Д.Тэрбишдагва: Шалгалт дуусаагүй байхад “Оюутолгойн гэрээг” шинэчлэх талаар ярихад эртэднэ
2018 оны Mayын 14

Оюутолгой ордыг ашиглах, Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас дараах тодруулгыг авлаа.

-Оюутолгой ордыг ашиглах, Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулагдаад сар гаруй болж байна. Ажлын явц ямар байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-УИХ-ын дарга М.Энхболд “Оюутолгой” компанитай байгуулсан гэрээ монголчуудад ашигтай эсэхийг нягтлах, Монголын талд ногдох өгөөжийг нэмэх боломжийг эрэлхийлэх, хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг шалгах гэсэн ерөнхий чиглэлийг Ажлын хэсэгт өгсөн. Үүний дагуу эхлээд удирдамжаа боловсруулсан. Ажлын хэсэг Их хурлын есөн гишүүний бүрэлдэхүүнтэй, дотроо таван дэд ажлын хэсэг байгуулагдсан. Тухайлбал, Хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагааны хэрэгжилт, төсөв санхүүгийн, дэд бүтцийн, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын дэд ажлын хэсэг, хөрөнгө оруулалтын болон бусад гэрээний биелэлт, үр дүнг тооцох, уул уурхай, байгаль орчин, газрын харилцааны дэд ажлын хэсэг таван салбар дэд ажлын хэсгийг байгуулж, хариуцсан чиглэл тус бүрээр салбарын яам, агентлаг, судлаачид, эрдэмтэд, төрийн бус байгууллагын төлөөлөл, хөндлөнгийн хараат бус экспертүүдийг оролцуулсан. Мөн урьд өмнө нь энэ төрлийн томоохон төсөл дээр ажиллаж байсан туршлагатай хүмүүсийг дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаасан. Ажлын хэсэг бодитой дүгнэлт гаргахад салбараа сайн мэддэг, мэргэшсэн, туршлагатай мэргэжилтнүүдийн хүчийг ашиглах нь зүйтэй. Одоогоор дэд ажлын хэсгүүд тус бүр чиглэлийнхээ дагуу шалгалтаа үргэлжлүүлж байна.

-Өнгөрсөн хугацаанд Ажлын хэсэг хэдэн удаа хуралдав?

-Таван Ажлын хэсэг доод тал нь 4-5 удаа хуралдсан. Ажлын хэсгүүдэд чиглэлийнх нь дагуу үүрэг чиглэл өгч, санал бодлоо хэлсэн. Ер нь Оюутолгой ордыг ашиглах гэрээг Дубайн гэрээгээр ч юм уу, хэсэгчилсэн байдлаар дүгнэж болохгүй. Тиймээс анхны үүсвэрээс нь эхлээд нарийн нухацтай шалгах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Энэ долоо хоногийн Лхагва гаригт таван дэд ажлын хэсгийн шалгалтын явцтай урьдчилсан байдлаар танилцаж, мэдээлэл сонсоно. Мөн Ажлын хэсгийн өргөтгөсөн хурал хийнэ.

Өнгөрөгч Баасан гаригт УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нарыг өөрсдийнх нь хүсэлтээр нэмж томилсон. Тэдэнд үүрэг чиглэлийг нь хуваарилна.

-Оюутолгойн удирдлагууд Ажлын хэсэгт шаардлагатай баримт, материалыг гаргаж өгөх талд хэр нээлттэй хандаж байгаа вэ?

-Шалгалттай холбоотой нарийн мэдээллийг яримааргүй байна. Ажлын хэсэг шаардлагатай холбогдох материалуудыг боломжоороо ашиглаж байгаа.

-Та өмнө нь Шадар сайд байхдаа тухайн үеийн Уул уурхайн сайд, Сангийн сайд нартай хамт шийдвэр гаргаж “Оюутолгой” компанид шалгалт оруулж байсан. Тухайн шалгалтаар 3.2 тэрбум ам.долларын санхүүгийн зөрчил илэрсэн гэдэг?

-Тухайн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Уул уурхайн яам, Сангийн яам, Эрдэнэс Оюутолгой компаниас гээд 24 мэргэжлийн хүн ажиллаж, дүгнэлтээ гаргаж байсан.  Өнөөдөр ч гэсэн үргэлжилж буй эцэс төгсгөлгүй маргааныг нэг тийш болгох зорилгоор Ажлын хэсэг байгуулагдлаа. Тиймээс өмнөх шалгалтын дүгнэлтийг ярих эсвэл гэрээг хэсэгчилсэн байдлаар дүгнэн ярих нь зохисгүй.  Манай зарим улстөрчид асуудлыг бүхлээр нь бус нэг талаас нь харж янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Ингэж аль нэгийг нь сугалж дүгнэн ярих нь тун буруу. Ажлын хэсгийн хувьд гэрээний хэрэгжилтийг судалгаа шинжилгээнд тулгуурлан бүрэн цогцоор нь шалгаж, дүгнэлтээ гаргана. Хамгийн гол нь Монголчуудын эрх ашигт хэр нийцэж байна вэ гэдэгт тулгуурлаж дүгнэлт гаргана гэдгийг Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хэлмээр байна.

-Гэрээг шалгаснаар Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг дахин шинээр байгуулах нөхцөл бүрдэнэ гэж зарим гишүүд үзэж байна. Ажлын хэсгийн дүгнэлтэд тулгуурлан Оюутолгойн гэрээг шинэчлэх боломж бий юу?

-Шалгалт дуусаагүй байхад энэ талаар ярихад эртэднэ. Энэ бол дараагийн асуудал. Ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын хуралдаанаар оруулж хэлэлцүүлнэ. УИХ-ын гишүүдийн саналыг тусгасны дараа дараагийн шийдвэр нь гарах байх.

-Ажлын хэсгээс гарах дүгнэлтэд олон нийт нэлээдгүй хүлээлт тавьж байна. Мөн нөгөө талд Ажлын хэсэг гэрээг өөрчлөх хэмжээнд дүгнэлт гаргах уу, үгүй юу гэдэг эргэлзээ ч олон хүнд байна л даа?

-Дэд ажлын хэсэгт салбар салбарын чадвартай мэргэжилтнүүдийг ажиллуулж, тэдний судалгаа, шинжилгээ ажлын үр дүнд тулгуурлан дүгнэлтээ гаргана гэдгийг дахин хэлье. Мөн Монгол Улсын Засгийн газрын эрх ашиг, хөрөнгө оруулагч тал гээд асуудлыг олон талаас нь шалгаж байна. Түүнээс биш одоо шууд ингэнэ, тэгнэ гэж хэлэх нь зохимжгүй. Ажлын хэсэг хүлээсэн үүрэг чиглэлийнхээ дагуу өмнөх ажлаа л сайн хийх хэрэгтэй. Тэгж ч шахаж шаардаж ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгаа гишүүдийн оролцоо, ажиллаж байгаа цагийг сайтар бүртгэж байна. Олон жил дагуулсан маргааныг нэг тийш нь гаргах, ард түмний хүлээлттэй Ажлын хэсэгт багтсан хүмүүс дор бүрнээ сахилга бат, өндөр хариуцлагатай байх шаардлагатай. Мөн Ажлын хэсэгт гишүүд өөрсдөө хүсэлтээрээ орсон учир илүүтэй санаачлагатай ажиллана гэж харж байна. Түүнээс биш хариуцлагагүй байх зөвхөн гарын үсэг зурах төдий асуудалд хандаж болохгүй.

-Ирэх зургадугаар сарын 23-нд Ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулах учиртай. Хугацаандаа амжихаар байна уу?

-Шахаж ажиллаж байна. Энэ долоо хоногт дэд ажлын хэсгүүдийн мэдээллийг сонсоно. Үүний дараа тодорхой чиглэл гарах байх.

Ш.АДЪЯАМАА

news.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага