтэй болгох, цаашлаад гадаад зах зээлийн өөрчлөлтөөс дархлаатай, өөрөө өөрийгөө тэтгэдэг эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгох асуудал чухал байна.

Манай оронд эдийн засгийн судалгаа, шинжилгээний байгууллагууд мэр сэр байгаа боловч эдийн засгийн урт хугацааны хөгжилд шийдэл гаргаж дуу хоолойгоо өргөсөн, төрийн бодлогод тусгалаа олохуйц тулхтай судалгааг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан тогтмол хийдэг судалгааны хүрээлэн үндсэндээ алга байна. Эдийн засгийн мэргэжил, эрдмийн зэрэг олгох сургалтууд явагдаж буй хэдий ч санхүүгийн салбарын ажилтнууд, эдийн засагчдыг өндөр түвшинд мэргэшүүлэх, сүүлийн үеийн аргачлал, мэдээллээр хангах дэлхийн түвшний сургалтууд дутмаг хэвээр байна. Даяаршиж буй нийгэмд бид дэлхийн түвшний мэдлэг, мэдээлэлтэй байж, төрийн бодлогын жолоог зөв зүгт залах учиртай.

Олон улсын туршлагыг харахад эдийн засгийн хөгжлийн бодлогыг нарийн сайн боловсруулахад эдийн засгийн судалгааны хүрээлэнгүүдийн гүйцэтгэсэн үүрэг өндөр юм. Тухайлбал, Солонгос улс Эдийн засгийн хөгжлийн хоёр дахь таван жилийн төлөвлөгөөг 1966 онд батлахдаа “эдийн засгийн судалгааны институцийг маш яаралтай байгуулах” гэж тусгасны дагуу Солонгосын хөгжлийн хүрээлэн (Korean Development Institute)-r 1972 онд “Төрийн хөгжлийн бодлогуудыг боловсруулж, хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа эдийн засгийн суурь асуудлууд дээр судалгаа, шинжилгээ хийх, үндэсний хэмжээний эдийн засгийн түүвэр судалгаа хийх болон бусад улсуудын туршлагыг судлах” чиг үүрэгтэйгээр үүсгэн байгуулж байв. Анх бүгд докторын зэрэг хамгаалсан 13 шилдэг залуу судлаачтайгаар үйл ажиллагааг эхлүүлж байжээ.

Бусад орны төв банкууд болон олон улсын санхүүгийн байгууллагууд судалгаа, сургалтын хүрээлэнг байгуулан олон улсыг хамарсан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нь боловсролын зэрэг олгох сургалтаар олгогддоггүй, нарийн мэргэшүүлэх практик суурьтай сургалтуудад илүүтэй анхаарч байна.

Эдгээр хэрэгцээ шаардлага, олон улсын туршлагыг харгалзан үзсэний үндсэн дээр миний бие Монголбанкны хүний нөөц, санхүүгийн боломжид тулгуурлан “Эдийн Засгийн Сургалт, Судалгааны Хүрээлэн”-г үүсгэн байгуулах санаачлагыг гарган, Монголбанкны захирлуудын зөвлөлөөс дэмжсэний дагуу өнөөдөр энэ хүрээлэн үүд хаалгаа нээж байна. Миний хувьд хүрээлэнг нэр төдий байгуулах бус, харин төрийн хөгжлийн бодлого боловсруулалт, хэрэгжилтэд шаардлагатай санал зөвлөмжийг судалгаа, шинжилгээнд суурилан бэлтгэдэг үндэсний хэмжээний хүрээлэнгийн шавыг тавьж байна гэж харж байна. Энэ агуулгаар өнөөдөр бол түүхэнд үлдэх онцгой өдөр юм.

Энэхүү хүрээлэнгийн үндсэн зорилго нь үндэсний хэмжээнд эдийн засгийн бодлого боловсруулах, бодлогын оновчтой шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх өргөн цар хүрээтэй, даацтай эдийн засгийн бодлогын болон суурь судалгааны ажлуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх; мөн төрийн албан хаагчид болон санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан дунд болон ахисан түвшний сургалт явуулах чиг үүргийг хэрэгжүүлэх явдал юм. Энэ жилийн хувьд Хүрээлэнг 7 судлаач, эрдэм шинжилгээний ажилтны бүрэлдэхүүн (1 захирал, 2 ахлах судлаач, 4 судлаач)-тэй байгуулж байна. Цаашид хүрээлэнгийн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр санхүүжилт, боловсон хүчний тоог нэмэгдүүлэх боломжтой гэж тооцож байна.

Энэхүү “Эдийн Засгийн Сургалт, Судалгааны Хүрээлэн’’-гийн үйл ажиллагааг тогтвортой хангаж, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх их үйлсэд тус хүрээлэнгийн анхны захирал, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууд Та бүхний үүрэг онцгой чухал болохыг энд онцгойлон захиж хэлэхийг хүсч байна. Та бидний ажил үйлс түүхэнд үлдэх тул бүгд хичээн ажиллацгаая.

Төрийн болон хувийн хэвшлийн холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллахыг захихаас гадна хүрээлэнгийн үйл ажиллагаанд дараах хоёр асуудлыг анхаарч ажиллахыг хүсч байна.

Нэгдүгээрт, эдийн засгийн бүтцийн бодлого, салбарын судалгааны ажилд түлхүү анхаарч, Улсын Их Хурал, Засгийн газар, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн байгууллагуудад бодлогын зөвлөмж хүргүүлж эхлэх нь чухал байна. Тухайлбал, төрийн бодлогын өмнө хариултаа нэхэж буй маш олон асуудлыг цогцоор судалж, оновчтой шийдлийг гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ойрын үед дараах чиглэлд анхаарч ажиллах нь зүйтэй байна:

  • Салбарууд дээр баримталж буй бодлогууд болон үндэсний хөгжлийн бодлогын уялдаа, холбоонд үнэлгээ хийж, зөвлөмж гаргах,
  • Нийгэм, эдийн засгийн хөгжүүлэх урт хугацааны үндсэн чиглэлд анхаарах асуудлуудыг тодорхойлох,
  • Геополитикийн эрсдэлийн дотоод эдийн засагт бий болгох нөлөөллийн үнэлгээг тогтмол давтамжтай хийх,
  • Нийгмийн тогтвортой байдал, тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэхүйц тэтгэврийн системийг бий болгох арга замыг эрэлхийлэх,
  • Нийгмийн хамгааллын одоогийн системд цогц үнэлгээ хийж, санал боловсруулах,
  • Эдийн засгийн салбаруудын статистик мэдээллийн санг бүрдүүлэх, энэ чиглэлээр бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах,
  • Салбаруудад тулгарч буй хүндрэл, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, зах зээлийн дэд бүтцийг хэрхэн сайжруулах зөвлөмж гаргах,
  • Экспортыг төрөлжүүлэх чиглэлд хөдөө аж ахуй, аялал жуулчлал болон үйлчилгээний бусад салбарын судалгааг гүнзгийрүүлэх, гадаад зах зээлд нэвтрэх арга хэлбэрийг тодорхойлох,
  • Салбарууд дээрх төрийн оролцоог оновчтой болгох зөвлөмж боловсруулах, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг сайжруулахад зөвлөмж гаргах,
  • Макро эдийн засгийн бодлого, санхүүгийн бодлого, өрсөлдөөний бодлого, хүний нөөцийн хөгжлийн бодлого, аж үйлдвэр болон үйлчилгээний эдийн засаг, төрийн санхүү, нийгмийн бодлогод түлхүү анхаарч, дараах судалгааны ажлуудыг тэргүүн ээлжинд анхаарч гүйцэтгэхийг санал болгож байна:

о Эдийн засгийг хөгжилд засгийн газар, бизнес болон аж ахуй эрхлэгчийн гүйцэтгэх үүрэг

о Эдийн засгийн нийт болон салбаруудын бүтээмж, тэдгээрийг нэмэгдүүлэх боломж

о Санхүүгийн зах зээлийн хөгжил, тулгамдаж буй асуудлууд

о Эдийн засгийн болон худалдааны өрсөлдөх чадварыг дэмжих бодлогын болон эрх зүйн орчныг бүрдүүлэх

о Хотжилтод тулгарч буй асуудлууд, шийдвэрлэх арга зам

о Гадаад сектор болон тусламжийн Монгол Улсын хөгжилд гүйцэтгэх үүрэг

о Орон нутгийн хөгжил, тулгамдаж буй асуудлууд

о Эдийн засгийн хөгжил, хүн амын бодлого болон хүн амзүйн өөрчлөлт, бодлогын түвшинд анхаарах асуудлууд

о Эдийн засгийн өсөлтийн эх сурвалж, бүтцийн өөрчлөлт о Эдийн засгийн хямралаас зайлсхийх, бүтцийн шинэчлэлтийг дэмжих цогц арга хэмжээний төлөвлөгөөний талаарх олон улсын туршлагыг судлах

о Төсвийн тогтвортой байдал, төсвийн секторын шинэчлэлд үнэлгээ хийх зэрэг болно.

Хоёрдугаарт, хийсэн судалгааны үр дүнг банкны салбарын судлаач, мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлж, бодлогын зөвлөмж гарган нийтэд түгээх, төрийн албан хаагчид болон санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх сургалтыг хөтөлбөр гарган тогтмол хийж хэвших нь зүйтэй байна. Тухайлбал, дараах чиглэлд анхаарч ажиллах ёстой:

  • Олон улсын санхүүгийн байгууллага, бусад орны төв банкуудын сургалтын төвүүдтэй гадаад хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтарсан сургалтуудыг өөрийн оронд зохион байгуулах, бусад орны төлөөлөгчдийг урьж оролцуулах,
  • Дотоод (Монголбанк, их дээд сургуулиуд болон төрийн байгууллагууд) боловсон хүчинд тулгуурлан эдийн засгийн чиглэлийн дунд болон ахисан түвшний мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг эрэлт, хэрэгцээнд тулгуурлан боловсруулж, хэрэгжүүлэх,
  • Монголбанкны бусад нэгжүүдтэй хамтран жилд 1-2 өндөр хэмжээний бодлогын форум зохион байгуулах, мөн олон нийтийн төрийн бодлого болон эдийп засгийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх сургалт, семинарыг тогтмол зохион байгуулах зэрэг болно.

Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн үйл ажиллагаа өргөжин тэлж, Монголын тэргүүлэх Тинк Танк болохын зэрэгцээ олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн жишигт хүрч хөгжинө гэдэгт би хувьдаа итгэл төгс байна. Өөрийн эхлүүлсэн санаачлагыг эрийн цээнд хүрч, тавьсан том зорилтдоо хүрэхэд миний хувьд бүх талаар дэмжин, хамтран ажиллах болно.

Та бүхэнд баярлалаа!

МОНГОЛБАНК

Улаанбаатар, 2018 оны 5 дугаар capын 1

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага