Японы цахим техникийн Toshiba концерн Чихира роботын шинэ загварыг танилцууллаа
2018 оны Mayын 17

Чихира роботоос хэн айж байна вэ

Японы цахим техникийн Toshiba концерн Берлин дэх худалдааны яармаг дээр Чихира роботын нэн шинэ загварыг танилцууллаа. Чихираг бүтээгчид түүнийг аль болох хүнтэй маш адилхан байлгах гол зорилго тавьжээ. Берлины үзэсгэлэнд зориулж тусгайлан герман хэл суулгаж өгсөн ба мэргэжилтнүүд хөдөлгөөнийг нь илүү уян, зөөлөн, модон биш байлгахын тулд Чихирад хяналтын систем нэмж суулгаж өгчээ. Гэвч нэгэн ажиглагчийн тэмдэглэн хэлснээр, шинэ роботын хүнтэй хэтэрхий адилхан төрх, байдал нь барууны хэрэглэгчдийг үргээж магадгүй байна. Шеффилдийн их сургуулийн робот техникийн мэргэжилтэн Ноэл Шарк Чихира “жаахан аймшигтай, эвгүй харагдаж байна” гэж хэлжээ. Өнөөг болтол робот, хүний ялгаа нь энгийн нүдээр харагддаг, угаасаа роботууд хүн шиг биш, робот шигээ л харагдаж ирсэн хэмээн тэрээр онцолж байгаа юм. “Toshiba” Чихира Канаэг (энэ цувралын сүүлчийн загвар нь ийм нэртэй) аялал жуулчлалын салбарт чухал нэмэр болно хэмээн найдаж Берлинд авчирчээ. Чихира мэдээллийн ширээнд зогсож зочдын асуултад хариулт өгч байна. Энэ роботыг Японоос гадна анх удаа танилцуулж байгаа нь энэ юм.
2014 онд Японд болсон үзэсгэлэнд Чихирагийн өмнөх хувилбар болох Чихира Айко, 2015 онд Чихира Юнког танилцуулж байв. Чихира Юнко Японы худалдааны төвүүдийн мэдээллийн талбар дээр амжилттай ажилласаар байгаа билээ. “Бид шинэ загварынхаа программ хангамж, ерөнхий бүтцийг нь сайжруулсан. Үе мөчнийх нь хөдөлгөөн, даралт хөшүүн байсан бол энэ удаа илүү уян болсон байгаа” хэмээн Toshiba корпорацийн судалгааны төвийн ерөнхий мэргэжилтэн Хитоши Токуда ярилаа. Чихира Канаэ өмнөх загваруудынхаа адилаар англи, япон, хятад, мөн дохионы хэлээр хариулт өгч чадна. “Чихира ямар ч хэлний процессортой холбогдох боломжтой. Тиймээс өөр ямар ч хэлийг хурдан сурч чадна” хэмээн Токуда нэмж хэллээ. Хөгшин хүмүүс иймэрхүү дулаан, найрсаг төрхөнд дуртай байдаг тул Чихира Канаэг хүнтэй илүү адилхан болгож өгчээ. “Чихира зөвхөн аялал жуулчлалын салбарт биш, мөн хөгшин хүмүүсийг асрах газарт ажиллаасай гэж бид хүсч байна” хэмээн тэрээр өгүүлэв. Гэсэн хэдий ч эрдэмтэн Шарк эсрэг бодолтой байна. “Энэ бол мэдээж гайхалтай робот. Гэвч сэтгэцийн эмгэгтэй алуурчинтай адилхан харагдаад байгаа юм даа” хэмээн онцолжээ.
Сүүлийн үед андройд-робот ямар харагдах ёстой вэ гэдэг дээр өрнө, дорныхон ихээхэн зөрөлдөх болов. Япончууд роботыг хүнээс ялгахааргүй болох ёстой гэж байгаа бол, Америк болон өрнөдөд роботыг зөвхөн машин, техник хэмээн үзсээр байгаа юм. “Би л хувьдаа роботтой харилцаж байгаа гэдгээ яг таг мэдмээр байна. Хүн шиг роботод хууртагдмааргүй байна” хэмээн Ноэл Шарк ярилаа. Hilton зочид буудал, амралтын газрын сүлжээ IBM корпорацитай хамтран ажиллах болсон нь Toshiba-ийн стратегийг эсэргүүцэж буйн нэг илэрхийлэл болж байгаа аж. Виржиниа мужийн зочид буудлын сүлжээнд IBM-ийн роботууд орон нутгийн үзүүштэй, гоё газрын талаар зочдод мэдээлэл өгч байна. Японы Softbank компани Чихирагийн царайг бодож олсон нь хүнээс огт ялгахааргүй болжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага