С.Дэмбэрэл: Эдийн засгийн форум нь улс орноо сурталчлах пиар юм
2018 оны Mayын 18

Эдийн засагч С.ДЭМБЭРЭЛТЭЙ цаг үеийн нийгэм, эдийн засгийн асуудлаар ярилцлаа.

-Монголын эдийн засгийн ээлжит форум ирэх долоо хоногт болно. Олон улс, бүс нутаг, дэлхийн чанартай уулзалт зөвлөгөөн, чуулган манай улсад цөөнгүй болдог. Энэ бүхний ач холбогдол, үр дүн нь чухам юу байдаг вэ?

-Аливаа улс орон, ялангуяа хөгжиж буй манайх шиг улс хөрөнгө оруулалтын “замын зураг”-ийн дагуу гадаад, дотоодын хөрөнгө татах, хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, томоохон ажил, тэдгээрийг дэмжиж тэтгэх төр засгийн бодлогын талаар дэлхийн томоохон төвүүдэд очиж танилцуулга хийдэг нь эдийн засгийн хэвшсэн арга хэлбэр юм. Манайхан Хонконг, Лондонд яг энэ зорилгоор арга хэмжээ зохион байгуулж байлаа. Түүнээс гадна дотооддоо ч зохион байгуулдаг уламжлалт, жил бүрийн форум зөвлөгөөн бий. Товчхондоо, өөрийн улс орныг гадаад ертөнцөд таниулан сурталчлах пиар юм даа. Тэр бүхний хариуд тухайн оронд хөрөнгө оруулалт орж ирэх, аялал, жуулчлал өргөжих зэргээр шууд ба шууд бус замаар зарлагаа нөхдөг ийм л тогтолцоо үйлчилж байна. Үүнийг л бид хийж явна. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчдын тухайд хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг чухалчлан хардаг. Тухайлбал, юуны өмнө хууль эрх зүйн тогтолцоо, хуулийн засаглалын хэрэгжилт, эдийн засгийн чадавх, хөрөнгө оруулагчдыг хамгаалах байдал, орчин нөхцөл, олон улсын бизнесийн индексийн үнэлгээ, авлигын төсөөлөл, ажиллах хүч хүний хөгжил, эдийн засаг, санхүүгийн эрх чөлөө, зээлжих зэрэглэлийн үнэлгээ гээд маш олон хүчин зүйлийг судалсны эцэст шийдвэрээ гаргадаг байх юм. Үнэндээ энэ дэлхий дээр Монгол Улс ганцаараа газрын дээр, доорх арвин их баялагтай ч юм уу олон улсын хөрөнгө оруулагчдын анхааралд өртсөн орон биш шүү дээ. Тиймээс бусдыг өөртөө хэрхэн татах вэ гэхээр хуулийн засаглалаа бэхжүүлж, улс төрийн тогтвортой байдлаа хамгаалах нь чухал. Үүний тулд эхлээд дотоодын улс төрийн асуудлаа тогтвортой байлгах ёстой. Түүнээс биш нэг Засгийн газар гарч ирээд л гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж туудаг, ялгаварлаж гадуурхдаг, бизнес орчин нь хүнд суртлаар дүүрэн, ард түмэн нь төр, засагтаа итгэлгүй байвал хэн биднийг сонирхох билээ.

-Иймэрхүү үл итгэх байдал хэдэн жилийн өмнө олон улсад байсан байх шүү?

-Хоёр гуравхан жилийн өмнө иймэрхүү ойлголт олон улсад түгж, НҮБ-ын Хүний эрхийн комиссоос хүнийг барьж хорьдог, эрүүдэн шүүдэг байдлаа зогсоож өөрчил гэсэн зөвлөмж ирүүлсний дагуу Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтыг шинэчилсэн. Хуулийн засаглал зөв зүйтэй, хүн бүр тэгш эрхтэй байж чадаж байгаа эсэхийг хөрөнгө оруулагчид эдийн засагтай холбож ойлгодог, хардаг л байхгүй юу. Манайд дотоодын хөрөнгө оруулагчид ч үүнийг л харж дүгнэж байдаг. Энэ утгаар манайхан өөрийгөө аль болох зөв талаас нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ойлгуулах, алдсан зүйл байвал түүнийгээ засч залруулж байгаагаа тайлбарлах, бодит байдлаа танилцуулахад дээрх арга хэмжээний ач холбогдол оршдог. Ерөнхий сайд л гэхэд дотоодын үйлдвэрлэгчидтэйгээ уулздаг шигээ гадаадын хөрөнгө оруулагчдыг ойр ойрхон хүлээн авч, тэдний санал бодлыг сонсдог, харилцан ярилцдаг, ойлголцдог байх хэрэгтэй.

-Манай улс чөлөөт зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш нэг бус удаа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, “амь тариа” хийлгэсэн байдаг. Тэр бүр нь тодорхой үр дүнд хүрсэн. Гэтэл ОУВС ч юм уу олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагууд тодорхой болзол тулгаж, сүүлдээ ч Монгол Улсыг удирдан чиглүүлээд хүсэл зорилгоо тулгаад байдаг ч юм шиг ойлголт олны дунд байх юм. Энэ талаар та тодорхой тайлбар өгнө үү?

-Хамгийн энгийнээр тайлбарлавал, таныг нэг улс гэж бодоход танайд олон улсын мундаг туршлагатай хүмүүс, байгууллага үйлчилдэг. Энэ хэрээр таны улс орон өөдлөн дэвжиж байна. Гэтэл манай улс өөрийнхөө хэмжээгээр мачийгаад хөгжиж чадахгүй болохоор та надад тусалж “Танай улсын макро эдийн засгийн бодлого чинь болохгүй байна аа. Ийм тийм арга хэмжээг хамтраад явуулъя, хийе” гэж зөвлөмж боловсруулаад мөнгө санхүүгээр дэмжиж байгаагийн нэг хэлбэр нь Монгол Улсад хэрэгжүүлж байгаа ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” юм шүү дээ. Үндсэндээ Дэлхийн банк, ОУВС гэдэг маань дэлхийн эдийн засаг, санхүүгийн тогтолцоог сайжруулахын төлөөх байгууллага юм. Өнөөгийн дэлхий ертөнц дээр хөгжиж байгаа, хамгийн их өр зээлтэй, буурай болон дундаж хөгжилтэй орнуудын бодит байдлыг үнэлж цэгнээд тэднийг аль болох өөд татах, эдийн засгийн хямралаас гэтэлгэх, үүний тулд тухайн орны төр засгийн байгууллагатай хамтарч ажилладаг гол төв нь ОУВС шүү дээ. Энэ талаар олон нийт маш зөв ойлголт, итгэл үнэмшилтэй байх нь чухал. Манай улсын хувьд л гэхэд Өрийн удирдлагын тухай хуулийг баталж, ОУВС-тай хамтран ажилласны дүнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар ДНБ 6.1 хувийн өсөлттэй гарсан. Яг үнэндээ 2009 оны эдийн засгийн хямрал шиг ярихгүй л байгаа болохоос 2014 оноос эхлээд манай улсын гадаад, дотоодын орчин муудаж, дараа жилээс нь эдийн засгийн уналт эхэлсэн байдаг. Энэ байдал үргэлжилсээр 2016 оны сүүлчээс гадаад орчин арай дээрдэж, өнгөрсөн оны эхний улирлаас 5.4 хувийн өсөлттэй байна гэж дүгнэж байсан ч бас л эмзэг үе байлаа. Харин энэ жилийн эхний улирлын байдлаар арай тогтвортой, нааштай үзүүлэлт баталгаажиж байгаа нь эдийн засгийн идэвх сэргэж, хэрэглээ нэмэгдэж байгаатай ч холбоотой юм.

Аливаа улс орон, ялангуяа хөгжиж буй манайх шиг улс хөрөнгө оруулалтын “замын зураг”-ийн дагуу гадаад, дотоодын хөрөнгө татах, хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, томоохон ажил, тэдгээрийг дэмжиж тэтгэх төр засгийн бодлогын талаар дэлхийн томоохон төвүүдэд очиж танилцуулга хийдэг нь эдийн засгийн хэвшсэн арга хэлбэр юм. Манайхан Хонконг, Лондонд яг энэ зорилгоор арга хэмжээ зохион байгуулж байлаа. Түүнээс гадна дотооддоо ч зохион байгуулдаг уламжлалт, жил бүрийн форум зөвлөгөөн бий. Товчхондоо, өөрийн улс орныг гадаад ертөнцөд таниулан сурталчлах пиар юм даа

-Хоёулаа эдийн засагтай холбоотой боловч арай өөр сэдвээр ярилцвал болох уу. Тухайлбал, төрийн албан хаагчид ялангуяа багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага сүүлийн үед эрчимтэй яригдаж, жагсаал цуглаан, суулт ч зохион байгуулж байна. Энэ талаар та ямар үзэл бодолтой байгаа вэ?

-Төрийн албан хаагч 180-190 мянга байдаг бололтой юм. Миний хувьд төрийн албаны удирдлагад ажиллаж буй 50-60 мянган хүний цалинг нэмэх шаардлагагүй гэж боддог. Ингэж хэллээ гээд намайг зарим нь үзэн ядах л байх. Гэхдээ төрийн үйлчилгээнд ажиллагсдын цалин хөлсийг хавтгайруулан нэмэх бус тэдний ажил үйлчилгээний чанар, хандлага, чадварыг хамгийн ойроос үнэлж, харж байдаг шат шатны удирдлагад санхүүгийн эрх чөлөөг нь олгож, цалинг ялгавартай нэмэх нь шударга болно. Үүнийг төсөв захиран зарцуулагчид улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө санхүүдээ тохируулаад хийчихэж болох л асуудал. Тэгээд ч ОУВС-гаас манай улсыг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” –т хамруулахдаа төсвийн байгууллагад ажиллагсдын цалин хөлсийг огт нэмж болохгүй гэж тулгаагүй л байх. Гэсэн ч манайхан өөрсдөөсөө зайлуулж “ОУВС зөвшөөрөхгүй байна” гэсэн тайлбар хэлдэг нь олон нийтэд буруу ташаа ойлголт төрүүлж, нэг л том байгууллагын хараат болчихсон мэт сэтгэгдэл төрүүлдэг шиг байгаа юм. Уг нь ОУВС-тай хамтарч олон жил ажилласан улс орнуудын туршлагаас харахад тэдэнтэй хэлэлцээр хийх, өөрийгөө ойлгуулж, тайлбарлах чадвар мэдлэг чухал юм билээ.

-Манай улсын хөгжилд жижиг, дунд үйлдвэрлэл багагүй нөлөө үзүүлж, ажлын байрны ихэнхийг хангадаг ч бизнесийн орчин таагүй байгаа тухай байнга ярьдаг. Үүнийг хэрхэн сайжруулж, тааламжтай болгох ёстой юм бэ?

-Миний ширээн дээр байгаа “Бизнесийн их замын зураглал” судалгааг Зураасан кодын Монголын нийгэмлэгээс хийсэн байна. Түүний үр дүнгээс харахад Монголын бизнесийн орчин төдий л сайжраагүй байгаа юм. Мөн МҮХАҮТ-аас МУИС-ийн Бизнесийн сургуулийнхантай хамтран хийсэн 2017-2018 оны бизнесийн орчны судалгаа үүнийг баталж байна. Татвар, гааль, хяналтын систем тогтолцоонд олигтой реформ хийхгүй байна гэсэн дүгнэлт гарчээ. Үүнийг яаралтай хийх талаар удахгүй болох “Монголын эдийн засгийн чуулган”-аар яримаар байна. Мөнгө хөрөнгө шаардахгүй иймэрхүү шинэчлэл өөрчлөлтийг хийхээс аргагүй болжээ. Уг нь татварын орчныг сайжруулах талаар Сангийн сайд ярьж, инфляцийг Монголбанк удирдах тухай хэлэлцэж шийдвэрлэж байгаа нь нийгэмд их зөв мессеж болж байна. Төсвийн алдагдлыг багасгах, зардлыг хэмнэх талаар хийж байгаа ажлууд ч сайн дохио болж байгаа юм. Энэ нь баялаг бүтээгч, татвар төлөгчдөд эергээр нөлөөлж, эдийн засгийн өсөлтөд ч хамааралтай байх болно. Өнөөдөр хүүхдийн мөнгийг бүгдэд нь эсвэл 70-80 хувьд нь олгоно гэж УИХ дээр ширүүн маргаан болж байгаа нь хэн хүүхдэд илүү хайртайгаа үзүүлэх гэсэн шоу мэт харагдаад байна. Түүний оронд улс орныхоо эдийн засагт хэн нь илүү хайртайгаа харуулах ёстой юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийнхаа идэвхжилийг нэмэгдүүлэх талаар гишүүд маань ухаан бодлоо уралдуулж, жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулахыг дэмжмээр байна. Эцсийн эцэст, эдийн засгийнхаа орчныг сайжруулах, үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааг өргөжүүлэх нь чухал, нэгдүгээрт. Хоёрдугаарт, хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох асуудлыг “хос морьтон хол явдаг” шиг л анхаарах ёстой гэж бодож байна.

-Сүүлийн үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон Дубайн нэмэлт гэрээ хэлэлцээрийн талаар их ярьж, түүнийг хийхэд оролцсон Ерөнхий сайд болон Сангийн сайд нараа барьж хорьчихоод байна. Тэр үед манай хууль эрх зүйн орчин таатай байсангүй юу, эдгээр хүний мэдлэг боловсрол дутсан уу. Эсвэл өнөөдөр хардаж сэрдэж байгаа шиг энэ хүмүүс гэрээг байгуулахдаа хувийн ашиг сонирхлоор хандаж их хэмжээний хөрөнгө идэж уучихсан юм болов уу. Та юу гэж харж байна вэ?

-Энэ бол ганцхан манайд ч биш олон улсад байдаг түгээмэл “өвчин”. Манайх шиг хуулиар засагладаггүй, хэсэг бүлэг хүн эсвэл нам нь засаглаж, төр засаг, хуулийнхаа дээр гарчихсан улс оронд байдаг асуудал. Үүний золиос нь түрүүчээсээ гарч ирж байна. Нөгөө талаар, Оюутолгой, Дубайн гэрээ гэж би сонссон болохоос биш уншиж, сонирхож байгаагүй. Сонирхох ч үгүй. Яагаад гэвэл, “Рио Тинто” гэдэг үндэстэн дамнасан корпораци болон хөрөнгө хүлээн авагч Монгол Улсын Засгийн газартай хийсэн гэрээ шүү дээ. Үүнийг хийх гэж манайхан Дэлхийн банк болон санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг олон газраас зөвлөгөө туслалцаа авч, тухайн үеийн УИХ шийдвэрээ гаргаж байж хийсэн асуудал. Дубайн гэрээ ч мөн адил. Үүнийг ашигтай, ашиггүйн талаар нэгдүгээрт, мэргэжлийн хүн бус, хоёрдугаарт, Оюутолгой болон Дубайн гэрээнд оролцоогүй бас сонирхдоггүй болохоор хэлэх юм алга. Гэхдээ ерөнхий хандлагыг харахад үндэстэн дамнасан том корпораци болон байгалийн баялаг арвинтай бусад оронтой байгуулсан гэрээний талаарх маргаан байнга гардаг. Зарим нь хөөж туугаад гаргаж байсан тохиолдол ч бий. Ингэлээ гээд тэдгээр орны уул уурхайн орд дээр мундаг шударга хөрөнгө оруулагч орж ирээд тухайн улс хурдацтай хөгжиж дэвжсэн жишээ маш цөөхөн байдаг.

Улс төр, бизнесийн бүлэглэлүүд хувааж идсэн ч юм уу төрийн мэдэлд авч муудсан тохиолдол бол олон байх юм билээ. Үүний нөлөөгөөр авлига, хээл хахууль цэцэглэж, улс орон нь ядуурсан л байдаг. Уг нь томоохон ордыг ашиглахын тулд тухайн орон татварын тогтолцоогоо боловсронгуй болгож, жирийн иргэнээс хөрөнгө оруулагчид хүртэл ойлгомжтой байх нь чухал. Тиймээс манай улс Татварын тухай ерөнхий хуулиа өөрчлөх гэж байна. Энэ хууль татвар, татвар төлөгч хоорондын харилцааг ил тод, тунгалаг, шударга, харилцан ашигтай байх “Татвар буй дор төр буй” гэсэн зарчимд суурилах ёстой юм. Түүнээс биш аль нэг татварын байцаагч дурын компани, аж ахуйн нэгж, иргэн дээр очоод акт тавьж, үйл ажиллагааг нь зогсоож, ажлын байрыг нь лацдаж болохгүй л дээ. Өнөөдөр Оюутолгойн талаар л яриад байгаа болохоос биш татварын байгууллага, татвар төлөгчдийн хоорондын үл ойлголцол өчнөөн байгаа. Тэгээд ч татварын маргааныг хянан шийдвэрлэдэг шүүхийн шударга тогтолцоо ч манайд үгүйлэгдэж байна. Түүнийгээ өөрчлөх гэж оролдож, ярьж байгаа нь сайшаалтай хэрэг. Оюутолгойн хувьд манайхан хэтэрхий нэг талыг бариад байна. Үүнтэй холбогдуулж, холбогдох хүмүүсийг барьж цагдаж байгаа нь хүний эрх, хуулийн засаглал энэ улсад ямар төвшинд байгааг л харуулж буй хэрэг. Хуучин хуулиар дурын нэг мөрдөн байцаагч сэжигтэнг шууд барьж аваад хорьчихдог байсан бол шинэчилсэн Эрүүгийн хуулиар шүүх, прокурор хянаж, хамгийн сүүлчийн таслан сэргийлэх арга хэмжээ болгож хорьдог болсон. Түүнийгээ мөрдөж байгаа байх гэж найдаж байна. Нөгөө талаар бусад улс оронд энэ явдал хэр харагдах бол. Нэг их шударга юм байна гэж харахгүй л байх.

-Бас нэг ойлгомжгүй асуудал бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хэсэг нөхөд худалдаж авсан явдал байна. Түүний дараа төрийн өмчид 100 хувь авсан нь маргаан дагуулж, шат шатны шүүх янз бүрийн шийдвэр гаргаад байдаг. Үүнийг эдийн засагч хүний хувьд та хэрхэн дүгнэж, харж байгаа бол. Таны байр суурь сонирхолтой байна л даа?

-Наадах чинь маш тодорхой асуудал. Гэхдээ сайны жишээ лав биш. “Эрдэнэт” үйлдвэрт экспорт, импортын маш их шахаа байсан. Үүний ил тод болголоо. Магадгүй, 49 хувийн маргааны гол ач холбогдол нь энэ байх. Харин тэр 49 хувийг яаж авсан, хуулийн дагуу болсон уу, үгүй юү гэдгийг хууль хяналтын байгууллага нь эцэслэн шийдэх биз. Өнөөдөр “Эрдэнэт” Монгол Улсын төсвийг бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулдаг газар боловч үүнээс ихийг төвлөрүүлэх нөөц боломж бий. Ер нь “Эрдэнэт”-ийг олон нийтийн компани болгохтой би санал нэгддэг. Өөрөөр хэлбэл, бүх юмаа ил тод болго гэсэн үг. Одоо тэндээс гаргаж буй зэсийн баяжмал хаана, ямар үнээр зарагдаж байдгийг чи, би тэр байтугай төр ч мэдэхгүй. Улсын төсвийн төсөөллийг хийхдээ Лондоны хөрөнгийн биржийн А зэрэглэлийн зэсийн үнэтэй харьцуулах юм уу тус үйлдвэрийн зэсийн баяжмалын борлуулалтын дүнг харж тооцдог болохоос биш тодорхой тоо байдаггүй. Үүнийг ил тод, тодорхой болгосноор төсвийн орлогыг илүү оновчтой хийх боломж байна. Тиймээс “Эрдэнэт”-ийг хувьд шилжүүлж, хувьцааг нь гаргаснаар Хөрөнгийн биржээ ч дэмжих нь зөв гэж боддог. Түүний дотор төр хориг тавих эрх бүхий нэг хувьцаа эзэмшдэг байж болох хувилбар ч байна.

Д.МӨНХЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага