М.Болдбаатар: Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлдэг
2018 оны Mayын 15

атвар төлөгчдийн өдрүүд үргэлжилж байна. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн дарга М.Болдбаатартай  энэ өдрүүдийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар  ярилцлаа.

-Чингэлтэй маань татварын аль хэр бааз суурьтай дүүрэг вэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-Жил бүрийн тавдугаар сарын 2 дахь долоо хоногийг татвар төлөгчдийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил 19 дэх жилдээ зохион байгуулагдаж байна  Эх оронч үзэл татвар төлөхөөсөө эхэлдэг. Тийм болохоор нийт татвар төлөгчид,  тэр дундаа Чингэлтэй дүүргийн татвар төлөгчиддөө энэ өдрүүдийн  мэндчилгээг хүргэе.

Манай дүүрэг 17,1 мянган  татвар  төлөгч аж ахуйн нэгж, хуулийн этгээдтэй. Энд төрийн яам, агентлагуудаас гадна эх орны хөгжлийг түүчээлэгч томоохон компаниуд байдаг. Түүнчлэн 50 гаруй мянган татвар төлөгч иргэн байгаа. Манай татварын хэлтэс жилдээ 216 тэрбум төгрөгийн татварын орлогыг  улс, нийслэл, дүүргийн  төсөвт  төвлөрүүлдэг.

-Татвар төлөгчийн өдрүүд болж байгаа гэлээ. Энэ үеэрээ ямар ажлууд зохион байгуулж байна вэ? 

-Уламжлал болсон хэд хэдэн ажил бий. Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарладаг гар зураг, зохион бичлэгийн уралдаанаа саяхан дүгнэлээ . Сурагчид маш идэвхтэй оролцдог. Энэ жилийн татвар төлөгчдийн өдрүүд “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлдэг” гэсэн ерөнхий агуулгын дор болж, энэ хүрээнд дүүргийнхээ  Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон их дээд сургуулийн  оюутан залуучуудын дунд  хичээл сургалтууд  явууллаа. Энэ нь ирээдүйн татвар төлөгчдөө бэлтгэхэд зохих ёсны ойлголт өгсөн болов уу гэж бодож байна.  Мөн  татвар төлөгчид болон ахмадууддаа зориулсан  сургалтууд бас хийж байна. Энэ мэт ажлыг нэг удаа зохиогоод өнгөрөхгүй, үргэлжлүүлнэ.

-Иргэддээ хандсан сургалтуудыг нэлээд чухалчилж байгаа юм байна. Татвар төлөх нь газар гишгэж,  гал үлээхтэй адил үнэн гэсэн итгэл үнэмшил хэр  төлөвшиж байна вэ?

-Татвар бол зөвхөн авдаг бус өгдөг тогтолцоо гэдгийг иргэддээ ойлгуулах  нь чухал. Чингэлтэй дүүргээс 2018 оныг  “Өрхийн амьжиргааг дэмжих жил” болгосон. Энэ ажлынхаа хүрээнд татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн сургалтыг дүүргийн ААН, байгууллага, хороод дээрээ татвар төлөгч иргэддээ нэлээд түлхүү хийж байна. Цаашид үүнийг тасралтгүй хийе гэж байгаа. Энэ ямар учиртай вэ гэхээр өнгөрсөн жил манай дүүргийн 2600 гаруй иргэд 1 тэрбум 561 сая төгрөгийн татварын хөнгөлөлт  чөлөөлөлт эдэлсэн. Эдгээр нь шинээр орон сууц худалдан авсан, мөн орон сууц барьсан,  гадаад дотоодын их дээд сургуульд хүүхдээ сургасан сургалтын төлбөрийн хөнгөлөлт юм. Төлсөн татвараасаа эргээд хөнгөлөлт эдэлдэг учраас энэ нь иргэдийн амьжиргаанд ихээхэн дэм тустай, маш хэрэгтэй  байдаг. Энэ талаар иргэдийн маань мэдлэг  мэдээлэл дутмаг  байдаг. Тэгэхээр дээрхи сургалтууд иргэдэд маань тун хэрэгтэй.

-Хөнгөлөлтөөс гадна И баримтын талаар иргэдийн мэдлэг мэдээлэл хэр байдаг бол…

-Татвар төлөгчдийн хувьд гарч байгаа шинэ хандлагуудын нэг нь  энэ.  Энэ жилийн тухайд татвар төлөгчдийн өдрүүдийн  хүрээнд ТЭДИ төв дээр И баримтанд холбуулах үйл ажиллагааг явуулж байна. Гар утасны  бизнес эрхлэгчдийн “Үндэстэн” холбоотой хамтран ухуулга сурталчилгаа хийж амжилттай зохион байгуулсны үр дүнд тус төвийн худалдаа эрхлэгчдийн 90 хувийг  үүнд хамруулж чадлаа. Үүнийг том амжилт гэж харж байна. Цаашид ирэх 7 хоногт гар утасны худалдаа эрхэлдэг бусад цэгүүдийг И баримт олгодог болгоно. Ингэснээр иргэн Та хаанаас ч гар утас худалдан авсан тохиолдолд И баримт авдаг болж байна. Та гар утас худалдан аваад  И баримт авахдаа пост терминал машинаас цаасан хэлбэрээр хэвлүүлээд  авах боломжтой, эсвэл И мэйл хаягаараа шууд авах боломжтой.

-Иргэд нэг үеэ бодвол И-баримтны бүрдүүлэлтдээ нэлээдгүй анхаардаг болсон шиг харагддаг. И баримтын ач холбогдол зөвхөн сугалаа төлийгөөр хязгаарлагдахгүй байх.

-И баримт маш олон талын ач холбогдолтой. Иргэдэд шууд мэдрэгдэж байгаа байгаа нь сугалааны хонжвор болон буцаан авалт.  Үүний цаана эдийн засгийн идэвхжил, мөнгөний урсгалын ерөнхий дүр төрхийг илэрхийлж байдаг.  Тэгэхээр И баримт ямар ач холбогдолтой вэ гэвэл, нэгдүгээрт Та И-баримтаа баталгаажуулснаар сугалаанд оролцох эрхтэй. Өнгөрсөн жилийн 500 саяыг хожсон хүн манай Чингэлтэй дүүргийн бизнесийн байгууллагаас И-баримт авсан иргэн байсан. 2017 онд  манай дүүргээс 9,8 мянган хүн И баримтын тохирлоор мөнгө хожиж байсан бол энэ жилийн эхний 5 сарын байдлаар Чингэлтэй дүүргээс 4900 иргэн сугалааны тохирлоор хожчихоод байна. Тухайлбал,  нэг саяар 39 хүн, 4 сая төгрөгийг нэг иргэн хожсон байх жишээний. Тэгэхээр гол нь иргэн та авсан И-баримтынхаа  QR кодыг уншуулаад баталгаажуулах боломжтой. Эсвэл онлайнаар ebarimt.mn-ээр ороод батлагажуулж болно. Ийм хоёр зам бий. Ингэснээр та нэгдүгээрт сугалаанд оролцох эрхтэй болно. Хоёрдугаарт нь татварын хөнгөлөлтөө эдэлж 2 хувиа буцаан авах эрхтэй болж байгаа юм. Өнгөрсөн жил И-баримтаас улсын хэмжээнд 631,3 мянган иргэнд 77 тэрбум 700 сая төгрөгийн буцаан олголт  хийжээ. Гэхдээ авч чадаагүй олон хүн бас байна.

-Авч чадаагүй шалтгаан нь юу вэ?

-Зарим хүн И-баримтандаа ач холбогдол өгөхгүй хаячихаад байна. Сугалаанд хожихгүй гэдэг ч юм уу шалтгаанаар баримтаа бүртгүүлдэггүй хүн цөөн биш байна. Түүнчлэн И-баримтаа баталгаажуулахад хойрго ханддагаас болж байна.

– И баримт олгодоггүй аж ахуйн нэгж, худалдааны төвүүд олон байна. Ялангуяа зах, алт мөнгөнийхэн гээд. Эдгээрийг яах вэ?

-Маш зөв асуулт байна. И баримтанд холбох ажиллагаа 2  жилийн турш хийгдэж байна. Манай дүүргийн хувьд 10,2 мянган  цэгээс 7500-г нь өнөөдрийн байдлаар холбочихоод байна. Үлдсэнийг нь оруулахын төлөө шамдаж байна. Нийт аж ахуйн нэгж, цэгүүд маань орчих юм бол бизнесээ нуух, татвараас зугатах явдал байхгүй болно. Сая дөрөвдүгээр сард дүүргийн хэмжээний НӨАТУС-ийн арга хэмжээ буюу И баримтад холбох ажлын төлөвлөгөөгөө гаргасан. Үүний хамгийн анхных нь ТЭДИ байлаа. Дээр нь Алтжин бөмбөгөр мэтийн худалдааны төвүүд дээр эхний ажлын зураг авалт, сургалтууд хийгдсэн байгаа. Дараа дараагийн саруудад энэ жилдээ багтаад энэ цэгүүд бүгд  холбогдоно.  Энэ зөвхөн манай Чингэлтэй дүүрэг дээр биш, Татварын Ерөнхий газраас өгсөн чиг үүргийн дагуу улсын хэмжээнд хийгдэж байгаа ажил. Оны эцэс гэхэд улсын хэмжээний ихэнх бизнесийн байгууллагууд  орох байх гэдэгт итгэж байна.

-Сайхан ажил хийгдэж байгаа юм байна…

-Дээр нь бид Татварын үйлчилгээний шинэ стандарыг нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна. Энэ бол Татварын албаны зүгээс  татварын байцаагч нарынхаа чиг хандлагад өөрчлөлт оруулъя, татвар төлөгчиддөө зөв боловсон, хүнд сурталгүй үйлчлэх тал дээр ямар өөрчлөлт хийх вэ гэдгээ  тодруулж ажиллаж байна гэсэн үг. Манай дүүргийн хувьд энэ шинэчлэлээр тэргүүлж ажиллах байх гэсэн итгэлтэй  байгаа. Бид бүх байцаагч нартаа харилцааны сургалтуудыг нэлээд олон давтамжтай хийлээ. Эргээд эерэг хандлагууд ажиглагдаж эхэлж байна.

Татвар төлөх нь иргэн хүний үүрэг хэдий ч энэ бол Таны эх орондоо оруулж буй хөрөнгө оруулалт, хувь нэмэр, оролцоо юм. Тиймээс нийт татвар төлөгчид болон Чингэлтэйчүүддээ  Татварын албаны зүгээс гүн талархал илэрхийлж байна.

-Татварын багц хуулийн шинэчлэлт хийгдэхээр яригдаж байх шиг байна…

-Татварын хууль үндсэндээ 10 жилийн давтамжтайгаар өөрчлөгдөж байдаг. Энэ утгаараа одоо гурав дахь үеийн шинэчлэлтийн тухай яригдаж байна. Одоо яригдаж байгаа татварын  багц хуулийн шинэчлэлтээр иргэддээ ялангуяа жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүст нэлээд эерэг ээлтэй хуулийн төсөл явж байгаа. Тухайлбал, тодорхой түвшинд 1 хувийн татвар ногдуулъя, тайланг цөөлье гэх мэт. Хууль батлагдсаны дараа илүү тодорхой болох байх.

-Ярилцсанд баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага