БААБАР: Тэнэг хүмүүс бусдын доог тохуу болж байгаагаа ч мэддэггүй Оюутолгойн гэрээ муу буруу болсон гэдэгтэй би санал нэг байна
2018 оны Mayын 22

БААБАР: БИДЭНД ӨНӨӨДӨР МӨНГӨНӨӨС ИЛҮҮ ДУТАГДАЖ БАЙГАА ЮМ БОЛ УХАМСРЫН ШАНАА

“Монголын эдийн Засгийн чуулган 2018” форумд нийтлэлч Баабарын тавьсан “Эх оронч үг” илтгэлээс онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.

-“Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэж аль 1938 онд Ерөнхий сайд Амар сануулж байсан. ХХ зуун болоод энэ зууны эхний хорь шахам жилд үүргийнхээ дагуу улс төрийн шийдвэр гаргаад түүндээ дандаа буруутсан хүмүүсийн намтраар манай эх орны түүх бүрддэг. Тэр байтугай бүх Ерөнхий сайд нарын 20 хувь нь алагдсан ба бусдын эрхшээлд үхсэн. Сайн нэртэй, эсвэл огт мартагдсан удирдагчид нь ямар ч улс төрийн шийдвэр гаргалгүй чимээгүй амиа хоохойлоод явагсад байжээ.

-Ямар ч шийдвэр байхгүй вакуумжсан орчинд хорлон сүйтгэх ажиллагаа маш идэвхижиж улсын хувьд ч айлын хувьд ч ашиг завшаан харсан нэгэнд хялбар зууш болдог. Хийрхэл газар авч, онцгойрон хийрхэгчид нь эндээс амин хувийн ашиг завшаан олно.

-Жоом устгаж байна гээд гэр орноо түймэрдэн шатаах, шудрага явдал тогтоож байна гээд улс орноо мөхөөх хоёрт онцын ялгаа байхгүй. Жоом хортой нь шинжлэх ухаанаар батлагдсан, харин шудрага гэж яриад байгаа нь ихэнхдээ хийрхэгчийн өөрийнх нь үнэлэмж байдгаараа ялгаатай.

-Оюутолгой хэмээх зэсийн асар том орд энэ зууны эхээр Монголоос олдсон нь өнөөдөр бидний хамгийн том зовлон гамшиг боллоо.

-Оюутолгой нээгдсэн үеэс хэрүүл үүссэн, тэр үед Монгол улсын үндэсний нийт үйлдвэрлэл ганц тэрбум доллар байсан. Харин гадаадын хөрөнгө оруулагч олдсоны хүчээр өдгөө бидэнд огт байхгүй 10 тэрбум орчим долларыг гаднаас татчихаад байна.

-Монгол орон байгалийн баялагаар дэндүү баян. Цаана нь зөндөө олон Оюутолгой байгаа. Хэрэв энэ бүхнийг зөв зүйтэй ашиглаж чадвал бид дэлхийн хамгийн баян орны нэг болох ирээдүй бий.

-Өөрөө ч иддэггүй өрөөлийг ч хавьтуулдаггүй бухал манасан нохой шиг байгаад байх аваас биднээс гуйрамчлал хэзээ ч салахгүй.

-Монгол улсыг улс төр, эдийн засгийн хувьд ганцаардуулж вакуумжуулах хүсэл хэний сонирхол байж болохыг бас бодож үзээрэй. Тэнэг хүн бусдын доог тохуу болж байгаагаа ч мэддэггүй юм даа.

-Оюутолгойн гэрээ муу буруу болсон гэдэгтэй би санал нэг байна. Муу, буруу нь чухам 34 хувьтай холбоотой. Энэ бурууг бид өөрснөө хийсэн.

Дубайд ямар ч нууц гэрээ байгуулаагүй. Нууц байсан бол дэлхийн хамгийн нээлттэй хотод биш, Улаанбаатарын аль нэг орон сууцны подволд хаалгаа түгжиж байгаад хийвэл хамаагүй илүү нууц байх болно.

Монгол гэж хамтарч болдоггүй хөнтөрч болдог, нөхөрлөж болдоггүй нурааж болдог нийгэм боллоо. Нураахаас өөр үйл явцгүй, нураагчдаас өөр хөдөлгөх хүчингүй болсон энэ тогтоцыг яаж аврах вэ?

Бидэнд өнөөдөр мөнгөнөөс илүү дутагдаж байгаа юм бол ухамсрын шанаа. Энэгүйгээр бидний ирээдүй хар бараанаараа цааш хэдэн ч үе үргэлжилж магадгүй.

Би эх оронч хүн. Урьд нь би хэзээ ч ингэж зарлаж байсангүй, цөмөлчиж магадгүй гэж айгаад цээжээ бөмбөр мэт нүдээгүй. Эх орондоо хайртай учраас ийм үг хэлж байна. Яагаад гэвэл энэ бол миний оршихуй, надад хамаарах – миний эх орон. Би өөрийгээ эх орныхоо нэг хэсэг гэдгээ мэддэг. Тийм учраас хэний ч хажууд,хэний ч дэргэд омог бардам эх оронч.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага